Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын өнгө төрх нь тухайн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг илтгэдэг


Б.БАДРАЛ

Аливаа нэг улсын нийгэм эдийн засгийн хөгжил, эрх баригчдын зүгээс улс ба иргэддээ хандах хандлагыг хамгийн тод харуулдаг зүйл бол хот суурин газар, ялангуяа нийслэл хотын тохижилт байдаг. Тохижилт гэдэг ганц үгний цаана нийтийн бие засах газраас эхлээд гудамж талбайн цэвэрлэгээ хүртэл маш олон ажил бий. Эдний дотроос гадаад дотоодын жуулчдын нүдэнд хамгийн түрүүнд тусдаг зүйл бол хотын цэцэрлэгжүүлэлт юм. Mод бут гэхээр юмгүй, битүү тоос шороонд дарагдаж, утаа манан хөшиглөсөн, нүргэлсэн саарал хотоор дахиж айлчлахыг хүсэх жуулчин гэж байхгүй биз. Харин зүлэг цэцэг алагласан, мод бут ногоорсон хот байна гэдэг наандаж сэлфи хийхэд хүртэл нааштай бол цаашлаад гадаадын жуулчдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна хотын оршин суугчдад амьдрах илүү тухтай, илүү эрүүл орчин бий болгодог том давуу талтай. Иймд хотын ногоон байгууламж, цэцэрлэг, мод бут ямар эерэг нөлөө үзүүлдэг талаар зарим зүйлийг заавал дурдах хэрэгтэй.

Юуны өмнө ногоон байгууламж, зүлэг ногоо нь өнөөдөр Улаанбаатарын шийдэх ёстой хамгийн чухал асуудал болж хувираад байгаа агаарын бохирдлыг багасгахад нэн чухал ач холбогдолтой. Мод, бут, зүлэг нь агаараас нүүрстөрөгчийг шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг. Цэцэрлэгжүүлэлт хэдий чинээ далайцтай, зохион байгуулалттай, их газрыг хамарсан байна тэр хэмжээгээр хот суурин газрын нүүрстөрөгчийн агуулга багасч, хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Мот, бут, зүлэг цэцгийн гүйцэтгэдэг өөр нэг маш чухал үүрэг бол дуу чимээг багасгах. Өнөөдөр манайхан зөвхөн агаарын бохирдол гэж туйлшраад том хотуудад тулгардаг бусад асуудлыг орхигдуулсаар. Үүний нэг нь том хотын дуу чимээний асуудал. Тасалгааны агаарыг сэлгэх гэж салхивч нээхэд л ямар их дуу чимээ орж ирдэг билээ. Гэтэл Улаанбаатар бол ердөө сая гаруй хүнтэй. Үүнээс хол тасархай 8-9 сая хүнтэй том хотуудын дуу чимээг төсөөлөхөд ч бэрх. Иймд ялангуяа машин замын дагууд дуу чимээг багасгах зорилгоор мод тарих ажилд дэлхийн том хотуудын удирдлагууд онцгой анхаарах болсон.

Хотын ногоон бүсийн шийддэг өөр нэг асуудал нь тоосжилт. Хэдэн сая хүн, хэдэн мянган машины хөдөлгөөний явцад асар их тоос, шороо дэгддэг. Мод, бут, зүлэг нь энэ их тоосыг шүүж, өөр дээрээ тогтоон үлдээдэг нэгэн төрлийн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа, манайх шиг хуурай гол уур амьсгалтай, тогтмол салхитай газар байрлалтай хотууд үүнд л анхаарал хандуулдаг. Зүлэгжүүлэлт сайн хийгдсэн тохиолдолд ядаж л явган шороо босох нь бага байдгийг судлаачид хэдийнэ тогтоосон.

Зүлэгжүүлэлт, моджуулалтаар шийддэг өөр нэг асуудал нь хотын орон зайн зохион байгуулалт. Зүү шигэх зайгүй шахуу тулгаж баригдсан олон барилга нь давчуу орон зай үүсгэснээр хүний сэтгэл санаанд тун таагүй нөлөө үзүүлдэг нь нууц биш. Ийм газар ландшафтын дизайн ашиглах замаар мод, бут, зүлэг, цэцгийг зохистойгоор байрлуулан тарьснаар давчуу, битүү орон зайг хүнд илүү нааштай, тохилог болгон өөрчилж, сэтгэл зүйн болон гоо сайхны үүргийг давхар гүйцэтгэдэг.

Энэ бүхэн орчин үеийн хот төлөвлөлтөд чухал байр суурь эзлэхээс өөр аргагүй тул сүүлийн үед хот, суурин газрын зүлэгжүүлэлт, моджуулалт зэрэгт олон шинэ шийдэл нэвтрүүлж эхэлсэн. Тухайлбал, орчин үеийн хотуудын нэг онцлог нь олон тооны өндөр барилга. Өндөр барилгыг хотын цэцэрлэгжүүлэлтэд ашиглах боломжтой мэт санагдаж болох. Гэтэл сүүлийн жилүүдэд өндөр барилгуудын дээвэр дээр зүлэг, бут тарих замаар хотын ногоон байгууламжийн тоог огцом нэмэгдүүлдэг онцгой аргыг өргөнөөр ашигладаг болсон. Европт гэхэд л бараг байр болгоны хамгийн дээд давхарт хөрс асган зүлэг, бут тарьсан байх нь хэвийн үзэгдэл болж. Байгууламжийн дээд давхарт байрладаг зоогийн газрууд гэхэд сүүлийн үед тусгай хөрс ашиглан нарийн ногоо тарьдаг моод дэлгэрээд байгаа. Тэд яньшуй, кардамон гэх мэт хоол амтлагч нарийн ногоог дээвэр, тагтан дээрээ тариад хоол бэлдэхдээ үйлчлүүлэгчдийнхээ нүдэн дээр тэдгээр ногоог түүж хийдэг. Ингэснээр хаа нэгтээгээс юугаар бордож ургуулаад, яаж түүсэн нь мэдэгдэхгүй савласан бүтээгдэхүүн бус харин өөрсдийн гараар тарьж ургуулсан нарийн ногоогоор хоол бэлдэж байгаагаа үйлчлүүлэгчдээ харуулдаг. Зоогийн газраар үйлчлүүлж байгаа хүмүүс ч үүнийг тун таатай хүлээн авч жинхэнэ эко бүтээгдэхүүнтэй хоол гэж ойлгон ердийнхөөс багагүй хэмжээгээр нэмэлт мөнгө төлөхөөс гар татдаггүй байна.

Үүгээр зогсохгүй шинэ баригдах байрны төлөвлөгөө зурагт байрны дээд давхар болон тагтан дээр мод, бут тарих боломжийг заавал тусгасан байхыг шаардах болсон. Ингэснээр байшинг баригдахтай зэрэгцэн тагт, дээд давхарт бут, мод тарих ажиллагаа давхар явдаг бөгөөд улмаар ашиглалтад орсноос хойш хэдхэн жилийн дараа шинэ байр нь өөрөө том цэцэрлэгийг санагдуулам хэмжээнд хүртэл гадаад байдлаа өөрчилдөг.

Дуу чимээ, тоосжилтыг багасгах ба орон зайн зохион байгуулалтыг бага зардлаар өөрчлөхөд “ногоон хашаа” гэж нэрлэгддэг цэцэрлэгжүүлэх арга маш чухал үүрэгтэй юм. Хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг бий болгох аргыг ерөнхийд нь хэвтээ ба босоо цэцэрлэгжүүлэлт гэж ангилдгийг хэлэх хэрэгтэй. Энэхүү “ногоон хашаа” арга нь босоо цэцэрлэгжүүлэлт юм. Ногоон хашаа бий болгох замаар барилга байгууламжийн үзэмж тааруу фасадыг далдлахаас эхлээд олон давуу талыг бий болгодог. “Ногоон хашаа” байгуулах олон янзын арга бий. Ерөнхийдөө ямар ч бут, модыг ашиглан ногоон хашаа, хана байгуулах боломжтой юм. Олон байшин барилга баригдахыг дагаад тэдгээрийн эзэмшигчид нь өөрийн өмчийн газраа тусгаарлахын тулд янз бүрийн хашаа барих нь одоо хэвийн үзэгдэл болсон. Иймд хаа сайгүй нэгэн хэвийн тоосго эсвэл төмрөөр хийсэн уйтгартай, заримдаа бүр эрэмдэг гэж болохоор улиг болсон баргар хана босгохын оронд бут, мод тарьснаар өөрийн газрыг бусдаас ялган тэмдэглэхээс гадна хотын үзэмж, экологийг сайжруулахад багагүй хувь нэмэр оруулдаг юм шүү.

