Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуны олимп Ерөнхийлөгчгүй Бразильд болох нь


Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг зуны олимп эхлэхэд 90 хоног үлдлээ. Энэ удаагийн олимп анх удаагаа Өмнөд Америкт, бразилийн нийслэл Рио-де-Жанейрод болох гэж байгаа.

Харин зуны олимп хүлээн авах гэж байгаа Бразильд юу болоод байна аа.

Рио-де-Жанейро сүүлийн жилүүдэд санхүүгийн гүн хямралд орж төрийн албан хаагчид хэдэн сараар цалингүй сууж, эмч, багш нар байн байн жагсч байна.
Улмаар эдийн засаг, улс төр, ёс суртхууны хямралд орсон энэ орны сенат Ерөнхийлөгч Дилма Руссефийн бүрэн эрхийг 180 хоногоор зогсоож дэд ерөнхийлөгч Мишель Темерийг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Одоохондоо цалингүй байгаа ч гэсэн цагдаагийн тусгай отрядууд ядуу хороолол, олимпын байгууламжуудад эргүүл хийсээр байгаа боловч Гуанабарын булан, олимпын парк зэрэг газрыг цэвэрлэх байгаль орчны төслүүд хэдийнээ мартагдаад байгаа гэж болно. Энэ бүхэн Рио болон ойролцоох хотуудад орон сууцны түрээсийн үнэ өссөн, гэмт хэрэг гаарч, сүүлийн гурван сард гэхэд л дээрмийн халдлагаар амь алдагсдын тоо 15,3 хувь өссөн зэрэг нь ийм эмх замбараагүй байдлын эх үүсвэр болж байна.

Риогийн эрэг орчимд олимпод зориулан барьсан  дугуйн Тим Май зам Афинд олимпын бамбар асааж байсан дөрөвдүгээр сарын 21-нд нурж гурван хүн нас барж, таван хүн шархадсан  хэрэг гарсан. 10 метрийн өндөр хавцал дээгүүр барьсан 50 метр зам давалгааг тэсч чадалгүй нурсан нь тэр. Рио-де-Жанейро хотын дарга Грекээс яаралтай нисч очин буруутай хүмүүст хариуцлага тооцсон ч ямар нэмэр байх билээ.

Уг нь энэ замын ажил эхэлж байхдаа 35 сая реал буюу 10 сая долларын өртөгтэй байсан ч дуусах үедээ өртөг нь 30 хувь өсч 45 сая реал болсон гээд байгаа.
Энэ замыг Бразилийн Засгийн газрын аялал жуулчлал хариуцсан нарийн бичгийн дарга Антонио Педро Фигейра де Меллогийн хамаатны хүн удирддаг  Барилгын Concremat компани  барьсан юм. Эдуардо Паэсыг Рио хотын дарга  болсноос хойш энэ компанийн гэрээний өртөг 18 дахин өссөн гэдэг. 2000-2008 оны хооронд  энэ компани нийтдээ 24 сая реалын өртөгтэй 15 гэрээ хийжээ. Паэсийг сонгогдсоны дараагаар олимпын байгууламж барих 54 төслийг авсан гэнэ. Энд нь Олимпын Барра паркийн 451,6 сая реалын өртөгтэй төсөлд ч багтаж байгаа.

Харамсалтай нь бразильчууд барилгын ажлыг саатуулах, энэ хэрээрээ шат дамжлага бүрт авлигаар асуудлыг шийдэж гаршсан улс.

Энэ бүхэн өнөөдөр Олон улсын олимпын хорооны толгойн өвчин болоод байна.
Өнөөгийн ерөнхийлөгч Дилма Руссефф, өмнөх ерөнхийлөгч Лула да Сильва, эрх баригч Хөдөлмөрчдийн нам нь төрийн өмчийн нефть, байгалийн хийн Petrobras компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдоод байгаа юм.

Tranparency Internatonal-ийн мэдээлж байгаагаар бол энэ нь дэлхийд хоёрдугаарт орох авлигын том дуулиан. Petrobras-ын топ менежер Пауло Косту сүүлийн 10 жилийн туршид барилгын компаниудаас авлига авч гэрээг өндөр үнээр хийдэг байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлээд байгаа. Түүний авсан авлигын хэмжээг хамгийн сүүлд 22 тэрбум доллар гэж гаргасан.
Косте бүр ялаа хөнгөрүүлэхийн тулд мөрдөн байцаагчидтай хамтран ажиллах санал хүртэл тавьсан гэдэг.

Сүүлийн 15 жилд Бразилийн дундаж давхарга 30 саяд хүрсэн “гайхамшигтай” баримт бий. Энэ бол ердөө л Хятадтай хийдэг худалдаа өргөжсөн, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой. Харамсалтай нь нутгийнхны “Путин-Медведев” хэмээн шоглон нэрийддэг “Лула-Дилма” гэдэг энэ хос энэ таатай хүчин зүйлийг үр хөндүүлэхийг чөлөөлнө, марихуан зэргийг чөлөөтэй болгоно, тэгш эрх, ахан дүүс гэдэг марксист уран дор халхавчлан хувийн сонирхолдоо ашиглаж лоббидсоор өнөө хүрсэн нь ийм аюул дагуулж байгаа хэрэг.

Энэ бүхнийг Конгрессын доод танхимын дарга, сөрөг хүчний удирдагч Эдуард Кунья чадварлаг ашиглаж хувийн нэр хүндээ өсгөн Ерөнхийлөгчийг эргүүлэн татах санаачилгыг өнгөрсөн есдүгээр сард гаргасан юм.

Тэрээр Дилмагийн захиргаа татварын хуулийг удаа дараа зөрчиж байгаа, төсвийн алдагдлаа нуух, өөрийнхөө сонгуулийн өмнөх кампанит ажилд  төрийн банкны хөрөнгийг ашиглаж байгаа зэргийг баримт болгон гаргаж ирсэн байна.
Улмаар дөрөвдүгээр сарын 17-нд парламентын доод танхим, тавдугаар сарын 11-нд дээд танхим Сенат Дилма Руссефийг зургаан сар буюу 180 хоногоор бүрэн эрхийг нь зогсоох шийдвэр гаргачихлаа.

Одоо хамгийн гол нь төрийн тэргүүнгүй энэ улс зуны олимпыг хэрхэн зохион байгуулах бол хэмээн Олон улсын олимпын хороо түгшиж байна. Тус улсын спортын сайд асан Жорж Хилтоныг  мөн л өнгсөн онд нам нь эргүүлэн татаж одоо Бразилийн коммунист намын Рикардо Лейсер томилогдсон. Гэтэл одоо ерөнхийлөгч нь албан ажлаа өгсөн болохоор шинэ томилогдож байгаа Темер шинэ Засгийн газраа бүрдүүлнэ. Спортын шинэ сайд нь Олимп эхлэх хүртэл албан тушаалдаа тогтоно гэсэн баталгаа бас алга.

Яахав бразильчууд ямар нэгэн зүйлийг урьдчилан төлөвлөх дургүй болохоор ёстой явцын дунд бүх зүйл бүтээд 90 хоногийн дараа эхлэх олимп сайхан болно л гэж найдахаас.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан