Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Айл гэр болж “тоглосоор” байх уу


Ж.ГЭРЭЛЧУЛУУН


Багадаа айл саахалтынхаа хүүхдүүдтэй “айл гэрдэж” байв уу. Өнгө өнгийн чулуу тойруулан өрж, үүд хаалга гаргаснаа “айл гэр” хэмээн нэрийдэж, эхнэр нөхөр болон тоглож байгаагүй монгол хүн цөөн болов уу. Өнөө үетэй адил интернэт, гар утас, элдэв тоглоом наадгай хөгжөөгүй байсан үеийнхэн ахуйн шинжтэй тоглоом наадгайгаар хүмүүжиж, төлөвшдөг байсны нэг нь “айл гэрдэх”. Гэвч тоглоом л болсон хойно эхнэр, нөхөр бололцсон багачууд том болж, “айл гэрдэх”-ээсээ уйдан чулуун буйраа орхин одоцгоодог. Бидний “орчин үеийн” хэмээн тодотгосон одоо цагийн багачуудаас ийм тоглоом байсан гэвэл итгэх нь ховор биз. Харин эл тоглоомноос үлдсэн гэмээр ул мөрийг амьдрал зохиох нэрээр айл гэр болон “тоглож” буй залуусаар жишээлж болмоор.

2006 оноос хойш гэр бүл салалтын тоо 23.8 хувь өсчээ

“Айл гэрдэх” тоглоомоор дамжуулж хэлэх гэсэн санааг минь гадарласан байх. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан судалгаанд 2006-2014 оны хооронд улсын хэмжээнд гэр бүл цуцлалтын тоо тогтмол өссөн дүнтэй байна. Найман жилийн турш гэр бүл цуцлуулсан тоо ганц ч удаа буураагүй, дандаа өссөн үзүүлэлттэй гарсан гээд төсөөл дөө. 2006 онд 48996 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 1434 нь цуцлагдсан бөгөөд тухайн үед нийт гэрлэлтийн 2.9 хувийг эзэлж байв. Харин 2014 оны байдлаар 17332 гэрлэлт бүртгэгдэж, үүнээс 3750 нь буюу 26.7 хувь нь цуцлагджээ. Энэ бол найман жилийн хугацаанд гэр бүл салалтын тоо 23.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн, энэ хугацаан дахь гэрлэлтийн тооч эрс буурсан нь анзаарагдана. Угтаа гэрлэлтийн тоо буурахын хэрээр гэр бүл цуцлалт ч даган буурах нь зүй ёсны зүй тогтол баймаар. Гэтэл харин ч эсэргээрээ өссөн үзүүлэлттэй байгаа нь хачирхалтай. Дээр зөвхөн 2006, 2014 оны тоон үзүүлэлтийг харьцуулсан байдлаар харууллаа. Харин 2006-2014 оны хооронд нийт 209974 гэрлэлт бүртгэгдэсэний 20905 нь буюу 9.95 хувь нь цуцлагджээ. Нэг үгээр 100 гэрлэлт тутмын 10 нь салж сарнисан гэсэн үг.
Мэдээж гэр бүл салалтын тоо өсөхөд нөлөөлдөг олон шалтгаан, хүчин зүйл дурдаж болно. Жишээ нь, сонгууль, мөрийн хөтөлбөр. Одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-ынхан 2004 оны мөрийн хөтөлбөртөө шинээр гэр бүл болсон хосуудад нэг удаад 500 мянган төгрөг олгохоор тусгаж, улмаар хуулийн төсөл боловсруулж, мөнгө олгох ажил 2006-2009 онд өрнөсөн. Эл хавтгайрсан халамжийг тухайн үед залуу гэр бүлийг дэмжих гэхээс илүү хуурамч гэрлэлтийг хөөрөгдсөн, сөрөг үр дагавартай хэмээн шүүмжлэх нь ч байв. Үүний гэрч болгож хэдэн тоо сийрүүлье. Дээр дурдсан 2006-2009 онд жилд дунджаар 30 гаруй мянган хос гэрлэлтээ батлуулж байв. Тухайлбал, ид мөнгө тарааж эхэлсэн 2006 онд 48.9 мянга, 2007 онд 39.9 мянга, 2008 онд 32.9 мянга, 2009 онд 34.0 мянган хос гэр бүл болж байжээ. Үүнээс өмнө буюу 2006 оноос өмнө гэрлэлтээ батлуулах хосын тоо 10-20 мянга хооронд л хэлбэлздэг байв. Бэлэн мөнгө тарааж, гэрлэлтийг нь “мялаасан”-аа “Залуу гэр бүл, гэрлэлтийг дэмжсэн” хэмээн тайлбарлаж байсан ч 2006 оноос хойшхи гэр бүл цуцлалтын тоо ч өссөнтэйгөө дүйж байв. Жишээ нь, 2006 оны 48.9 мянган бүртгэгдсэн гэрлэлтийн 1434 нь, 2007 оны 39.9 мянгын 1725 нь, 2008 оны 32.9 мянгаас 1901 нь, 2009 оны 34.0 мянгын 2396 нь гэрлэлтээ цуцлуулжээ. Яахав, тухайн жилдээ бага ч гэлээ 2006 онд гэр бүл болсон хоёр 2009 салсан байхыг үгүйсгэхгүй. Харин 2006 оноос өмнөх гэр бүл салалтын тоо, дүн зарим жил нь өсч, заримдаа буурч байв. Хамгийн сонирхолтой нь, дөрөвхөн жилд түүхэнд байгаагүйгээрээ өссөн гэрлэлт 500 мянган төгрөг олгох ажил зогссоноос хойш буюу 2010 оноос эрс буурч 9349 болсон байх юм. Өмнө жил нь буюу 2009 онд 34.0 мянган хос гэрлэлтээ батлуулж байсан бол ердөө ганцхан жилийн дараа гурав дахин буурч, 9349 болсон хэрэг.
Үүнээс үзвэл гэр бүл болж тоглоход сонгууль, мөрийн хөтөлбөр ч нөлөөлдөг байх нь. Мэдээж 30-40 мянгын хооронд хэлбэлзэж байсан дээрх гэрлэлтүүдийн хэд нь чин сэтгэлийнх байсан нь сонин. Ямартай ч, гэр бүл болох мөн гэр бүл цуцлахад архидалт, ажилгүйдэл гэх ерөнхий хүчин зүйлсээс гадна улс төр, сонгууль ч нөлөөлдөг гэсэн үг.

Ажилтай нь гэрлэсэн бол сал, Агваантай гэрлэсэн бол түш

Их зохиолч Б.Ринчин гуайн охин ихэд сандарсан байртай орж ирээд “Аав аа, аав аа Агваан (хүргэн нь) ажлаасаа халагдчихлаа, одоо би яана аа” гэж л дээ. Ширээ дүүрэн бичиг, сачиг дунд хуучин судар эргүүлэнгээ юуг ч юм тэмдэглэж суусан тэрээр ер ажирсан шинжгүй “Ажилтай нь суусан бол салах л болж дээ, Агваантай суусан бол түшиж л таарна даа” хэмээн тайвнаар өгүүлсэн гэдэг.
Бид гэр бүл салалтад нөлөөлж буй гол шалтгаа­нуудын нэгээр ажилгүйдлийг нэрлэдэг. Энэ нь ч үнэн. Их зохиолчийн хүргэнтэй адил ажилгүй болсон “Агваан” манай хөдөлмөрийн насны хүн амын 30 орчим хувь (өнгөрсөн оны байдлаар)-ийг эзэлж байна. Өдгөө манай улсад 823412 өрх бий. Үүний 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод аж төрж байна. Хэдийгээр гэр бүл салалт хоёр хүний хүмүүжил төлөвшил, соёл, боловсролын төвшин, ухамсартай холбоотой ч нийгэм, эдийн засгийн байдал алсуураа хамгийн чухал нөлөө үзүүлдэг аж. Жишээ нь, орон сууцны зээлтэй “Агваан” орон тооны цомхотголоор ажилгүй болвол нэг хэсэг идэвхтэй ажил хайна. Эдийн засгийн хямралтай энэ үед аж ахуй нэгж бүр “Агваан”-уудаа цөөлж, бага зардлаар цомхон бүтэц бүрэлдэхүүн ажиллуулахыг эрмэлзэнэ. Ажил олдохгүй цөхөрсөн “Агваан” зээлээ хэрхэн төлөх вэ хэмээн толгой гашилгасаар дарамтад орж, энэ стресс бухимдал нь эцэстээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцах шалтгаан болно. Энэ мэт гэр бүлийн тогтвортой байдалд нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлөх нь их болж. Бидний эцэг эх байртай, байргүй болоод л байсан. Тухайн үед хүн бүр ажилтай, орологотой байв. Харин одоо үйлчлэгчийн ажилд ч өндөр босго тогтоож, хэлний мэдлэг, хоёр, гурван диплом нэхдэг болж.

Тэгээд ч нийгмийн стресс, сөрөг хандлага жил ирэх тусам өссөөр л байна. Энэ мэт улс орны эдийн засаг, нийгэм, олон нийтийн сэтгэлзүй, уур амьсгалын шууд тусгал гэр бүлд алгуур нөлөөлж буйг байрны лизингтээ түүртэж яваа залуу хосууд хэрхэн мэдэх билээ. Ажилгүй хүнийг хүнийг тооноос хасдаг, орлогогүй байгаа нь өөрөөс нь шалтгаалахгүй байгааг мэдэх, мэдрэх сөхөөгүй яваа залуус эцэст нь хоёр тийш харж суусаар салдаг. Угтаа насаараа ажилгүй явна гэж байхгүй шүү дээ. Тиймдээ ч цаг хугацаа, түр зуурын нийгмийн өөрчлөлтийн золиос болж буй залуу гэр бүлүүдэд буруу өгөх аргагүй. Гагцхүү хосууд хэн хэнээ ойлгож, хамт эхлүүлсэн амьдралынхаа эцсийг үзэх нь чухал. Яг л Агваантай адил хэн нэгэн нь ажилгүй болсон ч хажууд нь өмөг түшиг болох нь чухал. Угаас аз жаргал бэлгэнд ирдэггүй учир өөрсдийн гараар бий болгоно биз дээ.

“Айл гэрдэх”-ээсээ өмнө амжиж төлөвлөх нь чухал

“Эр, эм байтугай эрүү толгой ч салдаг хорвоо” гээд үрийн зулай үнэрлэсэн хоёрыг салгаж орхидог эцэг эх бий. Угтаа анхны хүүхдээ өлгийдсөн хоёр арга эвээ ололгүй жаахан түүртсэнийг “Болохгүй бол сал” хэмээн өөгшүүлдэг нь олон. Угтаа тэнгэрт тулсан их хэрэг мандаачихаагүй л бол хүүхдийн хоол тэжээл, живх төдийхнөөс үүдсэн хэрүүлийн золиос нь хүүхэд болох учиргүй. Анзаараад байхад сүүлийн 10 гаруй жил төрөлт, гэрлэлт харьцангуй залуужиж байгаа ч түүнийг дагаад салалт ч их байна. 20 гаруйхан насандаа хоёр тийш болсон хоёр, өмнөх амьдралаас нь үлдсэн хар толбыг сэтгэлдээ тээсээр дахин амьдрал зохиох нь ховор. Судалгаанаас үзвэл 25-30 насандаа гэр бүл цуцлуулсан хосуудын 70 гаруй хувь нь 1-2 хүүхэдтэй байдаг аж. Харин дахин амьдрал зохиож гэр бүлтэй болсон нь 30 хувьд ч хүрдэггүй аж. Үр хүүхэд гэдэг амьдралынхаа турш үүрч явах асар том хариуцлага. Тиймдээ ч хүүхэдтэй болчихоод гэр бүл цуцлуулах нь тухайн хүнд гэхээс илүү үр хүүхдийн нь амьдралд хар толбо болон үлддэг. Хүнтэй гэр бүл болж, хамтран амьдрах тухай огтхон ч ойлголт, төсөөлөлгүй залуус хүүхэдтэй болсон дуруйдаа дээр дурдсан шиг өчүүхэн жижиг зүйлээс үүдсэн хэрүүл төдийхнөөр хамтын амьдралаа төгсгөх нь их. Улмаар аав, ээжийнхээ аль нэгтэй өссөн хүүхэд учир мэдэхтэйгээ болоод ирмэгц ээжээсээ аав, ааваасаа ээж нэхнэ.

Өнчин өрөөсөн өссөн хүүхдийн сэтгэлзүйг ийм тийм хэмээн бичих нь илүүц биз. Ямартай ч, залуу хосуудын хамтын амьдралд тохиолдож болох хамгийн том саад бэрхшээл анхны хүүхдээ өлгийдсөний дараахан тохиодог гэнэ. Тиймдээ ч эхэн үеийн эл саадыг давчихвал амьдрал аяндаа эвээ олоод ирнэ. Гагцхүү гэр бүл болохоосоо өмнө хоёр биеэ бүрэн таньж, ар гэр, ахуй амьдрал, аав ээжийг нь ч багахан тандаад авахад гэмгүй. Энэ нь өөрийгөө гэхээс илүү ирээдүй хойч, үр хүүхдээ гэх сэтгэлээс үүдэх учиртай. Орос бүсгүйчүүд нөхөр болох хүнээ нэг гэрт орохоосоо өмнө багадаа 10 удаа “архидуулдаг” ч гэх үгтэй. Энэ мэт айл гэр болж “тоглох”-оосоо өмнө амжиж төлөвлөх нь чухалыг залуус анхаарч үздэг нь цөөн санагддаг.

Төгсгөлийн оронд

Гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөөр байгааг энэ мэт олон талын хүчин зүйлийн нөлөөгөөр тайлбарлаж болно. Угаас сайн юманд садаа мундахгүй гэдэг. Гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн улс орон өөдлөн дэвжихийн үндэс нь гэр бүл. Бид ч нэг хэсэг иргэн баян бол улс баян гэж элдэв “теорем” баталж, дэвшүүлсэн. Харамсалтай нь харсаар байтал залуу хосууд үр хүүхдээ өнчрүүлэн байж салж сарнисаар л байна. Өдгөө өрх толгойлсон 80 гаруй мянган эх албан ёсоор бүртгэлтэй байгаа нь дээр дурдсан нийт өрхийн 10 хувийг эзэлж байна. Энэ бол манай нийгмийн бодит дүр зураг. Хэдий 80 мянга гэж байгаа ч албан ёсоор гэр бүл батлуулалгүй салж, улмаар өрх толгойлон үлдсэн хэчнээн эх бий бол. Нэг эхийн цаана хэчнээн хүүхэд аавгүй, өнчин өсч байгаа бол. Наймхан жилийн хугацаанд гэр бүл салалт 23.8 хувиар өссөн нь энэ тоо цаашид ч нэмэгдэхийг анхааруулж байх шиг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан