Өмнөговь аймаг хүүхэд залуусыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд боловсролын салбарт 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.
Түүний тод жишээ бол барилгын ажил нь ид өрнөж байгаа 1200 хүүхдийн багтаамж бүхий дунд сургууль, хүүхэд залуусын хүлээлт болсон соёл спортын цогцолбор юм. Соёл спортын цогцолборт “Оюу толгой” ХХК 50 хувийн хөрөнгө оруулалт хийхэд цаг хугацаа алдсан тал байгаа ч говь нутгийн хүүхэд залуусын төлөө хөрөнгө оруулалтын ажлаа хийхийг, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс шаардаж байлаа. Ямартай ч, ирэх есдүгээр сард 1200 хүүхдийн багтаамж бүхий шинэ сургууль, соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулах юм байна.
Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын цөм болсон тус хоёр объект ашиглалтад орсноор бусад сургуулийн ачаалал багасч, сургуулийн хүрэлцээ нэмэгдэхийн зэрэгцээ, шинээр ажлын байр бий болно.