Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мөнхчимэг: “Үдийн цай”-гаа зогсоосон

А.АКЭРКЭ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн 3г бүлгийн 14 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн болохоор дөрөв нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Ийнхүү хэвтэх болсон шалтгаан нь “Үдийн цай”-нд нь өгсөн “Хаан сүү” ХХК-ийн “Нэрсний шүүс”, “Алиман сар” компанийн хавчуургатай боовноос үүдэлтэй гэж буй ч чухам алинаас нь гэдгийг тогтоогоогүй байна. Ямартай ч холбогдох байгууллагууд нь ХӨСҮТ, НМХГ-аас хамтарсан баг ажиллаж дээрх хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон гэдгээс өөр дорвитой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Тиймээс тус сургуулийн захирал А.Мөнхчимэгтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.

-Танай сургуулийн хүүх­дүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Биеийн байдал нь сайн байгаа. Гэртээ эмчлүүлж байсан хүүхдүүд өнөөдрөөс /өчигдөр/ хичээлдээ суусан.

-“Хаан сүү”, “Алиман сар” компанитай хэзээнээс хамтарч ажиллав. Өмнө нь ийм асуудал гарч байв уу?
-“Алиман сар” компанитай хамтарч ажиллаад хоёр жил болж байна. Харин “Хаан сүү”-тэй энэ хичээлийн жилээс хамтарсан. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Гэхдээ чухам юунаас болж хүүхдүүдийн бие эвгүйцсэн бэ гэдэг эцсийн шийдвэр гараагүй байгаа шүү. Айхтар гүнзгий хордлогод орсон зүйл байхгүй. Хэдэн хүүхдийн гэдэс мушгиж, огисон. Ундаа нь жаахан иссэн байсан юм болов уу гэсэн бодолтой байгаа. Зарим хүүхдийн эцэг, эх эмчилгээ хийлгэе гээд хүүхдүүдээ хэвтүүлсэн шүү дээ. Бусад нь хэвийн хичээлдээ явж байна. Тийм сүртэй зүйл байхгүй.

-Дээрх хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоосон гэх мэдээлэл бий. Тэгэхээр танай сургууль “Үдийн цай” хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Бүтээгдэхүүн огт авахгүй байгаа. Уг нь, Мэргэжлийн хяналтын газраас та нар ингэх, тэгэх хэрэгтэй байна гэх зэргээр зааварчилгаа, чиглэл өгөх ёстой. Гэтэл аман мэдээлэл өгөөд байгаа юм. Тэгэхээр бид дараа нь буруудна. Та нар албан бичгээр өг гэдэг шаардлага тавьсан. Бид энэ компанитай хамтарч ажиллана гэж сонгодоггүй юм. Тушаал, шийдвэр, журамд нь бий. Тухайн компанийг сонгодог Орон тооны бус хяналтын зөвлөлд эцэг, эхийн төлөөлөл, бага ангийн багш, эмч, “Үдийн цай” түгээдэг хүмүүс ч орсон байдаг. Тэд хуралдаад энэ компани тийм байна, ийм бүтээгдэхүүн манай хүүхдүүдэд хэрэгтэй байна гэж шийдээд саналаа нэгтгээд шийддэг. Тэдний гаргасан санал дээр үндэслэн бид тухайн компанитай гэрээ хийдэг. Энэ зарчмаар дээрх хоёр компанитай хамтарч ажилласан. Өчигдөр, өнөөдөр хүүхдүүддээ “Үдийн цай” өгөөгүй.

-Мэргэжлийн хяналтын газрынхны амаар өгөөд байгаа зааварчилгаа нь юу юм бэ?
-Бид “Үдийн цай”-гаа яах вэ гэхээр та нар нэг компанийг сонго гээд байх юм. Тэгэхээр нь би та нарын үнэлэлт, дүгнэлттэй газартай, харилцана гэдгээ хэлсэн. Шийдвэрээ өгнө гэсэн хэрнээ амаар л хэлээд байна. Ямар ч албан бичиг ирэхгүй байна. “Үдийн цай” чинь уг нь их чухал. Ялангуяа манай сургуульд гэр хорооллын хүүхдүүд олон бий. Тэд өглөө хоосон гарч ирдэг. Тэр тусмаа өглөөний ээлжинд хичээллэдэг хүүхдүүд юу ч идэхгүй ирж байна. Сургууль дээрээ ирээд жаахан боов идээд, шүүс уудаг юм. Хаанаас юу авч өгөхөө мэдэхгүй байгаа болохоор “Үдийн цай”-гаа зогсоочихлоо. Заавар ирсний дараа үргэлжлүүлэн өгч эхлэх байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан