Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Гомболүүдэв: “Эл Нино” нь хоёр гурван жил дараалсан хуурайшилт Монголд авчирч магадгүй


Б.БАДРАЛ


Дэлхийн дулаарлын улмаас цөлийн халуун уур амьсгалтай Ойрхи Дорнодод цас орсон, хэдэн сараар бороо ордог чийглэг уур амьсгалтай Энэтхэгийн зарим нутагт нь ган болсон, хүйтнээрээ алдартай Сибирьт өвлийн цагаар гэнэт дулаарч мод, бут гөлөглөсөн гэх мэтээр цаг агаарын гаж үзэгдлүүд энд тэндгүй ажиглагдах болов. Гэтэл энэ жил “Эл Нино” гэсэн содон нэртэй байгалийн үзэгдэл дэлхийн дулаарал дээр нэрмээс болж, дэлхийн цаг агаар хэтэрхий халж байгаа тухай яригдах боллоо. Өмнөд Америкийн эрэг орчим Номхон далайд үүссэн “Эл Нино” дэлхийн цаг агаарт хүчтэй нөлөө үзүүлсний улмаас мал аж ахуй, газар тариалангийн салбар  нь ихээхэн хохирол амсч өлсгөлөн нүүрлэх эрсдэлд ч орсон гэх. Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Африк, Номхон далайн өмнөд эрэг, Төв Америк, Зүүн Өмнөд Азийн 14 улсын хүн ам, ялангуяа эмзэг давхаргынхан нь “Эл Нино”-гийн улмаас хүнсний хомсдолд орох өндөр эрсдэлтэй, мөн 19 орныг дундаж эрсдэлтэй байгааг анхааруулж арга хэмжээ авахыг уриалсан. Гурав эсвэл долоон жил тутам үүсдэг “Эл Нино” нь өнгөрсөн жилээс эхлээд он дамнан, өмнөх жилүүдээс онцгой идэвхтэй байгаа тул манай улсад үзүүлж болзошгүй цаг агаарын сөрөг нөлөөний талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч, доктор П.Гомболүүдэвээс тодруулга авлаа.

-“Эл Нино”-гийн талаар эхлээд та манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Номхон далай, экватор орчмын усны гадаргын температур олон жилийн дунджаас их хэмжээгээр нэмэгддэг үзэгдлийг “Эл Нино” гэж нэрлэдэг. Мэргэжлийн хэллэгээр нэмэх аномаль үзэгдэл гэдэг. Далайн гадаргын усны температур нэмэгддэг энэ үйл явц нь дэлхийн олон орны улирлын, сарын цаг агаар, уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ялангуяа тропикийн бүс, өөрөөр хэлбэл экватороос дээш доош 30 градусын дагуу дэлхийг тойрон байрласан улс орнуудад энэхүү аномаль үзэгдэл нөлөө үзүүлдэг. Энэ нөлөөний физик явцаас  дээрх хоёр үзэгдэл нь хамааралтай гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ бүсд байрладаг Индонезээс эхлээд, Өмнөд Америк, Африк, Энэтхэг Пакистан гэх мэт улсад энэ нөлөө хүчтэй мэдрэгддэг. Нөлөө нь яаж мэдрэгддэг вэ гэхээр зарим улс оронд “Эл Нино” хэт хуурайшилт үүсгэн, ган авчирна, зарим орныг хэт их чийгшилтэй, үерийн байдалд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, харилцан адилгүй, эрс тэс нөлөө үзүүлж байгаа хэрэг.

-НҮБ-аас Азийн зарим улсад “Эл Нино”-гийн нөлөөний улмаас ургац алдах, мал хорогдох зэргээр хүнсний хомсдол үүсч болзошгүй тухай анхааруулсан байсан. Эдгээр улсын тоонд Монгол багтах уу? Монголд ер нь “Эл Нино” нөлөөлдөг үү?
-“Эл Нино” үзэгдэл Монголд нөлөө үзүүлж байна уу гээд шинжлэх ухааны үүднээс судлаад үзвэл олон жилийн ажиглалтаар бодит нөлөө байна гэсэн дүр зураг тод харагддаггүй. Гэхдээ Монгол орны уур амьсгал сүүлийн жилүүдэд, ялангуяа 1990-ээд оноос хойш маш эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Ер нь, Монгол гэлтгүй дэлхийн уур амьсгал бүхэлдээ эрчимтэй өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөөр дамжуулаад “Эл Нино”-той холбоотой үйл явц Монголын уур амьсгалтай холбоотой байж ч болох гэж хэлэхүйц ганц хоёр тохиолдол гараад байгаа юм.

-Энэ жил “Эл Нино” маш хүчтэй байна, нөлөө нь бүр хүчтэй болно гээд байгааг та бүхэн хэрхэн тайлбарлах вэ?
-“Эл Нино”-гийн түүхийг аваад үзвэл 1982-1983 оных, 1997-1998 онд үүссэн нь хамгийн хүчтэй байсан. Өнгөрсөн жил буюу 2015 онд эхэлж энэ жил дуусах “Эл Нино” өмнөх хоёртойгоо дүйцэхүйц хүчтэй. Бид түүхийг сөхөөд “Эл Нино” хүчтэй байсан жилүүд, тухайлбал, 1997-1998 онд болон дараахь жилд нь Монголын зуншлага, өвөлжөө ямар байсныг харьцуулаад үзвэл 1998 онд гэхэд олон жилийн дундажтай ойролцоо байснаа 1999 оноос эхлээд олон жил дараалсан 2000, 2001, 2002, 2003 гээд бараг дөрөв таван жил дараалсан хуурайшилт болсон байдаг юм. Тэгэхээр энэ жил “Эл Нино” өндөр эрчтэй байна гэдэг нь хоёр гурван жил дараалсан хуурайшилтыг Монголд авчирч магадгүй  гэх таамгийг бид дэвшүүлж болох юм.

-Бичин жилийн зуд гээд л бүгд ярьдаг. Энэ жил “Эл Нино” өндөр эрчимтэй байгаа нь зуд гэх мэт үзэг­дэлд нөлөөлж болох уу?
-Заавал бичин жилд зуд болдог юм биш. Жишээлбэл, 2009-2010 оны зуднаар бараг 10-аад сая мал үрэгдсэн, энд бичин жил хамаагүй. Бусад жилүүдэд ч болдог. Харин тэр эрчмийн тухайд гэвэл далайн гадаргын температур олон жилийн дунджаас хазайх нэмэх хазайцын тоо хамгийн өндөрт хүрэхийг “Эл Нино”-гийн хамгийн өндөр эрчим гэж тайлбарлаж байгаа юм. Энэ оргил хэсэг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2,7-3 градус хүрчихсэн. Одоо бууж байгаа бөгөөд энэ зун “Эл Нино” гэж нэрлэгдсэн үзэгдэл хэвийн байдалдаа орно. Гэхдээ ингээд шууд бүх зүйл хэвэндээ орчихгүй “Эл Нино”-гийн эсрэг үйл явц болох “Ла Нино” гэж нэрлэгддэг өөр явц үүснэ. Энэ нь “Ла Нино” нь эсрэгээрээ хөрөх, хүйтрэх үйл явц. Мөн л байгаль, цаг агаарын янз бүрийн өөрчлөлтийг дагуулдаг. Монголд ч бас энэ үйл явц тодорхой хэмжээгээр нөлөөлж болох юм.

-“Эл Нино” гурав эсвэл долоон жил тутам үүсдэг гэсэн. Цаашдаа байгалийн энэ үзэгдэл Монголын цаг агаарт үзүүлэх нөлөө ямар байх вэ?
-Дэлхийн дулаарлын улмаас тропикийн халуун дулаан бүсэд гол төлөв нөлөөлдөг байсан “Эл Нино” нь Монгол шиг өндөр өргөрөгт нөлөөлдөг болохыг үгүйсгэх аргагүй. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр тэр бүхэн илүү тод харагддаг болж болох юм. Бид хэмжил, судалгаа, мониторинг тасралтгүй явуулж байдаг тул дараагийн арваад жилд тэр бүхий үйл явцыг нарийн талбарлах боломжтой.

-Ер нь, цаашдаа Монго­лын уур амьсгалд ямар таагүй өөрчлөлтүүд гарч болзошгүй вэ?
-Дэлхийн уур амьсгал дулаараад байгаа. Дулаарахаар дэлхийн агаар мандал тогтворгүй болдог. Байгалийнхаа жамаар, нормаль горимоор явдаг байсан зүйл дээр нэмэлт энерги бий болж байгаа юм. Үүний улмаас агаар мандал маш тогворгүй болохыг дагаад янз бүрийн өөрчлөлт гарна. Жишээлбэл, Монгол оронд баруунаас зүүн гэсэн чиглэлтэй салхи салхилсан бүслэг урсгал зонхилдог. Гэтэл агаар мандал тогтворгүй болоод ирэхээр бүслэг биш харин уртрагийн дагуу, босоо чигт салхилах нь давамгайлж болзошгүй. Энэ ямар үр дагавар авчрахыг зүгээр энгийнээр тайлбарлавал нэг бол хойноос хүйтэн агаар орж ирээд, тэгээд буцаад урдаас халуун агаар орж ирээд эрс тэс болох магадлалтай. Тэгэхээр ирээдүйд бид илүү халуун эсвэл хэт хуурай, хэт чийглэг уур амьсгалтай тулна л гэсэн үг. Нэг газар үер, нөгөө газар ган гэх мэт эрс тэс байдалтай л нүүр тулж магадгүй байна даа.


“Эл Нино”-гийн эргэн тойронд

Иргэний дайн дэгдэх эрсдэл нэмэгддэг

“Эл Нино” нь байгаль цаг уурын онц өөрчлөлт дагуулан улс орны нийгмийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Ган гачиг, үерийн улмаас ургац, мал сүргээ алдаж үгүйрсэн, өлссөн нийгэмд бухимдал нэмэгдэж, иргэний дайн үүсэх эрсдэл огцом нэмэгддэг. Эрдэмтэд энэ талаар судалгаа явуулан цаг агаар нь “Эл Нино”-гоос хамааралтай улсуудад болсон иргэний дайн, бослого үймээний мөчлөгийг судалж үзжээ. Ингэхэд 1950-2004 онуудад дэгдсэн нийт иргэний дайн, бослогын 21 хувь нь “Эл Нино”-той шууд хамааралтай болох нь тогтоогдсон. Энэ ажиглалт бодит байдал тохирч байгааг Венесуэльд үүссэн нөхцөл байдал харуулж байна. Тус улс газрын тосны үний бууралтаас болж санхүүгийн хүнд байдалд ороод буй. Гэтэл “Эл Нино”-гийн нөлөөгөөр хоёр жил гаруй маш хүчтэй ган болж байгаагийн улмаас хүнсний бүтээгдэхүүн болон цахилгаан эрчим хүчний хомсдолд орсон. Үүнийг даган нийгмийн бухимдал нэмэгдэснийг Венесуэлийн сөрөг хүчин овжноор ашиглан төрийн эргэлт гаргахаар завдаж байгаа тухай Ерөнхийлөгч Мадуро мэдэгдээд байна.

Хамгийн сүүлд гэхэд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч нь улсынхаа армийн удирдлагуудад хандан эрх баригчдыг дэмжих эсвэл сөрөг хүчний талд байх эсэхээ яаралтай шийд гэж шахалт үзүүлжээ. Мөн АНУ нь өөрийн нөлөөгөө Венесуэльд ахин сэргээхийн тулд иргэний дайнаар далимдуулан хөрш зэргэлдээх Америкийн талыг баримтлагч улсуудыг ашиглан улс хоорондын дайн өдөөх гэж байна гэж буруутгасан.


135 жил байгаагүй хамгийн халуун жил болно

Дэлхийн дулаарал ба энэ жил хамгийн өндөр эрчимтэй байгаа “Эл Нино” үзэгдлийн нөлөөгөөр дэлхийн хэмжээнд агаарын температур 2016 онд сүүлийн 135 жилд байгаагүй халуун болно. Цаг агаар судлаачдын тогтоосноор зөвхөн энэ оны эхний саруудад гэхэд дэлхийн хэмжээнд агаарын дулаан олон жилийн дунджаас 1 градусаар их байна. Гэхдээ Дундад Ази, Арктикийн бүс агаарын дулаан хэмжээнээсээ 4-12 градусаар өндөр байсан. Үүний улмаас Хойд туйлын мөс дунджаасаа 1,04 сая кв.км-ээр багассан. Ингэснээр Хойд туйлын мөсөн давхарга сүүлийн 40 гаруй жил байгаагүй нимгэн болсон.


Калифорнид орон сууц нурж байна

“Эл Нино”-гийн нөлөөгөөр Калифорнид их хэмжээний бороо орж, хөрс идэгдсэнээс үүдэн далайн эрэг орчим байрласан орон сууцнууд далай руу нурж болзошгүй болжээ. Үүний улмаас Калифорнийн Пасаденад байдаг зарим орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.


Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсгөж байна

 “Эл Нино”-гоос үүдэлтэй ган гачиг, үер зэрэг байгалийн гамшгийн улмаас цагаан будаа, сахар, кофе, какао зэрэг бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ 5-10 хувиар өссөн байна. Хүнсний эдгээр бүтээгдэхүүний гол нийлүүлэгч орнуудад эсвэл их хэмжээний үер бууж хэдэн зуун мянган хүн орон гэр, тариалангаа орхин зугатсан, эсвэл ган гачигт нэрвэгдэн ургац авах боломжгүй болсны улмаас ийнхүү хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ өсчээ.


Энэтхэгт ган авчирчээ

“Эл Нино”-гийн нөлөөгөөр Энэтхэгийн өмнөд мужууд ганд нэрвэгдээд байна. Цаг уурчид ойрын өдрүүдэд агаарын дулаан буурахгүй төдийгүй энэ зуныг сүүлийн 100 жил байгаагүй айхтар халуун болно гэдгийг анхааруулжээ. Одоогоор Энэтхэгийн хамгийн халуун нутгуудад онц байдал зарлаж ундны ус үнэгүй тараах цэг нээн, 11-13 цагийн хооронд хүмүүсийг орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Байдал тун ноцтой байгаа. Жишээлбэл, Одишье мужид гэхэд л өдөртөө +48 градус хүртэл халсны улмаас 198 хүн нас баржээ. Мөн л “Эл Нино”-гийн нөлөөгөөр 2015 оны зун ч маш халуун байсан бөгөөд халуунаас болж 2000 гаруй хүн амиа алдаж байсан юм.


Онц халдварт өвчин тархах шалтгаан болжээ

“Эл Нино”-гийн үүсгэсэн ган, үер, хэт халуун гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөгөөр Дэлхийн хэмжээнд аюултай өвчний тархалт нэмэгдэж байгаа аж. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотой байдаг далайн урсгалууд нь халдварт өвчин үүсгэдэг Азиас гаралтай нянг Өмнөд Америкт хүргэх таатай орчин бүрдүүлсэн байна. Ингэснээр урьд нь зөвхөн Азид ажиглагддаг байсан гэдэсний халдварт өвчин Өмнөд Америкт бүртгэгдэж эхэлсэн байна. Мөн хэт халуун ба өндөр чийглэгийн нөлөөгөөр шумуулын тоо асар  ихээр нэмэгддэг нь халдварт өвчин хурдан тархах бас нэг нөхцөл болдог.


Сомалид 1,7 сая хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

“Эл Нино”-гийн нөлөөгөөр Сомалид ойрын хэдэн жил ажиглагдаагүй хүчтэй ган болоод байна. Ган гачигаас болж хүмүүс ундны усгүй болохтой зэрэгцэн өвс тэжээлгүй болсон мал сүрэг олон мянгаараа хорогдсоор. Иймд НҮБ гэх мэт олон улсын том байгууллагууд, дэлхий нийт Сомалид хүнс, ус, эм тарианы яаралтай тусламж үзүүлэхгүй бол хэдэн зуун мянган хүн амиа алдах дээрээ тулжээ. Ган гачигт нэрвэгдсэн бүсээс 1,7 сая хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан байна.


Венесуэльд цахилгааны хомсдол үүсч болзошгүй

“Эл Нино”-гийн нөлөөгөөр  Венесуэль ганд нэрвэгдэн цахилгааны хомсдолд орох аюултай тулгараад байна. Тус улсын цахилгааны хэрэгцээний 70 хувийг хангадаг Боливарын нэрэмжит усан цахилгаан станцын усан сангийн түвшин эрс буурч, цаашид цахилгаан үйлдвэрлэж чадахгүй болох хэмжээнд дөхөөд байгаа аж. Үүний улмаас Венесуэльд цахилгааны хязгаарлалт хийсэн бөгөөд 1,5 сарын туршид венесуэльчүүд хоногт дөрвөн цаг цахилгаангүй амьдрахаар болов. Мөн цахилгаан эрчим хүчийг хэмнэх үүднээс төрийн албадын ажлын цагийг хязгаарлажээ. Ингэснээр төрийн албад долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гарагт амардаг болно. Мөн дунд сургуулиудыг баасан гарагт амардаг болгосон байна.
 

0 Сэтгэгдэл
Манайд харин үер болж Туул гол эргээсээ халина
Манайд энэ зун ган болохгүй ээ.
Хамгийн их уншсан