Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, “хохирогчид” цуглав

Б.ШИРНЭН

Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр (1962 оны 4-р сарын 20) өчигдөр тохиолоо. Түүний ирсэн өдрийг тохиолдуулан гэгээн дурсгалд нь зориулсан хөшөөний өмнө ах дүү, найз нөхөд нь “номоороо” цуглацгааж, хүндэтгэл үзүүлэв. Тэд нь ИЗНН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Л.Болд болон Монголын Ардчилсан холбооны хэдэн партизанууд.

Харин энэ удаад С.Зориг агсантай “туг барьж, тугал ч хариулж” явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, зарим УИХ-ын гишүүн тэргүүтнүүд харагдсангүй. Мөн амьдралынх нь сүүлийн хугацаанд хамт байсан Б.Булган урьдчилан хорих төвд өнжив.

Хэдийгээр цэцэг өргөх нь хүндэтгэл үзүүлж буйн нэг хэлбэр ч үүнтэй зэрэгцэн 1998 оны аравдугаар сарын 2-нд болсон аллагын хэрэг мөн сөхөгддөг. Энэ хэргийн учиг тайлагдаагүй, өдгөө 18 дахь жилдээ хариулт нэхэж байгаа тул хөшөөний өмнө цуглагсад ч илрэх байх гэсэн найдлагаас өөр зүйлгүй байв.
Түүнийг алагдсанаас хойш С.Зориг агсны хөшөөнөөс бусад нь төрийн нууцад авагдсан тул өдгөө ч хэрэг явдалтай хамгийн ойр буй С.Оюун хэргийн талаар хэлэх үггүй хэвээрээ л байлаа. Харин Б.Булган Төв аймаг дахь цагдан хориход хоригдож байгаа бөгөөд саяхан хүний эрх талаас нь үнэлгээ өгөхөөр очсон УИХ-ын гишүүд түүнийг хүн л болохоос амьтны торонд байна хэмээн цочирдом мэдэгдэл хийсэн билээ. Гэвч, түүнийг ингэж байлгах шаардлагатай эсэх, хэргийн мөрдөлт ахицтай байгаа эсэх, ямар үндэслэлээр сэжиглэж байгаа юм бэ, гээд бүх л асуултууд төрийн нууцаар хамгаалагдаж байна.

С.Оюун: Бид бол хохирогчид

С.Зориг агсны дүү, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн

Бид бол хохирогчид. Хохирогчийн хувьд энэ хэргийг илрээсэй гэж боддог. Түүнээс өнөөдрийг хүртэл хэргийн мөрдөн шалгах явцад би ямар нэг байдлаар оролцож, аливаа байр суурь илэрхийлж байсангүй. Мөн хэн нэгнийг, эсвэл нэг байгууллагыг цохон нэрлэж энэ хэрэгт буруутгах, зөвтгөх байр суурь баримталдаггүй. Учир нь, хэрэг шалгагдаж дуусаагүй, илрээгүй учраас ямар нэг дүгнэлт хийх боломж байхгүй. Харин хуулийн байгууллагад итгэсэн хэвээрээ байгаа.
Хуулийн байгууллага энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байх эрхтэй юм билээ. Учир нь хүнийг санаатай хороох (Хүнийг санаатай алах Э.Х.91) нь улс төрийн ажилтны эрхэлж байгаа ажлыг нь зогсоохоор хороосноос өөр болохоор (Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах Э.Х.81) нууцад хамааруулан шалгах эрхтэй юм билээ.

Л.Болд: Хорьж байгаад гүйцэтгэх ажиллагаа явуулж байна

УИХ-ын гишүүн

Амьд үлдсэн ганц гэрчийг өнгөрсөн 18 жилийн турш хардаж ирсэн. Өмнө ч гэсэн хорьж, цагдаад шалгаж байсан удаа бий. Өнөөдөр дахиад л ийм нөхцөл байдал үүслээ. 60 хүрсэн эмэгтэйг хэр удаан хорьж, шалгах юм. Хүний зовлон дээр зовлон нэмсэн ийм шийдэл буруу. Хүний эрхийг хангаж, хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой.

Б.Булган хэр удаан цагдан хоригдох нь тодорхойгүй, ном сонин үзүүлдэггүй, эргэлт оруулдаггүй, өргөдөл бичүүлдэггүй, хоол хүнс гээд бүх юмаараа хохирч байна. Хурц гэрлээр шарж, хэдэн сарын турш тамладаг энэ бүх үйлдлийг бид хориглох ёстой. Хуулийн байгууллага хүнийг хорьчихоод мартчихаж байгаа юм. Оны өмнө байцаалт авчихаад түүнээс хойш аваагүй юм билээ. Тийм бол хорих ямар шаардлага байгаа юм бэ. Энэ чинь хорьж байгаад гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэсэн үг. Ямар нэг юм илрэх байх, сэжүүр гарах байх гэдэг ч юм уу, хүний эрхийг зөрчсөн зүйл гарч байна.

Г.Байгалмаа: Хэрэг хуучирдаггүй

МоАХ-ны Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга

С.Зориг агсны мэндэлсэн өдөр болоод түүнийг нас барсан аравдугаар сарын 2-ны өдөр манай намын гишүүд, С.Зоригийг гэсэн хүмүүс, ардчиллыг гэсэн хүн бүрийн сэтгэл энэ хөшөө рүү жим гаргадаг байх.
С.Зориг өөрөө МоАХ-г үүсгэн байгуулагч, ардчилсан хувьсгалын манлайлагч, улс төрийн нэрт зүтгэлтэн байсан. Тиймээс энэ хэрэг илрэх байх гэдэгт МоАХ-ныхон итгэлтэй байдаг. Хэрэг хуучирдаггүй гэдэг шүү дээ. Хэдийгээр 18 болж байгаа ч гэсэн монголын ард түмэн, МоАХ энэ хэргийг нэхэн сануулсаар байх болно. Гэвч, хуулийн байгууллагын хаалттай байдлаас болж, энэ хэрэгт ахиц гарсан уу, гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан