Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар ”ЦЭВЭР” болж таарав уу

Л.НОМИН

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар оффшор бүст бүртгэлтэй компанийн хувьцаа эзэмшдэг байсан мэдээллийн араас тайлбар өглөө. “Бату майнинг лимитэд” компанийн хувьцааг тэд 2003-2005 оны хооронд эзэмшиж байсан бол одоо ямар ч хамаагүй гэв. Ер нь ямар ч мэдээллийг хүссэн цагтаа нээлттэй авч болно хэмээн хэвлэлийнхэнд энэ үеэр “тал засахаа” мартсангүй. Сү.Батболд 2003 онд Гадаад хэргийн сайд, 2005 онд Үйлдвэр худалдааны сайд, УИХ-ын гишүүн байсан. Харин Д.Цогтбаатар 2003 онд хувиараа ажиллаж байсан гэж өөрөө хэлсэн бол намтарт нь 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан гэж тэмдэглэгджээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Бид хуулийн хү­рээнд бизнес хийсэн. Оффшор компанитай холбоотой асуу­дал гэж байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн компани нь “Бату майниг” Монгол Улсад бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Толгой компани нь Бритиш виржин айланд-ад бүртгэлтэй. Бид Монгол Улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн компанид хөрөнгө оруулсан. Энэ компанид ямар нэг байдлаар нууцаар ороогүй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшиж болдог тул ямар нэгэн нуух хаах асуудал байхгүй учраас нэрээрээ, ямар нэг оффшор компаниар дамжуулахгүйгээр орсон. “Бату Майнинг” компанийн 11,9 хувийг нь Батболд гэж хүн худалдаж авсан, 2003 онд. Энэ хувийг авахдаа гадаадаас эсвэл эх үүсвэр нь ойлгомжгүй мөнгө оруулсан уу гэдэг. Батболд гэж хүн 18771 ам.доллартай тэнцэх хувьцаа, хувийг авсан. Тухайн үеийн ханшаар 21 сая төгрөг. Энэ мөнгө Батболд гэдэг хүний хувийн данснаас Капитрон банкнаас гүйлгээгээр 2004 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийсэн. Ил тод, хуулийн дагуу, ойлгомжтой худалдаж авсан.

2005 онд компанийн үйл ажиллагаа бидэнд ойлгомжгүй, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа нь ирээдүйгүй, тодорхойгүй байсан учир хувьцаагаа миний хувьд өртгөөр нь зарсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгах хууль 2007 онд гарсан учир шаардлага байгаагүй. 2007 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1992 оноос хойш байгуулсан “Алтай холдинг”, “Алтай трэйдинг” компанийн үйл ажиллагаа бүгд ойлгомжтой, ил тодоор бичигдсэн. Оффшор бүст бүртгэлтэй компани, данс бидний, миний, Цогтбаатарын нэр дээр байхгүй. Батболд, Цогтбаатар нар хуульчдаа аваад хууль хяналтын байгууллагад оффшор данстай юу үгүй юу гэдгээ шалгуулна. Бат-Очир гэж миний ах. Би өглөө /өчигдөр/ утасдсан. Өөрийн чинь мөн үү гэхэд би шалгая гэсэн. Тэгэхээр нь өөрийн чинь нэр байвал, бизнесийн үйл ажиллагаа хийсэн бол шалгуулаарай гэсэн юм. Манай ах 1990 оноос хойш бизнес хийж байгаа хүн. Бизнесмэн хүн бизнесээ хийж байгаа бол хууль ёсны асуудал. Улстөрчийн ах учир хуулийн байгууллагад очиж, мөнгө, татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлээрэй гэсэн. 

Д.Цогтбаатар: Оффшор данс байхгүй. Нээрээ, та бүхэн урьд шөнө мэдээлэл нээлээ. Надад лав оффшор данс байхгүй. Хариуцлагатайгаар хэлье. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулагчид байсан. Би Австралид төгсч ирсэн. Миний сайн найзууд Монголд бизнес хийе гээд ирсэн юм. Хамт хөрөнгө оруулах уу гэж ярьж байсан. Бид оффшор бүст байгуулсан юм биш. Угаасаа Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 10-аас доошгүй хувь нь оффшор компаниудаас орж ирдэг. Оффшор данс байгаад түүнд мөнгөө нууж байсан бол өөр хэрэг. Энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эхлээд оффшортоо хийгээд дараа нь Монголын хөрөнгө оруулалтыг дэмжээд явж байгаа. “Бату Майнинг” биднийг урьсан. 2003 онд ямар ч гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Монголд хөрөнгө оруулагчид өөрсдөө итгээд ирсэн бол гадныхныг татъя гэсэн. Оюу толгой компанийн толгой нь л гэхэд Люксенбург бил үү Нидерландад оффшорт бүртгэлтэй компани байдаг. Тэр нь хууль зөрчиж байгаа юм биш.
Миний зүгээс 11 сая төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгээд 2005 оны сүүлчээр гараад явсан. Хуульчилж бүртгэгдсэн нь 2006 оны хоёрдугаар сар. 1998 оноос би өөрийн хуулийн компанитай байсан юм. 11 сая төгрөгийг зүгээр гаргаад хөрөнгө гаргаад хөрөнгө оруулалт хийх боломжтой байсан үе. 11 сая төгрөг шүү дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон. Тэр үед энэ хувьцааг мэдүүлье гээд ч байхгүй юм чинь. Харин хариуцлагатайгаар хэлэхэд надад байгаа хувьцаагаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэгд нэгэнгүй оруулдаг. Оффшор гэдэг нууц, хүнээс нуугддаг гэж бодоод байна. Үгүй шүү дээ. Монголын бүртгэл дээр оффшорт толгой нь бүртгэлтэй гэж бичсэн байдаг юм.
Австралийн хөрөнгө оруулагчдаа тавьтал зүгээр захирал гэж бүртгүүлээд байж байгаач гэсэн юм. Би тэнд ямар ч цалин аваагүй. Монголын талын хөрөнгө оруулагч байгаа гэдгийг харуулах ёстой гэж тайлбарласан.  
   

0 Сэтгэгдэл
улаан луйварчид
Хамгийн их уншсан