“Баялгийн хувь” ХК-нд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны газраас нэгжлэг хийх үедээ тусгай албаны ажилтнуудыг ашиглах журмыг зөрчснөөс олон нийтэд үл ойлголцол үүсч үймээн дэгдээхийн ирмэгт тулсан билээ. Манай компанийн зүгээс цагдаагийн ажилтнуудад анхнаасаа ямар ч эсэргүүцэл үзүүлэх сэдэл, оролдлого байгаагүй. Тийм ч учраас санхүүгийн тайлангууд болон хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн программ бүхий зөөврийн компьтерийг шаардсны дагуу хүлээлгэн өгсөн билээ.
Гэвч Эрүүгийн цагдаагийн газраас хурааж авсан эд зүйлсээ ангилан ялгаагүй, зохих үзлэгүүдийг хийж амжаагүй байгаа тухайгаа өмгөөлөгч Д.Пүрэвбаатарт 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж, өнөөдрийг хүртэл буцааж олгоогүй байна.
Ийм учраас компанийн санхүүгийн тайлангууд болон хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн программ бүхий зөөврийн компьютерийг буцаан олгох, мөн Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны газраас шалгалтын дүгнэлт гартал “Баялгийн хувь” ХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/8 албан тоот хүсэлтийн дагуу Компанийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг түр хойшлуулахаас аргагүйд хүрснийг мэдэгдье.
Дашрамд “Баялгийн хувь” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Эрүүгийн цагдаагийн газраас Шинэ төмөр зам, Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбортой холбогдуулан шалгаж буй хэргүүдэд ямар ч холбогдолгүй гэдгийг болон компанийн банкаар хийгдсэн гүйлгээнд эх сурвалж тодорхойгүй нэг ч гүйлгээ байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ямар ч банк, санхүүгийн байгууллага эх сурвалжгүйгээр, хэн нэг данс эзэмшигчгүйгээр мөнгөн гүйлгээ хийдэггүйг эрүүл ухаантай хэн боловч мэдэх байх хэмээн найдаж байна.