Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй, шалгарсан арга болохыг олон улсын туршлагаас харж болно. Ердөө хагас зууны өмнө “Азийн хамгийн ядуу орон” гэгдэж байсан Өмнөд Солонгос өдгөө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд наймдугаарт бичигдэж байгаа нь өрх бүр үйлдвэрлэгч болсонтой холбоотой хэмээдэг. Тиймдээ ч загас агнуур, газар тариалангийн орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болсон түүхтэй. Товчхондоо, Солонгосын богино хугацааны эдийн засгийн өсөлт иргэн, өрх бүрийн амьжиргаанд чиглэсэн бодлого боловсруулж, бичил бизнес эрхлэгчдээ дэмжсэнд буй. Бид ч өнгөрсөн 26 жилд “Иргэн баян бол улс баян” хэмээсээр өдий хүрсэн. Гэвч төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн бодлого боловсруулахаас бичил бизнес эрхлэгчдийг орхигдуулдаг талтай.
Тиймдээ ч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.2 тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөж “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. 2014 оны тавдугаар сард НИХТ-ын 17/16 тоот тогтоолоор батлагдсан уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд байгуулагдсан 119 Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-гоор дамжуулж нийт 4960 удаагийн зээл олголтоор 13.8 тэрбум төгрөг хуваарилсан билээ.
Хэрэгжиж эхлээд хоёр жил болж буй хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өчигдөр тохиож, зээлд хамрагдсан иргэн, аж ахуй нэгж, ХЗХ-д НИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж хөтөлбөрийн үр дүнгийн тухай хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон (МҮЭСТО)-д болсон өдөрлөгт дүүрэг бүрийн төлөөлөл болсон хоршоо, бичил бизнес эрхлэгчид оролцлоо. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсээр хорооны бизнес эрхлэгч иргэн, өрхүүд өөрсдийн санаачилгаар нэгдэж ХЗХ-гоо байгуулсан бөгөөд нэг ХЗХ-нд 100 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хоршооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд зээл олгох ажлыг хариуцсан байна.
Ингэхдээ зээлийн хүүг 1.2 хувь, эргэн төлөгдөх хугацааг 24 сар байхаар тогтоож, нэг зээлдэгчид таван сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор зээлийн журам баталсан юм. Эргэн төлөгдөх хугацааны хувьд банктай адил ч харьцангуй бага хүүтэй зээлд хамрагдаж, амьжиргаагаа дээшлүүлэх хүсэлтэй иргэд ч олон байсан нь мэдээж. Тиймдээ ч нэг дүүрэгт дунджаар 800 гаруй гишүүнтэй хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа тухай өдөрлөгийн үеэр онцолж байв. Хамгийн олон зээл олгогдсон Баянзүрх дүүрэг хөтөлбөрийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн дүүргээр нэрлэгдэж байна. 28 хороотой тус дүүрэгт нийт 25 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 1145 зээлдэгчид зээл олгосон байна. “Зээлд хамрагдсан иргэдийн дунд шинээр бизнес эрхлэх, эргэлтийн хөрөнгө, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах цаашлаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй нь их байсан. Анх хоршоо байгуулагдах үед ердөө 27 гишүүнтэй байсан бол одоо 1445 болсон байна. Дээр нь зээлийн эргэн төлөлт 94 хувьтай байгаа нь энэ хөтөлбөр эерэг нөлөө үзүүлж буйн баталгаа. Гагцхүү нийслэл бие даан хийж байгаа ажил болохоор зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр жаахан учир дутагдалтай байх шиг байна” хэмээн “Сансар мөнгө” ХЗХ-ны дарга Б.Шура хэлж байв.
Баянзүрх дүүргийн 25 ХЗХ-ны үйл ажиллагааны тайланд тусгаснаар 2014 онд олгогдсон 2.5 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгө өдгөө 3.9 тэрбум болон өссөн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 577 ажлын байр шинээр бий болж, 1201 ажлын байр хадгалагдсан гэжээ.
Уулзалт, зөвлөлгөөн оролцсон иргэд олон санал санаачилга гаргасан бөгөөд одоо олгогдож буй таван сая төгрөг хүртэлх зээлийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай нь цөөнгүй байв. Ингэхдээ тухайн иргэн, өрхийн амьжиргаанаас хамаарч зээлийн хэмжээг харилцан адилгүй байхаар тусгаж, эргэн төлөлтийн хугацааг ч сунгах боломжтой хэмээж байв. Өдгөө зээлд хамрагдаад буй иргэдийн хувьд хашаа, газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс аваад машин, хөргөгч, зурагт гэхчлэн хөдлөх хөрөнгөө ч барьцаалан зээл авсан юм. Мэдээж хөрөнгийн үнэлэмж, зээлийн эрсдэлийн үнэлгээнээс хамаарч олгосон зээлийн хэмжээ харилцан адилгүй ч газар, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлдэгчдийн хувьд зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тухайд санал нэгтэй байлаа.
М.Лхагвамажиг: Эдийн засаг хүнд үед энэ хөтөлбөр үнэхээр өгөөжөө өглөө
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч, “Дуун эгшиг хайрхан” ХЗХ-ны гишүүн М.Лхагвамажигтай ярилцлаа.
-Хэдэн төгрөгийн зээл авсан бэ. Мөн хоршооныхоо үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?
-Манай хоршоо 2014 оны наймдугаар сард 26 гишүүнтэйгээр байгуулагдаж, дараа жилийнх нь долдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх 100 сая төгрөгийн санхүүжилт авч байсан бол одоо хоршооны 55 гишүүний 26 нь өөрийн гэсэн хуримтлалтай, хадгаламж эзэмшигч болоод байна. Миний хувьд вакум цонхны жижиг үйлдвэр ажиллуулдаг байснаа өргөжүүлэхээр таван сая төгрөгөө бүтнээр нь авсан. Зээлээрээ эргэлтийн хөрөнгө, материал татан авах хэмжээгээ нэмэгдүүлсэн.
-Таван сая төгрөгийн зээл амьжиргаанд хэр нөлөөлж байна. Товчхондоо, зээлийн үр дүн хэр байв?
-Үйлдвэрийнхээ хэмжээнд ярихад үр өгөөж нь үнэхээр сайн туссан. Эдийн засаг жаахан хүнд байгаа болоод тэр үү хүмүүс захиалга өгөхдөө аль болох урьдчилгаа өгөхгүй байхыг боддог болж. Тиймдээ ч материалтай байж л захиалга авах болдог. Энэ зээлээр материал татан авах хэмжээгээ нэмэгдүүлсний хүчинд хэд хэдэн захиалга нэмж авсан.
-Үйлдвэр хэчнээн ажилчинтай вэ. Мэдээж захиалга нэмэгдэхийн хэрээр ажилчин нэмж авсан байх?
-Хоёулаа байж байгаад сая нэг хүн нэмж авлаа. Ер нь тэгээд тоног төхөөрөмж, материалын хөрөнгөтэй байхад захиалга тасардаггүй. Тиймдээ ч дагаад хүн хүч нэмэх шаардлагатай болсон.
-Иргэн, аж ахуй нэгжийн аль нь илүү захиалга өгч байна?
-Өө тэгээд янз бүр дээ. Ойр орчимын айлуудаас өгсүүлээд барилга угсралтын компаниас ч захиалга ирэх нь бий. Хангалттай материалтай, тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн үед оффис, орон сууцны барилгын давхрыг бүтнээр нь авах нь ч бий. Саяхан манайх Налайх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны бүтэн давхрын ажил авч гүйцэтгэж дуусгасан. Гэхдээ жижиг зах зээлд өрсөлдөгч ихтэй болохоор ажил зогсчих гээд байдаг тал бий. Цаашид бүтээгдэхүүний нэр, төрлөө өөрчлөх тухайд анхаарах шаардлагатайг анзаарлаа.
-Нэр төрөл өөрчилнө гэхээр дагаад тоног төхөөрөмж авах хэрэгтэй болно биз?
-Тиймээ. Техник хөгжөөд олон талын боломжтой болж. Металл, мод гээд цонхныхоо хүрээний материал, хийцийг өөрчлөх боломжтой л доо. Энэ мэт боломж бололцоо байдаг ч хөрөнгө мөнгөний эх үүсвэрээс шалтгаалж биеллээ олох нь цөөн. Бараа бүтээгдэхүүнээ сайжруулъя, нэр төрлийг нь нэмэгдүүлье гэхээр багадаа л 10-15 сая төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгтэй болдог. Яахав, энэ хөтөлбөрөөс авсан зээл эдийн засаг хүнд хэцүү үед үнэндээ дэм болсон. Аль ч банкнаас 1.2 хувийн хүүтэй зээлийг төвөг чирэгдэлгүй авахгүй шүү дээ.
-Зээлийн эргэн төлөлт хэр байна. Банкны зээлтэй харьцуулахад?
-Хөнгөн шүү. Нэг их дарамт үүсээд байхгүй. Хүү багатай, хугацаа урт болохоор ер нь л амар. Гэхдээ зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр боломж хэр байдаг юм бол.
-Зээл авахдаа юу барьцаалав. Барьцааны үнэлгээ хэрхэн хийгдсэн бол?
-Миний хувьд хашаа байшин, газраа барьцаалсан. Угаасаа таван сая төгрөгийн барьцаанд хашаа байшин, газрын гэрчилгээ л авна гэж байсан. Ер нь тэгээд авч байгаа мөнгөний хэмжээнээс л болсон доо. Нэг сая төгрөг авах нэг нь зурагт, хөргөгч хоёроо барьцаалж ч байсан.