Н.БАТ
Эрчим хүчний салбарынхан сүүлийн 15 жилийнхээ түүхэнд анх удаа балансаа барин ажиллалаа хэмээн өчигдөр “Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт” онол практикийн хурлын үеэр тус салбарынхан ярив. Байнга л алдагдлын тухай ярьж байдаг тус салбарт энэ бол түүхэндээ томоор тэмдэглэх ахиц, дэвшил. Олон жилийн түүхтэй энэ салбарын сүүлийн 15 жилийг онцлохын учир нь Эрчим хүчний зохицуулах хороо гэх зохицуулах байгууллага энэ жил 15 жилийн ойтойгоо золгож буй юм. Тус байгууллага нь эрчим хүчний салбарт үйл ажиллага явуулах, эрчим хүчний барилга байгууламж барих, үйлдвэрлэх, дамжуулах,түгээх зэрэг 209 тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахаас гадна эрчим хүчний үнэ тарифын бодлогыг хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эрхлэгч, хэрэглэгч хоорондын эрх ашгийг тэнцвэртэйгээр ханган ажилладаг юм. 2015 онд тус салбарт хуримтлагдсан өр авлага цэгцэрч, 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдлаас гарч, анх удаа ашигтай ажиллах нөхцөлөө бүрдүүлсэн гэнэ.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Р.Мягмартай ярилцлаа.
-Эрчим хүчний салбар анх удаа балансаа барьсан дүнтэй гарлаа гэж байна. Өнөөх олон жилийн өр төлбөрийн асуудал ч шийдэгдсэн гэж ойлголоо. Үнэхээр ашигтай ажиллах нөхцөл бүрдчихсэн үү?
-Эрчим хүчний салбар бол 2015 оны балансаар дөнгөж л алдагдалгүй ажиллаж байна. 15 жилийн турш энэ салбар өөрийнхөө үйлдвэрлэсэн өртөгт хүрэхгүйгээр цахилгаан, дулаан буюу бүтээгдэхүүнээ хэрэглэгчид борлуулжээ. 2015 он яагаад ингээд баланс нь алдагдалгүй гараад ирэв гэхээр үнийн уян хатан бодлого, хэрэглэгч хоорондын зөрүүг хамгаалсан тарифын зохицуулалт бидний зүгээс нэгдүгээрт хийлээ. Энэ нь ядуу, нийгмийн хамгаалал шаардсан өрхийн эрхийг хамгаалсан зохицуулалт. Санхүүгийн хувьд боломжтой хэрэглэгчийн хэрэглээний тарифыг үнийн уян хатан зохицуулалтаар шийдсэн. Индексжүүлэх аргачлал хийгээд, холболтын хураамж, чадлын тариф гэх мэт элемэнт шинээр нэвтрүүлсэн. Үнэндээ эрчим хүчний салбар бүх зардлаа хэрэглэгчдээ үүрүүлнэ гэвэл хүнд. Тодорхой хэмжээний зардлуудаа цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд маань өөрсөд дээрээ лимитлээд хянаад явсан, мөн хэмнэлт гарсан. Алдагдалгүй ажилладаг салбар юмаа гэсэн баталгааг бий болгож байж л хөрөнгө оруулагч нар орж ирнэ.
-Өөрөөр хэлбэл амьжиргааны төвшин доогуур айл өрхөд үнийн хямд тариф санал болгоод томоохон үйлдвэрлэгчдийн хувьд цахилгааны үнэ нэмэгдсэн гэж үү?
-Нэг талаасаа тийм. Гэхдээ цахилгааны тарифыг нэмэхэд амьжиргаанд нь нөлөөлөх нийгмийн хэсгээ хамгаалж, боломжийн хэсэгтээ бага зэрэг нэмэгдэл өгөх зохицуулалт хийдэг ч өнгөрсөн жилийнх шиг хямралтай үед цахилгааны үнийг нэмэх боломж, бололцоо бага. Тэгвэл яагаад алдагдалгүй болчихов гэх байх. Ашигтай гэж бол ярих болоогүй. Алдагдалгүй болсон нь нэгдүгээрт, хэрэглэгчдийн хэрэглээнд хийсэн зохицуулалт, хоёрдугаарт эрчим хүчний үйлдвэрүүд тодорхой зардлуудаа хэмнэж эхэлсэн. Хэмнэлтийг аль аль шатандаа хийж, зохистой харьцааг бий болгохгүй бол алдагдал буурахгүй. Цахилгаан дулаан үйлдвэрлэгчид маань өөрсдөө маш том хэрэглэгч. Тиймээс өөрсдийн зүгээс дотоодод хэрэглэж байгаа болон шугаман дээр алдаж буй цахилгаанаа бууруулах гэх зэргээр хэмнэлт гаргаж байж үр дүнд хүрнэ.
-Эрчим хүчний салбарынхан нэг дор цугларсных тодорхой хэмжээний үр дүнг энэ хурлаас хүлээж болох уу?
-Эрчим хүчний салбарын хөгжлийн асуудал яг одоо гарааны үедээ ирчихээд байна. Учир нь хэрэглээний өсөлтийн үед шинэ томоохон эх үүсвэрүүд орж ирэх бэлтгэл ажлыг эрчим хүчний зохицуулалтын хувьд хэрхэн хангах вэ. Нэгдүгээрт, тарифын хувьд, хоёрдугаарт зах зээлийн арилжааны хувьд яаж шинэ нөхцөлд зохицож ажиллах вэ, яагаад эрчим хүчний өрсөлдөөний хэлбэр манайд хойшлоод байна вэ гэдгийг шийдэхийн тулд ингэж хуралдаж байна. Манайхаас тодорхой асуудлуудыг санал болгосон. Зарим нь шийдэл болоод явна гэж ойлгож байгаа.
Өнгөрсөн 15 жилийн дүнгээр харахад сүүлийн гурван жил хийсэн тарифын зохицуулалтаар харьцангуй нийгмийн зүгээс эсэргүүцэж, үл ойлголцох зүйл бага байлаа. Учир нь, тодорхой эмзэг бүлгийн хэсгүүддээ тарифын хөнгөлөлтүүд үзүүлсэн. Тухайлбал агаарын бохирдолтой холбоотой шөнийн хэрэглээг гэр хороололд 50 хувиар бууруулсан. Мөн эмзэг бүлэг гээд яригддаг орлого багатай иргэдийнхээ тарифыг бууруулсан. Тийм болохоор тодорхой хэмжээний бололцоотой үйлдвэр аж ахуйн газрын тариф арай өндөр байгаа. Ялангуяа уул уурхайн хэрэглэгчдийн тариф арай өндөр байна. Тиймээс хэрэглэгч хоорондын тарифыг зөв зохицуулах талаар салбарынхан ярилцаж байна.
-Одоогоор энэ салбарт хамгийн түрүүнд тулгамдсан асуудлууд юу байна вэ. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах нь нэлээн хүндрэлтэй л байх шиг байна?
-Эрчим хүчний салбарын дийлэнх том үйлдвэр маань 30-50 жил болчихсон. Одоо зайлшгүй шинэ технологи, шинэ чадлын үйлдвэрүүд энэ салбарт шаардлагатай байна. Тийм учраас энэ үйлдвэрүүдийн ашиглалтанд оруулах хөрөнгө оруулалт гэхээр том хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалт нь зээл буюу хөнгөлөлттэй тусламж хэлбэрээр үүсч байгаа учраас буцаагаад хэрхэн тарифт тусгаж явах вэ гэдэг асуудал бий. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний том бодлого байна. Бид 2020-2030 он гэхэд нийт суурилагдсан эрчим хүчний 20-30 хувьд хүргэнэ л гэж байгаа. Гэтэл сэргээгдэх эрчим хүч маань өөрөө маш өндөр хөрөнгө оруулалт шаарддаг. Тэгэхээр тарифын хувьд, технологийн хувьд хэрхэн зохицуулах вэ гэдэг цогц асуудлууд байна.
-Та эрчим хүчний эх үүсвэрийн талаар ярилаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэчнээн төсөл өнөөдөр хөрөнгө оруулалт хүлээж байна вэ?
-Эх үүсвэрийн хувьд одоогоор хоёр төрөл байна. Уламжлалт буюу нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд. Тухайлбал ТЭЦ 5, Багануурын ДЦС, Бөөрөлжүүтийн ДЦС, Тавантолгойн ДЦС гээд томоохон чадлыг оруулах тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Үүн дээр нэмэх нь сэргээгдэх эрчим хүчний 500 орчим мВТ-ын нар салхи усны эх үүсвэр байна. Үүнийгээ бид шинэ эх үүсвэр гэж нэрлэж байгаа.
-Эх үүсвэр нэмэгдвэл тариф буурах тухай ярьж эхэлнэ гэж ойлгож болох уу?
-Эрчим хүчний санхүүгийн алдагдал бол багасна гэж харж чадахгүй. Энэ том үйлдвэрүүд чинь том хөрөнгө оруулалт шаарддаг. Оруулсан хөрөнгөө үнэ тарифдаа суулгах шаардлагатай. Тодорхой шилжилтийн үед эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөх, бууруулах бололцоо бага.
-Эрчим хүчний салбар өрийн дарамтаас гарах гарц бол ердөө үнэ чөлөөлөх гэж салбарынхан ярьдаг. Харин хэрэглэгчийн хувьд энэ бол тийм ч зөв санал сонсогддоггүй?
-Үнэ тарифыг чөлөөлнө гэдэг ойлголт зах зээлтэйгээ уялддаг. Чөлөөлнө гээд шууд хоёр байгууллага гэрээгээ хийгээд дурын үнээр борлуулах тухай ойлголт байхгүй. Эрчим хүч гэдэг зохицуулалттай зах зээл. Төрөөс зохицуулж байна. Тиймээс одоогоор гэрээний үнэ мөрдөнө гэсэн ойлголт байхгүй. Ямар үед чөлөөт үнийг мөрдөж болох вэ гэхээр өрсөлдөөнт зах зээл бий болсон тохиолдолд. Хэний болоод ямар үйлдвэрлэгчийн цахилгаан хямд вэ гэдгийг хэрэглэгч өөрөө сонгодог болсон цагт энэ үнэ чөлөөлөх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл шат дараалсан арга хэмжээ авах ёстой шүү дээ.
-Жил ирэх бүр айл өрхийн тоо өссөөр байна. Энэ нь эрчим хүчний салбарын ачааллыг ч нэмж байна гэдэг.
-Хэрэглээний өсөлтийн хувьд айл өрхийн тоо маш бага нөлөөлдөг. Улаанбаатарт шилжин ирэгсдийн тоо нэмэгдэхээр тэр хэсгийн айлуудыг цахилгаанжуулах нь багагүй асуудал үүсгэж, шугам тавих хийгээд техникт их хөрөнгө шаарддаг болохоос яг манай системийн ачааллын горимд айл өрхийн тоо нэмэгдэх нь нөлөөлөл багатай л даа. Мэдээж үүнийг анхааралдаа авах ёстой юу гэвэл ёстой.
-Манайх багагүй цахилгаан импортоор авдаг. Хэдийгээр томоохон эх үүсвэрүүд шинээр нэмэх тухай ярьж байгаа ч хөрөнгө оруулалт бүрэн орж ирээгүй байна. Гэсэн ч импортыг бууруулах боломж хэр байна вэ?
-Энэ жил импорт тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ ОХУ-ын импорт бол байхаас өөр арга алга.Сүүлийн жилүүдэд манай системд томоохон хүчин чадал ороогүйгээс болоод ОХУ-аас авдаг импортын хэмжээ нэмэгдэж байна. Үүнийг бууруулах арга бол дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Энэ хугацаанд сэргээгдэх эрчим хүчний 50 мВт-ын том эх үүсвэр орсон. 4 дүгээр цахилгаан станц дээр 123 мВт-аар, 3 дугаар ЦДС дээр 50 мВт-аар өргөтгөсөн. Дархан Эрдэнэтэд энэ ажил хийгдэж байна гээд одоо байгаа эх үүсвэрийнхээ өргөтгөлийн ачаар тодорхой хэмжээгээр импортыг буурууллаа. Гурав, дөрөв, таван жилийн дараа томоохон эх үүсвэрүүд ороод ирэхээр импортыг бууруулах боломжтой болно.