Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэдний мөрөөдөл “ийм”л энгийн

Э.ГАНЦЭЦЭГ

Өнгөрсөн жилийн “Үндэс­ний өгөх өдөр”-өөр тархины саажилттай хүүхдүүдийн “Энэ бол Би” үзэсгэлэнгээс сурвалжлага бэлтгэн, тэдэнтэй ойр танилцах боломж тохиож билээ. Тэр үеэс эдгээр хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар тус хүргэх юмсан гэсэн итгэл, сэтгэл өвөрлөн өдийг хүрэв. Бодож, санасаар яваа ч эхлээд тархины саажилттай хүмүүст бидний дэм яагаад тийм чухал хэрэгтэй байдгийг уншигчидтайгаа хуваалцахыг хүслээ.  “Таны инээмсэглэл” төвийн захирал Э.Болорчулуунтай холбогдон, сэргээн засах эмчилгээний тус төвөөр зочлохоор болов.

Төвийн үүдээр ормогц, инээмсэглэсэн хүмүүс, халуун дулаан уур амьсгал угтан, танилынхаа гэрт зочилж буй мэт сэтгэгдэл төрөв. Тэдний үйлчлүүлэгч бололтой ахимаг насны эр хувцсаа солингоо бусдыгаа хөгжөөн, хошигнох нь орчинтойгоо танилцах гэж нааш, цааш хөлхөх миний хараанд өртөв. Тус төвийнхөн ч түүнийг  манай төвийн “хамгийн яриа” нь гэж танилцуулсан юм. “Хамгийн яриа” М.Мөнхтогтох ах. Өнгөрсөн оны есдүгээр сард тал цус харважээ. “Хүн чинь цагаа тулж, аминдаа хүрэхээр сайн гэсэн болгоныг хайдаг юм билээ. Эрж, хайн, судалсны эцэст энэ төвийг олсон юм. Харвалтын дараа олон ч эмнэлгээр явсан. Эднийх шиг сэтгэлд нийцсэн газар байгаагүй. Уг нь улсын бүх эмнэлэгт хөдөлгөөн заслын кабинет бий. Гэхдээ эмч, мэргэжилтнүүд нь цалин авахын тулд л ажилладаг юм шиг санагддаг. Эднийх шиг хүн бүртэй тулж ажилладаггүй. Тэгээд ч би чинь илүү дутуу үг их хэлдэг хүн. Та нар тэгээч, ингээч гээд л бурууддаг” гэв. Та тулж ажиллана гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу гэхэд “Нэг хүнтэй нэг л хөдөлгөөн засалч ажилладаг. 100 айлд байрладаг “Хөдөлгөөн заслын үндэсний төв” ямар гоё төхөөрөмжтэй гээч. Бараг л хүнийг босгоод ирмээр. Харамсалтай нь, хөдөлгөөн засалчид нь үнэхээр сэтгэлгүй. Тэр, энэ төхөөрөмж дээр суу гээд л боллоо.  Харах тоолонд фэйсбүүк ухаад л  сууж байдаг” хэмээн гомдоллонгуй хэлэв. Түүний биеийн зүүн тал цус харвалтын дараа саажиж, гараа атгаж, тэнийлгэх, өргөх, алхах, гишгэхэд хэцүү болжээ. Тэрээр харвалт өгснөөс хоёр сарын дараа “Таны инээмсэглэл” төвд хандсан гэнэ. Тус төвийн босгоор орж ирэхдээ ярьж, хоол идэж, босч, явж чадахгүй тэргэнцэр дээр суудаг байсан тэрээр өдгөө таяг тулаад өөрөө явдаг болжээ. “Үүнийг зарна шүү” хэмээн таягаа заан хошигнох нь бие даан босч явна гэсэн их итгэл, сэтгэл өвөртөлж буйг нь илэрхийлэх шиг.  Түүний зорилго хөл дээрээ босч гэр бүл, “Таны инээмсэглэл” төвийнхнөө баярлуулах. Тэрээр эмчилгээндээ орохоор ирж, хувцсаа солингоо бидэнтэй хөөрөлдсөн нь энэ. М.Мөнхтогтох ах гутлаа пүүзээр сольж өмсөн, баруун талынхаа үдээсийг түвэггүй үдэв. Зүүн талынхаа үдээсийг үдэхэд бага зэрэг хүндрэлтэй түүртэхийг хараад үдэж өглөө. Эндээс л тэдний бэрхшээл эхэлдэг байхдаа гэж бодон зогстол тус төвийн захирал Э.Болорчулуун эмчилгээгээ дуусгаад дээд давхраас бууж ирэв.  Түүнтэй уулзан, эмчилгээний өрөө болоод үйлчлүүлэгчидтэй танилцахаар болов. Биднийг очиход нэлээд олон үйлчлүүлэгч байсан юм. Тэдний нэг бол Т.Урантөгс. Тэрээр тус төвд 2014 оны наймдугаар сард дөрвөн мөч саажсан оноштой ирж, өдгөө түүний их бие, гар, түнхний булчин сэргэж, булчингийн хүч нь сайжирчээ.

Түүгээр зогсохгүй хөл дээрээ тасралтгүй хоёр цаг зогсч, хөлөө зөөж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэ бүх амжилтад хүрэхийн тулд нэг жил гаруй хугацаа зарцуулж, 180 удаагийн сэргээн засах эмчилгээ хийлгэжээ. Үүний дээр  босно, чадна гэсэн итгэл, сэтгэлээр зүтгэсээр ирсэн аж. Үүнийг ч баталж тус төвийн захирал Э.Болорчулуун “Тархины саажилт гэлтгүй аливаа өвчнөөр шаналан хэвтэж буй хүн босно, хөл дээрээ зогсоно, чадна гэсэн сэтгэл өөрөөс нь гарахгүй л бол гэр бүл, ойр дотныхон нь мянга тэр хүний төлөө гүйгээд ч хэрэггүй. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ” хэмээн Т.Урантөгс бүсгүйгээс сэтгэлийн их хүч, зориг гарч байгааг ойлгуулах шиг болсон.

Т.Урантөгстэй ижил оноштой тэдний бяцхан үйлчлүүлэгчдийн нэг бол О.Насан-Очир хүү. Хүү дөрвөн настай. Хүчилтөрөгчийн дутагдлын улмаас тархины эмгэгтэй болж, дөрвөн мөч нь саажиж. Тус төвийн босгоор эгчдээ тэврүүлэн, ээжтэйгээ ирж байсан цочимтгой, аймхай, бишүүрхүү хүү өнөөдөр зогсдог, алхдаг, дугуй жийдэг болсон тухай  эмч Б.Долгорсүрэн хэлэв. Эмч, ажилчид үйлчлүүлэгчидтэйгээ ах, эгч, дүү, охин, хүү, найз шиг л хандах юм. Тэд ярилцаж, тоглож, инээлдэнэ. Гэр бүлийнхэн мэт нэг нэгнийнхээ талаар амьдрал, ар гэрийн сайн мэднэ. Хөлөндөө урт савхан мод чиг бариулан боолгоод, чадахаараа удаан хугацаанд зогсох гэж хичээх бяцхан жаалуудыг уйдаахгүйн тулд тус төвийн ажилчин Равдандорж буюу Аагий хүүхдүүдтэй оньсого таалцаж, тэднийг урамшуулна.

Э.Болорчулуун захиралтай ярилцаж суух зуур тус төвийн бяцхан үйлчлүүлэгчдийн нэг Төгсөө хөдөлгөөнт дасгалаа хөдөлгөөн засалчийн хамт хийж дуусгаад төхөөрөмжтэй дасгал руугаа шилжлээ. Хүү булчингийн чангаралттай, хөлийн арын шөрмөс нь сунгалт муу учир шөрмөс сунгах, булчин суллах үүднээс  20 минут дугуй жийх ёстой гэнэ. Хүү хөлийнхөө өсгий бус өлмий дээр гишгэдэг учраас хүүг бүтэн гишгүүлж сургахын тулд хөлийг нь дугуйны гишгүүртэй боож бэхэлжээ. Төгсөө өнгөрсөн жил эмчилгээ хийлгэж  байгаад хэсэг завсарлаж, саяхнаас ахин ирэх болж. Хүү “Төгсөө 10 настай” гэв. Дугуй жийх дасгалаа дуусгаад тэр хоёр сунгалтын дасгалаа хийнэ.

