Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Санчирбаатар: Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллана

А.ЦАГААН

Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатартай их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн талаар ярилцлаа.

-Монголын залуучуудын холбоо дэргэдээ Монголын оюутны холбоо байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хүргэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Биднийг мэдэгдэл хийсний дараа намжсан.

-Өнгөрсөн жил танай холбооныхон сургалтын төлбөрийг намар биш хавар нь тогтоодог байя гэсэн санаачилга гаргаж байсан. Энэ жил ямар байдлаар ажиллаж байгаа вэ?
-Манайх сургуулиудад Удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж өгнө үү гэсэн шаардлага тавьж байгаа. Эхнээсээ энэ сарын 20-доор хуралдаж эхлэх байх гэсэн бодол бий. Гэхдээ одоогоор албан ёсны нэг ч хариу ирээгүй. Манай холбооны нэлээд хэдэн гишүүн их сургуулиудын Удирдах зөвлөлд багтдаг. Тиймээс тодорхой хэмжээгээр Удирдах зөвлөлд багтсан хүмүүстээ тухайн сургуулиудад шаардлага тавь гэсэн чиглэл өгсөн. Холбооны ерөнхийлөгч маань энэ жил их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг аль болох нэмэгдүүлэхгүй байх байр суурьтай ажиллаж байгаа. Бид ч гэсэн энэ чиглэлийн дагуу ажиллана.

-Төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэх бол гэж эцэг, эхчүүд төдийгүй оюутан залуус ихэд хүлээж байх шиг байна. Эхнээсээ элсэгчдээ бүртгэж эхэлсэн болохоор тэр байх.
-Сургуулиуд дор бүрнээ маркетингаа хийгээд эхэлсэн байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар сургалтын төлбөр нь нэмэгдсэн гэх мэдээлэл манайд ирээгүй. Хамгийн гол нь оюутнуудыг амарсан хойно нь сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаад төлбөрөө нэмчихдэг. Ар хударгаар хуралддаг гээд хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Ямар ч гэсэн сургуулиудын төлбөрийг аль болох нэмүүлэхгүй байх талаас нь анхаарч ажиллана. Ямар ч гэсэн ирэх  сардаа багтаагаад Удирдах зөвлөлийнхөн хуралдаж дуусах байх.

-Сургуулиудын Удирдах зөвлөлийнхөн оюутны хяналтын тоог бас хүлээж байгаа байх даа?
-Нэг талаараа тийм байх. Гэхдээ энэ жил элсэлт харьцангуй гайгүй байгаа шүү дээ. Өнгөрсөн жил элсэгчдийн тоо 20 мянгад ч хүрэхгүй байсан. Энэ жил хувийн сургуулиуд элсэлт бага авах болов уу гэсэн шинж ажиглагдсан. Тийм болохоор ч тэр үү маркетингдаа их анхаарч буй нь анзаарагдсан. Тэгэхээр сургалтын төлбөр нь бараг л нэмэгдэхгүй байх. Ер нь, жилийн жилд хувийн сургуулиудын төлбөр танагтай байдаг. Зарим томоохон сургууль л огцом нэмдэг гэмтэй. Инфляц яриад дор хаяж 10 хувиар нэмчихдэг. Өнгөрсөн удаад манай холбооныхон Удирдах зөвлөлийн хурлаа хийхдээ төлбөртэй холбоотой ганц, нэг асуудал ярьсан. Төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхгүй байх талаар ч ярьсан. Сургуулийн захиргааныхан ч эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аль болох төлбөрөө нэмэхгүй байя гэсэн.

-Тухайлбал, аль сургуулийн захиргаа ингэж ярив?
-Би өөрөө МУБИС-ийн Удир­дах зөвлөлд байдаг. Сургуу­лийн захиргааныхан төл­бөрөө харьцангуй бага нэмд­гийг хүмүүс мэднэ. Энэ жил ч гэсэн аль болох нэмэхгүй байх чиглэл барьж ажиллаж байгаа.

-ШӨХТГ өнгөрсөн жил төлбөрөө нэмсэн сургуулиудыг үндэслэлгүй нэмсэн гэж байсан ч анхаарч харсан сургууль байгаагүй?
-Тухайн үед үндэслэлгүйгээр нэмсэн гэх сургуулиудын нэрийг зарласан. Тэгэхэд сургуулиуд манайх руу тайлбараа илгээж байсан юм. Хамгийн гол нь сургуулиуд шинэ барилга байгууламж барьж буй нь төлбөр нэмэх нэг үндэслэл болдог. Тэгэхээр энэ жил барилгын ажлаа тодорхой хэмжээнд хойшлуулаач гэсэн санаачилга гаргаж ажиллаж байна.

-Улсын сургууль хэрнээ шинээр барилга байгууламж барихдаа сургалтын төлбөрөөр санхүүжүүлдэг асуудал бий. Ер нь, сургалтын төлбөрийг ингэж захиран зарцуулж болдог юм уу?
-Яалт ч үгүй санхүүжилтийн 80 орчим хувь нь сургалтын төлбөрөөс бүрдэж байгаа учраас тэгдэг. Уг нь улсын гэдэг нэртэй, улсаас дэмжлэг авдаг хэрнээ сургалтын төлбөрөөр өргөтгөл барьдаг.  Хамгийн гол нь орчин нь олигтой сайжирдаггүй. Ийм зүйлд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хэрнээ бодит байдал дээр өнгөрсөн жил хэрэглэж байсан сандал ширээ нь хэвээрээ байдаг байхгүй юу. Мөн магадлан итгэмжлэл, аттестатчлалд сургуулиудыг хамруулдаг. Үүнийг ч гэсэн чанаржуулах хэрэгтэй. Бид олон сургуулийг хаалгах гэж үзэж байсан. Харамсалтай нь, аргалаад үлдчихдэг жишиг байдаг. Яам, тамгын газраас болохоор хугацаа өгье гэдэг. Хэт олон сургууль байгаа нь бизнес болчихсон харагдаад байдаг юм.

-Цөөн оюутантай хэрнээ дээд сургууль гэдэг гуншинтай сургуулиудыг хэлээд байна уу?
-Тэр сургуулиудыг цэгцлэх болчихсон дүр зураг харагддаг. Хаах гэхээр нэг том сургуульд очоод наалдчихдаг. Сайн ч, муу ч үл хөдлөх хөрөнгөтэй, боловсролын байгууллагын архивтай болохоороо нэг сургууль түшээд явчихдаг хандлагууд бий. Хамгийн гол нь төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа л бол эргээд тухайн оюутанд наалдах ёстой. Системд нь ямар өөрчлөлт орж байгаад нь анхаармаар юм шиг санагддаг. Тэгэхгүй бол яг л хуучин хэвээрээ яваад байдаг жишиг бий. 2010 оны сургалтын төлбөрийг өнөөдрийнхтэй харьцуулах юм бол 100 хувь нэмэгдсэн. Харин 2006 онд хувийн сургуулиудын төлбөр 300 мянган гаруй төгрөг байсан бол одоо сая төгрөг гарч байна.

-Эргээд харахаар диплом өвөртөлсөн залуус олширсон байна гэдэг?
-Үнэндээ “Сандэй” худалдааны төвөөр ороход л бүх худалдагч нь дээд боловсролтой байна. Яагаад худалдагч хийж байгааг нь асуухаар ажил олддоггүй гэдэг. Харин ажил олгогч нар бидний шаардлагад нийцэхгүй байна гэдэг. Тэгэхээр боловсролын системд буруу өгөх үү, яах вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Тухайн хүн өөрөө хичээж суралцаагүй ч байж болно. Тиймээс чанаргүй боловсролыг яалт ч үгүй ярих хэрэгтэй болчихоод байдаг юм. Ямар ч гэсэн бид сургуулиудын Удирдах зөвлөлийнхөн хуралдаад ирвэл гарсан шийдвэрийг нь дор дор нь мэдээлэх болно. Шаардлагатай тохиолдолд хэвлэлийн бага хурал хийнэ. Сургалтын төлбөрөө хэт их нэмсэн сургуулиудтай тэмцдэгээрээ тэмцээд явна. Хамгийн гол нь сургуулиуд төлбөрөө нэмсэн үндэслэлээ сайн тайлбарлаад өгөөч гэхээр нуугаад байдаг юм. Баахан тоо, санхүү ярихаар эцэг, эхчүүд яаж ойлгохов дээ. Тиймээс бодитой үндэслэл л бидэнд хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан