Б.БАДРАЛ
“Панамагейт”, “Панамын архив”, “Panama Papers” гэх мэтээр янз бүрээр нэрлэгдэж байгаа оффшор бүсүүдэд хөрөнгө мөнгөө нууж, хууль бус наймааг сэм явуулдаг улстөрчид, иргэдийн тухай мэдээ ил болсонтой холбоотой дуулиан улам бүр газар авч байна. Тус архивт дэлхийн 200 гаруй орны 320 мянган хүн ба компанийн тухай мэдээг ил болгосон.Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг энэ бүх мэдээг интернэтэд байршуулснаар ямар ч хүн интернэт ашиглан мэдээлэл олох боломжтой болсон. Гэхдээ эндээс хайлт хийнэ гэдэг бодож байснаас амаргүй. Учир нь, оффшорт нууцаар байгуулсан компанийн нэр нь мэдэгдэхгүй нь ойлгомжтой тул хэдэн саяар тоологдох баримтыг бүгдийг ухаж, өөрийн улсын шударга бус улстөрчтэй холбоотой компанийг олж гаргаж ирнэ гэдэг тун амаргүй. Олон арван хүн нэг дор, нэг чиглэлээр сууж ажиллахгүй л бол олон сар шаардлагатай болж таарч байна. Ийм байдлаар баг бүрдүүлэн ажиллаж, олон нэр, компаниудтай холбоотой мэдээлэл ил болохыг дагаад оффшортой холбоотой дуулиан улс болгонд л улам ихээр газар авах нь ойлгомжтой.
Улс орон болгонд өдөр болгон шахуу хүрээгээ тэлж байгаа эдгээр мэдээллийг янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь ёс төдий арга хэмжээ авч, нүглийн нүдийг гурилаар хуурна гэж юу байдгийг харуулж байна гэж шүүмжлэгдээд эхэлсэн. Өөр зарим нь оффшортой холбоотой дуулиан бүр ихээр нэмэгдэнэ гэдгийг ойлгоод, авилгын эсрэг хууль тогтоомж ба хамтын ажиллагааны зарчим дэлхийн хэмжээнд өөрчлөгдөнө гэдэгт бэлтгээд эхэлсэн.
Манай урд хөршийг оффшорыг тойрсон дуулианыг далайн чанадаас захиалгаар хийгдэж байгаа кампанит ажил хэмээн хүлээж авсан улсын нэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын эрх баригчид “Google”, “Facebook” гэх мэт сайтуудыг идэвхтэй хаах, ашиглах боломжийг багасгах замаар улсын дотооддоо Коммунист нам, Засгийн газрын эсрэг элдэв мэдээлэл түгэхээс хамгаалдаг. Энэ удаад ч мэдээллийг хаах шалгарсан аргаар ашиглаж “Панамагейт”-ээр нэр гарсан Коммунист намын өндөр албан тушаалт гишүүдийн талаарх бүх л мэдээг хаасан. Хятадын хайлтын “Baidu” системд хандан “Panama Papers” гэж хайлт явуулах гэхэд хариуд нь энэ асуулгын талаарх мэдээлэл өгөх боломжгүй, өөр асуулга хийхийг санал болгож байгаа нь үүнийг гэрчилж байна.
Манай хойд хөршийн хувьд “Panama Papers”-ийг олон нийтэд ил болохоос өмнө энэ бүх мэдээллийг хэрхэн хүлээж авахаа албан ёсоор мэдэгдсэн. Тэд энэ бүхнийг Америкийн шууд захиалгаар хийгдэж байгаа, Оросын эсрэг чиглэсэн зүйл гэсэн байр сууриа өөрсдийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эрчимтэй цацсаар. Үр дүнд нь хүн амын дийлэнх нь Путин, эрх баригчдадаа эергээр ханддаг тул “Panama Papers” –ын мэдээнд итгээгүй. Исландтай адил жагсаал цуглаан болоогүй. Энэ чигээрээ бол Оросын улстөрчид, бизнесменүүдтэй холбоотой ямар ч мэдээлэл цацагдсан Орост ч онц нөлөө үзүүлэхгүй.
АНУ-д оффшор бүс ашиглан мөнгө угаах, компанийн жинхэнэ эздийг далдлахыг зогсоох бодит үр нөлөөтэй алхам авч хэрэгжүүлэхийг хичээж байна. Гэхдээ АНУ нь бодит байдал дээр төвөөс онц хамааралгүй, тус тусдаа өөрийн гэсэн үндсэн хууль, парламент, засгийн газар, эдийн засаг ба санхүүгийн бодлоготой 49 муж улсын нэгдэл. Обамаагаар удирдуулсан төв буюу холбооны Засгийн газар нь мөрдөж дагах ерөнхий зарчмыг гаргана уу гэхээс мужийн дотоодын хуулинд нөлөөлж чаддаггүй. Гэтэл АНУ-ын Невада, Вайоминг, Дэлавер гэсэн мужууд оффшорыг зөвшөөрсөн хууль тогтоомжтой нь төв Засгийн газрыг нэлээдгүй хүнд байдалд оруулж байгаа. Тэдэнтэй тохиролцож, хуулинд нь өөрчлөлт оруулан тэнд бүртгэлтэй компаниуд, хүмүүсийн талаарх мэдээллийг ил болготол нэлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Дээр нь энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болох тул Обама бодит зүйл хийж амжихгүй шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг бодит ямар арга хэмжээ авахыг хүлээх үлдэж байна.
Европын холбоо нь нэгдсэн бодлого явуулахыг хичээдэг ч тус тусдаа санхүү эдийн засгийн бодлого, хууль журамтай тусгаар улсуудаас бүрддэг тул оффшорын эсрэг нэгдсэн хууль тогтоомж батлахад тун амаргүй. Гэхдээ л Европын холбооны орнууд энэ талаар бодит алхам хэрэгжүүлээд эхэлсэн. Аав нь оффшорт компани байгуулсан байсныг нуусан гэж буруутгагдсан Кэмерон нэр нүүрээ, албан тушаалаа авч үлдэхийн тулд Их Британийн харьяалалд багтдаг компанийн эзэд, тэдгээрийн хөрөнгийн талаарх бүх мэдээллийг ил тод болгох санал дэвшүүлсэн. Үүнээс гадна олон улсын 300 гаруй эдийн засагчид оффшорт хамаарах компаниудын талаарх мэдээллийг цаашид нууцалсан хэвээр явбал улс орнуудад ноцтой аюул тулгарах тухай анхааруулга бүхий ил захидал бичсэн байна. Энэ захидал, өөрөөр хэлбэл олон нийтээс гарч байгаа уриа нь Кэмероны гаргасан саналтай агаар нэг байгаа юм. Иймд Их Британиас гадна Нидерланд, Дани, Словени гэсэн улсууд өөрийн нутаг дээрх компаниудын бүртгэл буюу жинхэнэ эзэд, тэдний харьяалал гэх мэт мэдээллийг бүрэн ил тод болгохыг зөвшөөрсөн. Герман харин төрийн бус зарим байгууллага, сэтгүүлчдэд ийм мэдээллийг нээлттэй өгч байхыг зөвшөөрсөн.
Дэлхийн хамгийн баян орнуудын нэг Шинэ Зеланд нь “Панамагейт”-ийн улмаас нэлээд эвгүй байдалд байгаа. Учир нь, Шинэ Зеландын бөөрөнд байдаг Кукын арал нэртэй жижигхэн улсад оффшорын бизнес маш хүчтэй хөгжсөн нь ил болсон. Авилга, мөнгө угаах, татвараас зугатахыг эсэргүүцэх ардчилсан орнуудын чиг хандлагыг дагаж байгаа гэгддэг Шинэ Зеландыг Кукын арлууд дээрх оффшорын талаар мэдээгүй байна гэдэг худлаа, өөрсдөө түүнд хошуу дүрсэн гэж шүүмжлэгдээд байгаа. Тус улсын Ерөнхий сайд Жон Кей энэ бүхнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийж энэ арлын татварын бодлогод ямар ч нөлөөгүй гэж мэдэгдсэн бодит байдал дээр Кукын арлуудын эдийн засаг бүхэлдээ Шинэ Зеландад хамааралтай байдаг тул бүр ч их шүүмжлэлд өртлөө. Яваандаа “Панамагейт” газар авахыг дагаад Кукын арлууд дээр байрласан оффшор компаниуд, нууц дансны талаар илүү бодит арга хэмжээ авахаас өөр аргагүй болох байх.
Энэ мэтээр улс болгон өөрийн улс төр ба эдийн засгийн бүтэц, ардчилал хөгжсөн байдлаас хамаараад оффшорын дуулианы хариуд янз бүрийн арга хэмжээ авч эхэллээ.