Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нар оролцсон юм. Жил бүр олгогддог Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ онд 32 оюутан гардан авлаа.
Улс орны боловсролын тогтолцоо, хүртээмж, хүний хөгжил нь тухайн орны хөгжил дэвшлийг авч ирдэг. Энэ утгаараа Засгийн газрын бодлого, зорилтыг хүний хөгжил, дэвшилд чиглүүлж, “Зөв Монгол хүн” гэсэн ерөнхий зарчмын дор боловсролын талаар төрөөс баримтлах бодлогоо шинээр батлан хэрэгжүүлж байна. 2009 оноос эхлэн нийт 241 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд болсон байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн дээд боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, өндөр хөгжилтэй оронд 1000 инженер бэлтгэх, дэлхийн шилдэг их сургуулиудын баклаврын сургалтад шилдэг оюутнуудаа хамруулах, их сургуулийн эмнэлэг байгуулах, үндэсний тэтгэлгийг сургалтын амжилтаар нь олгож байгаагаас гадна Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснээр оюутнууд урт, богино хугацаанд хугацаатай, бага хүүтэй зээл авч, сургалтын төлбөрөө бие даан шийдвэрлэх боломжтой болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.