Хамгийн энгийн нь тусгай хэлбэргүй ногоон хашаа. Ийм ханыг нарийвчлан засч янзлах шаардлагагүй бутыг хоёр эгнээгээр тарих замаар бүрдүүлдэг. Үүнд хүчирхэг голтой, тэсвэр сайтай бут ашигладаг. Жилдээ нэг хоёр удаа гэрэл нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сулавтар хэлбэрээр хайчилж засна.
Хэлбэр оруулж зассан ногоон хана бол хамгийн зохистой шийдэл гэж болно. Ийм хашаа нь орон зайг зааглах хана төдийгүй цэцэрлэгийг бүсжүүлэн хуваах, гоо сайхны үүднээс илүү зохимжтой гоёмсог харуулах, цэцэрлэгийн бүсийг машин замаас зааглан дуу чимээ ба тоосыг багасгах гэсэн олон давхар ашигтай.
Шпалер хана гэсэн бас нэгэн төрлийн ногоон хашаа бий. Ийм төрлийн хашаа нь анх дундад зууны Европоос дэлгэрсэн байдаг. Юуны өмнө хана, хашаа барих ёстой газрыг сонгон авч төлөвлөдөг бөгөөд төлөвлөсөн зургийн дагуу монгол гэрийн ханатай төстэй сүлжигдмэл модон хашаа, эсвэл төмөр торон хашаа байгуулдаг бөгөөд үүнийг шпалер гэж нэрлэдэг. Дараа нь шпалерийн дагуу хоорондоо 10-20 см-ийн зайтай мөчрөөрөө хялбар орооцолдон ургадаг бут, ургамлыг суулгадаг. Суулгаснаас жилийн дараа шпалерийг ороон ургасан хамгийн бүдүүн хоёр мөчрийг үлдээн бусдыг хайлчилна. Энэ хоёр мөчрийг хоорондоо орооцолдсон хэсгийн холтсыг нь хуулж нүцэглээд ороож бэхэлдэг. Ингэвэл мөчрүүд хоорондоо наалдаж бат бөх болох явц хурдасдаг. Ийм ажилбарыг ахин хэдэн жилийн дараа давтан хийх замаар хэдхэн жилийн дараа гэхэд ногоон ромбудаас бүрдсэн үзэмжтэй төдийгүй маш бат бөх ногоон хашаатай болдог.

Хөдөлгөөнт ногоон хана гэж бас байдаг. Энэ бол урьдчилан засч янзлаад тусгайлан суулгасан хангалттай өндөртэй бөгөөд тулгуур бүхий тусдаа сав байдаг. Шаардлагатай үед зөөх, шилжүүлэх хөдөлгөхөд хялбар байдаг тул хэд хэдэн нэгж ханыг нийлүүлэн байршуулах замаар дурын хэлбэр урттай ногоон ханыг хүссэн газраа богино хугацаанд бий болгоод, хэрэгцээ дууссаны дараа хураах боломжтой байдгаараа давуу. Хөдөлгөөнт ногоон ханыг бий болгохдоо дээр дурдагдсан шпалерыг өргөнөөр ашигладаг. Тусгай газар ургуулж арчлан цэцэглэсэн ийм хөдөлгөөнт ногоон ханаар богино хугацаанд хүссэн газраа түр зуурын хашаа, хана бий болгосон байх нь маш үзэмжтэй харагддаг.

Сүлжмэл ногоон хана гэсэн бас өөр нэг төрөл байна. Амралтын бүс, хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн мандал зэргийг тусгаарлан хүрээлэх зорилгоор энэ аргыг өргөн ашигладаг. Бий болгохын тулд хавартаа чийглэсэн хөрсөнд  мод, бургасны 1,5 орчим суулгацыг налуулж хэрээслэн суулгадаг. Ингэхэд удалгүй суулгац үндэслэн сүлжээ хана бэлэн гэсэн үг.

Бордюр нь намхан бут, сөөгнөөс бүрдсэн хашлага. Зүлэгжүүлэх явцад явган хүний замыг зааглахад энэ арга маш тохиромжтой. Бордюр бий болгохдоо 30 см-аас хэтрэхгүй өргөнтэйгээр бут, сөөг тарьдаг. Ингэснээр манайд өргөн ашигладаг бетон цутгаж хийсэн үзэмжгүй, амьгүй хашлага бус харин амьд бордюртай болдог юм.

Тоосжилтын эсрэг авч болох хамгийн энгийн бөгөөд түгээмэл орон зайг бид сайн ашигладаггүй гэж болно. Учир, нь Улаанбаатарт гэр хорооллууд хамгийн өргөн талбай эзэлдэг атлаа тэнд цэцэрлэгжүүлэлт, мод ба бут тарих ажил хангалттай түвшинд хийдэггүй. Айлуудын хашаандаа мод, бут тарихыг дэмжээд, зохистой арчилгаа асаргааг заагаад өгвөл гудамжны шорооноос эхлээд айлуудын хаядаг үнс гээд янз бүрийн таагүй зүйлд хамгийн ихээр дарагддаг энэ бүс нь жинхэнэ утгаараа ногоон болж их хотын гол чимэг байх боломжтой юм. Зөвхөн чимэг болоод зогсохгүй хаврын салхинаар дэгддэг асар их шороо, тоосны асуудлыг багасгах давхар нөлөөтэй.  Манайх бүр социализмын үед энэ талаар зарим арга хэмжээ авч байсан байдаг. Хөвсгөл аймгийн төв Мөрөнд 1980-аад онд гол төлөв гэр хороолол байсан бөгөөд бараг айл болгон хашаандаа мод тарьсан нь их өвөрмөц, содон харагддаг байсан нь үүний жишээ.

Цаг агаар, байршил гэх мэт онцлогийн улмаас ургамал ургахад шаардлагатай хөрс байршуулах боломжгүй газруудад сүүлийн үед тусгай контейнер буюу саванд тарьсан мод, бут байршуулан цэцэрлэгжүүлэх аргыг өргөнөөр ашиглаж байна. Ингэснээр, жишээлбэл, гоёлын ургамал дааж гарахад бэрх онцгой хүйтэрдэг өвлийн үед савтай модыг илүү тохитой газар зөөн байршуулаад, дулаарч цаг агаар тохитой болоход буцаан тавих боломжтой байдгаараа том давуу талтай. Үүнээс гадны зөөврийн саванд байршуулсан мод бутыг услах үед хөрс зайлагдан урсдаггүй.

Хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон бүсийн асуудлыг сүүлийн үед огцом хөгжсөн хотуудад онцгой анхаарсан байдаг. Жишээлбэл, Саудын Арави, Катар, Арабын Эмират зэрэг улс. 20 дугаар зууны дунд үе хүртэл битүү элсээр хүрээлэгдсэн баянбүрд бараадан байгуулагдсан цөөн хэдэн шавар тагзнаас өөр юм байгаагүй эдгээр улсын хотууд сүүлийн 30 жилийн дотор дүр төрхөө огцом өөрчилсөн. Өдөр болгон шахуу л тэнгэр баганадсан өндөр барилга байгууламж босгохдоо хотын удирдлага цэцэрлэгжүүлэлтэд онцгой анхаарчээ. Ингэлгүйгээр жил болгон улирлын чанартай үлээдэг элсэн шуурга, жил тойрон төөнөдөг халууны нарны асуудлыг шийдэх боломжгүй байсан биз. Өндөр ургадаг мод, бут тарих, зүлэгжүүлэх арга хэмжээг авснаар улирлын чанартай халуун салхийг даган хотыг бүчдэг элсний хэмжээ багасахаас гадна мод, бутны сөөг тойрон оршин суугчид, жуулчдыг тухлах амралтын бүс бий болгох зэргээр хотод бусад газраас илүү экологийн болон хүний ая тухын хувьд илүү давуу орчин бий болгож чадсан юм.
Хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон бүсд онцгой анхаарсан өөр нэг хот бол Сингапур. Энэ хот улс үсрэнгүй хөгжихдөө цэцэрлэгжүүлэлтийн асуудлыг мөн л онцгой анхаарч. Төмөр бетон, шил болсон өндөр хуучны барилгуудыг нураан оронд нь дээр дурдаж байсанчлан тагт, дээвэр дээрээ мод бут суулгасан орчин үеийн эко барилгууд бариад эхэлсэн. Ингэснээр Сингапур нь хэд хэдэн асуудлыг нэг дор шийдэж байгаа. Нэгдүгээрт, хотын экологийн орчин. Ердөө 710 кв. км талбайтай энэ жижигхэн улсад цэцэрлэгжүүлэлтийн асуудал маш хэцүү. Өчүүхэн газрыг ч дээд зэргийн үр ашигтайгаар хэрэглэхийг зорьдог тул онцгой арга хэмжээ авахгүй тохиолдолд энэ хэсэг газар тун удахгүй ногоон гэх зүйл огт байхгүй, битүү асфальт, бетон, цементээр хучигдсан газар болж хувирах байсан нь ойлгомжтой. Иймд энд барилгуудын дээвэр, тагт орчим мод тарьснаар нэгдүгээрт цэцэрлэгжүүлэлтийг шийдэж байна. Хоёрдугаарт, халуун дулаан уур амьсгалтай газар байдаг тул дээвэр, тагтан дээр мод тарьснаар байшин сэрүүцүүлэх асуудлыг шийдэж байна. Ингэснээр агаар сэрүүцүүлэгч буюу хэдэн зуун кондейшн ажиллах цаг багасч зөвхөн цахилгаан зарцуулалтаас гэхэд л асар их мөнгө хэмнэх боломжтой болж ирнэ. Мөн мод, бут нь нүсэр хотын чимээ шуугианаас байшин, орон сууцыг хамгаалах, таатай орчин бүрдүүлэх үүрэг гүйцэтгэн иргэдийн сэтгэл зүйд нааштай нөлөөлснөөр ажлын үр бүтээл дээшилдэг гэдгийг судлаачид тогтоожээ.

0 Сэтгэгдэл
Unen shuu Xotiin udirdlaga sain ajillaj baina
Хамгийн их уншсан