Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аврал эрсэн мазаалайг АСЕМ-ын лого болгоё


Ж.ГЭРЭЛЧУЛУУН


АСЕМ гэж юу вэ

АСЕМ гэдэг нь “Asia-Europe meeting” буюу Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус, дээд төвшний уулзалт билээ. Хоёр жил тутам зохиогддог эл уулзалт 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө 51 улс, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ элсүүлжээ. АСЕМ нь уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын эдийн засаг, нийгэм соёл, байгаль экологи зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудалд анхаарал хандуулж, хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарт ач холбогдол өгдөгөөрөө онцлог. Эл дээд хэмжээний уулзалтыг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хамтын ажиллагааны тулгуур хэмээдэг. 2008 онд БНХАУ-д болсон долоо дахь удаагийн чуулга уулзалтаар Монгол Улс АСЕМ-ын гишүүнээр элссэн түүхтэй.

Мазаалай гэж юу вэ

“Ursus arctos gobiensis” буюу хүрэн баавгайн дэд зүйл болох мазаалай нь XIX зууны сүүл үеэр Монголын говьд амьдардаг нь илэрч, XX зууны эхээр Баруун Алтайн нурууны Аж Богдод нээн илрүүлж, шинжлэх ухаанд “баавгайн бие даасан зүйл мөн” хэмээн бүртгэгдсэн байдаг.

Говийн их дархан цаазат газар идээшлэн нутаглаж буй эл амьтныг өдгөө 22-хон (19 эрэгчин, 3 эмэгчин) тоо толгой үлдсэн хэмээн тэмдэглэжээ. Дэлхий дахинд гурван дэд овогт хуваагдах 22 зүйл баавгай байдгаас мазаалай нь говь цөлд амьдардаг цорын ганц зүйл бөгөөд тоо толгойн хувьд ч бусдаасаа хамгийн цөөнд тооцогдож байна.

“Намайг панда байсан бол аврах байсан уу”

Ирэх долдугаар сарын 15-16-нд АСЕМ-ын 11 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. Товчхондоо, манай улс хоёр хоног Ази, Европ төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байх юм. 50 гаруй орны төр засгийн удирдлагууд Монгол Улсад хуран чуулахын учир эл уулзалт бидний хувьд тэнгэрийн унадаг атгасантай адил өндөр ач холбогдол, өгөөжтэй арга хэмжээ болох нь тодорхой.

Бид ч АСЕМ-ын сургаар өндөр хөгжилтэй орнуудын өлмийд сөгдөж, өр зээлээ тэглэхээс аваад элдэв хөрөнгө оруулалт ч гуйхаар зэхэж буй. Энэ хүрээнд АСЕМ-ын бэлтгэл ажил ч эрчимжиж, нийслэл хотынхоо өнгө төрхөд анхаарахаас аваад олон ажил өрнөж байна. Түүнчлэн, 11-дэх удаагийн АСЕМ-ын лого ч бэлэн болсон. 1996 оноос хойш зохиогдсон эл чуулга уулзалтын логонд ихэвчлэн Asia, Europe гэх үгний эхний үсэг дүрслэгдсэн байв. Гэхдээ зохион байгуулагч орнууд логоны загвар дизайнд үндэсний онцлогоо тусгасан нь ч бий. Жишээ нь, урд хөрш маань 2008 онд Бээжин хотноо зохион байгуулсан долоо дахь удаагийн АСЕМ-ын логонд цагаан хэрэмээ дүрсэлж, хятадын ард түмний бэлгэдэл болсон улаан өнгөөр тодотгосон удаатай. Анзаарч харвал үе үеийн АСЕМ-ын лого тухайн үндэстний онцлогийг шингээснээс гадна байгаль, экологийн сэдэвтэй байсан нь цөөнгүй. Тухайлбал устаж мөхөж буй амьтан ургамал, цөлжилтийн асуудлыг тодотгосон нь их. Манай улсын хувьд 11-дэх удаагийн АСЕМ-ын логог уламжлал болсон E, A үсгүүдийг агуулсан байдлаар шийдсэн. Ингэхдээ дээрх үсгүүдийг монгол гэрийн хэлбэр дүрсээр хүрээлсэн нь олны зүгээс багагүй шүүмжлэл сонссон. А, Е үсгүүдийн нийлэмж хятад ханз шиг, түүнийг нь монгол гэр дотор дүрсэлсэн нь өгүүлэмж, агуулгын хувьд нүдээ олоогүй гэхчлэн шүүмжлэх нь байв. Гэсэн ч лого тойрсон шүүмжлэл тэгсгээд намжсан.

11 дэх удаагийн АСЕМ-ын лого

Харин саяхнаас цахим ертөнцөд “АСЕМ-ын логог мазаалай баавгайгаар солье” гэх хүмүүс олширч тэр ч бүү хэл “Мазаалайг АСЕМ-ын лого болгох олон нийтийн санаачлага” гэх цахим хуудас ч үүсгээд авчээ. Нээгдээд удаагүй эл хуудас хэдхэн хоногийн дотор 4000 гаруй лайк цуглуулсан нь олон нийтийн дэмжлэг хэр байгааг илтгэж буй. Түүнчлэн, хуудас ажиллуулж буй хүмүүс ч мазаалай баавгайн дүрс зураг бүхий агуулгатай логоны уралдаан ч зарлаад амжив.

Логоны уралдаанд оролцогч Н.Дуулгын бүтээл. Тэрээр эл бүтээлээрээ мазаалайн амьдралыг элсэн цагаар төлөөлүүлэхийг зорьсон гэжээ.

Харамсалтай нь эрх баригчдын зүгээс энэ асуудлаар үг хэлсэн нь үгүй. Угтаа олимп, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уралдаанаас аваад олон улсын чанартай уулзалт зөвлөгөөн, хурал цуглааны логонд зохион байгуулагч орон нэн тэргүүнд тулгамдсан асуудлаа тусгадаг. Мөн үндэсний өв соёл, бэлгэдэл болсон ан амьтнаа дүрсэлдэг нь ч бий. Тухайлбал, 1980 оны Москва, Сиднейн  олимпын бэлгэдэл нь тухайн ард түмний дээдэлдэг хүрэн баавгай, имж зэрэг амьтад байв.
Анзаараад байхад дэлхий нийтээр аялал жуулчлалын салбараас ашиг олж, эдийн засгийнхаа багагүй хувийг бүрдүүлдэг болж. Эко эдийн засгийн эх үүсвэр хэмээгдэж буй аялал жуулчлалыг өндөр төвшинд хөгжүүлэхэд өөрсдийн гэсэн “брэнд”-тэй байх нь зүйн хэрэг. Тухайлбал, алдарт Эйфелийн цамхагийг үзэх хүсэлдээ хөтлөгдсөн долоон сая жуулчин жил бүр Франц орныг зорьдог. Өмнөд хөрш маань ч устаж мөхөхийн ирмэгт хүрээд байсан хулсны пандагаа үндэсний бэлгэдэл болгож, дэлхий дахинд таниулах тухайд анхаарч тэр хэрээр панда баавгайтай танилцахаар Хятад орныг зоригсод олширсон. Өдгөө 2000 гаруй тоо толгой болон үржээд буй пандаг сүүлийн 40 хүрэхгүй жил хиймлээр үржүүлж, тэр ч бүү хэл Дэлхийн зэрлэг ан амьтан хамгаалах сангийн бэлгэ тэмдэг (лого) болгоод авсан. Гэтэл зөвхөн Монголд байдаг говийн мазаалай баавгай маань дэлхий дахинд хэр танигдсан бол. 20 гаруйхан толгой мазаалайгаа хайрлан хамгаалах ажилд бид хэрхэн ханддаг билээ.

booster.com сайтаар худалдаалж буй футболк

Бид өөсдөө хамгаалж, өсгөн үржүүлж чаддаггүй юм гэхэд энэ асуудалд дэлхий дахины анхаарлыг хандуулах хэрэгтэй. Яг л АСЕМ-д анхаарч байгаа шигээ. Яагаад АСЕМ-ын логог аврал эрсэн мазаалай баавгайгаараа сольж болохгүй гэж. Саяхан бид тархан суурьшлаараа дэлхийд хоёрдугаарт ордог ирвэсийн өлгий нутаг Тост, Тосонбумбын нуруугаа тусгай хамгаалалтад авахуулж, 20 гаруй тооны ирвэсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадсан. Тиймдээ ч уул уурхайн балгаар устаж үгүйрэх аюулаас аварсан. Харин одоо мазаалай баавгайгаа аврах ажилд өөрсдөө төдийгүй дэлхий дахиныг татан оролцуулъя. Энэ ажил АСЕМ-ын логог мазаалай баавгайгаар солихоос эхлэх нь зөв болов уу.