Тус төвөөр өдөрт 16-18 хүн тогтмол үйлчлүүлдэг. Нийт хэчнээн хүн үйлчлүүлдэг талаар нарийн тоо хэлэх боломжгүй. Учир нь, 20 удаагийн буюу хорь хоногийн нийт 60 цагийн эмчилгээ нэг курс болдог.  Үүний дараа тухайн үйлчлүүлэгч 14 хүртэлх хоног амрах шаардлагатай. Төлбөр мөнгөө төлөөд эмчилгээгээ үргэлжлүүлдэг нэгэн байхад эдийн засгийн боломжгүйн улмаас үргэлжлүүлж чадахгүй нь ч бий. Төвийн эмчилгээний үнэ хөлсийг сурахыг хүссэнгүй. Учир нь, мөн­гөөр хэмжиж болдоггүй олон зүйл бий. Тус төвийнхний итгэл, сэтгэл, зүтгэлийг мөнгөөр үнэлэхийг хүсээгүй хэрэг.

Нэг үйлчлүүлэгч өдөрт гурван цагийн гурван төрлийн эмчилгээнд хамрагддаг гэнэ. Эхнийх нь цахилгаан эмчилгээ. Энэ нь чангарсан булчинг суллаж өгөх ёстой. М.Мөнхтогтох ах зүүн гарынхаа булчинд электрод зүүж(энэ нь цахилгаан эмчилгээ), мөрний үеийн далайцыг нэмэгдүүлэхийн тулд дүүжлүүртэй дасгал хийж байв. Энэ дасгалаа тэрээр 24 минут хийнэ. Үүний дараа тэд зам дээр явах дасгалаа хийнэ. Уг нь тэрээр алхаж сурч. Гэвч буруу сурсан учраас бүхнийг дахин шинээр эхэлж, алхаж сурч байгаа нь энэ гэнэ. “Буруу яваад сурчихвал хүн амьтан шоолно шүү дээ” гээд Мөнхтогтох ах инээв. 

Тэдний гурван цагийн турш хийдэг гурван төрлийн дасгалын нэг нь хөдөлгөөнт дасгал. Энэхүү дасгалыг үйлчлүүлэгчид эмч болон хөдөлгөөн засалчийн тусламжтай хийж гүйцэтгэдэг. Ингэж булчин, шөрмөсөө сулласны дараа хамгийн сүүлд төхөөрөмжтэй дасгал хийнэ. Хөнгөнөөс хүнд гэсэн зарчмаар дасгалаас дасгалд шилждэг байна. Учир нь, цус харвасан хүн шууд хүнд дасгал хийж болдоггүй. Илүү хүндэрч болзошгүй учраас тэр гэнэ.

“Таны инээмсэглэл” төвд дан ганц тархины саажилттай бус цус харвасан, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс ч ирдэг байна. Цус харвалт хүний биеийг босоо тэнхлэгийн дагуу хувааж, биеийн аль нэг талын мэдрэлд нөлөөлдөг бол нуруу нугасны гэмтэл эсрэгээрээ хүний биеийг хөндлөн хувааж, бүтэн бие, ихэнхдээ биеийн доод хэсгийн мэдрэлийг гэмтээдэг. Нуруу нугасны гэмтлийн улмаас биеийнх нь доод хэсэг саажсан Соёлоо бүсгүй нөхрийн хамт зогсох дасгал хийж байхтай бид таарлаа. Түүний хөлд ачаалал өгөх үүднээс хүндрүүлэгч уяж, хөлийг нь нугалахгүйн тулд зориулалтын өмсгөл өмсүүлжээ. Тэрээр хоёр хөл дээрээ ингээд өөрийн чадах хугацаагаар зогсох ёстой. Соёлоо урд өдөр нь хоёр цаг зогссон бол харин өнөөдөр нэг цаг зогсов. Түүнээс ямар их тэвчээр хичээл зүтгэл гарч байгааг биеийн бүх л жин, ачааллаа тохож, цаг гаруй биеэ түшиж зогссондоо чилэн чичирч гараас нь бэлэхнээ харж болохоор.

Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүд их ирдэг тухай Э.Болорчулуун захирал хэлсэн юм. Тархины саажилт хүний дөрвөн мөчний булчин чангарснаар илэрдэг аж. Мөн биеийн доод, дээд хэсэг хэсэгчлэн саажих тохиолдол ч байдаг гэнэ. Биднийг очиход биеийнх нь доод хэсэг саажсан хоёр ч охин, бас нэгэн хүү байв. Дээр дурдсан 10 настай Төгсөө хүүгийн доод бие тархины саажилтын улмаас саажсан. Тиймээс хүү алхаж, тэр бүү хэл хоёр хөл дээрээ зогсч, гишгэж чаддаггүй байсан ч биднийг очиход хүү алхаж үзүүлэв. Яг л хөлд орж байгаа хүүхэд шиг тэнтэр, тунтар алхана. Мөн хөлийнхөө өлмий дээр явна. Тиймээс Төгсөө хөлийнхөө өсгий дээр алхаж сурахаар хичээж байгаа гэсэн. Түүнтэй ижил шалтгаантай Мөнх-Ану охин хөдөлгөөн засалч Булгаагийн хамт мөн л дасгалуудаа хийнэ. Охины хоёр хөлд савхан мод түшүүлэн боож, унахаас сэргийлэн түшлэг бариулан зогсоожээ. Тархины саажилтын улмаас доод биеийн саажилттай болсон бас нэгэн бяцхан охин бол найман настай Мишээл. Мишээл гурван цагийн турш эмчилгээндээ орж, дасгалаа хийж дуусгаад эмчийн үзлэгт орлоо. Өнөөдөр (өчигдөр) 20 хоногийн курс эмчилгээгээ дуусгаж, ямар амжилтад хүрч, хэрхэн ахиц гарснаа мэдэх гэж буй нь энэ. Эмч Б.Долгорсүрэн ”20 удаагийн эмчилгээний дараа эхний үзүүлэлттэйгээ харьцуулж хэмжилт хийдэг. Анх хэмжихэд хөдөлгөөний далайц, булчингийн ажиллагаа ямар байсныг тоон үзүүлэлтээр гаргаж, 20 удаагийн эмчилгээний дараа тэр тоон үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг харна гэсэн үг. Ингэхдээ хоёр үе шаттай шалгана. Хөдөлгөөний саажилт буюу хөдөлгөөний алдагдал, далайц, булчингийн хүчний хувьд хэрхэн алдагдсан бэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр сэргээн засах эмчилгээг аль мөч рүү чиглүүлэх, аль булчинг сэдээж хүчжүүлэх гээд тухайн эмчлүүлэгчдээ тохирсон эмчилгээг бичнэ. Мишээл доод биеийн саажилтай учраас дээд биедээ нөлөөлж болзошгүй. Тиймээс доод мөчтэй хамт дээд биеийг үргэлж шалгаж байх ёстой” гэсэн юм. Тэд дээд мөчөө шалгаж дуусаад, доод мөчиндөө хэмжилт хийж эхлэв. Мишээл охин эмчдээ шалгуулангаа англи хэлээр шүлэг уншиж өгөв. Энэ мэт тэдний үйлчлүүлэгчид өөр өөрийн түүхтэй. “Таны инээмсэглэл” төвийн ажилчид ч өөр өөрийн гэсэн сонин түүхтэй. Хөдөлгөөн засалч Булгаа дөрвөн мөч нь саажсан гэр бүлийнхээ хүнийг олон жилийн турш харж хандсан нэгэн. Харин хөдөлгөөн заслын эмч Б.Долгорсүрэнгийн сууж явсан цахилгаан шат есөн давхраас унаж, тэрээр нуруу нугасны гэмтэлтэй болж өдгөө эрүүл саруул болсны дээр ажлаа хийж явна. Тэд үйлчлүүлэгчдийнхээ туулж яваа бэрхшээлийг өөрийн биеэр амссан болохоор ойлгож, нөхөрлөдөг гэлтэй.

“Таны инээмсэглэл” төв үүсгэн байгуулагдаад гурван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд тэднийд Өвөрхангай аймгаас зорин ирж 254 хоног эмчлүүлж байгаа Азаа хамгийн удаан эмчлүүлсэн өвчтөн нь аж. Мориноос унаж бэртэн, дөрвөн мөч нь саажиж. “Азаа маань “өлгий”-тэй ирж байснаа бодвол одоо бие даан тэргэнцэртэй явж чаддаг болсон. Зарим зүйлээ бариад иддэг болсон. Заримдаа сайхан тэнэнэ шүү дээ” хэмээн Э.Болорчулуун захирал баярлан ярьсан. Тэрээр нэмж “Азаа сэтгэлээрээ босоод эхэлсэн. Хүн сэтгэлээрээ босч байж биеэрээ босно шүү дээ” гэсэн юм. Уншигч та анзаарсан бол Мөнхтогтох, Мишээл, Төгсөө нарыг хөдөлгөөн засалчтай нь хамаатуулж “тэд” хэмээн бичиж буйг. Учир нь тэд “Таны инээмсэглэл” төвд ганцаараа бус хөдөлгөөн засалчтайгаа, бүр төвийнхөнтэйгөө нэг баг болж ажилладаг. Түүнчлэн “бие даан” гэдэг үгийг олонтаа хэрэглэснийг анзаарсан болов уу. Учир нь саажилттай хүмүүс эргэн хэвэндээ орох бус, “бие даан” амьдардаг болохын тулд энэ бүх хичээл зүтгэлийг гаргадаг. Хөл дээрээ зогсох, гишгэх, алхах ямар байдгийг мэдэлгүй тав, арав хүрсэн хүүхдийн мөрөөдөл ядаж л ганцаараа хөл дээрээ зогсдог болох, гишгэх, алхах...


Э.Болорчулуун: Булчингаар нь дамжин хамаг санаа бодол нь илэрдэг

/”Таны инээмсэглэл”сэргээн засах эмчилгээний төвийн захирал/

-Санаснаас олон үйлч­лүүлэгч байна шүү. Эл хуль оргисон, дуу шуу муутай нэг л хөндий газар байх болов уу гэсэн төсөөлөлтэй ир­лээ. Гэтэл эсрэгээрээ ха­луун дулаан уур амьсгал мэд­рэгдсэн сайхан газар байна.
-Баярлалаа. Манайх сар гаруйн өмнө хөдөлгөөн заслын эрчимт эмчилгээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр үйлчлүүлэгчдэд илүү их ахиц гарч, бид ч үр дүнтэй ажиллана гэж үзсэн. Ерөнхийдөө хийж ирсэн ажлаа боловсронгуй болгож байгаа хэлбэр. Манай үйлчлүүлэгчид хөдөлгөөнөөр өөрөө өөрсдийгөө босгож байгаа. Хөдөлгөөнийг хөдөлгөөнөөр л бий болгоно. Гараа хөдөлгөхийн тулд хөлөө бус тэр гараа л хөдөлгөх хэрэгтэй. Мөн зөв хөдөлгөж сурах хэрэгтэй байдаг. Яг л хэлд, хөлд орж байгаа хүүхэд мэт бүхнийг зөв сурах хэрэгтэй болдог. Тархины саажилт гэдэг маань булчин чангарах өвчин шүү дээ. Хэн нэгэн тархины саажилттай хүн дээр очоод сайн уу гэхэд тэд хариу хэлэх бус хамаг биеэ чангалчихдаг. Энэ нь тэд хэлэх, илэрхийлэх гэснээ хэлж байна гэсэн үг. Учир нь, тэд энгийн үедээ зүгээр эрүүл хүн шиг харагддаг. Харин хэн нэгэн анхаарч, харилцан ярих гэсэн үед хамаг биеийнхээ булчинг чангалаад хүмүүсийн хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг харагддаг. Булчингаар нь дамжин хамаг санаа бодол нь илэрч байгаа нь тэр.

-Мэдээж өвчтэй хүнд хэцүү байдаг ч гэр бүлийнхэнд нь тэр хэрээр бас дарамт ирдэг. Өдөр бүр өвчтэй хүүхдээ, эхнэрээ, нөхрөө нааш, цааш нь зөөх, угааж, арчлах хэцүү санагддаг байж болох юм. Ар гэрийнхэн нь халшраад хэсэг эмчилгээ хийлгээд ирэхээ больдог тохиолдол гардаг уу?
-Тухайн хүний зан чанар болоод эдийн засгийн байдал нөлөөлж байх шиг байна. Мөн байнга зөөх хүнгүйгээс хэсэг хугацаанд явж байгаад ирэхээ больчихдог тохиолдол гардаг. Ганц бие хүн ч байна. Саажилттай хүүхэдтэй болсон гэр бүл салах тохиолдол ихэсч байна. “Үхтэл үр харам” гэгчээр ихэнхдээ ээж нар л хүүхдээ авч үлддэг. Тиймээс гэр бүл төлөвлөлт зайлшгүй чухал. Хүүхдээ төлөвлөж гаргах хэрэгтэй. Тархины саажилт, цус харвалт, нуруу нугасны гэмтэл ч бай эдгээр нь бүгд тухайн хүний төдийгүй, тухайн гэр бүлийн амьдралыг тэр чигээр нь өөрчилдөг. Саажилттай хүмүүсийн бие эрхтэн эргээд хуучин шигээ болно гэж байхгүй. Анагаах ухаанд эрдэмтэд үүнийг “бие дааж сурах” гэж томъёолсон нь бий. Тиймээс манай төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүс эргээд хуучин хэвэндээ орох бус “бие дааж сурах”-ын тулд ирдэг. Өнөөдөр явж чадахгүй байгаа эдгээр хүүхэд ганцаараа бие даан явах, таягтай, тэргэнцэртэй ч бай хамаагүй өөрөө өөрийгөө аваад явах хэмжээний л болно гэсэн үг.

-Танай төвд хөл тавимагц их сайхан халуун дулаан уур амьсгал мэдрэгдлээ. Уг нь эмнэлэг гэж ойлгосон?
-Тийм ээ, эмнэлэг. Манайх чинь сэргээн засах эмнэлэг. Нэг үгээр хэлбэл алхах, гишгэх дадал олгодог газар. Манай төв амьдралд нь маш том өөрчлөлт орж, тэр амьдралыг туулахаас өөр замгүй болсон хүмүүстэй нүүр тулж, тэдэнд тусалдаг. Эдгээр хүн маань энэ амьдралаараа амьдрах уу, эсвэл амьдралыг арай өөр өнцгөөс эергээр харах уу гэдэг маш чухал. “Дараахь” гэдэг ойлголт нь бас чухал. Харвалтын дараа тэр хүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Бидний хийж байгаа ажил анагаахын эмчилгээнээс гадна сэтгэл заслын эмчилгээтэй хослон явагддаг. Үүнийгээ бид “хамт олны сэргээн засах эмчилгээ” гэж нэрлэдэг. Хөдөлгөөн засалчид нэг үйлчлүүлэгчтэй гурван цагийн турш ажилладаг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчтэйгээ найзалж, нөхөрсөг байхыг зорьдог. Ингэж гэмээнэ тухайн үйлчлүүлэгчид дасгалаа хийх, эмчилгээндээ орох итгэл найдварыг төрүүлдэг. Манай үйлчлүүлэгчид олон жил эмнэлгээр явсан хүмүүс учраас эмнэлгийн хаалгаар шагайх дургүй болчихсон байдаг. Энэ нь нэг үгээр маш их сэтгэлийн шархтай үлдсэн гэсэн үг л дээ. Дасгал хийх дургүй болчихсон байдаг. Тэдэнтэй харилцаж буй хүмүүсийн хандлага, харилцаанаас шалтгаалдаг. Тэдэнтэй хүнлэг, өөриймсөг, хүн гэдэг утгаар нь хандаж, харилцвал тэд дасгалаа дуртай хийнэ, эмчилгээндээ ч ирэх дуртай болдог.

-Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байна вэ. Харахад зай талбай хэрэгтэй юм шиг санагдлаа. Нэг өрөөнд бүх үйлчлүүлэгчид зэрэг эмчилгээнд орж, нэг өрөөнд байрлаж байгаа нь давчуу санагдаж байна.
-Сэргээн засах анагаах ухааны хамгийн том чухал зүйл бол тоног төхөөрөмж. Энэ төвөө байгуулчихаад туршлага судлах үүднээс таван улсад очиж үзсэн. Анагаах ухаанд саажилтыг хэрхэн эмчилдэг, орчин үед ямар тоног төхөөрөмж хэрэглэж байна. Ер нь саажилт гэж  юу юм бэ гэдгийг мэдэхийн тулд судалж байгаа нь тэр. Ингэж явахдаа Филиппиний маш том тансаг, баян эмнэлэгт очсон юм. Тэр эмнэлгийн нэг өдрийн эмчилгээнд 100 ам.доллар төлдөг. Энэ үнэд нь эмчилгээ багтахаас гадна саажилттай хүмүүст зориулсан тусгай бассейн байх жишээний. Яагаад гэхээр саажилттай хүмүүс хүйтэн усанд орж болдоггүй. Энэ мэт тоног төхөөрөмж бидэнд хэрэгтэй. Мөн саажилттай хүүхдүүдэд хэрэгцээтэй байгаа “Аалзны тор” төхөөрөмжийг удахгүй авчирна. Энэ төхөөрөмж маш өндөр үнэтэй. Харин манай байр сав жижигдэж байгаа нь үнэн. Тиймээс бид хүүхдэд зориулсан хоёр дахь салбараа удахгүй нээхээр хичээж ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан