Хэдхэн хоногийн өмнө манай улсад Олон улсын шатрын холбоо, Ази тивийн шатрын холбоо, Монгол Улсын Шатрын холбоо хамтран зохион байгуулсан “Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн ач охин М.Пагамдулам блиц төрөлд алт, рапид төрөлд мөнгөн медаль, стандарт төрөлд шагналт байрт шалгарсан билээ. Энэ талаар гишүүн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. “Шатар миний амьдралын чухал хэсэг. Өдөр тутмын ажлын ачааллаас түр ч болов холдуулж тархийг минь амраадаг бас ажиллуулдаг энэ спортоор хичээллээд удаж байна.
Дэлхийн дэвжээнд зодоглох тамирчдынхаа дээлийн захыг мушгин хаа л бол тэмцээн уралдаанд дагаад л оччихдог зантай. Харин энэ удаа Улаанбаатар хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд миний зургаан настай ач охин алт, мөнгөн медаль хүртэж магнай хагартал баярлууллаа. Олон улсын хэмжээний тэмцээнд оролцох гараагаа ийм амжилттай эхэлж байгаа бяцхан охиноороо бахархаад энэ баяраа нүүр номын та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа минь энэ” гэжээ.