Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн уул уурхайн туршлагаас сэтгүүлчид суралцана


Манай сурвалжлагч Б.Сэвжидмаа Австралиас бичиж байна

Манай хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон 12 сэтгүүлч, судлаач Австрали улсын уул уурхайн салбарын туршлагыг судлахаар ногоон тивийг зориод байна. Хариуцлагатай уул уурхайн жишиг орон болсон Австралид суралцах их зүйл бий ч яагаад салбарынх нь мэргэжилтнүүд бус заавал сэтгүүлчид гэж... хэмээн уншигчид гайхаж магадгүй. Тэгвэл хариуцлагатай, ил тод уул уурхай гэдэг тэр тухай мэдээллийг үнэ зөвөөр, бодит дүн шинжилгээтэйгээр нийтэд таниулан ойлгуулах хэвлэл мэдээллийн салбар болоод орон нутгийн иргэдтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас “Хэвлэл мэдээлэл, уул уурхай, олон нийт” хэмээх богино хугацааны сургалтыг Ази Номхон Далайн Сэтгүүл зүйн төв, Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хамтран Австралийн Засгийн газрын санхүүжилтээр манай сэтгүүлчдэд зориулан зохион байгуулж байна. Энэ сарын 25нд албан ёсоор эхэлсэн тус сургалтын нээлтийн ёслолд Австралид суух Монгол Улсын Элчин сайдаар томилогдон ирээд удаагүй байгаа ноён Р.Болд оролцож, цаашид хоёр улсын харилцаанд ч хувь нэмэр оруулж болохуйц энэ боломжийг ашиглан зөвхөн уул уурхайгаар зогсохгүй энэ өндөр хөгжилтэй орны бүх давуу талыг судалж сурвалжлан, ганзага дүүрэн буцахыг сэтгүүлчдэдээ ерөөлөө. Австралийн нийслэл Канберра хэмээх  дуу чимээ, хөл хөдөлгөөн багатай хотод байрлах Элчин сайдын яамны цомхон байрандаа төвхнөж амжаад удаагүй тэрээр Мельбурн хот дахь Ази Номхон Далайн Сэтгүүл зүйн төвд ирж, нутгийн сэтгүүлчиддээ амжилт хүссэн юм.



“Америкчууд бол иргэншсэн оросууд, харин австраличууд бол иргэншсэн монголчууд юм” хэмээн суугаа орныхоо иргэдийг хошин байдлаар тодорхойлсон Элчин сайд Р.Болд  дэлхийд эдийн засгаар толгой цохигч, уул уурхай, хөдөө аж ахуй, хотжилт гээд суралцах зүйл, мэдлэг туршлагаар арвин баялаг басхүү ижил төстэй зүйл нэлээд ихтэй энэ орныг өөрийн гуравдагч хөрш болгох үүрэг даалгавартай ирсэн гэдгээ ярьж байсан юм.  Энэ нь манай улсад ногоон тивийг дангаар эзлэгч энэ оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өргөжин тэлэх сонирхол бас бодлого байгааг харуулж байгаа юм.

    Монголын талын энэ бодлого, зорилготой Австралийн талын сонирхол ч зарим талаар огтлолцож буйг дээрх сургалтыг AusAid дэмжсэнээс харж болно. Манай уул уурхай, ашигт малтмалын салбарт аль хэдийнэ нүд унагаж, хөрөнгө оруулж амжсан Австралийн компани, бизнесмэнүүдийн сонирхол хандлагыг мэргэжлийн байгууллага ч олж харж, мэдэрсэн бололтой. Уул уурхай гэдэг бараг №1 сэдэв болоод байгаа энэ үед Монголын сэтгүүлчдэд зөв зохистой мэдлэг, туршлага олгох үүднээс дээрх сургалтыг зохион байгуулж, тухайн салбарынхаа нэр хүнд бүхий мэргэжилтнүүдийг урьж, яриа лекц хийж, хичээл зааж байна. Тухайлбал Мельбурний Технологийн Институтийн онлайн сэтгүүл зүйн багш Рене Бэрнс, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нэр хүндтэй олон шагнал хүртэж байсан Age сонины нэрт сэтгүүлч Ричард Бэйкер,  Австралийн Бродкастинг Корпорацын редакцийн бодлогын захирал Пол Чадвик, Мельбурны Их сургуулийн доктор, эдийн засгийн түүхч Малкольм Кеннеди зэрэг салбартаа нэртэй 10  гаруй мэргэжилтэн багш нар сургалтыг явуулж байна.

Сургалтын үеэр сэтгүүлчид Rio Tinto, Xanadu Mine  зэрэг уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажилладаг үйл явцыг бодитоор үзэж харж, дадлага хийн, туршлага судлах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан