Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вакцин


Монголчууд хэдэн оноос орчин үеийн анагаахын шинжлэх ухаантай танилцсан бэ. Энэ асуултад “Сэрэлт” кино л анхлан хариулт өгсөн болов уу. Орос докторын сувилагч хийж байсан ч хадаг өвөртлөөд лам руу алхах Бумаа авгайгаар тухайн үеийн монголчуудын дүр төрхийг л гаргаж. Энэ бол 20 дугаар зууны эхэн үеийн зураг бололтой. Вакцинд хамрагдаж буй монголчууд. Улаанбурхан, салхин цэцэг гэх мэтийн халдварт өвчнийг уламжлалт маягаар өвс ургамлаар торгоон эдгээж  чадсан нь амьдарч, чадаагүй нь нас барахад жам юм шиг хүлээж авдаг байсан монголчууд орчин үеийн анагаах ухааны ачаар 21 дүгээр зуун гэхэд зарим төрлийн өвчинг ор тас мартаж.

Энэ бол мэдээж дархлаажуулалт буюу товлолт вакциныг цаг тухайд нь хийж байсны үр дүн. Вакцин гэгч зүйлийг аль 1700 оны сүүлээр хүн төрөлхтөн анагаах ухаанд буй болгосон ч манайд хувьсгалын дараагийн жилүүдээс л орж ирсэн бололтой. Учир нь, хувьсгалаас өмнө монголчууд халдварт өвчин, өлсгөлөн гээд ядуу буурай нийгмийн улмаас хүн амынхаа тоог ч нэмж чадахгүй 20 дугаар зуунтай золгосныг түүх гэрчилнэ.

Эртний уламжлалт анагаах ухааны оточ нар халдварт өвчнөөр өвчилсөн хүн дахин өвчилдөггүйг ажиглаж, цэцэг өвчин туссан хүмүүсийн шархан дээрх тавнаас нунтаг вакцин гаргаж авч хамрын тамхи шиг үнэрлэж хэрэглэж байсан тухай тэмдэглэсэн байдаг ч анагаах ухаанд тарилга хэлбэрээр нь 1700 оны сүүлээс л ашиглаж эхэлжээ. Гэхдээ вакцин найдвартай хамгаалалт байж чадах уу, эрсдэлгүй урьдчилан сэргийлэх арга мөн үү гэдэгт өнөөдөр ч хүн төрөлхтөн эргэлзсээр байна.

Энэ жил Монголд улаанбурхан өвчний дэгдэлт гаарч, хорвоод дөнгөж мэндлээд буй нярай нарт хамгийн хүндээр тусаад буй. Учир нь, нярайд 9 сар хүртэл улаанбурханы эсрэг вакцин тарьдаггүй. Гэтэл нярай ч гэлтгүй оюутнуудын дунд ч өвчний дэгдэлт гаарч, ХӨСҮТ ачааллаа дийлэхээ больж, эмч сувилагч нар амрах эрхгүй ажилласаар байна. Төрийн зүгээс үүнд яаралтай анхаарал хандуулахыг эмч нар төдийгүй иргэд ч анхааруулсны дүнд товлолт вакциныг 18-30 насныханд хийхээр болж, багагүй хөрөнгө зарцуулан 14 хоногийн аян өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд байна. Аяны гурав дахь өдрийн мэдээгээр нийт хамрагдах ёстой хүмүүсийн 15,3 хувь нь вакцинаа хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, залуус сайн дураараа харьяа эмнэлэгтээ хандсан гэхээс илүү дунд болон их дээд сургуулийнхныг албадлагаар шахуу хамруулсны дүн бололтой. Нийслэлийн хэмжээнд л гэхэд байнгын 142, түр 641 цэг, явуулын 147 баг ажиллуулж, вакцинд хамрагдсан залуусын хуруунд тэмдэглээгээ хийж буй аж.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа сошиалаар залууст хандан вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалаад зогсохгүй, Ажил олгогч эздийн холбоо болон бусад байгууллагад энэ аянд нэгдэн хамтрах урилга хүргүүлсэн гэнэ. Тэрээр Баян-Өлгий, Дорнод, Увс, Баянхонгор, Архангай аймаг, нийслэлийн Баянгол, Багануур, Сонгинохайрхан, Чингэлтэй, На­лайх дүүргийн залуусын вакцинд хамрагдсан хувь хамгийн бага байгааг өчигдөрхөн эрүүл мэндийн хэлтсийн дарга нарт нь анхааруулсан байсан. Мэдээж, Эрүүл мэндийн яамны зүгээс харьяа байгууллагаа шахна. Харин залуус маань ингэж шахуулалгүй вакциндаа өөрт хамгийн ойр цэгтээ очоод хамрагдчихвал өөрийгөө хийгээд үр хүүхдээ найз нөхдөө халдвараас сэргийлэхэд хувь нэмрээ оруулна гэдгийг эмч нар анхааруулж хүсч байгаа нь харагдсан. Уг нь энэ бол гуйлгаад байх ажил биш. Нэгэнт төсөв мөнгийг нь улс шийдээд өгч байгаа учраас зөвхөн хувь хүний ухамсраас  л бүх зүйл шалтгаална.

0-9 сартай нярай нарын хувьд вакцинд хамрагдах боломжгүй учраас аль болох энэ өвчний вирусээс хол байлгах л хамгийн том сэргийлэх арга. Харин тэдэнд вирус дамжуулагч нь томчууд. Томчууд дархлаатай бол хүүхдээ энэ өвчний вирусээс сэргийлэх боломжтой. Тэгэхээр зөвхөн өөрийгөө бодоод залхуураад эсвэл түвэг хэмээн таван алхам харамлаж суухын оронд ойролцоох цэгтээ очоод тариулаарай гэж хүсэх байна.

Энэ вакцины ачаар жил бүр 1 сая хүнийг нөгөө ертөнцөд одоохоос сэргийлж чаддаг гэсэн статистик байдаг юм билээ. Улаанбурхан өвчний вакциныг 20 дугаар зууны дунд үед АНУ-ын эрдэмтэн Маурис Хиллеман бүтээсэн гэдэг. 1958 онд АНУ-д улаанбурханы 763 мянган тохиолдол бүртгэгдэж, 552 хүн нас барсан бол Маурисын вакцины тусламжтайгаар энэ өвчлөлийн тохиолдол жилд 150 хүрэхтэй үгүйтэй болж буурсан байдаг. 2008 онд АНУ-д 64 тохиолдол бүртгэгдсэнээс 63 нь вакцинд хамрагдаагүй нөхөд байж. Уг нь манай улс ердөө хоёр гуравхан жилийн өмнө энэ өвчний тархалтыг таслан зогсоосон улс хэмээх бүртгэлтэй байв. Харин энэ жил улаанбурханы өвчлөлөөр нэг биш нэжгээд хүнийхээ амь насыг алдсан гэх бүртгэлд орлоо. Тэгэхээр халдварт өвчний уршгаас салахын тулд бүх нийтийн аянд ухамсраараа хамрагдах нь хамгийн оновчтой шийдэл байх нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан