Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашийн үнийн өсөлтөд өнөөдрөөс бэлдэе


Б.БАДРАЛ

Одоогоос хэдхэн жилийн өмнө Засгийн газраас “Үнэ тогтворжуулах” гэсэн нэршилтэй хөнгөлөлттэй зээлийг шатахуун импортлогч компаниудад төрөөс өгөх замаар шатахууны үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалж байсныг та санаж байгаа байх. Гэтэл аз болж, аз болж ч гэж дээ ОХУ ба АНУ, түүний холбоотон Саудын Арави гэх мэт газрын тос олборлогч орнууд хоорондын хэрүүлээс үүдэн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом буурч эхэлсэн. Уул шугамдаа түүхий эдийн үнэ унаж байна гэдгийг  дагаад эцсийн бүтээгдэхүүний үнэ ч буурах ёстой. Дэлхийн дийлэнх оронд яг ийм л юм болсон. Гэтэл дэлхий даяар буураад байхад Монголд онц буурсан юм ажиглагдсангүй. Яагаад гэх асуулт тавих хүн захаас аваад олширсон.

Хариулт нь тун энгийн. Оросын тал татварын сэлгээ нэртэй маневр хийж байдлыг өөрчилсөн. Газрын тосны үнэ буурахын өмнө Оросын төсвийн дийлэнх хувийг түүхий, боловсруулаагүй тосонд  ногдуулсан татвараас авдаг байсан. Харин газрын тосны үнэ огцом буурснаар энэ салбарт ногдуулдаг татварыг багасгахаас өөр сонголт үлдээгүй. Ийм маневр хийсний дараа газрын тос олборлогчдын татварын дарамт буурч, дизель түлш ба бензин үйлдвэрлэгч нарын төлөх ёстой экспортын татвар нэмэгдсэн. Үүний үр дүнд Монголын хэрэглэгчид газрын тосны үнэ буурснаас үүдэлтэй шатахууны хямдралыг мэдэрч чадаагүй. Оросынх ч ялгаагүй. Дэлхий даяар газрын тосны үнээ дагаад шатахууны үнэ буураад байхад Орост бүүр ч өссөн. Харин Монгол бодит бууралт мэдрээгүй цөөн улсын нэг болж таарсан.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ аажмаар өсөх дүр зураг ажиглагдах болов. Гэсэн ч газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ огцом өсөхгүй л бол Оросын тал татварын бодлогоо өөрчлөхгүй. Тэгэхээр байдал эвгүйтэж магадгүй гэх төсөөлөл үүснэ. Энэ бүхэн манайд ямар нөлөө үзүүлэхийг ойлгохын тулд суут ухаантай байх шаардлагагүй.

Ер нь, яагаад газрын тосны үнэ буурсан юм бэ гэх асуултын хариуг эхлээд хайя. Энэ талаар хэд хэдэн хувилбар шинжээчид гаргаж байна. Нэгдүгээрт, ОХУ нь газрын тос ба шатдаг хийн экспортоороо дамжуулан дэлхийн хэмжээнд эдийн засаг ба улс төрийн байдалд үзүүлэх нөлөө нэмэгдсэн тул АНУ нь дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болох Саудын Аравитай үгсэн тохиролцож, нефтийн үнийг бууруулах зохиомол арга хэмжээ авсан. Үнэхээр ч өнгөц харахаар Саудын Аравид хийсэн Обамагийн айлчлалын дараагаас тус улс газрын тосны олборлолтын хэмжээгээ огцом нэмэгдүүлж, үнийг нь эрс унагасан.
Үүнд итгэхгүй байж болох. Гэхдээ АНУ нь хуучин ЗХУ-ын үед яг адил арга хэрэглэх замаар газрын тосны үнийг огцом унагасан нь Зөвлөлтийг задран бутрахад хүргэсэн гол хүчин зүйлийн нэг болсон гэж үздэг. Тэгэхээр урьд нь амжилттайгаар хэрэглээд үзсэн дархан мэхээ  ахиад нэг хийхийг хүссэн байж болох талтай. Тухайн үед газрын тосны үнэ унагаж, Саудын Аравийн хэтэвч нимгэрсний хариу болгож, АНУ нь Саддам Хусейн, Каддафи, эцэг Асад гэх мэт бүс нутгийн дарангуйлагчдын халдлагаас Саудын Аравийг хамгаалах баталгаа гаргаж тухайн үеийн хамгийн сүүлийн гэгдэж байсан сөнөөгч онгоц, танк, их буу гэх мэт зэвсэглэлийг хямдаар нийлүүлэх болсон. Хусейний үед Ирак ба Кувейтийн хооронд болсон дайн, хариу болгож эцэг Бушийн явуулсан “Цөлийн шуурга” ажиллагаа үүний нотолгоо болж өгсөн юм. Үр дүнд төсвийнхөө дийлэнхийг нефтийн экспортоос бүрдүүлдэг байсан ЗХУ төлбөрийн чадваргүй болж дампуурсан гэдэг. Харин Зөвлөлт задран унасны дараа Саудын Арави нь нураах үүргээ нэгэнт бүрэн биелүүлсэн тул газрын тосны үнийг харьцангуй өндөр байлгах өөр бодлого баримталж эхэлснээр дэлхийн зэх зээл дээрх үнийг өсгөсөн. Гэтэл үүнийг дагаад Путиний Орос баяжиж, өндийн сууж бүр хоёр хөл дээрээ дэн дун гишгэх чадвартай болсон. Иймд давхар хамаад тэнгэр харуулдаг дархан мэхээ дахин хийхээр шийдсэнд гайхах зүйлгүй мэт.

Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг бууруулахын тулд Саудын Арави олборлолтоо нэмэгдүүлсэн гол шалтгаан нь АНУ-ын явуулж байгаа бодлого гэх шинжээчид бас байна. Саяхныг хүртэл Саудын Арави газрын тос олборлолтоор дэлхийн №1 улс байсан. ОХУ л тэдэнтэй ойртож очдог байлаа. Баррель газрын тосны үнэ 100 ам.доллар хүрч байх үед энэ улсын орлого ухаан санаанд багтамгүй өндөр болсон. Саудын Аравийн газрын тос хамгийн өндөр чанартай, хамгийн бага өртөгтэй олборлогддог тул оросууд олборлолтын хэмжээгээ яаж ч нэмэгдүүлээд тэдний уламжлалт зах зээлийг булаах боломжгүй байлаа. Гэтэл Ерөнхийлөгч Обамагийн явуулсан занараас газрын тос олборлолтыг дэмжих  бодлогын хүрээнд АНУ нь газрын тос импортлогч байхаа больж, дэлхийд хоёрдугаарт ордог олборлогч орон болж хувираад Ази дахь Саудын Аравийн мэдэлд байсан уламжлалт зах зээлийг эзлэх оролдлого хийх болсон. Харин Саудын Арави ийм байдалтай эвлэрэхийг хүссэнгүй Америкийн занараас газрын тосол олборлох салбарыг дампууруулахаар шийдсэн гэнэ. Учир нь, Саудын Арави нь нэг баррель нефть олборлохдоо 10-15 ам.долларын зардал гаргадаг, оросууд 25-30 ам.долларын зардал гаргадаг бол америкчууд занараас газрын тос гаргахын тулд 40-60 ам.долларын зардал гаргадаг.

Ийм нөхцөлд Саудын Арави нь олборлолтоо огцом өсгөх замаар газрын тосны үнийг 35 эсвэл бүр 25 ам.доллар хүргэж унагасан ч ашигтай ажиллаж чадна. Харин өндөр зардлаар занараас газрын тос олборлодог Америкийн компаниуд ашиг олохоо больж ээлж дараалан дампуурлаа зарлана. Америк хэдий төрийн түвшинд тэднийг дэмжиж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханшийг яаж ч чадахгүй тул нефтийн үнэ өндөр үед банкнаас өндөр хүүтэй зээл авсан компаниуд төлбөрийн чадваргүй болж дампуурахаас өөр замгүй. Хоёр сарын өмнө занараас олборлосон түүхий нефтийг боловсруулах үйлдвэрт зүгээр өгөөд дээр нь мөнгө нэмж өгвөл дахин боловсруулах тухай мэдэгдэж байсан нь занарын газрын тосны салбар ямаршуу хүнд байдалд орсныг харуулж байгаа юм. Мөн газрын тос олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд сүүлийн хэдэн жил байгаагүй олон тоогоор ээлж дараалан дампуурлаа зарлаж эхэлсэн нь Саудын Аравийн явуулж байгаа бодлого бодит үр дүнд хүрч байгаагийн нэг жишээ гэж тайлбарлах болсон.

Их гүрнүүдийн геополитикийн тоглоом манайд ямар хамаатай юм бэ? Энэ асуулт “Сүх далайтал үхэр амар гэдгээр яваад байх уу?” гэсэн хариулттай. Саудын Арави ахиад тав арван жилийн турш газрын тосны үнийг хүчээр хямд бариад байж дийлэх үү гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь “хүсэхгүй”. Хэдхэн жилийн дотор Саудын Арави, Кувейт, Арабын Эмиратын төсөв нефтийн хямд үнээс болж хэдэн арав, бүр хэдэн зуун их наяд ам.доллараар тоологдох орлогоо алдсан. Иймд нэг сайхан нартай өдөр газрын тосны үнэ яах ийхийн зуургүй огцом өснө. Түүнийг дагаад шатахууны үнэ тэнгэрт хадна. Харин тэр үед хөөрхий Монгол яах вэ?

АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Мэдээллийн удирдах газраас гаргасан урьдчилсан таамаг тооцоо Монгол Улсын хувьд тун таагүй нөхцөл байдал бүрдэж магадгүйг харуулж байна. Энэ албанаас газрын тосны зах зээл дээрх үнийн гурван янзын өөрчлөлтийг харуулсан тооцоо гаргажээ. Өсөх чигт хийгдсэн тооцоон дээр суурилсан дүр зургаас үзвэл 20 гаруйхан жилийн дараа гэхэд буюу 2040 он гэхэд газрын тосны үнэ огцом өсөөд баррель нь 252 ам.долларт хүрнэ.
Хоёр дахь хувилбараар баррель нефтийн үнэ 2040 он гэхэд 141 ам.доллар болно. Энэ бол манай улсын хувьд өмнөхөөс онц ялгаагүй, таагүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

Гурав дахь хувилбарын дагуу 2040 он гэхэд баррель газрын тосны үнэ 76 ам.доллараас хэтрэхгүй. Энэ мэдээж манай улсын хувьд таатай сонсогдож байгаа нь ойлгомжтой. Гэвч, дэлхийн хүн амын тоо ба эрчим хүчний хэрэглээ цаашид хүссэн хүсээгүй өснө гэдэгт шинжээч судлаачид санал нийлж байгаа. Өөрөөр хэлбэл газрын тосгүй, түүнээс гарган авдаг дизель түлш, бензин, солярка байхгүй бол уурхай ажиллахгүй, машин явахгүй, онгоц нисэхгүй, галт тэрэг хөдлөхгүй. Зарим нь, ногоон технологи гээд шүүмжлэх байх. Үнэн хэрэг дээрээ гибрид машинд ашигладаг аккумулятор, нарны зай хураагуурт ашиглагддаг элементүүдийн олборлолт, салхин цахилгаан станцын үйлдвэрлэлд ашиглагддаг элдэв төмөрлөгийн олборлолт гээд бүгд газрын тос ба шатахуунгүйгээр байх боломжгүй. Гэтэл эрдэмтдийн тооцоогоор дэлхийн хэмжээнд эрчим хүчний хэрэглээ 2040 он хүртэл одоогийнхоос 48 хувиар өснө, өсөлтийн дийлэнхийг аж үйлдвэрлэл, эрчим хүчнийхэн эзэлнэ. Өөрөөр хэлбэл, уул уурхай, олборлолтын салбарын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг.

Дээрх хувилбаруудын аль нь ч хэрэгжсэн газрын тосны үнэ ирээдүйд өсөх нь тодорхой. Гэтэл бид 2040 он гэхэд үсрээд л 76 ам.доллар байх юм чинь гээд нүдээ аниад зүтгүүлээд байх уу, эсвэл 252 ам.доллар хүрч магадгүй гээд бэлтгэл ажлаа өнөөдрөөс хийх үү? Та бидний үр удмын амьдрах орон зай, баялгийн хэмжээ үүнээс шалтгаалах нь гарцаагүй болсон тул элдэв бонд энэ тэрээс орж ирээд, ашиглахгүй байгаа хөрөнгөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд чиглүүлбэл дээр биш гэж үү?
 
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл яригдаад олон жил болж байна. Дарханд ч баригдана гээд өөр энд тэнд гээд яригдаад л нам жим. Өсөх нь гарцаагүй байхад энэ чиглэлд онцгой анхаарч эхлэх цаг нь болсон. Хамгийн эхлээд газрын тосны орд газрын хайгуулд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Дараа нь, ОХУ, Хятад эсвэл бүр Катар гэх мэт гуравдагч улсаас газрын тос худалдан авч нийлүүлэх хоолой барих гэдэгт дээр голлон анхаарч эхлэх ёстой. Гэхдээ Хятад эсвэл Оросын нутаг дээгүүр ийм хоолой байгуулна гэдэг маш их цаг, дипломат арга ухаан шаардсан нарийн ажил тул амжилттай шийдэгдэнэ гэдэг бараг л 15-20 жил шаардагдана. Тэгэхээр өөрсдийн орд газрыг нээх, нөгөө нь өөрт одоо байгаа нөөц боломжийг түшиглэх нь хамгийн зөв алхам болох нь гарцаагүй.

Нөгөө нэг боломж нь нүүрснээс түлш гаргах арга. Дэлхийн том банкууд эрчим хүчний нүүрс олборлох, ашиглах төсөлд дахин хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн бодлого баримтална гэдгээ албан ёсоор зарлачихсан. Манайд эрчим хүчний нүүрсний хэмжээ асар их. Энэ бүгдийг улс даяар хийсгээд байлгаад байх юм уу эсвэл үлгэр домог болох шахсан нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж бодитоор хэрэгжүүлж эхлэх үү?

Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу одоогоос 70 гаруй жилийн тэртээ Гитлерийн Герман газрын тосоор ядмаг тул нүүрснээс олборлосон дизель түлшээр танк, онгоцоо цэнэглээд ЗХУ, АНУ, Их Британитай маш амжилттай байлдаад болоод байсан байдаг. Гэтэл манайхан 70 жилийн дараа ч нүүрснээс дизель түлш гаргах ядаж ганц үйлдвэр ч барьж чадахгүй хэрэлдээд л суух. Ус маш их зарцуулдаг, манайд ус байхгүй л гэнэ. Багаар бодож тэртээ тэргүй гадагшаа урсаж байгаа Хэрлэн голын урсгалаас бага салаа үүсгэж усан сан байгуулж болмоор. Манай урд хөрш өөрийнх нь нутгаар урсан Энэтхэг рүү гардаг Браммапутра голын урсгалыг хааж 10 гаруй шаталсан усан цахилгаан станц, усан сан байгуулж тэр их баялгийг улсдаа тогтоох бодлого баримтлаж чадаад байдаг. Гэтэл бид нэр нь ч тодорхойгүй конвенцид нэгдсэн гээд гар хөлөө чөдөрлүүлчихээд өөрийн нутгаар урсаж байгаа гол мөрний усыг ашиглаж чадахгүй сууж л байна.

2040 онд үр хүүхэд, ач зээ нар нь яаж амьдрах тухай тооцоо хийж байгаа хүн хэд байна вэ? Дээр нь, газрын тосны үнэ хямд байх нь энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг эрс бууруулдаг нөлөөтэйг тооцох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт буурахын хэрээр газрын тосны шинэ орд газрыг нээх хайгуулын хэмжээ буурна, боловсруулалтын шинэ үйлдвэрийн тоо цөөрнө. Үр дүнд нь эрчим хүчний хэрэглээ өсөөд байхад баталгаатай мэдэгдэж байгаа нөөц боломж эрс буурах гэсэн хандлагатай тулгарна. Ийм нөхцөлд газрын тосны үнэ яваандаа огцом өсөхөөс өөр аргагүй байдал үүснэ, тэр тусам 2040 он гэхэд өсөхөөс өөр аргагүй.
Ирээдүй үеэ бодож л байгаа бол өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан