Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд сэргээшийн ачаар олимпод аваргалж байсан уу


-Сэргээш хэрэглэсэн Оросын тамирчид олимпын медалиа эргүүлж өглөө-


2012 оны Лондонгийн олимпын спорт алхааны төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Сергей Кирдяпкин,  Ольга Каниськина хоёр сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул олимпын медалиудаа эргүүлэн өглөө гэж Интерфакс агентлаг мэдээлжээ.

                                                    Сергей Кирдяпкин

                                                Ольга Каниськина

“Тамирчид өөрсдийн медалиудаа эргүүлэн өглөө” гэж Бүх оросын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Дмитрий Шляхин мэдэгдсэн байна.
Лозанне дахь Спортын арбитрийн шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Олимпын болон дэлхийн аваргын тэмцээний шагналт оросын хөнгөн атлетикийн  зургаан тамирчныг хориотой эм бэлдмэл, сэргээш хэрэглэсэн хэмээн шагналыг нь хураах шийдвэр гаргасан. Энд Каниськина, Кирдяпкин,  Сергей Бакулин, Валерий Борчин, Владимир Канайкин болон  Юлия Зарипова нарын нэрс байгаа юм.

                                                Сергей Бакулин

Арбитрын шүүхийн шийдвэрээр  Бакулин гэхэд л 2011 оны дэлхийн аваргын алт, Борчин нь 2009, 2011 оны дэлхийн аваргын хоёр алтан медаль, Канейкин 2011 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль, Зарипова 2011 оны дэлхийн аваргын алтан медалиа эргүүлэн өгч байна.

                                    Валерий Борчин

Шаляхины үгээр бол Лозаннын шүүхийн энэ шийдвэр  эцсийнх учраас давж заалдах, маргаан гаргах эрхгүй гүйцэтгэх ёстой юм байна.

Оросын хөнгөн атлетикч тамирчдын  ихэнх нь сэргээш хэрэглэдэг гэсэн яриа  2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн гарч Оросын сэргээшийн эсрэг агентлагийнхан бүгдийнх нь нэрсийг ил гаргана хэмээн бичиж эхэлсэн юм. Үүний дараанаас Бүх оросын хөнгөн атлетикийн холбоо тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахаа түр хугацаагаар зогсоох шийдвэр ч гаргаж байлаа.

Тэр бүү хэл ирэх наймдугаар сард Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод эхлэх зуны олимпын тоглолтод оросын хөнгөн атлетикчид оролцох эсэх нь өнөө болтол тодорхойгүй байна. Энэ зургадугаар сард эцсийн шийдэл гарах юм байна.

Олон улсын олимпын хороо 2012 оны Лондонгийн олимпод оролцсон тамирчдын  сэргээшийн шалгалтын дүнг эргэн нягталж шалгахад зургаан орны 23 тамирчин  сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрлээ гэж саяхан мэдээлсэн юм.

ОУОХ-ны албан ёсны сайтад мэдээлснээр бол нийт 265 дээжид шалгалт хийхдээ одоо Рио-де-Жанейрод болох олимпод оролцох тамирчдын дээжийг хамгийн түрүүнээ нягталжээ. Шинжилгээгээр спортын таван төрлийн тамирчдаас сэргээш илэрсний дотор 14 тамирчин байгаагийн 10 нь медаль авсан тамирчин байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Бүх оросын хөнгөн атлетикийн холбоог гишүүнээсээ хасаад тамирчдыг нь олон улсын уралдаан тэмцээндп оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм байна.

Оросын тамирчид сэргээш хэрэглэдэг гэсэн ярианы тухайд ОХУ-ын Төрийн думын Биеийн тамир, спортын байнгын хорооны даргын орлогч Сергей Поддубный “Энэ бол  цэвэр улс төрийн явуулга. Энэ бол спортод ямар ч хамааралгүй зүйл, Орос шиг ийм хүчтэй өрсөлдөгчийн өөдөөс ийм зүйл яриад хэрэггүй” гэсэн бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Ямар нэгэн зүйлээр буруутгаж байгаа бол үүнийгээ батлах ёстой” гэж байсан юм.

Харин Олон улсын олимпын хороо үүнийгээ баталчихлаа, тамирчид нь ч хүлээн зөвшөөрөөд шагналаа эргүүлээд өгчихлөө, одоо  оросын түшмэд юу хэлэх юм бол. Рио-де-Жанейрод оросын хөнгөн атлетикчид очих уу, үгүй юу, дахиад сэргээштэй очих юм болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан