Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгийн мэргэжлийн хяналтын байцаагчид хууль зөрчжээ

Т.ЦЭЛМЭГ

Сүүлийн үед ХХААЯ, газар тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгжүүдийн  хооронд импортын үрийн буудайн чанарын талаар маргаантай асуудал гараад байгаа. Ингэхдээ  МХЕГ-ын улсын байцаагчийг дарамтлах, нэр төрд нь халдах, цаашлаад Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг харлуулсан нэг талыг барьсан мэдээлэл өгсөн юм.  Энэхүү мэдээллийг МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж,  дэд дарга П.Ангараг, ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, “Төв лаборатор”-ийн дарга Б.Амар,  Дархан-Уул аймаг МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар очсон юм.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-тай хийсэн гэрээний хүрээнд “Нямбайгаль Даваа” компани эхний ээлжинд 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-аас вагоноор оруулан ирж, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгасан.  Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангасан, хангаагүй гэж Дархан-Уул, Сэлэнгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт маргаан дагуулаад буй. Тэгвэл МХЕГ-ын удирдлагууд албан ёсоор байр сууриа илэрхийллээ. 

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Дархан Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Нямбайгаль даваа” ХХК-ийн хүсэлтээр импортын үрийн буудайд  хийсэн шинжилгээний дүгнэлт  гаргасан. Дархан Уул аймгийн МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, хил хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Д.Нарантуяа, улсын ахлах байцаагч П.Болормаа нар аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулж, гүнийн гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хамтран хийж, 2016 оны дөрөвдүгээр сарын 19-20 ны үед дээжийг анхлан авч шинжлүүлсэн байна. Дээж авсны дараа гаалийн байцаагч лац тавьдаг юм. Гэтэл лац тавиад, МХГ-ын улсын байцаагч дээжээ лабораторт шинжлүүлэх үед хариу гараагүй, ТЭДСанд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхад Сэлэнгэ аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын хүмүүс гаалийн лацыг зөвшөөрөлгүй хөндөж, дээж авсан. Үүнээс болоод энэ  маргаантай асуудлыг дэврүүлсэн” гэлээ. 

Сэлэнгэ аймгийн МХГ-ынхан дур мэдэн дээж авсан нь холбогдох хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллага үрийн буудайнаас дээж авах, шинжилгээнд явуулахад хууль заасан үндэслэлийг баримталдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээс дээж авахдаа шалгуулагч иргэн, хуулийн этгээд талаас төлөөлөл байлцуулах, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэлийг гурван хувь үйлдэж гарын үсэг зурж батлагаажуулдаг. Ингээд  дээж авсан тэмдэглэлдээ хяналтын газрын, аймаг нийслэл  мэргэжлийн хяналтын алба хэлтсийн индекс, улсын байцаагчийн хувийн дугаарыг бичих, дээж авсан тоо хэмжээ, чанарыг хариуцах журамтай. Гэтэл эдгээр журмыг Сэлэнгэ аймаг дахь МХГ-ынхан зөрчсөн аж.

Энэ асуудалд МХЕГ-ын удирдлагад гаалийн байгууллагаас албан бичиг ирүүлжээ. Сэлэнгэ аймгийн МХГ-ын газрын ургамал хамгаалал, хяналтын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар 2016 оны дөрөвдүгээр сарын 19-нд гаалийн хяналтад байгаа ТЭДСангийн тээвэрлэлтийн гаалийн битүүмжилсэн ломбыг тасдаж, дээж авсан нь хууль зөрчсөн гэж албан бичигт дурджээ. Харин үүнд МХЕГ-ын дарга “Сэлэнгэ аймаг дахь  МХГ-ын удирдлага, улсын байцаагчдын хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг  үнэнээр нь хэлэх ёстой. Энэ бол Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд байж боломгүй алдаа. Сэлэнгэ аймгийн МХГ-ын удирдлага болон улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам  нар хоёр дахь удаагаа ийм ноцтой алдаа гаргаад байна. 2014 онд бас ийм ноцтой алдаа гаргаж байсан” гээд маргааныг дэгдээж, нэг талыг барьсан дүгнэлт гаргасан Сэлэнгэ аймаг дахь МХГ-ыг үрийн буудайн асуудлаар дүгнэлт гаргах, дээж авах ажлаас бүрэн чөлөөлсөнийг хэллээ.

Ингэснээр импортын үрийн буудайнаас дээж авах, шинжлэх ажлыг Дархан-Уул аймаг дахь МХГ болон лабораторт хариуцууллаа.

Өөр нэг асуудал болох “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайнаас  ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 3-ны өдрийн 01 цагт  дээж авах гэжээ. Цагдаагийн байгууллагад тийм эрх байхгүй учир Дархан-Уул аймаг дахь МХГ-ын улсын байцаагч ТЭДСан, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин шинжлэхээр дээж авсан байна. Цагдаагийнхан өөрсдийн биеэр  МХЕГ-ын Төв лабораторт хүргэнэ гэж авсан дээжээ долоо хоног өнгөрөөд байхад авчирч өгөөгүй гэдгийг мөн энэ үеэр хэллээ.

Дархан-Уул аймаг дахь МХГ-ын “Алтайская жница” сортын импортын үрийн буудайнаас  дөрвөн удаа дээж авч Төв лабораторт шинжлүүлэхэд тариалахад тэнцэнэ гэж дүгнэлт гаргажээ. Тариалан эрхлэгч зарим аж ахуйн нэгж, оруулж ирж байгаа үрийн буудай нь Монголд нутагшаагүй гэх шүүмжлэл гарсан. Харин албаны хүмүүс “Алтайский” сортын буудайгаар Монгол Улсад тариалалт хийгээд хэдийнэ 10 жил болсон гэдэг албан ёсны тайлбар өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан