Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэбилэг: “Юнитерра” хөтөлбөр нь ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой

Б.ШИРНЭН

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, “Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ” олон улсын төрийн бус байгууллага (КУДИСҮ)-тай “Юнитерра” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар тогтож, өнгөрсөн оны сүүлээр харилцан ойлголцлын санамж бичгийг АҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, КУДИСҮ-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Эрдэнэбилэг нар үзэглэсэн билээ.
Хөтөлбөрийн талаар КУДИСҮ-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Эрдэнэбилэгтэй уулзаж ярилцлаа.

-Юнитерра хөтөлбөрийн тухай танилцуулгаас асуултаа эхэлье. Ямар зорилготой хөтөлбөр, дэлхийн хэдэн улс оронд хэрэгждэг, Монгол Улсад аль чиглэлд үйл ажиллагаа явуулж байна?
-Энэ бол Канад улсын Гадаад Хэргийн яамаар дамжин хэрэгждэг, Засгийн газрын нь санхүүжилттэй хөгжлийн хөтөлбөр. КУДИСҮ нь Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй 14 улс оронд Юнитерра хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсад 2015 оны есдүгээр сард төлөөлөгчийн газраа нээсэн. Хөтөлбөр тав, таван жилийн үечлэлээр хэрэгждэгээс одоо гурав дахь үе шат нь эхлээд явж байна.
Салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой Юнитерра хөтөлбөр Монгол Улсад ноос ноолуур, канад модон каркасан барилга гэсэн 2 салбарт таван жилийн хугацаанд хэрэгжинэ.
Хөтөлбөрийн гурав дахь шат нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжих зорилтот бүс нутгийн нэгэнд Монгол Улс багтсан. Эхний хоёр үе шат нь төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага руу илүү төвлөрч байсан бол энэ удаа хувийн хэвшил рүү түлхүү анхаарч байна.

-Монгол Улсыг багтаасан нь онцлог гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Канад Улс гадаад бодлогынхоо хүрээнд чухалчлан авч үзэх, эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой орнуудын жагсаалтыг гаргадаг. Энэ жагсаалтанд 25 улсыг оруулснаас Монгол, Вьетнам хоёр улс Ази тивээс багтсан. Энэ нь Канад улс зөвхөн ашигт малтмалын салбар төдийгүй эдийн засгийг төрөлжүүлэх бусад салбарт ч мөн адил анхаарал хандуулж байгааг харуулж байгаа хэрэг.

-Ноос, ноолуурын салбарыг онцлон сонгосны учир шалтгаан юу вэ?
-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг Хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлдэг, тэр дундаа мал аж ахуйн гаралтай түүхий эд, ялангуяа ноос, ноолуурын үйлдвэрлэл ихээхэн хувийг эзэлдэг. Энэ утгаараа “Юнитерра” хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн үндсэн салбарын нэгээр сонгогдсон.
Түүнээс гадна, хөтөлбөрийн бас нэг анхаарал хандуулдаг зүйл нь залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг зах зээлийн тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Ноос, ноолуурын салбарт ажиллах хүчний 80 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь ч хөтөлбөрийн ерөнхий зорилго, зорилтод нийцэж байна.
Харин барилгын салбарт голдуу эрчүүд, тэр дундаа залуучууд ажилладаг. Одоо бид энэ хоёр салбарт судалгаа хийж байгаа бөгөөд судалгааны тайлан тавдугаар сарын сүүлээр гарна.

-Судалгаагаар ямар асуудал тодорхой болох бол?
-Юуны түрүүнд, энэхүү хоёр салбар нь Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээний салбар мөн эсэхийг тогтоох, түүнчлэн залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхыг нь сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх боломж бий эсэх зэрэг асуудлыг тодорхойлж гаргаж ирэх ёстой юм.
Мөн салбарын өрсөлдөх чадвар гэдэг маш чухал үзүүлэлт. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулахад ямар саад бэрхшээл тулгарч байна гэдгийг судалж, ирэх таван жилд хийх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулах юм. Түүнчлэн худалдан авагч талын зах зээлийн судалгаа давхар хийгдэнэ. Жишээ нь, Канад хүмүүс ямар өнгө, загварын, ямар өмсгөл хэмжээтэй хувцас сонирхож байна гэдгийг судална гэсэн үг.
Ингэж хоёр зах зээлийг холбохын тулд дотоод, гадаад зах зээлийг судалж, ерөнхийдөө, эхний жилдээ багтаан суурь судалгаагаа хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Судалгааны явц ямар байна? Судалгаанд дотоодын хичнээн компани хамрагдсан бэ? Бид гадныхны сонирхлыг яг юугаараа татах боломжтой байна вэ?
-Судалгаанд 40 гаруй компанийг хамруулсан, гэхдээ судалгааны эцсийн дүн хараахан гарч дуусаагүй байна. Ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 200 орчим аж ахуйн нэгжээс голлох 20 орчим компани цаашдаа уг хөтөлбөрт хамрагдах байх.
Гадныхан Монголын гэсэн өвөрмөц онцлогийг тусгасан бүтээгдэхүүнийг сонирхдог. Үүнийг газарзүйн заалт ч гэдэг. Жишээ нь, “Баяндэлгэрийн улаан” үүлдрийн ямааны ноолуур нь цайвар өнгийн, дэлхийн стандартад тэнцэхүйц сайн чанартай байдаг. Мөн “Баянхонгорын цагаан”, “Хөвсгөлийн Эрчмийн хар” зэрэг үүлдрийн ямааны ноолууран бүтээгдэхүүн нь Хойд Америк, Европын хэрэглэгчдийн сонирхлыг татах боломжтой. Иймэрхүү ерөнхий үзэл баримтлалд тулгуурлаж байгаа.

-Ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг олон компани байдаг. Хэдийнэ өөрсдийн гэсэн зах зээлтэй болчихсон компаниуд ч байгаа байх?
-Судалгаанаас харж байхад Япон, Солонгос зэрэг Азийн улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог, гадаад харилцаа тогтоох туршлагатай болчихсон компаниуд ч байна. Гэсэн хэдий ч, Европ, Хойд Америкийн зах зээлийн талаар төдийлэн мэдээлэлгүй, тэндхийн хэрэглэгчдийн талаар хийгдсэн судалгааны материал хомс байна.    
Мэдээж, Япон, Солонгос зэрэг улс руу гаргадаг бүтээгдэхүүнээ шууд Европын зах зээлд гаргах боломжгүй. Ази, Европ хэрэглэгчийн сонирхол, шаардлага, хувцасны өмсгөл хэмжээ гээд ялгаатай зүйл их бий. Хэрэглэгчдийн хувьд тансаг зэрэглэлийн, арчилгаа их шаардагддаг, цэвэр ноолууран хувцас сонгох уу эсвэл өдөр тутмын, арчилгаа бага шаарддаг хувцас сонгох уу гэх мэт олон асуудлыг судалж, гаргаж ирэх хэрэгтэй.
Мөн түүнчлэн зах зээлийн бүтэц нь нь ямар байна гэдгийг тухайн нэг зах зээлийг сонгох тохиолдолд сонирхох дотоодын компани хэд байна гэдгийг тодруулах шаардлагатай. Жишээ нь, Хятад улс дундаж түвшний хэрэглэгчдэд зориулсан хямд үнэтэй ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэдэг. Тэгэхээр бид тэдэнтэй нэг зах зээл дээр өрсөлдөнө гэвэл ямар үзүүлэлтээрээ ялгарах вэ, газарзүйн заалтаараа юу, химийн будаггүй байгалийн өнгөөрөө байгаа ноолууран бүтээгдэхүүнээр үү гэх зэрэг асуудлыг судалгаагаар л тогтоох юм.    
 
-Эцсийн зах зээл нь Канад руу чиглэж байна гэж ойлгож болох уу?
-Канад бол зөвхөн нэг л зорилтот зах зээл. Тухайн компани өөрөө аль зах зээл рүү хандахаа шийднэ. Бид тэр тал дээр нь дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс 1990-ээд оноос хойш зах зээлийн системд шилжсэнээс хойших 20 гаруй жилийн хугацаанд манай хувийн хэвшлийнхэн багагүй туршлага хуримтлуулсан ч Европын зах зээлд гарах, хамтарсан брэнд бий болгох санал тавихад стратегиэ өөрчлөөд явах чадвартай болж арай л төлөвшөөгүй байна.
Хүний нөөцийн хувьд ч олон улсын худалдааны гэрээ хэлэлцээр хийх туршлага нимгэн, энэ талаар хэдэн зуун жилийн туршлагатай хүмүүсийн аманд унах магадлалтай байна. Тиймээс бид Канадаас олон улсын худалдааны чиглэлээр 20-30 жил ажилласан хуулийн мэргэжилтнийг урин ирүүлж сургалт явуулж эхлээд байгаа. Ерөнхийдөө л хөтөлбөрийн хүрээнд сонгосон салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан