Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зах зээлд өнөөдөр 16 мянган орон сууцны илүү байна

Өнгөрсөн онд Барилга, хот байгуулалтын яам, зах зээл шинжээчид “2020 онд орон сууцны илүүдэл 16 мянгад хүрнэ” хэмээж байсан ч өдгөө эрэлт, нийлүүлэлт тэнгэр газар шиг болж, энэ оны эхний улирлын байдлаар зэх зээлдэх борлогдоогүй орон сууцны тоо 16 мянгад хүрчээ. Ийнхүү эрэлтээ давсан нийлүүлэлтээс болж барилгын салбар зогсонги байдалд орж, 16 мянган орон сууц “царцахад” хүрэв.

Эрэлт, нийлүүлэлт алсарсаар элгээрээ мөлхөхөд хүрээд буй барилгынханд банкууд ч байр сууриа илэрхийлж, “зээл олгохгүй” гэх хариу өгсөн. Барьсан байшин нь “царцаж”, банкны босгонд бүдэрсэн барилгачид ийм байдал удаан үргэлжилбэл 90 гаруй мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, дагаад барилгын материал, тавилга үйлдвэрлэлийн салбарт ч сөргөөр нөлөөлөхийг хэлж байна.

Илүүдэл үүсэх болсон шалтгааныг иргэдийн худалдан авах чадвар муу, банкны шалгуурт тэнцэх нь цөөн гэж тайлбарлах нь бий. Түүнчлэн, орон сууцны ам.метрийн үнэ ч ачаа болж байгаа гэж байна. Өдгөө байранд орох хүсэлтэй иргэдийн 70 гаруй хувь нь 1.8 сая хүртэлх төгрөгөөр орон сууц худалдан авах боломжтой ч зэх зээлд бэлэн байгаа 16 мянган орон сууцны 18 хувь нь л дээрх үнэтэй дүйж байгааг шинжээчид хэлж байна.Өнгөрсөн сард болсон “Барилгын салбарын эрхзүй ба зэх зээл” чуулганы үеэр орон сууцны дундаж үнэ 2.1 сая төгрөг байгааг салбарынхан дуулгасан. Мөн илүүдэл үүсэхэд нөлөөлж буй бас нэг шалтгаан нь иргэдийн дунд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болно гэх хүлээлт үүссэнтэй холбоотой аж. Нэг талаас хүлээлт үүсэхээс ч аргагүй юм. Өдгөө ипотекийн 8 хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаа бүхий зээлээр байранд орох боломжтой 21.8 мянган өрх байгаа ч банкны босго давах нь 10 мянгад ч хүрэхгүй байна.

Энэ мэт барилгын салбарт үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай БХБЯ, компани, аж ахуй нэгжүүд арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Бизнес эрхлэгчдийн хүсэлтээр болсон уг уулзалтад БХБЯ-нд болж барилгын компаниудын зүгээр эрэлтийг дэмжсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлийг салбарын яамнаас хүслээ. Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 5 хувийн зээлд хамрагдах боломжтой шинэ суурьшлын бүсийг яаралтай тогтоох, ингэхдээ борлогдоогүй байгаа орон сууцнаас түлхүү хамруулах тухай онцолж байв.

Энэ үеэр албаны хүмүүс байр суурийг сонирхлоо.

М.Болортуяа: 10 хувийн урьдчилгаатай зээл олгох гарц байгаа эсэхийг ярьж байна
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Барилга, банкны салбарт хэрэгжиж буй хууль, эрхзүйн орчны хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих ямар гарц, шийдэл байгааг тандлаа. Улмаар эрэлтийг дэмжих, борлогдоогүй барилгуудын 30 хувийн урьдчилгааг бүрдүүлэх чиглэлд санал нэгдлээ. Иргэдийн дунд ипотекийн зээл урьдчилгаа 10 хувь болно гэх хүлээлт үүссэн учир 20 хувийг нь барилгын компани мөнгөн хэлбэрээр байршуулж, түүний дараа банк 90 хувийн зээл олгох гарц байгаа эсэхийг ярилцлаа. Харамсалтай нь манайд мөрдөгдөж буй ипотекийн зээлийн ерөнхий журамд энэ асуудал нийцэхгүй байна. Цаашид журамдаа энэ талаар хэрхэн тусгаж боломжтойг Засгийн газартай ярина.

Ж.Үнэнбат: 10 хувийн урьдчилгаатай зээл олгох боломжгүй
Банкуудын холбооны гүйцэтгэх захирал


Өнөөдөртөө 10 хувийн урьдчилгаа төлөөд банкнаас зээл олгох боломжгүй. Энэ бол тухайн банкны өөрийнх нь эх үүсвэрээс шалтгаалах зээл. Монголын ипотекийн корпораци ч 30 хувиар төлөхийг шаарддаг. Арилжааны банкуудын хувьд хадгаламж эзэмшигчийн 15 хувиас дээш хүүтэй зээл олгох боломжтой бөгөөд дүрэм журмынхаа дагуу явах ёстой.

Г.Батсүх: Шинэ суурьшлын бүсүүдийг яаралтай, нарийн тогтоож өгөх хэрэгтэй байна
“Барилга эм эн” ХХК компанийн удирдах зөвлөлийн дарга

Одоо барилга угсралтын ажил бараг зогсонги байдалд байна. Иргэдийн худалдан авах чадварч муу байна. Жил гаруйн өмнөөс яригдаж эхэлсэн орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох яриаг иргэд дунд хүлээсээр байна. Энэ нь нэг талаас борлуулалт буурах, илүүдэл үүсэхэд нөлөөлсөн. Түүнчлэн, ипотекийн зээлийн хүү 5 хувьд шилсэнтэй холбоотой шинэ суурьшлын бүсүүдийг яаралтай, нарийн тогтоож өгөх хэрэгтэй байна. Ингэснээр дээр дурдсан илүүдэл орон сууцнаас бага ч болов танагдах, хасагдах болов уу гэж харж байна.

0 Сэтгэгдэл
чанаргүй муу барилгууд иргэдийг их хохироож бгаа.
Ашгүй ашгүй! Ямарч үнэгүй болтлоо тэгээд сарзайж л байг, бурхан минь!
Хамгийн их уншсан