Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд: Нээлттэй хаалганы өдөрлөг нэг бус удаа зохиомоор байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Одоогоос 95 жилийн өмнө, 1921 оны Ардын Засгийн газрын зургадугаар их хурлаар хэлэлцэж, ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, амар тайван байдал сахиулах үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа”-г байгуулсан нь өнөөгийн цагдаагийн байгууллагын үндэс суурь болсон түүхтэй. 95 жилийн ойгоо угтаж буй Монгол төрийн ууган байгууллагуудын нэг болохын хувьд цагдаагийн байгууллагаас ой угтсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний эхлэл болгож өнгөрөгч баасан гарагт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсанд иргэд, олон нийт идэвхтэй оролцлоо.

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай эл өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газар, уг газрын харьяа Лицензийн төв, Сургалтын төв болон Улаанбаатар цагдаагийн хүрээний хэлтсүүд, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа байгууллагууд оролцсон юм. Өдөрлөгийн хүрээнд ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулган уран бүтээлчид төв талбайд цугласан олонд уран бүтээлээ дээжилсэн бол цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг харуулсан үзүүлэх тоглолтууд ч зохиосон юм. Тухайлбал, сургуультай нохдын тэсрэх бөмбөг, хорт болон мансууруулах бодис илрүүлэх үзүүлбэр, цагдаагийн алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолт, галт зэвсгийн хэрэглээ болон цагдаагийн байгууллагын үе үеийн түүхийг харуулсан зэвсэг техник, шинэ тутам нэвтрүүлж буй техник технологийг танилцуулсан нь 95 жилийн түүхтэй эл байгууллагын түүхэн замналыг илтгэх цогц арга хэмжээ болсон юм.

Мөн Галт зэвсэгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, гарын авлага тарааж байв. Энэ үеэр ЦЕГ-ын харьяа Лицензийн төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, шар үнэмлэхээ солиулаагүй жолооч нарт ажлын 21 хоногт багтаан үнэмлэхээ солиулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч нарт шалгалтад хамрагдаж эрхээ сэргээх боломж олгосон юм.
Иргэдийн түрүүч нь эрхээ сэргээлгэхээр сургалт, шалгалтад хамрагдаж байсан бол жолооны үнэмлэхийн зөрчил, торгууль, шийтгэлтэй эсэхээ лавлах нь ч цөөнгүй байв. Мөн ХСИС, Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн асарт элсэлтийн журамтай танилцах залуус ч их байлаа. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, хууль, эрхзүйн зөвлөгөө өгч байгаа нь энэ өдөрлөгийн нэг онцлог. Түүнчлэн, “Smart police” цахим үйлчилгээ, “Иргэний зөвлөл”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан”, “Оюутан цагдаа”, “School police” төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулга хийж байна. Хараад байхад цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээг нь нэгдсэн байдлаар авч байгаа нь иргэдэд тааламжтай байгаа бололтой. Цаашид энэ мэт иргэн, цагдааг холбосон арга хэмжээ зохион байгуулахад анхаарч ажиллах болно” гэж байв.

Дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын харьяа байгууллагууд болон өдөрлөгт оролцсон байгууллага, аж ахуй нэгж бүр өөр өөрийн асар майханд иргэдэд үйлчилгээ үзүүлснээс хамгийн хөл хөдөлгөөнтэй нь ЦЕГ-ын харьяа Лицензийн төвийн асар байв. Зөрчилтэй, шар үнэмлэхээ солиулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэсэн иргэдэд иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа шаардлагатай байсныг харгалзаж төрийн үйлчилгээний цахим машиныг төв талбайд байрлуулсан байв. Мөн бүх банкны картаар гүйлгээ хийх боломжтой бэлэн мөнгөний машин байрлуулсан нь иргэдийн явдал чирэгдлийг багасгасан нүдээ олсон шийдэл байлаа.  Ийнхүү иргэдийн эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллага үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулах үүднээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсанд иргэд ч ам сайтай байв. “Жолооны эрхээ сэргээлгэхийн тулд элдэв бичиг сажиг бүрдүүлж, хоёр, гурван ч шатны байгууллагаар зайлшгүй дамжих шаардлагатай болдог. Энэ мэт нээлттэй хаалганы өдрөөр шууд сургалт, шалгалтдаа хамрагдаад сэргээчихвэл төвөг чирэгдэл бага юм. Хараад байхад Лицензийн төв байнга нь хүний хөлд дарагдаж байгаа харагддаг. Цаашдаа цагдаагийн байгууллага энэ мэт нээлттэй хаалганы өдөрлөгийг нэг бус удаа зохиомоор байна” хэмээн Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн н.Гантулга хэлж байлаа.


П.Эрдэнэбат: Шар үнэмлэх солих ажил 50-60 хувьтай байна

Өдөрлөгт оролцсон ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Хараад байхад эрх сэргээлгэх, үнэмлэхээ солиулах хүсэлтэй жолооч нар танай үйлчилгээг сонирхох нь их байна. Ер нь, нээлттэй хаалганы өдрөөр жирийн үеэс харьцангуй ачаалал их байгаа санагдлаа?
-Ерөнхийдөө манай төв иргэдэд үйлчдэх танхимаараа өдөрт 700-800 хүнд үйлчилдэг. Нарийн тоо гаргаагүй ч нээлттэй хаалганы өдөр болохоор жирийн үеэс харьцангуй олон хүн үйлчлүүлж байна. Иргэд ч эрх сэргээх, үнэмлэх солих тухай мэдээлэл сайтай байгаа нь харагдлаа.

-Шар үнэмлэх солих ажил хэдэн хувьтай явж байгаа бол?
-Шар үнэмлэх солих ажлыг энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар шар үнэмлэхтэй жолооч нарын 50-60 хувь нь үнэмлэхээ солиулчихсан байна.

-Эрх сэргээх тухайд хуучин журмын дагуу явагдаж байгаа юу. Угтаа танай төв дээр сургалтад хамрагдах ёстой шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн нь сонирхол татлаа?
-Ерөнхийдөө Хуульзүйн сайдын баталсан журмын дагуу эрхээ хасуулсан жолооч нарыг сургалтад хамруулах ёстой. Яг тэр журмаар, Лицензийн төв дээр явагддаг үйл ажиллагаа л энд явагдаж байна. Угтаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч нарыг зургаан цагийн сургалтад хамруулах ёстой ч нээлттэй хаалганы өдөртэй холбогдуулж илүү хураангуйлсан хэлбэрт оруул­сан. Энэ нь богино хуга­цаанд олон хүнийг хам­руулахад чиглэсэнтэй холбоотой.

-Эрх сэргээлгэх, шар үнэмлэхээ солиулах хүсэлтэй жолооч нараас эрүүл мэндийн хуудас, цусны бүлэг тодорхойлуулсан бай­­­­­­­­­­хыг шаардаж байгаад шүүмжлэлтэй хандах нь байна?
-Шар үнэмлэх солих тухайд бол зайлшгүй цусны бүлэг тодорхойлуулсан байх ёстой. Учир нь үнэмлэх солиулж буй иргэдийн дунд анх жолооч болж, үнэмлэх авахдаа цусны бүлгээ үнэн зөвөөр бичүүлээгүй хүн их байдаг. Үүнийг цэгцлэх зорилгоор зайлшгүй цусны бүлэг тодорхойлуулсан байх ёстой гээд байгаа юм. Мэдээж хувь хүн өөрийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Магадгүй зам тээврийн осолд орж яаралтай цус сэлбэх шаардлага гарвал үнэмлэх дээрх цусны бүлгээр л цус сэлбэнэ шүү дээ. Харин эрх сэргээх тухайд заавал эрүүл мэндийн бичиг сачиг гэхгүй байгаа. Юуны өмнө сургалтандаа хамрагдаад шалгалтаа өгч тэнцсэн бол үнэмлэх нь ажлын 21 хоногт олгогдоно. Харин бичиг баримтаа хаяж, үрэгдүүлсэн хүмүүс зайлшгүй эрүүл мэндийн хуудас бөглүүлсэн байх ёстой юм.

-Танай төвөөс нээлттэй хаалганы өдөрлөгт хэчнээн бие бүрэлдэхүүн оролцож байна вэ?
-Манай төвийн нийт ажилтан, алба хаагчдын 50 хувь нь нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо. Үлдсэн хэсэг нь Лицензийн төв болоод “Дүнжингарав” худалдааны төв дээр үндсэн үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан