Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 онд “Хан-Уул дүүрэг дүрэмтэй байх уу” хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн хоёрдугаар шат эхлээд буй. Энэ удаагийн хэлэлцүүлэг хэрхэн явагдах талаар дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгээс тодрууллаа.
-Улаанбаатар хотын багц дүрмийг хэлэлцэхээс өмнө Хан-Уулчууд дүрэмтэй байх уу гэсэн асуудлыг хөндсөн. Энэ ажлын талаар танилцуулаач?
-Хан-Уул дүүрэг дүрэмтэй байх уу гэсэн санал санаачилга гаргаад иргэдээсээ 2015 онд санал асуулга авч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногоос бид энэхүү хэлэлцүүлгээ дахин эхлүүллээ. Дүүргийн иргэдийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн өөрсдийн гэсэн дүрэмтэй болохоор хичээж байгаа юм. Хан-Уул дүүрэг 16 хорооны 130 гаруй мянган иргэнтэй. Иргэн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой энэхүү дүрмийг боловсруулахаар мэргэжлийн байгууллагын зөвлөмж дор иргэдийнхээ саналд тулгуурлан боловсруулахаар санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.
-Аливаа дүрэм тодорхой нэг хүрээнд боловсруулагдан батлагдчихаад дараа нь иргэдэд хүрдэг?
-Шууд ардчиллын үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан. Үүгээр бол “иргэн”, “төр” гэсэн хоёр туйл байх учиргүй бөгөөд төр нь иргэний өмнөөс шийдвэр гаргах нь өрөөсгөл бөгөөд хэвшмэл буруу ойлголтыг бид өөрчлөхөөр ажиллаж байна. Иргэд ч гэсэн үүнд дуртай байгаа.
-Хэлэлцүүлгийн эхний шатанд хэдэн иргэн оролцсон бэ? Иргэдээс дийлэнхдээ ямар санал санаачилга гарч байгаа вэ?
-Манай дүүрэг хороо бүр байнгын ажиллагаатай Иргэний танхимтай. Иргэний танхимаар дамжуулан иргэдийн санал авч, дүүргийнхээ дүрэмд зориулан тусгай хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллаж байна. Иргэдийн зүгээс дэд бүтэц, байгаль орчин гээд өөрсдийн оршин суугаа газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлгийн үеэр санал болгон тавьж байна. Бидний мэдэх Шувуун фабрик, Био комбинат, Өлзийт хорооллынхон гэхэд тосгоны статустай болох хүсэлт гаргаж байх жишээтэй. Түүнчлэн Хан-Уул дүүрэг дагуул хот болох хэрэгтэй гэсэн саналыг одоогийн байдлаар хэлэлцүүлэгт хамрагдсан 10 хорооны иргэд өөрсдөө оруулж байна. Нэг үеэ бодвол иргэд өнөө маргаашаа биш үр хүүхдийнхээ ирээдүйг харсан санал санаачилга дэвшүүлж байгаа юм.
-Хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд хэдэн хороо хамрагдах вэ?
-Өнгөрсөн жил эхний ээлжинд 10 хороог хамарч иргэдээс санал авсан. Энэ жил үлдсэн зургаан хороонд хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэд маань идэвхтэй санал бодлоо хуваалцана гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Хан-Уулчуудын хэлэлцэж, саналаа тусгасан дүрэм хэзээ бэлэн болно гэсэн хүлээлт байгаа вэ?
- Бид аль болох хурдан хийхийг хүсч байна. Иргэн бүрийн санал үнэтэй учир цаг хугацаа шаардах нь тодорхой. Гэхдээ бид хийх ажлынхаа талаас илүүг хийчихсэн болохоор удахгүй Хан-Уулын дүрэм бэлэн болох болно.