“Шинэ нөхцөл дэх эдийн засгийн бодлого: онол ба бодлого”
“Economic policy under new conditions: theory and policy”
2016 оны 6 дугаар сарын 10
Улаанбаатар хот
Корпорейт 3 олон улсын хурлын төв
- 1. Үндэслэл
Монголын эдийн засаг хурдацтайгаар өсч ДНБ-ий өсөлт 2011 онд 17.5%, 2012 онд 12.3%, 2013 онд 11.7%, 2014 онд 7%-д хүрсэн бол 2015 онд 2.3%-тай гарч, улмаар АХБ-ын судалгаагаар 2016 онд 0.5% болж саарна гэсэн таамаглал гарчээ. Гол дэлхийн зах зээл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2015 онд сүүлийн 25 жилд хамгийн доод түвшинд буюу 6.9%-д очиж, Монгол Улстай ижил ашигт малтмалын экспорт дээр сууриласан Австрали улсын ДНБ 2015 онд дөнгөж 3%, Казахстан 1.2% өсөлттэй, ОХУ 3.7% уналттай гарсан байна. Дэлхийн банкны 2016 оны голлох түүхий эдийн үнийн төсөөллөөс 46 барааны 37 нь 2016 онд уналттай байхаар харж болно, үүнд манай улсын голлох экспортын бараа болох зэс, төмрийн хүдэр, алт, газрын тос, жонш, нүүрс орсон байгаа бөгөөд үнийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. 2016 оны 6-р сард Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль мөн болж, шинэ Засгийнгазар бүрэлдэх, 2017 онд бондын төлбөрийг эхлүүлэх зэрэг томоохон ажлууд байгаа учраас одооноос эдийн засгийн бодлогын гол чиглэлүүдийг бодлого боловсруулагчид, эрдэмтэд хэлэлцэх нь цаг үеэ олсон чухал ажил болж байгаа юм.
Монгол Улсын Их Хурал 2016-2030 оны тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулж баталсантай холбогдуулан цаашид эдийн засгийн үндэсний, бүс нутгийн болон салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай болж байгаа. Шинэ нөхцөлд 2010-2012 оны эдийн засгийн өсөлтийн бодлого, улмаар 2013-2015 онд өсөлтийг дэмжих эдийн засгийн бодлогуудыг зайлшгүй шинэчлэх шаардлагай байгаа. Иймээс Монгол Улсын Төв банк, БЭСТ консорциум, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа 2016 оны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг эдийн засгийн шинэ нөхцөлд бодлогыг боловсруулах онол практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус хуралд эдийн засгийн бодлогын чиглэлээр ажилладаг төрийн түшээд, шинжээч судлаач нарыг эдийн засгийн бодлого, бизнесийн нөхцөл, олон улсын жишээ, бодлогын оновчтой шийдлүүдийн талаар төрийн бодлого, санал бодол, судалгааг танилцуулж, бодлогыг хэрэгжүүлэх дэлхийн туршлагыг олон нийтэд түгээж солилцох олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дараахи 3 үндсэн чиглэлээр:
- Шинэ нөхцөл дэх мөнгөний ба сангийн бодлого
- Монгол Улсад олон салбарын төрөлжилт (диверсификацийг) хэрэгжүүлэх бодлого ба асуудлууд
- Институцийн орчин ба тогтвортой хөгжил
Тус хурал Консорциумээс амжилттай зохион байгуулсан 2014 оны Эрдэс баялгийн орлогын менежментийн, 2015 оны Аж үйлдвэрийн бодлогын дараахи гурав дах хурал болж байгаа юм. Тус хуралд эдийн засгийн бодлого боловсруулах төрийн байгууллагуудын удирдлага, ОХУ, Япон болон бусад орны судлаачид, дотоодын их дээд сургуулиудын судлаач нар өргөнөөр оролцох төлөвлөөгөөтэй байгаа.
- 2. Зорилго
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь дэлхийн зах зээлийн өөрчлөлтийг даган эдийн засгийн бодлогын онол, туршлагыг танилцуулах, Монголын шийдвэр гаргагч, бодлого судлаачдын дунд хэлэлцэх, тус чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээхэд оршино.
- 3. Хурал болох өдөр, байр: 2016 оны 6 дугаар сарын 10-ний өдөр (Баасан гараг) Корпорейт-2 Зочид буудал (MXAYT-ын дэргэдэх, 1, 2-р хурлын заал)
4. Хурлын бүтэц
Тус эрдэм шинжилгээний хурал нь нэг өдрийн турш үргэлжлэх бөгөөд 2016 оны 6 сарын 10-ний өглөө уригдсан хүндэт зочин илтгэгчдийн илтгэлээр эхэлнэ.
- Хурлын нээлтийн үг: БЭСТ консорциумын ерөнхийлөгч ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Г.Батхүрэл
Хүндэт зочдын илтгэлүүд (Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын илтгэл), МУИС-ийн Эдийн Засгийн ухааны тэнхмийн эрхлэгч Др. Б.Түвшинтөгс
Төрөлжсөн хэлэлцүүлгүүд:
- Шинэ нөхцөл дэх эдийн засгийн бодлого
- Монгол Улсад олон салбарын төрөлжилт (диверсификацийг) хэрэгжүүлэх бодлого ба асуудлууд
- Институцийн орчин ба тогтвортой хөгжил
зэрэг чиглэлээр төрийн төлөөлөл, гадаад болон дотоодын судлаач нарын илтгэлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
- 5. Оролцогчид
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн төлөөлөл, гадаадын болон дотоодын эрдэмтэн, бодлого судлаачид, Консорциумын гишүүд их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Хуралд бусад салбарын төрийн болон хувийн секторын оролцогчид мөн гадаадын зочид уригдана.
- 6. Хурлын зохион байгуулагч
Монгол Улсын Төв Банкны оролцоотой, Бизнес Эдийн засгийн сургалтын байгууллагуудын БЭСТ консорциум, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуралд илтгэх тавих материалыг хурлыг зохион байгуулах Комисст 2016 оны 5-р сарын 25-нд багтаан товч хураангүй материалуудыг (1-4 хуудас, слайд 1-10) khashchuluun@outlook.com мейл хаягаар явуулна уу. Комисс хурлын илтгэлүүдийг 2016-р оны 6-р сарын 1-нд багтааж эмхэтгэх тул материалаа цаг хугацаанд нь явуулна уу.
БЭСТ консорциумын гүйцэгтэх захирал
Ч.Хашчулуун PhD