А.АКЭРКЭ
Чөлөөтийн тамирчдаас сэргээш илэрсэн гэх мэдээлэл сар гаруйн өмнө сошиал ертөнцөд хэсүүчилсэн ч холбогдох хүмүүс нь үгүйсгэж байсныг уншигч та санаж буй биз. Тухайн үед эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпын эрх авсан, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн нэр дурдагдаж байсан ч Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “Баримт нотолгоотой ярих хэрэгтэй.Шуугиулах, газар авахуулах сонирхолтой хүмүүс байгаа юм байлгүй” гэж байсан. Түүгээр ч барахгүй Спортын анагаах ухааны албаны дарга, ерөнхий эмч Ч.Насанбат хүртэл “Худлаа цуурхал байна. Ямар ч албан ёсны мэдээлэл ирээгүй” гэж байсан бол энэ мэдээлэл үнэн болох нь өчигдөр тогтоогдов. Тодруулбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгосон тэмцээнд оролцсон зарим тамирчнаас мельдониум хэмээх сэргээш илэрсэн мэдээллийг өөрийн вебсайтад байршуулсан билээ.
Тэдний дунд 53 кг-д олимпын эрх авсан, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн нэр бичигдсэн байсан бөгөөд Энэтхэгийн тамирчинд эрхийг нь шилжүүлснийг дурдсан байв. Уг нь, тэрээр Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт болсон тэмцээнд Энэтхэгийн бөх Бабита Кумаритай өрсөлдөж 15:8 онооны харьцаагаар ялснаар олимпын эрхээ өвөртөлж байсан юм. Тэгвэл нуун дарагдуулсан гэх мэдээллийг холбогдох байгууллагынхан өчигдөр сэтгүүлчдэд өглөө.
Э.Сумъяатай холбоотой мэдээллийг өнгөрсөн сарын 12-нд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос захиа ирүүлснээр анх мэджээ. Гэхдээ тэрхүү захиаг маш нууц гэж хаягласан байснаас гадна энэ сарын 2-ныг хүртэл ямар нэгэн албан ёсны мэдээлэл хүргэж болохгүй гэсэн байжээ. Хувь хүний нэр хүндтэй холбоотой учир бид эцсийн хариу гарсны дараа албан ёсоор зарлана гэдгээ ч мэдэгдэж. Харин маргааш өглөө нь буюу өнгөрсөн сарын 13-нд Дэлхийн допингийн эсрэг төвийн албан ёсны вэбсайтад “Нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сар хүртэл мельдониум бодисыг 1-1,5 микрограммыг уусан тамирчдыг цагаатгана” гэсэн мэдээлэл тавьжээ. Үүний дараагаар өнгөрсөн сарын 26-ны өдөр Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичгээс гадна Казахстаны Допингийн үндэсний төвөөс манай холбогдох байгууллагуудад бичиг ирсэн байна. Тэрхүү бичигт Э.Сумъяагийн шинжилгээнээс мельдониум 0,7 микрограмм илэрснийг дурджээ. Харин ДБНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаас ирсэн бичигт дараахь мэдээлэл багтсан байна.
“Эрдэнэчимэгийн Сумъяа танаа. 2016 оны дөрөвдүгээр сарын 12-нд танд явуулсан захианы үндсэн дээр дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн мельдониумын талаарх WADA-гаас гаргасан мэдэгдлийн Б-гийн хоёрын хэсгийн үндсэн дээр Казахстаны итгэмжлэгдсэн лаборатороос ирүүлсэн хариуд мельдониумын агууламжийн хэмжээ 1 миллграмаас доош үзүүлэлттэй гарсныг үндэслэн, мөн шинжилгээг гуравдугаар сарын 18-ны өдөр авсныг үндэслэн дараахь зүйлийг мэдэгдэх нь.
2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гарсан шийдвэр таныг олон улсын тэмцээнүүдэд оролцохыг түтгэлзүүлснийг үүгээр цуцлав. Энэ өдрөөс хойш та тэмцээнүүддээ эргэн оролцож болохыг мэдэгдье.
Цаашид танаас авсан шинжилгээний хариуны дүнд тухайн бодисыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш хэрэглэснийг нотолбол тэмцээнд ороод үзүүлсэн амжилтуудыг тань үгүйсгэж, медалиудыг чинь хураан авах, тэмцээнд оролцох хоригийг заасан хэмжээнд дахин оногдуулахыг мэдэгдье” гэсэн байжээ. Мөн уржигдар Монголын үндэсний олимпын хороон дээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан бичиг ирсэн байна. Тэрхүү бичигт “Рио-2016” олимпод оролцох эрх авсан нэр бүхий тамирчдын мэдээлэл байжээ. Гэхдээ зургаан эрэгтэй, гурван эмэгтэй тамирчны нэрсийг энэ сарын 23-ны дотор гаргаж өгөхийг хүссэн байсан аж.
Тиймээс Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Олимпын наадамд бэлтгэх ажлын хэсгийнхэн яаралтай хуралдаж, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон ДБНХ руу холбогдох лавлагаа, тодруулга авахаар албан ёсны бичиг баримтаа боловсруулж байгаа аж. Энэ асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагууд дараахь мэдээллийг өгөв.
Ч.Насанбат: Нуух зүйл байхгүй мельдониум орсон эмийг манай тамирчид хэрэглэдэг байсан
/Спортын анагаах ухааны албаны дарга/
-Тамирчид ямар тохиолдолд мельдониум хэрэглэдэг юм бэ?
-Мельдониум бодисыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг жил бүр гаргадаг Эм зүйн ангиллын жагсаалтад оруулж 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэглэхийг хориглосон. Энэ бодис жагсаалтад орсны дагуу бид Үндэсний шигшээ багийн алба, Биеийн тамир спортын хөгжлийн төв, МЧБХ гээд бүх холбоодод мэдээлэл өгсөн. Мельдониум хэрэглэхээр хүч тамир ордог гэж ойлгож болохгүй. Ямар үед хэрэглэдэг вэ гэхээр зүрхний хүчил төрөгчийн хангамж буурсан, судас нарийссан, архаг цус багадалттай үед. Тамирчид болохоор өндөр ачаалалтай үед зүрх судасны системийг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Хүний биеэс хөлсөөр ялгарч гардаггүй. Ихэвчлэн шээсээр ялгардаг. Нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд дахь допингийн шинжилгээний сорьцонд 50 орны 170 гаруй тамирчнаас мельдониумын бодис илэрсэн.
-Э.Сумъяагийн шинжилгээнээс бага хэмжээтэй гарсан. ДБНХ-ноос гаргасан шийдвэрийн тухайд та юу хэлэх вэ?
-Уг нь, олон улсын чанартай тэмцээнд оруулж, мөн олимпын эрх нь хэвээр хадгалагдаж байх болов уу гэж бодож байсан юм. Харамсалтай нь, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо шийдвэрээ гаргаж олимпын эрхийг нь Энэтхэгийн тамирчинд шилжүүлжээ. Үнэнийг хэлэхэд шокийн байдалтай байна. Энэ асуудлыг цаашид тодруулж мэдээлэл хүргэх болно.
-Э.Сумъяа мельдониум хэрэглэж болохгүй гэдгийг мэдэж байсан уу. Та хэрэглэснийг нь яагаад мэдээгүй байдаг билээ?
-Энэ бодис орсон эмийг манай тамирчид 2013, 2014, 2015 онд хэрэглэдэг байсан. Нуух зүйл байхгүй. Мельдониумыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хориглосон гэдгийг бид нэгдүгээр сардаа л мэдсэн. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс хойш манай тамирчид хэрэглээгүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Тэгэхээр тухайн тамирчнаас өөрөөс нь тодруулга авах хэрэгтэй. Оноос өмнө хэрэглсэн үү, хойш хэрэглэсэн үү гэдгээр нь. Миний хувьд голчлон чөлөөт бөхийн эрэгтэй тамирчидтай ажилладаг.
-Тэгээд эмэгтэй багийг нь хэн хариуцаж ажилладаг юм бэ?
-Саранцацрал гэдэг эмч хариуцаж ажилладаг. Нэг зовлонтой асуудал нь хувь хүний нууц мэдээлэл байдаг учраас зарим асуудлыг нь мэдээлэх шаардлагагүй байдаг. Хэрвээ ийм мэдээлэл өгвөл бид өөрсдөө Олон улсын олимпын хорооны дүрэм зөрчсөн хариуцлага хүлээдэг юм. Ер нь мэдээлэл нууц байдаг юм шүү. Тиймээс л одоо мэдээллийг нь өгч байна гэдгийг ойлгоорой.
-Энэхүү бодисыг тухайн тамирчин өөрийн хүслээр хэрэглэдэг үү эсвэл дасгалжуулагчийн зүгээс зөвлөдөг юм уу?
-Ер нь бол тухайн тамирчины зүрх судасны системд өөрчлөлт гарсан үед нь хэрэглүүлдэг. Онош нь тодорч, шинжилгээгээр батлагдсан тамирчдад л өгдөг юм.
-Цаашид тамирчдаа мельдониум хэрэглүүлэхгүй байх талаас нь ямар арга хэмжээ авч байна вэ?
-Маш сайн арга хэмжээ авч байгааг хэлмээр байна. Нэгдүгээр сарын 4-нд бид албан ёсоор хориглосныг нь мэдээд спортын 18 холбоонд энэ талаар албан ёсны бичиг явуулсан. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтарч Үндэсний шигшээ багийн бүх тамирчинд сургалт явуулсан. Дасгалжуулагчид нь ч хамрагдсан. Хэрэглэж болохгүй эмийн жагсаалтыг өнгөтөөр хэвлэж бүх зааланд наасан.
Хэрэглэсэн бол манай Спортын анагаах ухааны эмч, эмнэлгийн ажилчдаас заавар, зөвлөгөө аваарай гэдгийг нь анхааруулсан. Ер нь бол хангалттай мэдээлэл тараасан. Гэхдээ Сумъяаг битгий буруутгаарай. Эцэст нь гэж хэлэхэд бид тамирчнаа л хамгаална гэж бодож байгаа.
-Мельдониум бодисын биеэс ялгарах хугацаа нь ямар байдаг юм бэ?
-Задралын хугацаа нь 3-6 цаг, хоёр дахь задралын бүтээгдэхүүн нь 100 цаг байдаг юм. Нэг микрограммаас доош байгаад ухаан алдаж унасан тохиолдолд бодисын хэмжээ хэдэн долоо хоног, олон сараар ч биед байх бүрэн боломжтой гэж үздэг. Үүнийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан байдаг юм. Лабораторын судалгаа юм шүү.
-“Рио 2016” олимпод оролцох тамирчдаас шинжилгээ авах нь тодорхой. Дахин энэ бодис илрэх юм биш биз?
-Би баталгаатай хэлье. Хэнээс нь ч гарахгүй.
Д.Жаргалсайхан: Туркт болсон тэмцээнд өөр тамирчин явуулж эрх авах бололцоо байсан
/Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн захирал/
-Олимпын эрх олгох тэмцээнүүд дууссаны дараа ийм асуудал гарч буйд олон хүн харамсч байх шиг байна?
-Бид мэдээлэл авсан даруйдаа шуурхай хуралдсан. Допингтой холбоотой асуудлаас биднийг зугтсан гэх ойлголт байна. Тийм зүйл байхгүй шүү. Тамирчин бүрийг хариуцсан эмч нар ажиллаж байгаа. Чөлөөт бөх дээр гэхэд Насанбат эмч ажилладаг. Энэ эмийн бодисыг хориглосноос хойш бид тамирчдаас гарын үсэг зуруулж авсан. Холбогдох бүхий л мэдээллийг өгсөн. Нэг тамирчинд маань илэрсэнд маш их харамсч байна. Дээрээс нь олимпын эрх авах тэмцээнүүд дууссаны дараа ийм асуудал гарсан учир ЭМСЯ, МҮОХ, МЧБХ-той хамтраад Олон улсын байгууллагуудад хандах гэж байна. Яагаад гэхээр манай тамирчны асуудал өмнө нь яригдаж байсан. Тэр үед асуудлыг нь шийдчихсэн бол Туркт болсон сүүлийн тэмцээнд өөр тамирчин оролцуулж эрх авах бололцоо байсан. Ийм бололцоогоор хангаж өгөөгүйд харамсч буй учир цааш нь ярина.
-Уг нь, хэрэглэж болохгүй гэдэг мэдээллийг эртнээс өгсөн гэж байсан?
-Оны эхнээс л допингтой холбоотой асуудалд маш анхааралтай байгаарай гэж Олимпын наадамд бэлтгэн ажлын хэсгийн ахлагч Сайханбилэг, Оюунбаатар сайд сануулж байсан. Ямар ч гэсэн энэ асуудлын эцсийн хариу, тайлбарыг Олон улсын байгууллагуудаас авахаар ажиллана.
О.Баянмөнх:Олимпод оролцуулах боломжгүй л болов уу
/Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга/
-Та Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Уг нь, хэрэглээ нь хэтрээгүй гэдгийг Казахстанаас ирүүлсэн лабораторын шинжилгээ тогтоосон шүү дээ. 0,7 гэж. WADA-гийн Дэлхийн допингийн эсрэг төвийн сайтад гарсан мэдээллийн дагуу бол гуравдугаар сарын 1-нээс хойш хэрэглэсэн 1 миллограммаас доош хэрэглэсэн тохиолдолд цагаатгана гэсэн байна. Мөн нэг сараас гуравдугаар сарын хооронд 1-1,5 микрограмм мельдониум хэрэглэсэн бол цагаатгана гэх мэдээлэл нь хоорондоо зөрөлдөөд байгаа юм. Тиймээс бид цагийн зөрүүг харж байгаад Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхонтой утсаар холбогдох шаардлагатай байна. Олимпод бэлтгэх хороо гэж бий. Энэ хороогоор дамжуулж албан бичиг явуулах байх.
-Зөвшөөрөгдсөн хэмжээнд хэрэглэсэн байна гэдгийг нь тогтоосон. Тиймээс олимпод явуулах боломж бололцоо бий болов уу?
-Холбогдох байгууллагуудад албан бичиг ирсэн болохоор боломжгүй л байх даа. Өмнө нь манай олимпод оролцсон тамирчдаас допинг илэрч байгаагүй.
Энэ удаагийн асуудал чөлөөт бөхийн холбооныхноос гадна манай улсын хувьд ч харамсалтай зүйл боллоо.