Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнээ сургаж, малынхаа үүлдэр угсааг сайжруулахыг зах зээл шаардсаар байна

Н.БАТ

Монгол Улсын 52 сая малын 1,3 сая нь үнээ. Тиймээс нэг хүнд жилдээ 258 литр сүү ногддог гэдгийг та мэдэх үү. Өөрөөр хэлбэл 0,7 литр сүү өдөр бүр та уух боломжтой гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 765 сая литр сүү 1,3 сая үнээнээсээ саадаг гэж тооцож болох нь. Гэтэл бид өнгөрсөн жил гэхэд 14,4 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн импортлосон гэнэ. Үнэндээ Монголын нийт хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ дунджаар 459,8 сая литр байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагын тооцооллоос харлаа. Тэгэхээр бид хэрэгцээнээсээ давсан сүү дотооддоо үйлдвэрлэдэг мөртлөө импортоос татгалза­хыг хүсэхгүй байгаа юм. Улсад өнөөдөр өдөртөө 230 мянга гаруй литр сүү боловсруулах хүчин чадалтай 100 гаруй үйлдвэр, цех ажиллаж байгаагаас Улаанбаатарт 40 гаруй нь бий. Гэхдээ үүнээс ердөө 20 хувь нь жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүчин чадлынхаа 40 хүртэлх хувийг ашигладаг гэсэн судалгаа гарчээ.

Одоогоор Засгийн газраас Голомт банкаар дамжуулан сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цогц байдлаар нэмэгдүүлэхээр 39 төсөлд 28,2 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг мэдээ бий.  Дээрх төслийн 22 нь эрчимжсэн мал ахуйнх. Манай улсын хувьд эрчимжсэн мал аж ахуй буюу фермерийн аж ахуй олон улсын стандартад хүрч хөгжих боломж бол хязгаарлагдмал байгаа юм. Учир нь, малчид уламжлалт аргаар үнээгээ сааж, бэлчээрийн өвсөөр тэжээж, хэдэн литр сүүгээ үйлдвэрлэгчдэд гэрээгээр нийлүүлсээр... Сүүгээ борлуулж олсон хэдэн төгрөгөөрөө амьжиргаагаа залгуулах төдий хэвээр  байна.

Миний танилцсан Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн малчин Д.Гэмбил гуай 20 гаруй жил “Сүү” компанид бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Тэднийх 20 шаоуй Алтай үүлдрийн хар тарлан үнээтэй. Зундаа өдөрт 200 литр, жилдээ 40 гаруй тонныг өвөлдөө өдөрт 60-120 литр, жилдээ 10 гаруй тонн сүү “Сүү” компанид нийлүүлдэг гэнэ. Дунджаар өвөлд литр сүү 800-900 төгрөг байдаг бол зундаа 300 гаруй төгрөг болдог. Хүүхдүүд нь түүнд дэм болдог бөгөөд амьжиргаандаа бол сайхан хүрнэ ээ хэмээн Гэмбил гуай хэдэн үнээгээ магтсан. Үйлдвэрээс долоо хоногт 2-3 удаа дээж авч шалгадаг бөгөөд манай сүүний тослог дунджаар 0,3 хувьтай л байгаа. Сайн юм шиг байна билээ, үйлдвэрээс гомдол гаргадаггүй юм хэмээн түүнийг ярихад үнээнийхээ үүлдэр угсааг сайжруулах, сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд та ямар  ажил хийж байна вэ гэж лавлавал “ Энэ жил Сүү компанийн бухыг авч, үнээгээ хээлтүүлсэн. 20 гаруй жил сүү нийлүүллээ. Гэхдээ цаашдаа эдэнтэйгээ хамтраад орчин үеийн фермерийн аж ахуйтай болчихвол тээ хүүхээ. Бидэнд зээл тусламж өгөөд бага зэрэг дэм болох боломж нь байдаг юм болов уу” хэмээн надаас асуув. Үнэхээр түүний хэлснээр хэрвээ цаашдаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл маань эдийн засгийн нэг багана нь болсоор байх юм бол үнээнийхээ үүлдэр угсааг сайжруулах, сүүнийхээ гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага Монгол “фермерүүд”-д тулгарна. Гэхдээ эхлээд жинхэнэ фермерийн аж ахуйтай болох ёстой байх л даа.

Өчигдөр болсон “Сүү үйлдвэрлэл-тогтвортой хөгжил” чуулга уулзалтын үеэр эдгээр асуудлын мөн хөндсөн юм. Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн Хяналтын газар, Олон улсын болон төрийн бус байгууллагууд, мөн сүү үйлдвэрлэлийн сүлжээнд ажиллагсад гээд 150 орчим хүн чуулганд оролцож санал бодлоо хуваалцсан юм.


О.Амарцэнгэл: Израильд нэг үнээнээс 30-40 литр сүү сааж байхад манайхан дунджаар 8 литр сүү саадаг

Энэ үеэр  Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэлтэй уулзлаа.

-Одоогоор танай холбоонд хэчнээн фермер бүртгэлтэй байдаг юм бэ. Фермер гэдгийг ямар шалгуураар тодорхойлж байна вэ?
-Манай холбоо нарийн тогтсон хатуу гишүүнчлэлгүй. 2004 онд нэг чуулга уулзалт зохион байгуулахад 50 гаруй бүсийг төлөөлж 800 гаруй фермер цуглаж байсан. Сүүний эрчимжсэн аж ахуй буюу сүүний фермер гэдгийг ганцхан шалгуураар тодорхойлж байгаа юм. Хүйтний улиралд үнээгээ саагаад сүүгээ борлуулж байвал эрчимжсэн мал аж ахуй буюу сүүний фермер гэж тодорхойлж байгаа юм. Түүнээс олон улсын стандартад нийцсэн фермерийн тодорхойлолт энэ тэр гэвэл бүтэхгүй л дээ. Нарийн ярихын бол манайд олон улсын төвшинд хөгжсөн фермер байтугай фермерийн аж ахуй ч ховор.

-Бидний фермер гэж тодорхойлоод байгаа малчид маань үнээнийхээ ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд хамтарч ажиллаж чадаж байна уу?
-Тийм боломж бага л даа. Үнээний ашиг шимийн асуудал өнөөдрийн нийгэмд зүй ёсоор тавигдана. Манайд сүүлийн хоёр гурван жилд л өндөр ашиг шимтэй үнээ импортоор оруулж ирсэн. Европоос голцуу. Энэ үнээгээ эс тооцвол бидэнд социализмын үеийн том аж ахуйгаас үлдсэн эрлийз голдуу үнээ байна. Дунджаар өдөрт 6-8 литр сүү өгдөг. Жилд энэ нь 1800-2000 тонн гэсэн үг. Гэтэл дэлхийд сүүний гарцаараа тэргүүлж байгаа Израйлийн үнээний сүүний ганц нь жилийн 12000 тонн байна. Энэ өдөрт нэг үнээнээс 35-40 литр сүү саадаг гэсэн үг.

-Мэдээж үнээнийхээ сүүний гарцыг нэмэгдүүлэхсэн гэх хүсэл фермер бүрт л байгаа. Гэвч  дангаараа хийчих ажил биш.Ер нь өдөрт хэдэн литр сүү өгдөг үнээ байвал эдийн засгийн хувьд ашигтай байх тооцоо гардаг юм бэ?
-Санал нэг байна. Бидний хийсэн тооцоогоор нэг үнээнээс гарах сүүний гарц өдөрт 22 литрээс дээш байвал Монголд сүүний фермийн аж ахуй эдийн засгийн нэлээн үр өгөөжтэй ажиллахаас гадна үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг нь хуурай сүүний үнэтэй өрсөлдөхүйц хэмжээнд очино. Энэ ажлыг фермер маань бие даагаад хийх ямар ч боломжгүй. Тэгэхээр 22 литр сүү  өгдөг үнээтэй болчихвол гээд яриад байгаа ч ганцхан үнээ оруулж ирснээр асуудал шийдэгдчихгүй. Үүлдэр сайтай үнээндээ үйлчилдэг бүхэл бүтэн тогтолцоогоо бий болгох хэрэгтэй. Мал эмнэлэг үржил, хүнс тэжээл, арчилгаа маллагааны технологи гээд. Манай холбооны зүгээс шийдэх арга зам бий гэж үзээд хэд хэдэн төсөл бэлэн болгочихоод санхүүжилт хайгаад л байна. Бидний ажлын гол цөм нь европ технологийг Монголд импортлох. Үнээгээ яаж тэжээж, хэрхэн арчлах арга зүйгээс гадна техник төхөөрөмж гэж бас бий. Мөн үнээгээ ямар тэжээлээр тэжээх вэ, хаана яаж үүнийгээ хийх вэ гэх зэрэг олон асуудлыг шийдчихээд 22 литрээс дээш сүү өгдөг үнээгээ импортоор авна биз дээ. Ийм цогц асуудлыг шийдэхийн тулд дэс дараатай ажиллах ёстой. Багаар бодоход 2 тэрбум төгрөг хэрэгтэй. Фермерүүд маань 4-5 жилдээ бодоход 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих ч үлдсэн мөнгийг олж чадахгүй. Дутуу хөрөнгө оруулалт хийхээр дутуу л ажил хийгдэнэ. Хэрвээ шаардлагатай тогтолцоог бий болгочихвол таван жилийн дотор Дорж гуайн үнээнүүдийг тийм үнээгээр сольчих боломж байна.

-Хоёр тэрбум гэдэг чинь тийм ч өндөр тоо биш санагдах юм?
-Өсгөвөл 20 тэрбум, 2000 тэрбум төгрөг гээд явж өгнө л дөө.

-Таван жилийн дотор хэтэрхий ойр сонсогдож байна л даа. Гэтэл дорвитой лаборатор ч ховор байгаа юм биш үү?
-Тогтолцоог бүрдүүлэхэд гараан дээрээ жил л шаардлагатай. Техник технологи хөрөнгө оруулалтын л асуудал. Цаана нь ноу хау бэлэн байгаа шүү дээ. Бид явуулын маш сайн мал эмнэлэг байгуулах ёстой. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд мал эмнэлэгт хоёр ширхэг л эхо байдаг гэж би сонссон. Гэтэл өнөөдөр арван сая төгрөгийн үнээтэй хүн хээлтүүлэх бүртээ эхогоор хяналт тавьж байх хэрэгтэй. Үржлийн системтэй байх ёстой. Бас хүчит тэжээл буюу сүүний гарцыг нэмэгдүүлдэг тэжээлийг Монголдоо үйлдвэрлэх ёстой.Тэр тэжээлийг үйлдвэрлэхдээ үргэлж өгдөг өвс тэжээлтэйгээ уялдуулах ёстой. Энэ бүх арга техник байна. Боломж байна. Бодлого л хэрэгтэй.

-Яамыг л хараад байна гэсэн үг үү?
-Тиймээ, засгаас энэ ажлыг түргэтгэх тал дээр түлхэц өгөх хэрэгтэй байна. Хэдийгээр удаан ч гэсэн хөгжиж байгаа. Харамсалтай нь нэгдсэн нэг бодлого дор эрчимжсэн мал аж ахуй руу хандсан бүх арга хэмжээг захирч явуулах ёстой. Тухайлбал, ирэх сараас сүү сүүн бүтээгдэхүүний татварыг нэмлээ. Гэтэл хуурай сүүний импортын татварыг нэмсэнгүй, орхичихож. Яагаад яг өнөөдөр нэмэх ёстой гээд байна вэ гэхээр хуурай сүүний импорт багасахаар дотоодын фермерүүд хөгжих сэдэл нь гарч ирнэ. Өнөөдөр олон улсын зах зээл дээр хуурай сүүний үнэ хамгийн бага төвшинд байна. Өөрийн өртөг нь 800 байгаа сүү маань хуурай сүүгээр хийсэн 500 төгрөгийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх гэхээр үнэхээр хүнд. Фермерүүд маань тэгэхээр бор зүрхээрээ л зүтгээд байгаа.

-Фермерүүд гэхээр манай нөхцөлд бол зөвхөн сүү нийлүүлэгчид. Түүхий эдээ бүтээгдэхүүн болгох боломж жишээ нь та нарт хэр байдаг юм бэ?
- Эдийн засгийн үр ашиг талаасаа бол фермийн сүү өртөг өндөртэй гардаг. Бэлчээрийн малын сүүтэй харьцуулахад шүү дээ. Тэгэхээр өртөг өндөртэй сүүгээ сайн боловсруулаад хүн амын хэрэгцээг хангах, зах зээлд өндөр үнэд хүрэх бүтээгдэхүүн болгож борлуулах нь хамаагүй ашигтай. Шинэ сэргэгээр буюу жинхэнэ экогоороо хүнд хүрэхэд зориулж хийдэг ундны сүү, тараг, зөөхий гурван бүтээгдэхүүн байдаг. Фермийн сүүг энэ гурван бүтээгдэхүүнд ашиглах нь илүү ач холбогдолтой. Түүнээс өөрийн өртөг нь литр нь 900 төгрөг хүрч байгаа сүүгээр ааруул хийгээд зах дээр зарна гэж байхгүй. Бэлчээрийн малын сүүгээр хийсэн ааруулыг өнөөдөр 8000 төгрөгөөр зарж байгаа биз дээ. Тэгэхээр фермийн сүүг өвөл саадаг, төвдөө ойрхон зэрэг давуу талыг нь ашиглаад шинэхэн натурал бүтээгдэхүүн хийхэд л ашиглах нь зохистой.

-Малын үүлдэр угсааг сайжруулахаас гадна фермерүүд маань өөрсдөө нэлээн боловсрох шаардлага бас зүй ёсоор тулгарч байна?
-Тэрийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэвч яг хөдлөх гэхээр хамтарч ажиллах процессыг эхлүүлэх гарааны санхүүгийн механизм хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагуудын хөгжил ямар байна гэж та боддог вэ. Та бүхэн хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?
-Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны  байгууллага бусдыгаа бодвол харьцангуй хөгжил сайтай нь. Гэхдээ л амьдралтай уялдах тал дээр их хол байгаа шүү.

-Мал эмнэлгийн хувьд нааштай зүйл ажиглагдаж байна уу?
-Орон нутгийнхаа мал эмнэлэгт ханддаг. Үнэндээ малын эмч муу гээд байгаа юм биш шүү. Гэхдээ өнөөдөр манай мал эмнэлгийн тогтолцоо тэр чигтээ салбайгаад уначихсан. Хатуухан хэлэхэд гарал үүслийн гэрчилгээ гаргаж, хэдэн төгрөг олдог хүмүүс л байна.  Үнээнд вакцин хийхдээ тугалыг нь амьгүй болгочихдог нөхөр ч байна. Муу санасандаа биш ур чадваргүй дээ учир байна. Тэр хүний бэлтгэсэн сургалт нь үнэхээр муу байгаа юм.

0 Сэтгэгдэл
тай, 100% Баталгаат, хэрэглэгчид хамгийн их аюулгүй байдлыг хангана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу: (MAGRETJAMES321@GMAIL.COM). И-мэйл хаяг: (MAGRETJAMES321@GMAIL.COM) Ноён Magret James MD / Гүйцэтгэх захир*****
Хамгийн их уншсан