Б.ЦЭДЭВСҮРЭН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд сургуулийн барилгаа нэхэмжилж БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нарт өчигдөр мэдэгдэл хүргэж өгөв. Энэ арга хэмжээг сургуулийн Үйлдвэрчний эвлэл, багш нарын төлөөлөл зохион байгуулж, эцэг, эхчүүд сурагчидтай хамтран одоогийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн цуглаан хийв.
Ойролцоохь сургуулиуд ирэх жил байрандаа хичээллүүлэхгүй гэдгээ хэлжээ
Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн барилга анх 1957 онд ашиглалтад орсон байдаг. Ашиглалтын хугацаа нэгэнт дуусч, нуралт үүссэн учраас багш, сурагч, эцэг, эхчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн барилгыг 2013 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр ашиглах боломжгүйг тогтоож актласан. Актлагдсанаас хоёр жилийн дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус барилгыг буулгасан ч өдийг хүртэл сургуулийн барилга баригдах нь байтугай зураг төсөл нь бэлэн болоогүй, барилга барих компани нь тодорхойгүй байгаа аж. Харин сургуулийн 2484 сурагч ойролцоохь дөрвөн сургууль болон өөрийн сургуулийн өргөтгөлдөө хуваагдан хичээллэж байгаа юм байна.
Нэг, хоёр, гуравдугаар ангийнхан өөрийн сургуулийн өргөтгөлдөө гурван ээлжээр хичээллэж, биеийн тамирын хичээлээ өлгүүрийн хонгилд хийдэг аж. Дөрөв, тавдугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуулийн бага сургуульд гурван ээлжээр, долдугаар ангиуд нь 53 дугаар сургууль дээр хоёр ээлжээр хичээллэж байгаа бол зургаа, найм, ес, арав, 11, 12 дугаар ангиуд нь 92 дугаар сургуулийн өргөтгөлийн байранд хоёр ээлжээр гуравдахь хичээлийн жилдээ хичээллэж байна. Гэтэл хичээлийн байраа хэрэглүүлж буй дээрх сургуулиудын зүгээс ирэх хичээлийн жилээс 14 дүгээр сургуулийнханд байраа ашиглуулах боломжгүй гэдгээ хэлээд байгаа гэнэ. Сургуулийн барилга барих нь ганц сарын дотор хийгдэх ажил биш учраас ирэх есдүгээр сараас өөрсдийн байрандаа хичээллэхийн тулд сурагч, багш, эцэг эхчүүд ийнхүү холбогдох дээд албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлэхээс өөр аргагүй болоод буйгаа энэ үеэр учирлаж байв.
Өмнө нь гурван ч компани концессоор барихаар санамж бичиг байгуулж байжээ
Тус сургуулийн зааланд өчигдөр өглөөний 10:30 цагт төлөөлөл болох 500 орчим эцэг эх, багш, сурагчид цугларсан байв. Энэ үеэр тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн дарга, Нийгмийн ухааны багш Н.Баярмөнхтэй уулзахад тэрээр “Манай сургуулийн барилгыг 2013 оны арванхоёрдугаар сард актласан. Түүнээс хойш удаагүй байтал Энэтхэгийн хөрөнгө оруулалттай компани концессоор барихаар болж БСШУЯ болон сургуультай санамж бичиг байгуулсан. Гэтэл тэр бүтэхгүй болж Монгол залуучуудын боловсролын корпорац манай сургуулийн барилгыг барихаар болж мөн л санамж бичиг байгуулсан ч бас л бүтэхээ байсан. Үүний дараа БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Жун Шин Еэ” ХХК барихаар болсон ч больчихлоо. Тиймээс дөрөвдэх компанийг нь олж өгөөч, барилгын ажил яагаад саатаад байгааг тодорхой болгож өгөөч гэж бид хүсч байна. Энэ хугацаанд сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл, сурагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, БСШУЯ, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Боловсролын газар, БЗД-ийн ЗДТГ гээд холбогдох бүх байгууллагад албан бичиг, хүсэлт, шаардлага, захидал хэлбэрээр 60 гаруй удаа хандсан. Ингэснээр УИХ-ын гишүүд, БСШУ-ы дэд сайд болон газрын дарга нартай хоёр удаа уулзалт зохион байгуулж, эцэг эхчүүдийн жагсаалыг хоёр удаа зохион байгуулсан ч сургуулийн барилгыг бариулах Засгийн газрын шийдвэр өнөөг хүртэл гараагүй л байна. Тиймээс энэ байдлаа энэ сарын 12-ны дотор тодорхой болгохгүй бол 16-ны өдрөөс эхэлж ажил хаяна гэдгээ мэдэгдэж байна” гэв.
Мөн сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Н.Пүрэвсүрэнгийн үгийг сонслоо. Тэрээр “Сургуулийн барилга актлагдаад даруй гурван жилийн хугацаа өнгөрөөд байна. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газар болон “Цамхаг” гээд компанитай санамж бичиг байгуулж хуучин барилгыг нураасан. Сургуулийн барилга хэзээ баригдах нь тодорхойгүй. Концессын гэрээгээр баригдах учраас Засгийн газрын тогтоол гарах ёстой. Одоогоор “Цамхаг” гэж компани барилга барихаар яригдаж байгаа ч Засгийн газраас өмнө гаргасан тогтоол дээр дахин компанийхаа нэрийг өөрчилж байж барилгын ажил эхлэх ёстой. Нөхцөл байдал хүнд л байна. Манай сургууль 100 гаруй багштай. Дунд ангийн багш нар маань өдөрт дор хаяж гурван сургууль дамжиж хичээл заадаг. Хичээлийн цагаасаа хоцрохгүй гээд такси барьж явсаар цалингаа амьдралдаа хүргэж чадахаа болиод байна. Тухайлбал, дуу хөгжмийн хичээл заадаг Алтанчимэг гэж багш нэг өдөрт гурван сургууль дамжиж хичээл заадаг. Биеийн тамир, Технологийн багш нар иймэрхүү байдлаар л ажлаа хийж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ дөрвөн тийшээ зөөсөөр ажилгүй болж байгаа жишээ олон гарсан” гэлээ.
Уг нь, сургуулийн барилгыг нураахдаа холбогдох хүмүүсийн зүгээс барилгын ажлыг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлнэ хэмээн мэдэгджээ. Гэтэл байдал өөрчлөгдсөн зүйлгүй байсаар өнөөдрийг хүргээд байгаа нь энэ.
Энэ хичээлийн жилд тус сургуулийн хоёр хүүхэд авто замын осолд оржээ
14 дүгээр сургууль Офицеруудын ордоны автобусны буудлын урд байрладаг. Гэтэл “Шавь” цогцолбор, 44 дүгээр сургууль болон 53 дугаар сургууль автобусны нэг буудал, 92 дугаар сургууль автобусны гурван буудал алс. Тиймээс тус сургуулийн зүгээс хүүхдүүдээ сургуулийн автобусаар зөөвөрлөж байгаа ч 24 суудалтай нэг ширхэг автобус нь хаанаа ч хүрэлцдэггүй аж. Тиймээс сурагчид нийтийн тээврээр гэртээ харих үедээ нохой, харанхуйгаас айх нь өвлийн улиралд их гардаг байна.
Мөн 92 дугаар сургууль дээр ахлах ангийн сурагчид суралцдаг нь өсвөр насныхан дунд зөрчилдөөн гарах нөхцөл болдог аж. Энэ талаар тус сургуулийн аравдугаар ангийн сурагч охин “92 дугаар сургууль дээр хичээллэхэд хүндрэлтэй зүйл их гардаг. Манай гэр Офицеруудын ордоны ойролцоо байдаг. Өмнө нь автобусанд суухгүйгээр сургуульдаа алхаад ирчихдэг байсан бол одоо гурван буудал автобусаар явж байж сургуульдаа очдог болсон. Мөн хоёр сургуулийн хүүхдүүдийн дунд зөрчил гардаг. Сургуулийн коридороор явж байхад шүргээд өнгөрсний төлөө чаддаг юм бол ах, эгчийгээ дуудчих. Гараад зодолдоё гэх зэрэг асуудал гардаг. Мөн багш нар маань ачаалалтай ажилладаг учраас хичээлээс гадуур бидэнтэй ямар нэг ажил зохион байгуулах нь хомс болсон. Тиймээс сурагчид өөрсдөө клуб байгуулаад амралтын өдрүүдэд сургууль дээр үйл ажиллагаа явуулдаг болсон” хэмээн ярьсан юм.
14 дүгээр сургуулийн зарим ахлах болон дунд анги өөрийн сургуулийн зааландаа биеийн тамирын хичээлээ хийдэг аж. Нэг ангид долоо хоногт хоёр цаг биеийн тамирын хичээл орох шаардлагатай учраас үндсэн хичээлийн цагаас өмнө эсвэл дараа хүүхдүүд сургуулийн автобусаар зааланд ирж хичээллэдэг байна. Энэ мэт хүндрэл их байгаа бөгөөд энэ хичээлийн жилд хоёр ч хүүхэд зам тээврийн осолд орсон талаар сургуулийн нийгмийн ажилтан Ц.Орхоноос тодруулсан юм. Тэрээр “Энэ хичээлийн жилд манай сургуулийн хоёр ч хүүхэд зам тээврийн осолд орж, хөнгөн гэмтсэн. Хэдий хөнгөн ч жаахан хүүхэд учраас хожим ямар ч үр дүн үзүүлэхийг таамаглах аргагүй. Хоёр осол хоёулаа сургуулийн арын зам буюу Офицеруудын ордоны автобусны буудлын гэрлэн дохион дээр гарсан. Нэг нь өөрийн сургуулийн өргөтгөлд хичээллэдэг хүүхэд байсан. Нөгөө нь 92 дугаар сургууль дээр хичээллэдэг ахлах ангийн сурагч биеийн тамирын хичээлдээ орохоор ирж явахдаа осолд өртсөн. Замын цагдаагийн газраас манай сургуульд гурван ч удаа анхааруулах бичиг ирсэн” хэмээн ярьсан. Мөн тэрээр өсвөр насны сурагчдын хооронд таарамжгүй байдал гардаг ч тэрийг цохож ярих нь зохисгүй гээд ийм хэрэг зөрчил гаргахгүй байх талыг бүх арга хэмжээг авч ажилладаг хэмээн ярьж байв.
14 дүгээр сургуулийнхан сургуультай болоход хол байна даа
Нийслэлийн хэд хэдэн ууган сургуулийн барилга актлагдаж эхнээсээ шинэчлэгдэж байна. Эдгээрийн нэг бол гуравдугаар сургууль. Гуравдугаар сургуулийн барилга 2012 онд актлагдаж нийслэлийн төсөвт сургууль барих төсвийг суулгасан ч хуучин барилгыг нураах төсвийг нь суулгаагүй учраас нэг жилийн хугацаа алдаж сургуулийн барилгыг нураасан. Ингээд 2014 оны зун барилгын ажил эхэлж 2015 оны намар ашиглалтад өгсөн байдаг. Энэ түүхтэй 14 дүгээр сургуулийг харьцуулж харъя.
14 дүгээр сургуулийн барилгыг 2013 оны өвөл актласан ч буулгах компани нь тодорхойгүй байсаар 2015 оны өвөл буюу хоёр жилийн дараа сая хуучин барилгын газрыг нь чөлөөлөөд байна. Гэтэл одоо сургуулийн барилга хэзээ баригдах, ямар компани ажил хариуцах нь тодорхойгүй. Тиймээс өмнөх гуравдугаар сургуулийн түүхтэй харьцуулаад харахад зураг төсөл бэлэн болоод, ажил гүйцэтгэх компани өнөө маргаашгүй тодорлоо гэхэд барилга ирэх хичээлийн жил гэхэд ашиглалтад орохгүй нь. Ингээд бодохоор 14 дүгээр сургуулийнхан дөрөвдэх жилдээ зэргэлдээ сургуулиудынхаа хаяаг бараадах болоод байна. Гэтэл тэдгээр сургууль нь ирэх хичээлийн жилд хичээлийн байраа хэрэглүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байгаа билээ.
14 дүгээр сургуулийн сурагчдын тоо өнгөрсөн гурван жилийн хугацаанд 200 гаруй сурагчаар цөөрчээ. Өнөө жил сургууль ашиглалтад орохгүй бол энэ тоо мөн л буурна. Мөн багш нар ч ажиллах нөхцөл хүнд учраас ажлаа хаяхгүй гэх газаргүй. Тиймээс энэ сургуульгүй сургууль тарж алга болохоос өмнө сургуулийн барилгыг нь яаравчлах шаардлага байгааг шат шатны хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгээд суух л үлдлээ.