Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван км алхдаг байсан хүүхдүүд тавхан харайгаад сургуульдаа ирдэг болж

Нийслэлд амьдарч байгаа хэрнээ 4-5 км алхаж байж сургуульдаа очдог байсан хүүхдүүд бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Морингийн давааныхан. Тэнд өмнө нь ямар ч сургууль, цэцэрлэг байгаагүй. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болсон. Манай сурвалжлах багийг тэнд очиход хичээлдээ ирж байгаа гэх дөрөвдүгээр ангийн сурагч Г.Анужин шинэ сургуулиа ёстой магтаж өгсөн дөө. Тэрбээр “Би өмнө нь Нисэхийн VII  сургуульд сурдаг байсан. Манай гэрээс зөндөө хол болохоор ээж, ааваасаа өдөрт 1000 төгрөг аваад таксинд хүүхдүүдтэй нийлж суугаад сургуульдаа явдаг байлаа. Харин одоо шинэ сургууль маань ойрхон болохоор хол явахгүй. Найз нартайгаа тоглож, гүйж байгаад л хүрээд ирдэг. Манай сургууль ёстой гоё. Хажууд нь цэцэрлэгтэй болохоор би орой дүүгээ цэцэрлэгээс нь авчихдаг. Одоо аав, ээжийн цалин буухаар сардаа л ганц удаа 1000 төгрөг авч байгаа. Өөрсдөө юм авч идээрэй гэж өгдөг юм” хэмээв. Үнэхээр ч гэртэйгээ ойрхон сургуультай болсон нь хүүхдийн аюулгүй байдал, сурч боловсрох орчин нөхцөл нэмэгдэж буйгаас гадна сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөг байсан эцэг, эхчүүдэд ч ихээхэн хэмнэлт бий болсон байна. Өмнө нь гэрээсээ хол сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ сургах гэж эхнэр, нөхрийн нэг нь ажилгүй гэртээ суудаг байлаа. Эсвэл ажил хийхээр болбол цэцэрлэгийн насны жаалаа эмээ, өвөөд нь үлдээнэ, үлдээх хүнгүй бол гэрт нь цоожлоод л явдаг байсан түүх саяхан мэт санагдана.

Үүнээс улбаалан гал түймэрт өртөх, цонхоор унах гээд л бага насны хүүхдүүдийн осолдож эндсэн хэрэг бараг л шил даран гардаг байв. Энэ бүх айдсыг өнөө хэр нь мартаагүй л байна. Харин эдүгээ гэртэй нь ойрхон сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болсноор хүүхдүүд өөрсдөө сургууль, цэцэрлэгтээ нэгийгээ хүргэж өгөөд аваад байх боломж бүрджээ. Нийс­лэ­лийн удирд­ла­гууд энэ мэтээр цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг сайжруулахаар 83 байршилд  “Цэцэрлэг-бага сургууль”-ийн цогцолбор барих байршлыг нь тогтоожээ.

Одоогийн байдлаар 20 орчим байршилд энэхүү цогцолбор ашиглалтад орж бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо гэхэд 500 метр алхаад л цэцэрлэг, сургууль руугаа орох боломжтой болж. Үүний нэг нь Морингийн даваанд байрлах 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэгийн цогцолбор юм. Өнгөрсөн 2013-2016 онд нийслэлийн хэмжээнд боловсролын салба­рын бүтээн байгуулалтын он жилүүд байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь 2013-2015 онд буюу гуравхан жилийн дотор 9940 хүүхдийн багтаамжтай 15 сургууль, 5550 хүүхдийн хүчин чадалтай 40 цэцэрлэгийг ашиглалтад оруулж чадсан байгаа юм. Түүнчлэн 84 сургууль, 105 цэцэрлэгийн их засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоо энэ онд 16510 хүүхдийн багтаамжтай 26 сургууль, 9470 хүүхдийн багтаамжтай 53 цэцэрлэг ашиглалтад орно. Түүнчлэн “Цэцэрлэг-бага сургууль”-ийн зургаан цог­цол­бор ашиг­лал­тад ор­но гээд бодохоор өмнө хэзээ ч, хэний ч хийж, бүтээж байгаагүй том тоо гарах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан