Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Балжинням: Хэвтээгээс 120 кг шахдаг амжилт миний нас, жинд байхгүй

А.АКЭРКЭ

Япон улсын Токио хотод болсон хүндийг өргөлтийн ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Ц.Эрдэнэчулуун, Хүндийг өргөлтийн мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшигч ОУХМ Ц.Оюунчимэг, С.Мөнхнасан, В.Балжинням нарын дөрвөн тамирчин оролцоод дөрвүүлээ алтан медаль хүртээд ирсэн билээ. Улсын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн аварга, дэлхийн аварга спортын мастер, хөнгөн атлетик, буудлагын хоёр, гуравдугаар зэрэгтэй ахмад тамирчин В.Балжиннямыг энэ удаагийнхаа дугаарын зочноор урьж ярилцлаа. Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны гишүүн тэрээр мод тарих, ном бүтээх, үр хүүхэдтэй болох гээд хүн болж төрсний гурван сайн үйлийн буянаа аль хэдийнэ гүйцэлдүүлжээ. Хөнгөн шингэн алхаатай, ер зүгээр суудаггүй ийм нэгэн өвгөний яриаг уншигч танд хүргэж байна.

-Юуны өмнө та манай уншигчдад оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл өгөөч. Хэчнээн орны тамирчид оролцов?
-Ахмадын хүндийг өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Албан ёсоор мастеруудын тэмцээн ч гэдэг юм. Сүүлийн гурван жилд дэлхийн аваргын тэмцээний хажууд “Дэлхийн цомын аварга” гэж шалгаруулдаг болсон. Нэг ёсондоо дэлхийн аваргын хоёр дахь тэмцээн гэж ойлгож болно.
Дөрвүүлээ нэг баг болж оролцоод бүгдээрээ жиндээ алтан медаль авчирсан. 27 орны 300 гаруй тамирчин оролцсон. Бараг тив бүрээс оролцсон доо. Манайхаас хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй тамирчин яваад ирсэн. Уг нь, гурван эрэгтэй, гурван эмэгтэй явсан бол бид багийн шагнал хүртэх байлаа. Хүний тоо дутсан учир тэр шагналыг нь авч чадсангүй. Гэхдээ нэг удаагийн тэмцээнд дөрвөн алтан медаль авдаг тохиолдол байдаггүй гэж харьяа байгууллагын хүмүүс маань ярьсан. Бүх спортынхныг хамруулсан Ахмадын холбоо гэж бий. Тэр холбоо биднийг их сайхан хүлээж авч урамшуулсан.

-Ц.Оюунчимэг эгчийн хувьд хүндийг өргөлтөөр 49 настайдаа анх хичээллэж эхэлсэн байдаг. Харин та хэдийнээс энэ спортод дурлах болов. Дэлхийн хэмжээний тэмцээн таван насны ангилалд зохиогддог гэсэн байх аа. Та нарын оролцсон ангиллыг сонирхвол?
-Ах нь 1962 оноос эхэлж штанг өргөсөн. Оюутан болсон цагаасаа гэсэн үг л дээ. Тэрнээс хойш 50 гаруй жил өнгөрчээ. Чамлахааргүй сайхан амжилт үзүүлж ирсэндээ баяртай байдаг. Миний хувьд 70-74 насны ангилалд 94 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Энэ ангилалд 16 хүн өрсөлдсөн. Харин -100 кг-ын 70-74 насны ангилалд Ц.Эрдэнэчулуун оролцсон. Ер нь бол 35 нас хүрсэн л бол ахмадад тооцогддог юм. Тиймээс 35 насны ангиллын 69 кг-д С.Мөнхнасан, Ц.Оюунчимэг нар оролцсон. Оюунчимэгийн хувьд 2011 оноос хойш штанг өргөж эхэлсэн мөртлөө маш их амжилттай яваа. Он дараалаад дэлхийн зургаа, долоон удаагийн аварга, цомын аварга болсон.

-Тамирчдад тулгардаг нэг бэрхшээл нь зардал, мөнгө. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ. Үүнээс өмнө гадаадад зохиогдсон тэмцээнд оролцож байв уу. Шагнал, урамшуулал гэж мэдээж олон байх?
-Энэ хугацаанд янз бүрийн л тэмцээнд оролцож байлаа. Нэг хэсэг дундаа жаахан тасалдсан тал бий. Гэхдээ сүүлийн 20 жил тасралтгүй хичээллэж ирсэн. Одоогоор 60 гаруй медаль авсан байна. Гадаад руу тэмцээнд явдаггүй. Яагаад гэхээр ахмадуудад ямар ч зардал олгодоггүй юм. Өөрсдийнхөө хүслээр, зардлаар яваад ирдэг. Нэг эмэгтэй тамирчны маань гэрийн хүн нь чулууны бизнес эрхэлдэг учир гадаад руу яваад амжилт гаргаад байгаа юм. Миний хувьд 2010 онд хүчний гурван төрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохиогдоход нь оролцсон. Тэгээд алтан медаль авч байлаа. Энэ жилийн хувьд тэтгэврийнхээ мөнгийг цуглуулж байгаад яваад ирсэн нь энэ.

