Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тариалан эрхлэгчдэд шаардлагатай бордоо нийлүүлж эхэллээ

Э.ГАНЦЭЦЭГ

Энэ жил манай улс 301 мянган га талбайд улаанбуудай тариална. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хийсэн хөрсний үржил шимийн судалгаагаар 850 мянган га тариалангийн талбайн хөрсийг баяжуулах шаардлагатай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн дээрх талбайн хөрсний үржил шимийг сайжруулахын тулд  85 мянган тонн бордоо хэрэгтэй гэсэн тооцоог Ургамал, газар тариалан, улс судлал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан байна. Мөн өнгөрсөн жил нийт нутгаар гандуу байсан гээд тариалан эрхлэгчдэд үржил шимтэй бордоо нэн хэрэгцээтэй байгаа аж.

Иймд тариалан эрхлэгчдэд нэн шаардлагатай байгаа үржил шимтэй буюу азот 20, фосфор 15, кали 10 хувь агуулсан нийлмэл бордоог ХХААЯ-наас хөнгөлөлттэй үнээр олгохоор болж, өчигдөр ХХАА-н сайд Р.Бурмаа тариалан эрхлэгчдэд бордооны дээжээс гардуулан өглөө.

Тэрээр хэлэхдээ ”Монголын хөрсний үржил шим тийм ч баялаг биш. Хүрэн хөрс нь олон жил тариалалт хийсний дараа ихээхэн доройтдог. Энэ нь бордооны үнэ өндөр, мөн үржил шимтэй бордоог хэрэглэхгүй байгаа зэрэгтэй холбоотой.  Хөрсний доройтол эргээд ургацын чанарт нөлөөлдөг. 2013 онд үр тарианы цавуулгийн асуудал маргаан болжбайсан. Энэ нь хөрсний чанартай холбоотой. Хөрсний үржил шим сайжруулах олон арга байдгаас манай улсад тохиромжтой, өртөг зардал бага, үр дүн өндөр арга бол бордоо хэрэглэх” гэв.
ХХААЯ Япон улсын буцалтгүй тусламжаар олгосон 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дотоод болон гадаадын дөрвөн аж ахуй нэгжээс 7900 тонн нийлмэл бордоог худалдан авч, ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд хөнгөлөлттэй үнээр олгох юм.

Нэг тонн нийлмэл бордооны үндсэн үнэ нэг сая 200 мянган төгрөг. Тариалан эрхлэгчид нэг тонн нийлмэл бордоог энэ үнээс даруй 65 хувь хямдруулан 400 мянган төгрөгөөр авах боломжтой. Ингэхдээ 300 мянган төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, үлдсэн 100 мянган төгрөгийг намар ургац хураах үеэр ургацаар дүйцүүлэн төлөх боломжтой. Дээрх нийлмэл бордоог үр тариа гэлтгүй хүнсний ногоо  тариалахад ч хэрэглэх боломжтой аж. Гэхдээ үр тарианы ургалтад нэн шаардлагатай азотоор баялаг учир улаанбуудай тариалахад илүү тохиромжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Үр тариа болон хүнсний ногоо тариаланчид дээрх нийлмэл бордооноос худалдан авахыг хүсвэл Тариалан эрхлэлтийг дэмжих санд хандах юм байна. Эднийхээс нийлмэл бордоо худалдан авахад ямар нэгэн өндөр босго, шалгуур тавигдаагүй гэдгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны дарга Н.Отгонбаяр хэлсэн. Мөн тэрээр “Манайхаас бүх аймаг руу албан бичиг хүргүүлж захиалга авсан. Захиалгын дагуу хуваарилалт хийсэн. Тиймээс газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Улаанбаатар, Хөтөл, Сэлэнгэ, Угтаал дахь салбаруудаас нийлмэл бордоог хүссэн хэмжээгээрээ авах боломжтой. Өнөөдрийн байдлаар дээрх 7900 тонн бордооноос 20 гаруй аж ахуйн нэгж 1700 тонныг худалдан авсан” гэсэн мэдээллийг өгөв.

Хөнгөлөлттэй үнээр олгож буй нийлмэл бордооноос худалдан авсан газар тариалан эрхлэгч Т.Болдбаатар “Энэ жил манай компани 2200 га талбайд тариалалт хийнэ. Эргэлтийн 3300 га талбайтай. Усалгаатай 944 га талбайд уринш хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Өнгөрсөн жил ургац алдсан учраас тариалан эрхлэгчид санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Бид энэ жил атаршсан газартаа уринш хийхээр тооцоолж, технологийн картаа гаргаж байна. Үүний дараа хэрэгцээт бордоогоо Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авна. Өмнө нь хойд хөршөөс бордоо авч байсан. Харин өнөөдөр уг бордоог шимт бодисын өндөр үзүүлэлттэй гэхээр нь авч байна” гэсэн бол Булган аймгийн Тэшиг сумын тариалан эрхлэгч “Шинэ амжилт” ХХК-ийн захирал Д.Цэрэнбат “Энэ бордоо нь кали ихтэй нийлмэл бордоо гэдгээрээ онцлог, давуу талтай. Өнгөрсөн жил “Алтан тариа” ХХК-аас нийлмэл бордоо авч хэрэглэж байсан. Харин энэ жил ХХААЯ-наас санал болгож буй нийлмэл бордоог хэрэглэж үзэх гэж байна. Хөрсөнд дутагдаж байгаа кали, азот, фосфорыг нэгэн зэрэг агуулснаараа импортоор орж ирж байгаа бусад төрлийн бордооноос давуу талтай гэсэн. Өнөөдөр манай компани 40 тонн бордоо худалдаж авлаа. Энэ нь манай компанийн тариалалтын талбайн 40-50 хувьд хүрэлцэх юм. Сүүлийн жилүүдэд хөрсөнд баяжуулалт хийгдээгүй байсан учраас ихэд олзуурхаж байна” гэв.

“Хөрсний үржил шим доройтож байна гэж ярьж байгаа боловч бордоог тухайн талбай тус бүрт тохирсон тунгаар хэрэглэхээ мэдэхгүй байгаагаа хэллээ. 1990-ээд оноос өмнө бордооны зохистой хэрэглээг улсын төсвийн хөрөнгөөр шийдэж ирсэн. Энэ байдал эргэн сэргэж байна. Өнөөдөр бордоо худалдаалахын зэрэгцээ бордоог хэрхэн зөв хэрэглэх талаар мэдээллийг тариалан эрхлэгчлдэд цогцоор нь олгосон юм. 2010 онд шинжилгээнд хамрагдсан 510 мянган га талбайн хөрсний үржил шимийн доройтол, тэр дундаа хөрсний ялзмагийн агуулга 2.5 хувиас доогуур байсан. Энэ нь хураан авсан ургацын хэмжээгээр хөрсний үржил шим алдагдаж байна гэсэн үг. Шинжилгээнд хамрагдсан талбайн хөрсний 70 орчим хувь нь азот, 40 гаруй хувь нь фосфорын элемент, 80 гаруй хувь нь калигаар дутмаг байсан. Тиймээс тариалан эрхлэгчид бордоог зохистой хэрэглэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм” хэмээн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Отгонсүрэн тариалан эрхлэгчдэд нийлмэл бордоо нийлүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Биднийг буцахтай зэрэгцэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазаас бордоо ачсан машины цуваа Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Төв аймгийн Угтаал, Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Тэшиг сум руу хөдөллөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан