Улс орны хөгжлийг хүн бүр л өөрийнхөөрөө тайлбарладаг. Тэгвэл зохиолч Г.Аюурзана номын худалдаа муу байгаатай холбож тайлбарласан байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа ““Таван Богд Моторс” 2013 оны хавраас хойш 1452 “Land Cruiser-200” заржээ. 1452:3 буюу жилд 484 аварга жийп зарагдсан гэсэн үг. “2016 оны LC-200 автомашин 2015.10.26-нд анх ирснээс хойш нийт 228 ширхэг борлуулагдсан” хэмээн тус компани албан ёсны хуудсаараа мэдээлснийг харвал сард 50 орчим “Ланд Крузер”, өдөрт ерөнхийдөө хоёр том жийп зарагддаг юм байна. Нэг л компани шүү дээ! Цаана нь “Хэт моторс”, “Мөнххада” гээд мөн л Ланд Крузер борлуулдаг өөр хоёр ч компани бий. Тэгээд тооцвол, хувь иргэдийн наймаанаас гадна Монгол Улсад өдөрт тав, зургаан шинэ “Ланд-200” борлогдож байна гэсэн үг. Жилд 365х6=2190! Хамгийн сонирхолтой нь, энэ оны эхээр гаргасан “Toyota USA Newsroom”-ын мэдээгээр бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай АНУ-д 2015 оны турш 2687 ширхэг л “Ланд-200” зарагдсан байх юм.
Гэвч би Монголыг АНУ-тай биш, харин “Ланд-200”-г номтой харьцуулах гэсэн юм. Инээдтэй харьцуулалт боловч, “Ланд” шиг зарагддаг ном Монголд байхгүй гэвэл та итгэх үү. Гурван жилийн турш өдөр бүр тав, зургаан ширхэг зарагддаг ном гэж үнэхээр байхгүй шүү! Өнгөрөгч өвлөөс хэд хэдэн номын дэлгүүр дампуурсан, тэд машин зарсан бол хөл дээрээ зогсчих байжээ, хөөрхий. Хөөрхий гэхээс өөр хэлэх үг алга. НОМ ЖИЙПНЭЭС МУУ ЗАРАГДДАГТ Л МОНГОЛЫН ХЯМРАЛ ОРШИЖ БАЙНА” хэмээн бичсэн байна. Харин түүний энэхүү сэтгэгдлийг зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх шэйр хийхдээ “Үүн шиг үнэн үг гэж байхгүй шүү. Мань хэдэн номоо нэгийг нь 1000-ыг хэвлүүлдэг ч зарим нь зарагдаж дуусаагүй хэдэн жил болж байна. Би муу бичдэг байх гэж бодож суутал үгүй юм байна.( Бас хоёр ч орчуулгын ном тэр дунд байгаа дэлхийд долоон сая зарагдсан номнууд гэтэл манайд 1000 зарагдахгүй хэвтэж байна.) Номын дэлгүүрт зарагдаж байгаа номын судалгаа хийж үзсэн НЕПКО гэх мэт аварга компаниуд ч нэг номоо 1000-ыг л хэвлүүлдэг юм билээ. “Миний мэдэх женко Баттулга” 12 мянга зарагдсан л даа. Гэхдээ түүний пэйж гэхэд л 300 000 дагагчтай гэхээр даанч өчүүхэн тоо байгаа биз. Дургүй улс нь авахгүй л дээ. Гэхдээ 300 000 дагагчаас 12 мянга гэдэг ямар вэ. Жийп хэд билээ ном үсрээд л 10, 20, 30 мянга буюу архины л үнэ шүү дээ. Архитай зүйрлэж үзвэл ухаан балартмаар тоо гарах биз” хэмээн бичсэн байна.