-Таны насны хүн хүн­­­дийг өргөлтийн спор­тоор хичээллээд ийм өндөр ам­­жилт гаргана гэдэг ой тоймд багтахгүй байна л даа. Үнэндээ өдий насны хү­­мүүс ихэвчлэн даралт ихэс­­­­лээ гэхээс эхлээд өвчин хэлдэг?
-Энэ спортоор хичээллэх нь эрүүл мэндэд хэрэгтэй. Мөн залуу үедээ, сүүлийн үеийн тамирчдадаа үлгэр жишээ болох ёстой гэж үздэг. Бид техник хийхдээ хөдөлгөөн их удаантай. Гэхдээ нэг нэгэндээ санаагаа хэлж өгдөг. Хүний алдааг хөндлөнгөөс сайн харж чаддаг. Ямар ч гэсэн ийм насны хүн ингэж өргөж байхад бид даанч дээ гэж бодоод залуус урагшилж байх ёстой. Тэдэнд түлхэц болох ёстой гэж ойлгодог. Тэрнийгээ ч биелүүлж явна. Манай үеийнхний өвдөг, нуруу их өвдөнө. Босч, сууж чаддаггүй зэрэг бэрхшээл бий. Харин энэ спортоор хичээллэдэг хүмүүст ийм зовлон байхгүй. Их уян хатан шүү. Хөлөө нугалаад суучихсан байхыг маань харсан зарим нь гайхдаг л юм.

-Ингэхэд та нар хаана харьяалагддаг юм бэ. Та дээр тэтгэврийнхээ мөнгийг цуглуулж байгаад яваад ирсэн гэлээ. Дэмждэг компани, байгууллага олддоггүй хэрэг үү?
-Тийм зүйл байхгүй. Өөрсдөө сайн дураараа зардлаа гаргаад оролцоод ирдэг юм. Үнэнийг хэлэхэд, медаль аваад ирлээ гээд урамшуулдаг газар ч байхгүй. Өнгөрсөн жил Засгийн газарт хүсэлт тавьсан ч санхүүгийн байдал муу байна гэсэн. Ирэх жилээс энэ асуудлыг ярья гэж байсан ч төсөв санхүү сайнгүй нь хэнд ч ойлгомжтой байна. Удахгүй сонгууль болох учир бүтэл муутай л байх болов уу даа. Уг нь, ирэх жилээс ахмадуудын тэмцээнийг олимп болгоё гэж ярьж байгаа юм билээ. Хоёр, гурван жилийн өмнөөс яригдсан юм. Энэхүү олимп маань ирэх жил Шинэ Зеландад болно. Ямар ч байсан явна гэж бодож байгаа. Бидэнд чинь харьяалагддаг газар ч байхгүй шүү дээ. Энэ спортод хайртай, дуртай болохоороо орхиж чаддаггүй юм. Уг нь, “Хүч” спорт хороо намайг өөрийнхөө харьяанд байхыг хүссэн л дээ. 

-Бэлтгэлээ хаана базаа­­­даг вэ. Таны дээд амжилтын талаар сонирхмоор байна?
-Бид Спортын төв ордонд бэлтгэл хийдэг. Дөрвөн өдөр хийдэг байсан ч одоо хүүхдүүдтэй ээлжлээд гурван өдөр цагийн хуваарийн дагуу бэлтгэлээ базаадаг. Хүмүүс нийлбэр дүнгээрээ хэдийг өргөдөг вэ гэж асуудаг л юм. Дээхнэ үед чинь штанг дөрвөн төрөлтэй байсан л даа. Харин миний үед босоо шахалт, түлхэлт, огцом гэж байсан бол одоо түлхэлт, огцом гэх хоёр төрөлтэй л болсон. Хүчний гурван төрөл гээд ярихаар пауэр­лифтинг бол­чихно. Газраас шууд штанг аваад хөн­­дий­­лөөд зог­со­­хыг таталт гэ­дэг юм. Ах нь одоо дээд тал нь 200 кг-ыг татаж байна. Харин та­виур дээрээс сээрэн дээрээ 180-ыг тавиад суудаг. Хэвтээгээс 120 шахдаг даа. Гэхдээ хүч нэмэгдүүлдэг хувцас өмсдөггүй. Өөрийнхөө махан бодиор л өргөдөг. Миний нас, жинд ийм амжилт одоогоор байхгүй. Штангинд болохоор 60 огцомдож, 80 түлхэж байна. Сая бол энэ амжилтаасаа бага түлхсэн. Ахмадуудад зориулсан босго оноо гэж бий. Минийх 92 кг байсан. Энэ оноогоо бууруулж болдоггүй юм. Зарим хүн нэлээд дээгүүр тоо амлаж авчихаад гурав алдаад тэглүүлчихдэг. Тэгээд тэмцээнээс хасагдчихдаг юм. Мөн хоёр өргөлтийн нийлбэр нь босго оноондоо хүрэхгүй бол хасагдаад явна. Ер нь их хатуу үзүүлэлттэй спорт шүү дээ.

-Гэр бүлийнхэн чинь таныг хэр их дэмждэг вэ. Тухайлбал, үр хүүхдүүд тань бэртэж, гэмтэх вий одоо боль гэх юм уу?
-Ер нь, намайг хориглоод байдаггүй. Ах нь, олон хүүхэдтэй, багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэднийг төрөөгүй, айл гэр болоогүй байхдаа л өргөж эхэлсэн болохоор хориглодоггүй. Яагаад гэхээр миний амжилт, медалиудыг маань харахаараа баярлаж явдаг юм шиг байна билээ. Тэгээд ч өвчин, зовлон хэлдэггүй учраас болоод байна гэсэн итгэлтэй байдаг болов уу. Ер нь, бүх спортод штанг хэрэгтэй байдаг юм. Хөнгөнийхөн гэхэд суулт хийж байж, тэсвэр, хатуужилтай болж хөлийн булчин нь хөгждөг. Буудлагынхан хүртэл бидэндтэй хамт хичээллэдэг. Гүндэгмаа ирээд аль дасгалыг нь хийх вэ, шахалт яаж хийх вэ гээд асуудаг юм.

-Тэгвэл хүүхдүүдээс тань дагаад энэ спортоор хи­­чээл­лэж эхэлсэн нь бий юу?
-Байхгүй. Би чинь таван хүү, гурван охинтой. Түрүүч нь 40 гарчихсан ч гэлээ нэгэн ч спортоор яваагүй. Манай хөвгүүд бяртай юм байна гэж л боддог. Манай гэргий бас багш хүн. Уг нь, багшийн ажил их нэр хүндтэй, үнэлгээтэй байлаа шүү дээ. 1990 оноос хойш уналтад орсон. Тиймээс хүүхдүүддээ багш болоод хэрэггүй гэсэн маягаар чиг өгдөг, ярьдаг байлаа.

-Хаана багшилж байв?
-Завхан аймгийн төвд багшилж байсан. Хотод ирээд их, дээд сургуулиудад багшилсан. Тэтгэвэрт гараад зүгээр суугаагүй. Тахилтад газар авч мод тарьсан. Манай хашаанд үрслүүлсэн 40-50 мянган мод бий.  UBS телевизийн хамт олон “Ногоон хөтөлбөр”-ийнхөө хүрээнд тэнд очиж 40 гаруй нэр төрлийн ногоо тарьж байна гээд сурвалжлага хийгээд явсан. Мөн тэтгэвэрт гарангуутаа Ботаникийн цэцэрлэгт га газар түрээслээд янз бүрийн зүйл тарьсан. Албан байгууллагууд, цэцэрлэг, сургуулийн хашаанд олон мянган мод тарьж өгсөн дөө.  Бэлтгэлийнхээ хажуугаар зай завсар гарвал мод тарьдаг. Хэдэн мод зарж байгаад хуримтлал үүсгэж олимпын тэмцээнд явах санаатай байна. Уг нь, энэ аравдугаар сард Германд дэлхийн аваргын тэмцээн болно. Явж чадах эсэхээ мэдэхгүй л байна.

-Төр засгаас таны их хөдөлмөрийг үнэлж байгаагүй хэрэг үү?
-Үнэлсэн юм байхгүй. Хүмүүс янз бүрийн одон медаль аваад л байдаг юм. Яаж авдгийг нь мэдэхгүй. Харин ардчиллын шугамаар өгдөг бүхий л одон, медалийг нь авсан.

-Хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг таны насны хэчнээн хүн байна вэ?
-Цөөрч байна шүү. Зарим нь бурхан болсон. Уг нь, Ахмадын ордонтой болъё, мөнгө хандивлая гэж ярьж л байгаа юм билээ. Өмнө нь Спортын төв ордны дарга байсан Наранбаатарыг мэдэх байх. Тэр хүн шинээр байгуу­лагдсан “Ахмадын холбоо”-ны даргаар ажилладаг. Саяхан биднийг хүлээж авч урамшуулсан.

-Та түрүүн буудлагаар хичээллэдэг байсан гэж дурдсан. Энэ талаараа сонир­хуулаач. Одоо хичээл­­­лэж байгаа хэвээрээ үү?
-Сая тэмцээнд явахаас өмнө манайхан яасан ядардаггүй юм бэ, амжилтад тань муугаар нөлөөлнө гээд байхаар нь бэлтгэлээсээ түр чөлөө авсан. Өглөө эрт буудлагын төв дээр очиж бэлтгэлээ хийчихээд өдөр 12:00 цагт Спортын төв ордонд ирж хүндийг өргөлтөөрөө хичээллэдэг. Буудлагын залуус нэг цаг зогсчихоор их ядрах юм аа гэдэг. Надад бол тийм мэдрэмж төрдөггүй. Штангийн нөлөө, тэсвэр байдаг байх.

-Ингэхэд таныг дасгалжуулдаг хүн бий юу?
-Бид чинь нэг нэгнээ л дасгалжуулдаг. Туршлагатай хүмүүс нэгнийхээ өөг харж чаддаг. Ах нь, чөлөөт, буудлага, хөнгөн атлетикийн зэрэгтэй. Тэр бүү хэл оюутан байхдаа боксоор хичээллэдэг байлаа. Бөхийн дугуйланд явдаг байхад Чимэддорж гэж Багшийн дээдийн биеийн тамирын багш байсан хүн намайг сонгож авч байв. Монголын анхны штанг өргөж байсан 14 хүний нэг. Дугуйланд орж ирээд “Чи наашаа хүрээд ир гэснээ, миний алгыг эргүүлж тойруулж харснаа штанг өргө” гэсэн. Тэгээд загнуулсаар байгаад дагаад явж билээ. Одоо бодоход их зөв алхам байж дээ. “Алдар” нийгэмлэгийн ханан дээр багшийн маань зураг гавьяат багш гээд байдаг юм. Оюутан байхад ихэд л настай хүн шиг харагддаг байж билээ. Одоо байсан бол 80, 90 хүрсэн байх болов уу.

-Таныг бас ном орчуулдаг гэж сонссон юм байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу. Ямар чиглэлийн хэчнээн ном орчуулсан бэ?
-Ном бичиж, орчуулга хийдэг. Сүүлийн үеийн хүүхдүүд мэдэхгүй байх. Пулькин (угтаа бол автор нь Пулькина) гэж алдартай сурах бичиг дээр үед байсан юм. Монголчууд 50, 60-аад жил хэрэглэсэн дээ. Энэ сурах бичгийг 1997 онд орчуулж хэвлүүлсэн. 1000 ширхгээр есөн удаа хэвлүүлсэн юм байна. Мөн хүүхдийн жижиг арваад ном орчуулж хэвлүүлсэн. 100 жил хэрэглэх хуанли номоо хэд хэдэн хэлний тайлбартайгаар хэвлүүлсэн. Ийм хуанли урд хожид гарч байгаагүй. Эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзээд хэд хэдэн ном орчуулах санаатай сууна. Устөрөгчийн эд исэл гэж шарх угаадаг цагаан хөөс бий. Тэрийг ууж, судсаар тарьж хэрэглэнэ гэсэн орос ном байдаг юм. Энэ номыг “Шидэт ус” нэртэйгээр орчуулсан. Тэр номонд перкс уугаад элэгний вирус арилна, хорт хавдрын хөнгөн хэлбэр нь эдгэнэ гээд бичсэн байдаг. Энэ номыг орчуулсныхаа дараа Эрүүл мэндийн яам гээд хэд хэдэн газар санал хүргүүлсэн ч дэмжлэг авч чадаагүй.

0 Сэтгэгдэл
Сайхан ах байна даа. Улам өндөр амжилт үзүүлээрэй.
Ёстой сайхан хөгшин байна даа. Спортоор хичээллэх хүнийг тэсвэр хатуужилтай юм болгонд унаж тусач урвайгаад байхгүй болгодог юм шиг
Ийм сайхан үлгэр дууриал***** болсон ахмадад баяр хүргэе ЗАЛУУЧУУД УНШААСАЙ СУРГАМЖ АВААСАЙ
Танд эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөе
Хамгийн их уншсан