Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайн барилдсаныг нь шагнана, мууг нь хатуу шүүмжилнэ


-Олимпын 48 эрхийн төлөө 500 гаруй бөх барилдана-

А.АКЭРКЭ

Зуны олимпын ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн өнөөдөр эхэлж энэ сарын 24-нийг хүртэл “Буянт Ухаа” спортын цогцолборт болно. Тив дэлхийн 80 орны таван зуу гаруй бөх манай улсад хүрэлцэн ирээд байна.

Тэдний дотор Иран улсаас олимпын аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Хамид Сориан, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-аас 53 кг-ын жинд Наталья Малышева, 58 кг-ын жинд Европын таван удаагийн аварга, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Екатерина Букина, Латви улсаас эрэгтэй чөлөөт бөхийн 86 кг-ын жинд Армандис Звирбулис, эмэгтэй чөлөөт бөхийн 69 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Лаура Скужина, Унгараас дэлхийн аварга Марианна Шастина, БНХАУ-аас дэлхийн аварга Чжан Лан, Азербайжанаас дэлхийн аварга Юлия Раткевич, Испаниас олимпын хүрэл медальт Унда Майдер Гонзалес нарын тэргүүтэй шилдэг тамирчид байгаа юм. Тэд энэхүү тэмцээнээс сонгомол, чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт олгох эрэгтэйчүүдэд гурав, эмэгтэйчүүдэд хоёр гээд нийт 48 эрхийн төлөө өрсөлдөнө. Олимпын эрх олгох тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авахын тулд багагүй шалгуурыг давдаг зарчимтай. Тэгвэл хоёр жил гаруйн өмнөөс хөөцөлдөж байж, шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд энэхүү эрхийг олж авсан МЧБХ-ныхон өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Энэ үеэр Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силвестри “Азийн АШТ-ийг амжилттай зохион байгуулсан үзүүлэлт нь энэ эрхийг олж авахад нөлөөлсөн. Монголын чөлөөт бөхийн холбооныхон, тэр дундаа тамирчдын ур чадвар дэлхийд үнэлэгддэг. Дэд бүтэцдээ анхаарч чадвал цаашид насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ч гэсэн эх орондоо зохион байгуулах боломж нь бий” гэсэн юм. Түүнчлэн тэмцээнд хамгийн идэвхтэй сайн барилдсан бөхөд шагнал урамшуулал олгоно. Харин муу барилдсан бөхийг хатуу шүүмжилнэ. Мөн бүдүүлэг авир гаргасан тамирчныг Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос зохих шийтгэлийг нь өгөх болно гэдгийг ДЧБХ-ны техникийн зөвлөлийн дарга хэлэв.

Мөн өчигдөр тэмцээний техникийн зөвлөгөөн, эмчийн үзлэг, жингийн үзлэг болсон байна. Харамсалтай нь, зарим орны тамирчид манай улсад хараахан ирж чадаагүй байгаа аж. Учир нь, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас заримынх нь нислэг цуцлагдсан байна.

Ямартай ч “RIO-2016” олимпын эрх авах чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн нэгдүгээр шатны тэмцээнд эх орноо төлөөлж 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга нар барилдахаар болсон байна. Түүнчлэн энэхүү тэмцээнтэй давхцаад АСЕМ-ын бага чуулган болж байгаа учир замын хөдөлгөөн зам хаах зэрэг асуудал гарах нь мэдээж. Тиймээс энэ асуудал дээр Монголын чөлөөт бөхийн холбоо Цагдаагийн газартай хамтарч ажиллаж тэмцээнд орж байгаа тамирчдадаа аль болох түгжрээгүй цагтаа очих талаас нь ярилцана гэв. 

Тэмцээн гурван дэвжээн дээр явагдах бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний ба­рил­­дааныг “НТВ”, “С” дэв­жээний барилдааныг “Сүлд”-ээр шууд дамжуулж үзүүлэхээр болсон байна. Тэмцээний хөтөлбөрийг сонирхуулъя.

Баасан гараг
9.00-15.00: Сонгомол ба­рил­дааны 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд
17.30-18.00: Нээлтийн ёслол
18.00-20.00: Шигшээ ба­рил­­даан, медаль гардуулах ёслол

Бямба гараг
9.00-15.00: Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд
18.00-20.00: Шигшээ ба­рил­­­­­­­даан, медаль гардуулах ёслол

Ням гараг
9.00-15.00: Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд
18.00-20.00: Шигшээ ба­рил­даан, медаль гардуулах ёслол

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан