А.ЦАГААН
Зуны олимпын ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Нийт 48 олимпын эрх олгох тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Зохион байгуулах хорооны гишүүн УИХ-ын гишүүн, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн А.А.Рузиев, Карл-Мартин Диттман, Хидеяки Томиями, Хамакос Теодорос, Аль Шанрани Замел Саяф нар оролцсон. Түүнчлэн холбогдох байгууллагын төлөөлөгчид ч мөн нээлтийн арга хэмжээнд оролцов. УИХ-ын гишүүн, Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Манай эх орны нийслэлд бөхийн баяр эхэлж байна. Зуны олимпын ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн тэмцээн болж байгаа нь Монголын спортын түүхэнд томоохон үйл явдал юм. Монголын тамирчид 1964 онд Японы Токио хотод болсон Зуны олимпын наадамд анх оролцсоноос хойш олимпын сонгон шалгаруулах тэмцээн манай оронд анх удаа болж байгаа нь энэ. Тэмцээнд дэлхийн таван тивийн 80 орны таван зуу гаруй бөх олимпын 48 эрхийн төлөө өрсөлдөхөд бэлэн болсныг баяртайгаар мэдэгдэж байна. 1968 оны Мехикогийн зуны олимпын наадмаас манай тамирчдын хүртсэн олимпын анхны дөрвөн медалийг манай чөлөөтийн бөхчүүд авсныг Монголын ард түмэн сайн мэддэг, ямагт бахархаж байдаг. Энэхүү спортын ордонд гурван өдрийн турш дэлхийн шилдэг бөхчүүд уран мэхийг уралдуулан гал цогтой барилдаж бөхийн спортыг шүтдэг манай үзэгчдийг баярлуулна гэдэгт найдаж байна. Энэ тэмцээнээс олимпын эрх авсан бөхчүүд дотроос ирэх зуны олимпын наадмын аварга, медальтнууд төрнө гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон. Харин ДБНХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Н.Лалович баяр хүргэж хэлсэн үгэндээ “Олимпын эрх олгох сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн Монгол Улсад амжилттай эхэлж байна. Энэхүү ордонд хүрэлцэн ирсэн үзэгч та бүхнийг харахад үнэхээр бөхийн орон гэдэг нь бэлхнээ харагдаж байна. Бидний спортыг дэмждэг үзэгч та бүхэнд халуун талархал илэрхийлье. Тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа МЧБХ болон шүүгч, тамирчид, дасгалжуулагч нартаа талархлаа. Олимпын эрх олгох тэмцээн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэв. Энэ тэмцээнд ДБНХ-ны Техникийн төлөөлөгчөөр ДБНХ-ны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн А.А.Рузиев, Товчооны гишүүн Карл-Мартин Питтманн нар, ДБНХ-ны зааварлагчаар ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силвестри, Шүүгчдийн зөвлөлийн гишүүн К.Михайлов, Шүүгчдийн зөвлөлийн гишүүн .Х.И.Кикиогли нар, давхар хяналтын шүүгчээр Жаксукулов Бахытжан, Э.Мачайзе, Р.Ле Глеут нар ажилласан байгаа.
Сонгомол барилдааны төрөлд Иран улсаас олимпын аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Хамид Сориан, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-аас 53 кг-ын жинд Наталья Малышева, 58 кг-ын жинд Европын таван удаагийн аварга, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Екатерина Букина, Латви улсаас эрэгтэй чөлөөт бөхийн 86 кг-ын жинд Армандис Звирбулис, эмэгтэй чөлөөт бөхийн 69 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Лаура Скужина, Унгараас дэлхийн аварга Марианна Шастина, БНХАУ-аас дэлхийн аварга Чжан Лан, Азербайжанаас дэлхийн аварга Юлия Раткевич, Испаниас олимпын хүрэл медальт Унда Майдер Гонзалес, Болгараас ДАШТ-ий хүрэл медальт Г.Маналова нарын нэртэй бөхчүүд барилдсан нь тэмцээний чансааг тодорхойлсон гэж хэлж болно.
59 кг-ын жинд зодоглосон Ираны бөх, олимпын аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Хамид Сориан нэгдүгээр тойрогт Унгарын бөхөд 0:7 онооны харьцаагаар ялагдсан нь бас нэгэн сонирхолтой агшин байв. Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын 14, 18, 23, 52 дугаар, ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургууль, ”Сант”, “Орчлон”, “Эрдмийн өргөө” сургуулийн сурагчид болон МУИС, ҮБТДС, СЭЗДС зэрэг сургуулийн оюутан гээд нийтдээ 50 гаруй сайн дурын ажилтан ажилласан. Тэмцээний эхний өдөр сонгомол барилдаанууд болж 51 орны 151 бөх өрсөлдсөн билээ. Жингийн аваргуудыг сонирхуулъя.
58 кг 1. Ким Сюн Хак /БНСУ/
2. Стиг Андре Верге /Норвег/
3. Эсмират Тасмурадов /Узбек/
66 кг 1. Лонит Панайт /Румын/
2. Теро Ваелмаки /Финланд/
3. Эдгарас Вэнкаитис /Литов/
75 кг 1. Петер Бачи /Унгар, дэлхийн аварга/
2. Бин Янг /БНХАУ/
3. Арсен Жулфалакян /Армян/
85 кг 1. Жавид Гамзатов /Беларусь/
2. Максим Манукян /Армян/
3. Закариас Берд /Норвег/
98 кг 1. Александр Храбовик /Беларусь/
2. Ревази Надарейшвили /Гүрж/
3. Фредрик Чоён /Швед/
130 кг 1. Кианг Гасеми /Иран/
2. Мэнг Кианг /БНХАУ/
3. Мумижон Абдуллаев /Узбек/
3. Чакир Ансари, Chakir Ansari /Марокко/
Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаанууд болсон. Энэ өдөр тэмцээнийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Зохион байгуулах хорооны дэд дарга, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Т.Гантулга, Ч.Чойсүрэнжав нар үзэж сонирхсон юм. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооныхон чөлөөт бөхийн спортоос төрсөн Ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, ахмад дасгалжуулагч, бөхчүүд, шүүгчдийг урьж тэмцээнийг үзүүлэв. Энэ өдөр ОХУ-аас 58 кг-ын жинд Европын таван удаагийн аварга Наталья Гольц, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Екатерина Букина, Латви улсаас 69 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Лаура Скужина, Унгараас дэлхийн аварга Марианна Шастина, ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын аварга Н.Барка, БНХАУ-аас дэлхийн аварга Чжан Лан, Испаниас олимпын хүрэл медальт Унда Майдер Гонзалес, Болгараас ДАШТ-ий хүрэл медальт Г.Маналова, Польшоос ДАШТ-ий гурван хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Моника Михалек нарын бөх барилдсан. Хамгийн сонирхолтой барилдаан нь ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын аварга Барка, Норвегийн бөх, Залуучуудын олимпын аварга Грейс Якоб Буллен нарын хооронд болсон. Норвегийн бөх 6:9 онооны харьцаагаар ялагдаж яваад мушгих мэх хийж өрсөлдөгчөө ялсан билээ. 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг нэгдүгээр тойрогт Туркийн бөх Э.Дэмирхантай таарч зүүн хөлд нь орох, тавхайдах, мушгих мэх хийсээр 8:3 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожиж хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Хьюн Гёонг Кимтэй барилдахдаа хөлдөө алдсаар 2:6 онооны харьцаагаар дийлдэж олимпын эрхийн төлөө барилдах боломжгүй болсон. Дагах барилдаанд Германы бөх Ж.С.Шалинд 1:3 онооны харьцаагаар хожигдсон юм. Мөн 75 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх хөл авах, мордох мэх хийж 13:2 онооны харьцаагаар төвөггүй ялж хоёрдугаар тойрогт Оросын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Екатерина Букинад тактикийн алдаа гаргаж 1:3 онооны харьцаагаар ялагдсан. Ийнхүү манай хоёр бөх олимпын эрх авч чадаагүй юм. Гэхдээ тэдэнд ирэх сарын 6-8-нд Турк улсын Стамбул хотод болох сонгон шалгаруулах тэмцээнээс олимпын эрх авах бүрэн боломж бий. Тэдний ялагдлын талаар бөх сонирхогчид өөр хоорондоо элдвийг бичиж буй. Харин тэдэнд хандаж Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бүгд л ялалтын төлөө дэвжээнд гардаг... Өнөөдөр барилдсан хоёр охин ямар их хөлс хүч гаргаж, ямар олон зүйлийг золиослон байж өнөөдрийг хүрснийг бид мэднэ. Бүдрэхэд нь нудрах муухай шүү жаалууд аа!!!” хэмээн хатуухан мэдэгдээд авсан.
Ямартай ч энэ өдөр тэмцээний жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд олимпын наадамд барилдах тийзээ захиалж чадсан юм. Ингээд жингийн аваргуудыг танилцуулъя.
48 кг с 1. Хьюн Гёонг Ким, /БНАСАУ-ын ДАШТ-ий хүрэл медальт/
2. Халейу Рут.Ажелло /АНУ/
3. Анна Лусяк /Польш/
3. Мария Лувач /Украин/
53 кг 1. Хэлэн Луис Марилус /АНУ, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Пан-Америкийн спортын наадмын болон Пан-Америкийн аварга/
2. Мария Преволаки /Грек, ДАШТ-ий хүрэл, Европын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт/
3. Наталья Малышева /ОХУ/
3. Алма Жане Валенсия Эскоте /Мексик/
58 кг 1. Лиссете Александра Антес Кастилло Эквадор, Пан-Америкийн спортын наадмын хошой хүрэл медальт, Пан-Америкийн дөрвөн удаагийн аварга/
2. Луиса Хелга Герда Немеш /ХБНГУ/
3. Зхантинг Зхоу /БНХАУ/
3. Наталья Гольц /ОХУ, Европын таван удаагийн аварга/
63 кг 1. Хафизе Шахин /Турк, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Марианна Шаштин Унгар, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл медальт, Европын спортын наадмын аварга/
3. Коумба Ларрокие /Франц, өсвөрийн дэлхийн аварга/
3. Моника Михалек /Польш, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга/
69 кг 1. Илина Каратыш /Израиль, Европын спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт/
2. Мария Жозе Акоста Акоста /Венесуэль, Пан-Америкийн наадмын мөнгө, Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/
3. Алла Белинская /Украин/
3. Тамара Менса /АНУ/
75 кг 1. Синтия Ванесса Вескан /Франц/
2. Занетт Иемет /Унгар, өсвөрийн дэлхийн аварга/
3. Анна Шелль /ХБНГУ/
3. Екатерина Букина /ОХУ, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/
Тив дэлхийн тамирчдын төлөөлөл болгож 53 кг-д түрүүлж, олимпын эрх авсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын Х.Марилусаас сэтгэгдлийг нь асуухад “Энэ тэмцээнд олимпын эрх авах зорилготой оролцсон. Санасандаа хүрсэндээ баяртай байна. Барилдаан бүр хариуцлагатай, өрсөлдөгч бүхэн ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Би Монгол Улсад дөрөв дэх удаагаа ирээд байна. Намайг бага байхад аав маань Чингис хаан гэдэг хүний талаар их ярьж өгдөг байсан юм. Хэдэн жилийн өмнө анх ирээд “Чингисийн Монгол” гэхийг сонсоод их гайхсан. Тэгээд судалтал үнэхээр агуу хүн байсан юм билээ. Монголчуудыг Чингис хаанаар нь дэлхий андахгүй. Би өмнө нь Монголд ирэхдээ Чингисийн хөшөө (Цонжин болдог)-г үзэж чадаагүй. Харин энэ удаад нутаг буцахаасаа өмнө заавал үзэхийг хүсч байна” гэсэн юм.
ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович “Олимпын алдар” одонгоор энгэрээ мялаав
Тэмцээний сүүлийн өдөр үзэгчдийн суудал дүүрэн байв. Дор бүрнээ л эх орноо төлөөлөн Риог зорих “тийз”-ээ захиалахын төлөө 97 кг-д барилдаж буй Д.Хүдэрбулгыг дэмжив. Түүний хувьд эхний барилдаанаа Грекийн Мишель Цикованитай хийж 10:0 харьцаатайгаар цэвэр ялсан. Харин хоёр дахь барилдаанаа Унгарын бөх Атилла Шмикийг 2:0 харьцаагаар буулгаж авсан билээ. Дараагаар нь Германы бөх Геннади Кудиновичтай барилдаж 3:1 харьцаагаар ялсан бол Узбекистаны бөх Магомед Ибрагимовтай барилдаж 9:2-ын харьцаатайгаар хожигдсон. Гэвч тэрээр Солонгосын бөх Ким Жа Гангтай барилдахдаа “шархаа нөхөж” 4:1 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзлоо хангаж чадсан билээ. Хамгийн сүүлд олимпын эрхийн төлөө Молдавын бөх Николай Себантай барилдаж 7:4-ийн харьцаатайгаар хожигдож Риог зорих “тийз”-ээ захиалж чадсангүй.
Мөн тэмцээний үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алтан од” одонгоор шагнав. Шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лалович гардуулсан. Түүнчлэн Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал болох “Олимпын алдар” одонгоор ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийн энгэрийг мялаав. Энэ үеэр Олон улсын олимпын хорооны гишүүн, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лалович “Монгол Улсад олимпын эрх олгох тэмцээн зохиосондоо баяртай байна. Бид Азийн АШТ, залуучуудын ДАШТ-ийг эх орондоо хэрхэн зохиосныг нь харгалзан үзээд Монголын чөлөөт бөхийн холбоонд энэ тэмцээний эрхийг өгсөн. Тэмцээний зохион байгуулалтад үнэхээр сэтгэл хангалуун байна. Цаашид насанд хүрэгчдийн ДАШТ эх орондоо зохиох боломж бий” гэсэн юм. Ийнхүү манай улсын чөлөөт бөхийн холбоо анх удаад олимпын эрх олгох тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж чадлаа.