Энэ асуудалд зөвхөн бид ч гэлтгүй эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй гадныхан ч нэгдээд буй. Тухайлбал, мазаалай баавгайг авран хамгаалах ажилд хөрөнгө босгохоор АНУ-ын иргэн Сара Эшбрүк хэмээх бүсгүй “booster.com” сайтад “Намайг хулсны баавгай байсан бол аврах байсан уу” гэсэн бичигтэй, мазаалай баавгайн зураг бүхий футболкийг худалдан борлуулж эхэлжээ. Тэрээр энэ тухайд “Би монголд очиж үзээгүй л дээ. Америк, Монгол хоёр хил, хэл соёл гээд олон зүйлээр ялгаатай ч бид нэг л гариг дээр амьдарч буйн хувьд байгаль экологийн асуудал хэн бүхэнд хамаатай. Мазаалай баавгайг хайрлан хамгаалж, улмаар тоо толгойг нь өсгөх ажилд чадах чинээгээрээ хувь нэмэр болохоор хөрөнгө мөнгө цуглуулж эхлээд байна. Идэш тэжээлийн цэг байгуулах, хүзүүвчлэхээс аваад маш олон ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм билээ. Миний зүгээс дэлхийд 20 гаруй үлдээд буй энэ амьтныг хулсны баавгай шиг аварч, хамгаалмаар байна” гэжээ.

Төгсгөлийн оронд

Мазаалай баавгайг хамгаалах ажилд 2014 онд 220 сая төгрөг төсөвлөсөн бол 2015 онд 290 болон өссөн байдаг. Ямартай ч жилээс жилд энэ тоо өсч байгаа ч идэш тэжээлийн цэг байгуулах, ганц нэгийг нь хүзүүвчлэн, идээшлэдэг нутаг орныг нь камержуулахаас хэтэрдэггүй. Зарим жилд төсөв нь танагдах нь ч бий. Магадгүй эдийн засаг хямарсан үед бүсээ чангалж, баавгай зэрэгт зарцуулах зардлаа танасан ч байх. Ер нь тэгээд мазаалай хамгаалах ажилд хангалттай хөрөнгө мөнгө төсөвлөж чадахгүй байгаа нь үнэн. Тиймдээ ч гадны байгаль хамгаалах сангуудаас буцалтгүй тусламж авах нь илүү үр дүнтэй болов уу.
Энд нэг жишээ дурдвал урд хөрш маань панданыхаа тоо толгойг өсгөх зорилгоор 1970 оноос эрчимтэй ажиллаж 1000 хүрэхгүй үлдээд байсан панда 2000 гаруй болон өсчээ. Ийм үр дүнд хүрсэн нь Хятадын засгийн газраас панданд их хэмжээний хөрөнгө зарцуулж, зөвхөн панданд зориулсан амьтны хүрээлэн бий болгосонтой холбоотой. Нэг панданд жилд дунджаар 500-600 мянган юань зарцуулдаг гэх тоо ч бий. Одоохондоо бид мазаалай баавгайгаа хамгаалах ажилд энэ дайны хөрөнгө зарж чадахгүй ч гадны хөрөнгө оруулалт татах боломж бий. Үүний тулд Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн анхаарлыг уул уурхайн хөрөнгө оруулалт гэхээс илүү устаж буй мазаалайдаа хандуулах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
ХЭРЭВ БИ ЗҮҮДЛЭЭГҮЙ БОЛ АСЕМ-ИЙН УУЛЗАЛТААР МОНГОЛЫН ТАЛД ГАРАХ ХАМГИЙН ТОМ ШИЙДВЭР БОЛ БАГА БУУРАЙ ОРНЫ АШИГТ МАЛТМАЛ ТҮҮХИЙ ЭДЭЭС ОЛСОН ОРЛОГО ЗААВАЛ ТУХАЙН ОРНЫ БАНКААР ДАМЖИНА ГЭСЭН ЗААЛТ ГЭЖ ДУУЛСАН. ТЭГВЭЛ МАНАЙ БАЯЛАГИЙН ҮР ШИМ БИДЭНД МЭДРЭГДЭЖ ХЯНАЛТТАЙ БОЛОХ, ВАЛЮТЫН ХОМСДОЛООС ГАРАХ ЗАМ НЭЭГДЭХ БАЙХ ГЭЖ БОДООД БИ, БИД МОНГОЛЧУУД БАЯРТАЙ БАЙГАА ШҮҮ. ЭМБЛЕМ НЬ МАЗААЛАЙ БОЛ БҮР ХӨӨРХӨН.
Мазаалайг аврахад зардал монго хэрэгтэй туунийг босгох боломж дэмжиж байна
ene yostoi zow shuu mazaalaigaa awrah horongo mongo oliildoo
100 % дэмжиж байна!!!!!
tsarai muutai geed tooxgui baixaa mongol xuneesee icheed baixad
зөв санаа байна шүү
Хамгийн их уншсан