Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Түвшинбат: Зургаан настнуудыг бүртгэх хугацаа маргааш тодорхой болно

А.ЦАГААН

Нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын элсэлтийн бүртгэл өнгөрсөн жилийн өдийд эхэлж байсан билээ. Түүгээр ч барахгүй элсэх 29 мянган хүүхдээ хаана багтаах вэ, тэдний суух ширээ сандал хүрэлцээтэй юу, сурах бичиг хангалттай бий юу гээд элдвийн асуулт ар араасаа гарч ирж байв. Учир нь, өнгөрсөн жил 12 дугаар ангийн анхны төгсөлт болж, хотын хэмжээнд нийтдээ 6000 хүүхэд төгссөн нь өмнөх жилүүдээс 3-4 дахин цөөн байсан хэрэг. Харин энэ жилийн хувьд төгсөх ангийн хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй ч элсэх хүүхдүүдийн тоо ч тийм бага биш. Ингээд энэ жилийн элсэлт хэдийд болох талаар, хэдэн хүүхэд элсэх төлөвтэй байгааг Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас тодруулав.

-Энэ жилийн элсэлтийг хэдийд зохион байгуулахаар болсон бэ. Тов тодорхой болсон уу?
-Нийслэлийн Боловсролын газрын Удирдлагын зөвлөлийн хурал энэ лхагва /маргааш/ гарагт болно. Энэ хурлаар хэлэлцээд хугацааг нь товлох юм.

-Хэчнээн хүүхэд элсэх ханд­лагатай байна вэ. Сургуулиудын хүрэл­цээний асуудал ямар байх бол?
-Мэдээж сургуулиуд хүрэлцээтэй байна гэдэг асуудал байхгүй л дээ. Ямар ч байсан боломжоор нь хоёр, гурван ээлжээр хичээллүүлэх байх. Бүх хүүхдийг бүртгэлд хамруулж сургуульд оруулах хуультай. Тиймээс бүх хүүхдийг сургуульд оруулна.

-Хамран сурах тойргийг өнгөрсөн жил шинэчилсэн. Энэ жил хуучин тойргоор нь хүүхдүүдээ бүртгэх үү. Эсвэл шинэчилж байгаа юу?
-Шинэчлэлт, өөрчлөлт орно. Ши­нээр ашиглалтад орсон барилгуудыг хамруулах ёстой. Тэгж байж тухайн байрнуудын хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулна шүү дээ. Ерөнхийдөө хамран сургах тойргийг шинэчлээд дууссан байгаа болов уу. Пүрэв гараг гэхэд энэ талаарх мэдээллүүд тодорхой болно гэв.
Бүртгэлтэй холбоотойгоор гардаг нэг асуудал бол авлига. Хэдийгээр холбогдох байгууллагууд нь жил бүр хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг бүртгэсэн сургуулиудын захиралтай хатуу ярина гэдэг ч тэгсхийгээд л өнгөрөөдөг. Өнгөрсөн жил гэхэд л Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд эцэг, эхчүүдэд хандсан зөвлөмждөө “Хүүхдээ сайн сургуульд оруулахыг хичээх нь эцэг эх, ах дүү бүхний л хүсэл. Гэхдээ тухайн сургуулийн суудлын тоо хязгаартай тул боломж хомс байдаг юм. Бид бүх сургуулийг сайн сургалттай болгохыг хичээж ажиллаж байна. Тийм болохоор миний ач, зээ, миний хүү, охиныг тэр сургуульд оруулаад өгөөч ээ гэсэн хүсэлтийг аль болох тавихгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Бид сургуулиудынхаа ачааллыг тэнцүүлэхийн тулд, ээлжийн тоо, анги дүүргэлтийг дундаж хэмжээнд барихын тулд хамран сургах тойргийг тогтоодог бөгөөд хамран сургах тойргийн бус хүүхэд авсан захирлуудад хариуцлага ярьдаг юм” гэж байсан. Гэвч бүртгэлтэй холбоотой бизнес буураагүй өссөн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу, эцэг эхчүүд хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг зэргийг далимдуулан ашиг хонжоо хайгчид ч олширсныг гэрчлэх хүн цөөнгүй. Үнэндээ ар өврийн хаалга, хандивт өргөх хэдэн төгрөгтэй л байхгүй бол сургалт сайтай, гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд хүүхдээ оруулна гэдэг нь гонжийнжоо болсон энэ цаг үед авлига гэдэг зүйл алга болох нь юу л бол. Тэгвэл төрийн гэх тодотголтой зарим сургуульд хүүхэд элсүүлэх энэ жилийн ханш нэмэгджээ. Тодруулбал, Баатар хот Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний лаборатор 33 дугаар сургуулийн нэгдүгээр ангид хүүхэд оруулахад сая төгрөг бол 84 дүгээр сургуульд оруулбал 1,5 сая төгрөг төлөх болж буй юм. Энэ мэтээр сургуулиудын чансаанаас хамаарч сургууль бүрийн ханш өөр өөр байна. Намар энэ ханш өснө гэдгийг ч зуучлагчид хэлж байна билээ. Ямартай ч, бүртгэл эхлэхээр зарим нь байдгаа барьж, зарим нь халаасаа түнтийлгэх нь тодорхой. Гэвч энэ асуудалд тухайн сургуулиудын багш нар холбоотой байдаг гэдгийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авчихад буруудахгүй л болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан