Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл: Оффшорын асуудлыг сөхсөн нь зөв гэж бодож байна

Б.ШИРНЭН

Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцлоо. Тэрээр Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авав.

-Засгийн газраас “Сайн хашаа” хөтөлбөр батлагдлаа. Хотын бохирдол, утаа гээд олон асуудал байгааг шийдэхэд нөлөөлнө гэж байна. Яг ямар байдлаар нөлөөлөх юм бэ?
-200 мянга гаруй хашаатай айл гэр хороололд бий. Харин нэг хашааны айлд 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг таван хувийн хүүтэй олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Тодорхой цаг хугацаанд явагдах тул “хөтөлбөр” гэж нэрлээд байгаа юм.
Эхний ээлжинд, хөрсний бохирдол, утааны голомт болсон төвийн бүсийн хашааны айлуудад зээл өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Төвийн бүст 69.200 хашаа хамрагдана гэж тооцсон. Үүнд, 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах юм. Цаашид тэдгээр хашаанд инженерийн үйлчилгээ хүргэх ажлын эхлэл гэж ойлгож болно.

-Зээлийг юунд зарцуулах ёстой юм бэ?
-Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаатай нийцэх ёстой гэсэн шаардлага бий. Жишээ нь, нэг айл 10 сая төгрөгийн зээл аваад хашаандаа инженерийн байгууламж хийнэ гэж тооцвол, ганцаараа хийх үү, хөршүүдээрээ хоршиж хийх үү, ямар ч байсан ч зураг төслөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохирт 2.4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3.5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг, ингээд нийтдээ 9.9 сая төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.

-Зээл авахад ямар шалгуур тавигдах вэ?
-Банкны шалгуур гэхээс илүүтэй, хот байгуулалтын дүрэм, журамд л нийцсэн байх ёстой. Хэрэв нийцэж байвал банк зээл олгоно. Анх удаа хашааны газраар нь барьцаалж зээл олгож байгаа. Тиймээс хашааны газартай, хотын дүрэм, журамд л нийцсэн байхад болох юм.

-Эхний ээлжинд 200 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Эх үүсвэр нь юу юм бэ?
-200 тэрбум төгрөгийг Төрийн банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Харин эх үүсвэрийн тодорхой хувь нь Хотын захиргаанаас, хэсэг нь Монголбанкнаас гарна. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний хоёр жил төлбөр авахгүй. Түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулсан. Эргэн төлөлт дээр өрхийн орлогод дарамт үүсгэж болохгүй гэж үзэж байгаа. Тиймээс урт хугацаандаа эргэн төлдөг байхаар зохицуулж байгаа.

-Эхний ээлжийн байршил нь хаагуур байх бол?
-Засгийн газрын шийдвэр гарчихсан тул айлуудын санаачилга л үлдэж байна. Ийм, ийм инженерийн шугам тавиулмаар байна. Ийм гүйцэтгэгчтэй гэрээ хийхээр боллоо гээд өөрсдөө идэвх гаргах хэрэгтэй. 10 айл нийлээд 100 сая төгрөг зээлэхэд л маш сайн инженерийн шугам, сүлжээтэй болж болно.
Дараа нь түүн дээрээ 30-40 айлын таун хаус бариад илүүг нь зарж болно шүү дээ. Харин эхний ээлжид төвийн бүс гэж байгаа. Зурагтын энгэр, 32-ын тойрог, Дэнжийн мянга зэрэг бүс гэж яригдаж байна. Харин бид зөвхөн ингэж хязгаарлах албагүй, шаадлага хангаж байвал эхлүүлье л гэж байгаа юм.

-Уучлаарай, өөр асуудал тодруулъя. Таны хүү Чулуудай оффшор бүст данстай гэх мэдээлэл гарсан. Та улс төрийн албан тушаал хашч байгаа хүний хувьд тайлбар хэлэх ёстой байх?
-Оффшор дансны тухай мэдээллийг хэвлэл мэдээллээс уншсан. Тэгээд хүү рүүгээ утсаар ярьсан. Ямар учиртай данс вэ, юу болоод байна аа гэж асуусан. Чулуудай “2011 онд Монголд хөрөнгө оруулалт хийхийн тулд оффшор компани байгуулсан. Хөрөнгө оруулагч тал иймэрхүү шаардлага тавьдаг. Дансанд мөнгөн гүйлгээ хийж байгаагүй зогссон” гэж тайлбарласан.
Чулуудай гурван хүүхдийн эцэг, бие даасан өрх толгойлсон хүн. Тэр утгаараа түүний гэр бүл, бизнесийн амьдралд би тэр бүр ордоггүй. Гэхдээ би чөлөөт хэвлэлийн буянаар хүүгээ оффшор данстай гэдгийг мэдлээ. Ер нь бол, оффшорын тухай асуудал сөхөж тавьсан нь зөв зүйл гэж бодож байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан