Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарын салбан бүрт “эмчилгээ” шаардлагатай байна

Э.ГАНЦЭЦЭГ

Иргэд эмнэлэгт очоод эмчийн өрөөний хаалга үүд сахин, хэрэлдэж, муудалцан дугаарлаж зогсдог цаг ард хоцорч, өрхийн эмнэлгээс эхлээд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт цахимаар дугаар авч үйлчлүүлдэг болоод удаагүй. Өвчтнүүд үзлэгийн цаг авч, эмч, мэргэжилтнүүд өвчтний түүх гээд бүхий л баримт бичгээ цахим хэлбэрээр хадгалах болсон нь орчин цагийн бидний цаг зав хөдөлмөрийг хэмнээд үнэхээр нүдээ олсон ажил байлаа. 

Гэхдээ өнөөдрийг хүртэл л өрхийн эрүүл мэндийн төв, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд эрүүл мэндийн нэгдсэн программаар иргэдэд үйлчилж, шаардлагатай үед тэрхүү “эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан”-д нэвтэрч, өвчтний түүхийг цахим хэлбэрээр харах боломжтой байв. Энэ нь тухайн өвчтөн хэзээ, хэн гэдэг эмчид үзүүлж, хэрхэн оношлогдож, ямар эм тариа хэрэглэж байсан гээд өвчтөний түүхтэй танилцаж, эмч зөв онош тавьж эмчилгээ хийх боломж олгох олон давуу талтай байв. “Байв” гэхийн учир нь Нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд сүүлийн таван жил хэрэглэж буй “medsoft” программыг халж, шинээр “Ehealth” хэмээх программ нэвтрүүлэхээр Нийслэлийн нэг болон хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд туршиж эхэлжээ. Гэтэл уг программ нь “нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн мэдээллийн санг холбох боломжгүй” гэдгийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн IT инженер Ч.Мөнхбаяр хэлэв.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар үйлчлэхээ зогсоосон гэнэ. Ингэснээр иргэд урьдчилан цаг авах боломжгүй болж, эмч нар өвчтний түүхээ гараар хөтлөхөөс өөр аргагүйд хүрч. Өдөрт дунджаар 1000 гаруй хүнд үйлчилдэг тус эмнэлэгт байдал ямар байгааг сурвалжлахаар бид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо.

Эхлээд цахим бүртгэлийн хэсгээр орлоо. Хэсэг хугацаанд ажиглаж зогсоход цахим бүртгэлийн ажилтан иргэдэд үзлэгийн цаг олгож, эмчийн нэр бичсэн цаас тарааж байв. Цахим бүртгэлийн ажилтнаас цахимаар бүртгэж байгаа эсэхийг лавлахад “Цахим бүртгэлийн систем ажиллахгүй байгаа. Тиймээс тамгатай цаасан дээр цаг олгож байна” гэв. Хэзээнээс, яагаад цахимаар бүртгэхгүй болсон юм бэ хэмээн лавлахад “Манай хэрэглэж байсан программыг шинэ программаар солих гэж байгаа гэсэн. Дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллахаа больсон. Хуучин ашиглаж байсан “Мэдсофт” программыг тус программыг эзэмшигч ”МИТПС” компанийхан хаасан гэснээс өөр мэдээлэл алга” гэсэн бол тус эмнэлгийн IT инженер Ч.Мөнхбаяр бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Манай эмнэлэг 2011 оноос “Мэдсофт” программ ашиглаж байгаа. Манайх гэлтгүй улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд ашиглаж ирсэн. Гэтэл таван жил ашигласан “Мэдсофт” программыг халж, ЭМСЯ-наас “Ehealth” хэмээх шинэ программ нэвтрүүлэхээр болсноо хэлж, туршилтын журмаар хэрэглэж байсан юм. Тус программыг Хятадын “Huawei” компанийн хөрөнгө оруулалтаар “Metronetworks” компани гүйцэтгэж, манай дээр туршилтын журмаар ашигласан.

“Метронетворкс”-ийн IT инженерүүд манай эмнэлэг дээр байрлаж ажиллаж байсан ч гэнэт нэг өдөр л ирэхээ байчихсан. Уг нь “Huawei” компанийн хөрөнгө оруулалтаар манай эмнэлэгт IT инженерийн өрөө хүртэл гаргаж, шаардлагатай компьютер техник хэрэгслийг хүртэл авч өгсөн. Гэхдээ бидний өмнө нь хэрэглэж байсан “Мэдсофт” программ хэвийн ажиллагаатай, эрүүл мэндийн төвүүдтэй холбогдож, өвчтний түүхийг харах боломжтой байсан. Үнэндээ шинээр суулгах гээд байгаа “Ehealth” программд энэ бүхэн тусгагдаагүй” хэмээн хэлсэн. Үнэхээр л IT инженерийн өрөөнд шинэ зөөврийн компьютер эгнүүлэн өржээ.  Ингээд бид тус поликлиникийн эрхлэгч Ч.Ариунаатай уулзлаа. “ЭМСЯ-наас “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд программын шинэчлэл хийж байгаа юм билээ. Манай эмнэлэг шаардлагатай бүхий л юмаа бэлдчихсэн. Гэтэл хуучин хэрэглэж байсан “Мэдсофт” компанийхан ч программаа хааж, шинэ ч үгүй хуучин ч үгүй болчихоод сууж байна. Бидний мэдэж байгаа юм энэ” гэв.

Ингээд цахим бүртгэлийн хэсэгт эргээд очиход маргаашийн үзлэгийн цаг авахаар ирсэн хэд хэдэн иргэн “боломжгүй” гэсэн хариулт сонсон, өглөө эртхэн ирэхээс гээд буцахтай таарав. Мөн эмч нар өвчтнийхээ түүхийг цаасан дээр тэмдэглэж, өнгөрсөн 20 хоногийн хугацаанд ачаалалтай ажиллаж байгаа тухай гомдоллосон. Иргэдэд ч хүндрэлтэй байгаа талаар хэлж байв. Учир нь иргэд цахим систем хэвийн ажиллаж байхад 14 хоногийн өмнө үзүүлэх эмч дээрээ цагаа утсаар захиалчихдаг байсан гэнэ. Харин одоо тийм боломж алга.

Энэ талаар тодруулахаар ЭМСЯ-ны IT  инженер Хүрэлбаатартай уулзсан юм. Тэрээр заавал яамныхаа хэвлэлийн албаар дамжин мэдээлэл өгнө гээд халгаасангүй. Хамгийн гол нь хэвлэлийн албаныхан нь удирдлагуудтайгаа хөдөө орон нутгаар явж байгаа гэдэг мэдээлэл үүдний жижүүр өгч байлаа. Тэгэхээр хэвлэлийн албаныхан нь байхгүй бол ЭМСЯ-наас мэдээлэл авах боломжгүй юм байна гэж ойлгоод гарлаа.


Н.Батсайхан: Монгол улсын иргэдийн мэдээлэл гадагшаа алдагдах вий

/”МИТПС” ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан менежер/

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн цахим үйлчилгээний систем дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллахгүй байгаа талаар бид тус эмнэлэг дээр очиж сурвалжилсан. Эмнэлгийн ажилтнуудаас цахимаар яагаад үйлчлэхгүй байгаа талаар тодруулахад тус эмнэлгийн программ хангамжийг хариуцдаг ”МИТПС” ХХК программ хангамжаа салгасан талаар олж мэдсэн юм. Энэ талаар тодруулахаар ”МИТПС” ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан менежер Н.Батсайхантай ярилцлаа.

-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэлтгүй улсын хэмжээний 100 гаруй эмнэлгийн программ хангамж дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ажиллахгүй болоод иргэд, эмч нарт хүндрэлтэй байгаа талаар дууллаа. Тэдгээр эрүүл мэндийн байгууллагуудын программ хангамжийг танай компани хариуцдаг. Гэтэл танайхаас бүгдийг нь хаасан гэв үү?  
-Тэгсэн. Бидэнд өөр арга байсангүй. Программ нь хүний ажлыг хөнгөвчилж, тухайн байгууллагын хэвийн ажиллах нөхцөл, бололцоогоор хангах үүрэгтэй. Эмч өдөрт үзэж, оношилсон өвчтөнийхөө тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авдаг. Гэтэл тухайн өвчтөний нэрийн нэг үсэг, регистрийн дугаарын нэг тоо зөрөхөд л Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах боломжгүй болно. Манай “Мэдсофт” программыг эрүүл мэндийн байгууллагууд ашиглаж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт зардлынхаа 80-90 хувийг авдаг болсон. Гэтэл урд нь улсын төсвөөс 50-60, Эрүүл мэндийн даатгалын сангаас 40-50 хувийн санхүүжилт авдаг байсан юм билээ. Мөн иргэд эмчид үзүүлэхийн тулд өглөө эрт ирж дугаарлан, аль эсвэл танил талаа царайчилдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ бүх механизм өөрчлөгдөж, ямар ч хүндрэлгүй эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг хүртэж байна. Манай компанийн “Мэдсофт” программ иргэдэд ингэж өгөөжөө өгч байсан юм. Манай компани эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хоёр жилийн хугацаатай хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эрүүл мэндийн төв, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэг гээд улсын хэмжээний 131 эмнэлэгт “Мэдсофт” программыг тухайн эмнэлэг тус бүрийн онцлогт тохируулан хөгжүүлж, суулгасан. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, харъяа байгууллагуудын тайланг нэгтгэх ажлыг гүйцэтгэсэн төдийгүй гэрээ дууссанаас хойш өнөөдрийг хүртэл программ хангамжийн шинэчлэлт, засвар үйлчилгээ, хамгааллын ажлыг үнэ төлбөргүй хийсээр ирсэн. Бид өнөөдөр эрүүл мэндийн 100 гаруй байгууллагын программыг салгадаг нь дургүйцлээ илэрхийлж байгаагийн нэг хэлбэр. Энэ тухайгаа долоо хоногийн өмнөөс нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад албан бичгээр хүргүүлж, мэдэгдсэн. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзахаар утсаар холбогдсон ч бидэнд олдоогүй.

-Та сая дургүйцлээ илэр­хийлж байгаагийн нэг хэлбэр гэлээ. Энэ чинь та­найх болоод төрийн бай­гууллага хоорондын үл ойлголцол. Гэтэл иргэд дунд нь хохироод байна шүү дээ?
-2012 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Ца­хим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр  болж, Олон улсын тендерт Хятадын “Хуавэй” компани шал­гарсан. Ингээд тус ком­пани эмнэлгийн программ хангамж боловсруулах туслан гүйцэтгэгч сонгон шалга­руулах нээлттэй тендер зарлах ёстой байсан атал тэгээгүй. Тендер зарлаагүйгээр үл барам нийтэд мэдэгдэхгүй явуулж, өнгөрсөн хугацаанд энэ салбарт хамгийн их ачаа нугалж ирсэн манай компанийг огт оролцуулалгүй, туршлагагүй, цахим эмнэлгийн программ хангамжийн сонгон шалгаруулалтад оролцохдоо авлига өгсөн хэргээр шалгагдаж байгаа “Метронэтворкс” хэмээх компанийг шалгаруулсан. Энэ компанийг ямар үндэслэлээр, хэрхэн шалгаруулсан талаар ЭМСЯ-наас удаа дараа тайлбар хүссэн боловч “Олон улсын тендэр учраас бид мэдэхгүй. “Хуавэй” компанийн дотоод асуудал” гэдэг хариулт яамнаас өгсөөр ирсэн. Тиймээс бидэнд уг шалгаруулалт шударга бус явагдсан гэх хардлага төрүүлж байгаа юм. Хамгийн гол нь тус компани дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдэд туршилт хийх нэрийдлээр өдийг хүртэл бор зүрхээрээ, улсаас ямар нэгэн татаас авалгүй хийж гүйцэтгэсэн манай “Мэдсофт” программыг хуулбарлах, “Эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан”-д халдахаар оролдож байгаа нь сэжигтэй санагдаад байгаа юм. 

-“Эрүүл мэндийн нэгд­сэн мэдээллийн сан” гэхээр Монгол Улсын бүх л иргэний мэдээлэл тэнд хадгалаастай байгаа гэсэн үг үү?
-Тийм. Хятадын компанид энэ мэдээллийн санг өгөхгүй гэсэндээ дургуйцлээ илэрхийлээд байгаа юм. Учир нь хүмүүс цагдаагийн нэгдсэн мэдээллийн санд гэрийн хаяг, утасны дугаар гээд хувийн зарим мэдээллээ худал хэлдэг. Харин эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санд бүх мэдээллээ үнэн зөв хэлж, бүртгүүлдэг. Тийм учраас хүчний байгуулагууд эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг ашиглаж хэрэгтнээ барьж байсан олон тохиолдол бий. Тиймээс эрүүл мэндийн мэдээллийн сан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Магадгүй энэ мэдээллийн сан “Метронетворкс” компаниар дамжаад гадны гарт орчихвол Монгол улсад хэдийд халдварт өвчин дэгддэг гэх зэргийг судалж, вакцин оруулж ирж болзошгүй. Бидний генд ч нөлөөлөхийг оролдохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид “Метронетворкс”-т мэдээллийн сан шилжүүлэхийг эсэргүүцээд байгаа юм. Харин тэгтэл уг мэдээллийн санг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даруй ирүүлэхийг шаардаж бичиг илгээсэн байна.

-Энэ талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж, уламжилж  байв уу?
-Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан Монгол Улсын иргэдийн мэдээлэл болон өвчлөлийн нууцыг хадгалсан байдаг тул эрүүл мэндийн аюулгүй байдал, нууцлал, хэвийн ажиллагааг ганц компанид хариуцуулан өгснөөр салбарын үйл ажиллагаа доголдох, болзошгүй саад бэрхшээл гарахад салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдах, зогсох хүртэлх эрсдэл үүсэх аюултай. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцэн, хэд хэдэн компаниар хамтран гүйцэтгүүлэх чиглэл гаргасан. Дээр хэлсэнчлэн энэ асуудлыг ЭМСЯ-нд удаа дараа тавьсан боловч “Олон улсын тендер учраас бид мэдэхгүй. Тендер зарласан “Хуавэй” мэднэ гээд халгаахаа байсан.

-Эмнэлгүүдэд хэрэглэж байсан “Мэдсофт” системээ яагаад хаачихав? Иргэдээ бодож болсонгүй юу гэж үзэх хэсэг бий шүү дээ.
-Бид олон жил сэтгэл, зүрхээрээ хийж ирсэн ажлыг салбарын яам нь дэмжихгүй байгаа учраас программ хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт хийх, хөгжүүлэх санхүүгийн боломжгүй болсон. Мөн салбарын удирдлагуудад цочроо болох болов уу гэдэг үүднээс “Мэдсофт” программын ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор зогсоосон. Гэхдээ мэдээж иргэд хийгээд эмч, мэргэжилтнүүдэд ямар их ачаа ирж байгаа бол гэдэгт санаа зовниж сууна. Бид “МИТПС”, өөрөөр хэлбэл манай компанийн “Мэдсофт” программыг цаашид ашиглах эсэх, ашигласан тохиолдолд санхүүжилтийг тодорхой болгох хүртэл программаа ажиллуулахгүй. Бид энэ тухайгаа гуравдугаар сарын 28-ны өдөр ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад мэдэгдэж, албан тоот хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй байна. Тиймээс бид УИХ-ын Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хороонд хүсэлт гаргасан.

-Хийж бүтээе, бид чадна гээд дуугараад гарч ирж байгаа залуусаа төр дэмжихгүй байгаа нь харамсалтай?
-Үнэхээр тийм шүү. Бид өнгөрсөн тав, зургаан жилийн хугацаанд улсаас нэг ч төгрөг авалгүй өдийг хүртэл Эрүүл мэндийн салбарын мэдээллийн санг хөгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэтэл залуусаа дэмжих нь битгий хэл, нухчин дарахаар оролдож байна. БНХАУ-аас хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төсөлд 3.3 сая ам.доллар төсөвлөгдсөн. Тиймээс энэ тендэрт хууль журмынх нь дагуу оролцмоор байгаа учир дахин тендэр зарлахыг хүссэн. Эмнэлгийн программ хангаж дотооддоо үйлдвэрлэж, эрүүл мэндийн салбарт хуулийн дагуу олон жил ажиллаж ирсэн үндэсний компаниа дэмжин, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл, боломжийг олгож өгөхийг хүсч байгаа. Гэхдээ хуулийн дагуу шүү.  
Миний эмзэглэж буй ганц асуудал хууль ёсны тендерээр шалгараагүй, сонгон шалгаруулалтад оролцохдоо авилга өгсөн хэргээр шалгагдаж буй “Метронетворкс” компаниар дамжин Монгол Улсын иргэдийн мэдээлэл гадагш алдагдах вий гэдэг дээр эмзэглэж байна.

1 Сэтгэгдэл
Ene ayultai ym bolj shuu. Odoo ehealth-eer yvagdaj bgaa ym chn medeelel ali hediin Hyatdiin tald ochson, odoog ch hurtel avch bgaa daa.
Хамгийн их уншсан