Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.АНХЦЭЦЭГ: ӨДӨР БҮРИЙН БЭЛТГЭЛ ДЭЭРЭЭ 15-18 ТОНН ТӨМӨР ӨРГӨДӨГ

Узбекстаны Ташкент хотноо болж байгаа хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж тивийн аваргын алтан медалийн эзэн болов.

М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг, нийлбэрээр 244 кг өргөж тивийн аваргаар тодорч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв. Ийнхүү М.Анхцэцэг Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадлаа.

Энэ жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг Тайванийн туйванчид хүртсэн байна. Мөн манай туйванчдаас ОУХМ Б.Энхтамир огцом өргөлтөөр 98, түлхэлттэй өргөлтөөр 116, нийлбэрээр 214 кг-ыг өргөж тавдугаар байр эзэлжээ.

Ази тивийн АШТ-ий нийлбэр багийн дүнгээр олимпийн эрх олгох бөгөөд эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрх авна. Тэмцээний сүүлийн өдөр багийн дүн гарч “Рио-2016”-г зорих баг тамирчид тодорно.

Манай эрэгтэй багийн 56 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэрээр 250 кг өргөж VIII байр, 62 кг-д ОУХМ Э.Мөнхдөл 259 кг-аар VIII байр, 62 кг-д Б.Баярням 222 кг XV байр, 69 кг-д СДМ Э.Оюунбат 235 кг-д XXI байр, 77 кг-д СМ Ч.Очирхуяг – 277 кг XVII байр 85 кг-д СДМ Б.Цэнд-Аюуш 265 кг, Б.Гантулга 245 кг-аар XVII, XVIII байрт тус тус шалгарчээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Золбоо 132 кг, ОУХМ Ч.Нямзул 122 кг-аар XIV байр, XVI байр, 53 кг-д ОУХМ А.Бум-Аюуш 151 кг XV байр, 63 кг-д ОУХМ Т.Анужин 194 кг- VIII байр, 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг 244 кг өргөж тэргүүн байр, ОУХМ Б.Энхтамир 214 кг –аар V байр эзэлсэн бол +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан өнөөдөр хүчээ сорин өрсөлдөнө.

Ингээд шинэхэн аварга М.Анхцэцгийн 2012 оны 5 сарын 1-нд манай ASSA сэтгүүлд өгч байсан ярилцлагыг хүргье. 15-хан настай байхдаа тэрээр "Энэ завшааныг ашиглаад намайг байнга дэмжиж байдаг МҮОХ, Монголын хүндийг өргөлтийн холбоо, “Ньютел” компанийн хамт олонд  баярлаж явдагаа илэрхийлье. Удахгүй та бүхнийхээ итгэлийг гялалзсан амжилтаараа хариулах болно. Надад итгээрэй." хэмээж байсан нь биелэлээ олж эхэлжээ. Үнэхээр түүнд итгээрэй тэр чадна

М.АНХЦЭЦЭГ: ӨДӨР БҮРИЙН БЭЛТГЭЛ ДЭЭРЭЭ 15-18 ТОНН ТӨМӨР ӨРГӨДӨГ


Өөөдөөс минь хараад намуухан дуугаар инээмсэглэн ярих  энэ охины биендээ ахадсан ухаалаг хэрсүүхэн яриа намайг зарим үед гайхшруулж байлаа. Тормолзсон алаг нүдтэй, хөөрхөн охиныг анх уулзсан хүн  төмөр өргөөд зогсож байдаг гэвэл бараг л итгэхгүй болов уу. 14-хөн настай энэ охины үе тэнгийнхэн өнөөдөр хүүхдийн паркаар зугаалж, зуслангийн зугаатай өдрүүдийн инээд хөөртөө  бялуурч яваа. Тэгвэл балчирхан насандаа  ОУХМ хэмээх эрхэм цолыг бярдаж авсан Монголын хүндийг өргөлтийн маргаашийн  гэрэлт од маань долоо хоногт ганцхан өдөр амраад бэлтгэлээ хийнэ гэж ярьж сууна. М.Анхцэцэг охиноор Монголчууд бахархан шуугих өдөр тун ч удахгүй ээ.



-Сайн байна уу, миний дүү.Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Юуны түрүүнд хөх тэнгэрт дүүлэн нисч яваа эрхэм хүмүүст зорьсон газраа амар амгалан, саадгүй хүрэхийн ерөөл өргөе. Намайг Мөнхжанцан  овогтой Анхцэцэг гэдэг. Хүндийг өргөлтийн залуучуудын шигшээ багийн тамирчин.

-Бэлтгэл  жигдэрч байна уу. Өчигдөрөөс ахицтай л биз дээ?
-Баярлалаа. Өчигдрийн амжилтаа өнөөдөр ахиулахгүй бол бэлтгэл үр дүнгүй болчихно. Зааланд орж ирэхдээ л “Өчигдөрийн өргөсөн маань хариугүй бага“ гэж бодож орж ирдэг. Надад  том мөрөөдөл, зорилго бий.

-Хүндийг өргөлтийн тамирчин охинтой уулзана гэхээр чамайг арай  л өөрөөр төсөөлж байлаа?
-Та намайг намхан пагдгар биетэй, бүдүүн охин байна гэж бодсон уу. Хүмүүс эхэндээ бүгд л тэгж боддог гэсэн, одоо би дасчихжээ.

-Миний дүүгийн биеийн өндөр хэд вэ. 12-15 нас бол эмэгтэй хүүхдийн бие бялдар ид урган төлждөг  нас л даа?
Биеийн өндөр 162 см, жин тогтмол 65 кг орчим байдаг юм. Сүүлийн хоёр жил буюу 12-тойгоосоо бараг 20-иод см өссөн байна лээ.

-Монголчуудын  дунд эмэгтэй хүүхэд багаасаа хүнд юм өргөвөл өсөлт нь зогсоод эв хавгүй бие бялдартай болчихно гэсэн ойлголт байдаг. Тэгээд өнөө муу хөвгүүд л ус, түлээнд “шогшдог” шүү дээ?
Тэгж ярьдгийг мэднэ л дээ. Би хүндийг өргөлтөөр тууштай хичээллээд гурван жил болж байна. Одоо долоо хоногийн зургаан өдөр нь гурван цаг эрчимжсэн бэлтгэл хийж байгаа.Нэг бэлтгэлийн үеэр 15-18 тонн штанг өргөдөг. Зарим хүмүүс намайг 14 настай гэхээр  итгэхгүй л байдаг юм. Манай багш, хамтран бэлтгэл хийдэг ОУХМ Н.Баярмаа эгч эд нар “Чи улам л өндөр болоод байна” гэдэг.

-Хүндийг өргөлтийн спортоор гурван жил хичээллээд өсвөрийн улсын рекорд амжилтыг 16 удаа шинэчлэн тогтоосон гэсэн. Багш чинь чамайг арай л яараад байгаа юм гэж байсан. Гаргасан амжилтандаа сэтгэл дундуур байгаа юм уу?
-Би энэ спортдоо хүсч, дурлаж орсон. Тэгээд ч спорт гэдэг залуу насны ажил байдаг. Ямар ч гэсэн би бүхнээ зориулж байгаад оргилд нь гарна. Хамгийн эхлээд 2014 онд Хятадын Нанжинд болох хүүхдийн олимпод түрүүлнэ. Тэгээд 2016, 2020 оны насанд хүрэгчдийн олимпийн их наадам байна даа.

-Чи үнэхээр өөртөө итгэлтэй юм аа. Бүр нэг бяр амтагдаад байна уу?
-Өнгөрсөн дөрвөн сард Хятадын Таньлин хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж тавдугаар байранд орохдоо өөртөө ямархуу нөөц боломж байгааг мэдсэн. Миний өмнө олимп, дэлхийн медальтнууд  байр эзэлцгээсэн л дээ. Залуучуудын ангилалд нь зургаан рекорд тогтоосон. Одоо би 14 настай надад боломж, хугацаа хангалттай байгаа.

-Энэ хугацаанд хэдэн удаа хилийн дээс алхсан бэ. Ямар амжилт гаргаж байснаа сонирхуулаач?
Анх 2010 онд Азийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотод  болоход оролцож спортын мастерийн болзол хангасан. Хамгийн сүүлд таван сард Тайландийн Конкая хотод болсон Эзэн хааны нэрэмжит тэмцээнд 65-кгд оролцож алт, мөнгөн медаль хүртэж, шилдэг тамирчнаар шалгарсан.

-Чиний жинд хэдэн тамирчин өрсөлдсөн бэ.Тайланд бол хүндийг өргөлтийн олимпийн аваргууд олонтой энэ спорт өндөр хөгжсөн орон шүү дээ?
-Хүндийг өргөлтийн спортод их ач холбогдол өгч, эзэн хаан нь өөрийнхөө нэрэмжит тэмцээн зохион байгуулж болж л өгвөл гадаадаас  олон тамирчин оролцуулахыг  хүсдэг гэсэн. Миний жинд Тайландийн 19 охин байсан. Би түлхэлттэй өргөлтөөр алт, огцомоор мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль авсан. Алт авсан охин Тайландад их нэртэй 11 жил энэ спортоор хичээллэсэн гэсэн. Би жаахан туршлага дутсан тал бий, гэхдээ хойшдоо тэр охин миний өрсөлдөгч биш.

-Тэмцээний дараа чиний талаар тэдний дасгалжуулагчид  магтан сайшааж, хамтарсан бэлтгэлд урьсан гэсэн?
Хамтарсан бэлтгэлд урьсан. Есдүгээр сард Тайландад Азийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно. Түүнээс өмнө хамтарсан бэлтгэл хийх байх. Тэнд би медалийн дээд тавцанд зогсоно. Тийм учраас энэ зун би амарч болохгүй.

-Хамтран бэлтгэл хийж байгаа ОУХМ Н.Баярмаа эгч чинь 20-иод жил  Монголын эмэгтэй хүндийг өргөлтийн нүүр царай болж яваа гайхалтай тамирчин. Чамд их сайн бололтой юм?
Миний  аав, ээж хоёр Дорнод аймгийн мото буудлагын 327-р ангид ажилладаг юм. Аав хошууч цолтой, ээж холбооны ахлагч. Гурван дүү минь тэнд байгаа. Миний ээж Баярмаа  эгчтэй насаар чацуу. Тийм болохоор яг л ээж шиг минь санагддаг. Бас Гансүх багш маань аавыг минь орлоод сууж байна.

-14-хөн настайдаа ОУХМ болсон гэхээр сонин санагдаад байх юм?
-Хятад руу Азийн аваргад явахаас өмнө Монголын хүүхдийн спортын дөрөвдүгээр наадамд жин өгсөж 69 кг-д ороод улсын найман рекорд тогтоож ОУХМ болсон.

-Хүндийг өргөлтийн спорт зардал өртөг өндөртэй. Ивээн тэтгэгч байгууллага байдаг уу?
-Шигшээ багаасаа цалин авдаг. Тэгээд эмээгийн тэтгэвэр байна, бас аав ээж хоёр минь бололцоогоороо мөнгө явуулдаг юм аа. Энэ завшааныг ашиглаад намайг байнга дэмжиж байдаг МҮОХ, Монголын хүндийг өргөлтийн холбоо, “Ньютел” компанийн хамт олонд  баярлаж явдагаа илэрхийлье. Удахгүй та бүхнийхээ итгэлийг гялалзсан амжилтаараа хариулах болно. Надад итгээрэй.

0 Сэтгэгдэл
Бид нэг баг. Амжилт анхаа
Амжилт хүсье! Чиний ирээдүй улам улам гэрэлтэх болтугай! гэж ерөөе дөө.
avraga bolnoo tun udahgui
sain ohin amjilt....
mundag yumaa
amjilt husie duudee
Oortoo itgeltei bai chi uneheer tom amjilt gargah ohin baina
beltgel amraltaa zohitsuulaarai AMJILT
Сайн байна !
magtach ch ugoldohgui bn
magtach ch ugoldohgui bn
magtach ch ugoldohgui bn
Хамгийн их уншсан