Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Олон юм амлаж байгаа бол яавч итгэл даах хүн биш” хэмээх Япон ардын зүйр үг бий. Ажилч хичээнгүй, шударга зарчимчаараа гайхагддаг япончуудын хувьд хүнийг энэ дайтай танихтайгаа улс. Угаас япон хүн за бол ёо-гүйгээрээ алдартай. Ам алдсан бол барьж болдоггүйн адил итгэл алдсан нэг нь амиа ч егүүтгэж орхидог япон ёсон бий. Точвхондоо, япончууд итгэл хүлээлгэсэн шигээ тэр дайны хариуцлага нэхдэг хатуу чанга зарчимтай хүмүүс. Гагцхүү итгэлийг нь даах эсэхэд л гол учир оршино.
Өдгөө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй их гүрнүүдийн нэг манай бизнес эрхлэгчдэд ийнхүү итгэл хүлээлгэн, найр тавьж байна. Угаас хоёр хүн битгий хэл хорвоо ертөнцийн бүх л юмс итгэлцэл дээр тогтдог хойно манайх шиг хөгжиж буй орон итгэлцэлд суурилсан эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагүйгээр эдийн засгийн шуурганд хөл тэнцэж чадахгүй. Дэлхий даяар эдийн засгийн хямралд хөл алдаж буй энэ үед Япон, Монгол хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдэж, ирэх сарын 7-ноос хөнгөлөлттэй тарифаар харилцан бүтээгдэхүүн импортлохоор болов.
Өнгөрсөн онд үзэглэсэн эл түншлэлийн гэрээ, хэлэлцээр энд онд биелэлээ олсноор хоёр орны чөлөөт худалдааны орон зайд шинэ үүд хаалга нээгдэж байгаа юм. Өчигдөр зохиогдсон уулзалт, зөвлөлгөөнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү тэргүүтэй албаны хүмүүс, хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Гурав, дөрвөн жил дуншсан эл хэлэлцээр, хамтын ажиллагааны үр шимийг бизнесийн салбарынхан илүүтэй хүртээд зогсохгүй улс орны эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Хувийн хэвшлийнхнийг дэмжсэн чөлөөт худалдааны хамтын ажиллагааны дүнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой юм. Товчхондоо, эдийн засгийн түншлэлийн хүрээнд манай орон зөвхөн Япон бус гуравдагч зах зээлд хөл тавих боломж нээгдэнэ гэж ойлгож болно. Түүнчлэн, манай бизнес эрхлэгчдийн хувьд гадаад зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлж, зах зээлээ тэлэх, цаашлаад хөрөнгө оруулалт татаж, бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгдэх боломжтой болж байгаа юм.
Ирэх сарын 7-ноос хэрэгжиж эхлэх эл хэлэлцээрт зааснаар манай талаас 5.700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд экспортлох эрхтэй болж байгаа бөгөөд импорт, гаалийн татвараас чөлөөлөгдөх юм. Тухайлбал, сүлжмэл эдлэлд ногдуулдаг 10-14 хувийн татвар, арьс, ширэн эдлэлийн 20 хувийн татвар тэглэгдэж байна. Ингэснээр манай бизнес эрхлэгчид Японы зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломж бүрдэж байна. Энэ бол дээр дурдсанчлан Япон талаас олгож буй боломж, хүлээлгэж буй итгэл. Мэдээж эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй их гүрний зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлхийн тулд өндөр босго давах нь ойлгомжтой. Гэвч бид хэдхэн жилийн өмнө тэртээ хол санагддаг байсан Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, буурал тивийн босго давсан. Тиймдээ ч манай үйлдвэрлэгчид эл итгэлийг дааж, арлын орны зах зээлд байр сууриа бататгаж чадна хэмээж байна. Багагүй хугацаанд яригдсан эл хэлэлцээр энэ жил биелэлээ олж байгаа нь манай хууль тогтоогчид шаардлагатай хууль, эрхзүйн орчин бүрдүүлж, бэлтгэл ажил хангахаар багахан хугацаа алдсантай холбоотой. Тухайлбал, НӨАТ-ын тухай хууль, Гаалийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулснаар бэлтгэл ажил хангагдсан гэж үзжээ. Улмаар Япон, Монголын Гадаад хэргийн яамд энэ сарын 7-нд ноот бичиг солилцож, ирэх сарын 7-ноос хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
Харин Япон талаас манайд экспортлох 9.300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд мөн дээр дурдсанчлан импорт, гаалийн татвараас чөлөөлөгдөж буй юм.
Ямартай ч эл түншлэлийн хүрээнд манай улс гадаад худалдааны зах зээлээ тэлэх сайхан боломж бүрдэж байна. Хууль, эрхзүйн орчин бүрдсэн, хоёр талаас импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг ч нарийн тодорхойлжээ. Одоо зөвхөн тээвэрлэлтийн асуудал эцэслэн батлагдаагүй, хэлэлцээрийн төвшинд явж байна. Уулзалт, хэлэлцээрийн үеэр Элчин сайд Т.Шимизү ирэх онд ашиглалтад авахаар Хөшгийн хөндийд бүтээн байгуулалт нь өрнөж буй шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Япон компани хариуцаж байгаа тул тээвэрлэлтийн асуудлыг агаараар шийдэх боломжтой тухай хэлж байв. Мөн усан тээвэр, төмөр замын тээвэр ч аюулгүй тухай онцлох нь байв. Ингээд уулзалт, зөвлөгөөнд оролцсон талуудын байр суурийг сонирхуулъя.
А.Ариунаа: Хоёр орны гадаадын худалдааны эргэлт 50-60 хувь өсөх хандлагатай байна
Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон хоёр орны хэлэлцээрийн хүрээнд 17 дэд хороо байгуулан ажиллаж байна. Ирэх сарын 7-нд хоёр орны хамтарсан хуралдаан болж үлдсэн ажил цэгцэрнэ. Хоёр орны худалдааны нийт эргэлт жилд дунджаар 300-500 сая ам.долларт хүрдэг. Энэ нь Монголын нийт гадаад худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Харин чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар энэ тоо ирэх хоёр жилд 50-60 хувь хүртэл өсөх төлөв харагдаж байна.
Бизнес эрхлэгчдэдээ хэлэхэд Япон руу бараа экспортлох гэж байгаа бол зургадугаар сарын 7-ныг хүлээх хэрэгтэй. Тухайлбал, 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортлоход төлдөг 10-14 хувийн татварыг бүрэн чөлөөлнө. Өөрөөр хэлбэл манай бизнес эрхлэгчид 100 мянган ам.доллар тутмаас 14 мянган ам.доллар хэмнэнэ. Мөн арьс шир, үслэг эдлэлээс л гэхэд 24 хувийн татвараас чөлөөлөгдөнө. Мөн хэлэлцээрт зааснаар 0-3 жилийн насжилттай Японоос импортлогдсон автомашин 5 хувийн гаалийн татвараас чөлөөлөгдөх бол 10 жил хүртэлх нь үйлдвэрлэсэн оноосоо хамаарч өөрөөр тогтооно.
Т.Шимизү: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжих хэрэгтэй
Монгол дахь “Тоёота” корпорацын салбар “Санко” группийн захирал
Манай компани машины эд анги үйлдвэрлээд 64 жил болж байна. Энэ хугацаанд үйлчилгээгээ өргөжүүлж, гадаад зах зээлд нэвтрүүлсний нэг нь Монгол Улс. 2005 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсээр өдгөө гурван ч компани “Тоёота” корпорацын үйлдвэрлэдэг автомашины эд ангиудыг Монголд үйлдвэрлэж байна. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон улс хоорондын хэлэлцээр нь зөвхөн худалдаа гэлтгүй хүн хоорондын харилцааны асуудлыг хөндөж буйгаараа онцлогтой. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид томоохон аж ахуй нэгжүүдээс богино хугацаанд шийдвэр гаргаж, хөрвөх чадвартай байдгаараа давуу талтай. Миний хувьд бодлогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй гэж боддог. Банкны зээлийн хүүг уян хатан болгох, бизнес эрхлэгчдээ сургах, чадваржуулж, гадаадын туршлагыг судласнаар жижиг, дунд үйлдвэрлэл өсч өндийнө, өргөжих боломжтой.
Д.Дагвадорж: Амласандаа хүрч, итгэл дааж эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй
“Рояал плаза” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Эдийн засгийн энэ түншлэл япончуудад гэхээс илүү монголчуудад илүү үр өгөөжтэй гэж харж байна. Тиймдээ ч манай талаас нэг удаагийн бус урт хугацааны өгөөж авах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлэх нь чухал. Бид сайн, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадвал зөвхөн Японоор хязгаарлагдахгүй, Хятад, зүүн өмнөд Ази руу экспортлож эдийн засгаа өндийлгөх боломжтой. Монгол оронд Японы Хоккайда аралтай адил уур амьсгалтай газар бий. Тиймдээ ч манай компани цагаан будаа тариалахаар ажиллаж байна. Энэ жил Халхголд 2400 га-д тариалалт хийлээ. Мөн хүйн эхэсээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр лабораторын судалгаа хийж байна. Энэ мэт Япон төдийгүй гуравдагч зах зээлт нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх асар их боломж байна. Гагцхүү тээвэрлэлтийн асуудал л яригдаж байна. Дорнодоос Оросоор дамжуулан Япон руу бүтээгдэхүүн гаргахаар болсон. Цаг хугацаа алдаж байгаа ч эрсдэлгүй бизнес гэж юу байх билээ. Тиймээс тээвэрлэлтийн асуудлыг шийдэх нь чухал. Хамгийн чухал нь бид амласандаа хүрч, итгэл дааж эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэй.
Б.Соронзонболд: Самрын тос дэлхийд танигдсан брэнд болох боломжтой
“Эс си” интернейшнл ХХК-ийн захирал
Манай компани 2008 оноос самрын тос үйлдвэрлэж Европын холбооны орнуудад экспортлохоор ажиллаж эхэлсэн. Хуш модны самарын хувьд зөвхөн Монгол, Орост ургадагаараа онцлогтой жимс. Тиймдээ ч энэ төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг. Би саяхан сонссон юм, нэг япон эрдэмтэн манай самрыг 30 жил судалсан юм билээ. Одоо энэ судалгааны ажлыг хүү нь өвлөн авч, үргэлжлүүлж байна. Самар, самрын тосны анагаах чадвар, түүнд агуулагддаг амин дэм, уураг гээд бүх л талаас нь нарийн судалж үзээд цэвэр байгалийн гаралтай эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой жимс гэж тогтоосон байна. Ингээд харвал зөвхөн самараас олж болох үр өгөөжийг тоочоод барахгүй болов уу. Цаашлаад монгол самрын тос дэлхий дахинд танигдсан брэнд болох боломжтой. Япон, Монгол хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгч байгаа нь зах зээлд хөлөө олох гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн том дэм болж байна гэж харж байна.