Н.БАТ
“Ээж ээ, та битгий даралтаа ихэсгэчихээрэй!” гэдэг үгийг л хэлэх дуртай байсан хэмээн С.Зориг агсны ээж Доржпалам гуай 1998 оны арваннэгдүгээр сард өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үг түүний ээждээ хэлсэн хамгийн сүүлчийн үг.
“Маш томоотой мөртлөө их зөрүүд хүүхэд байсан юм. Өөрийнхөө санасан санааг биелүүлэх гэж оролддог хүү минь аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлнэ гэж ярьдаг. Тэгээд ч МГУ-ийн Нийгмийн ухааны академийг дүүргээд тэр мэргэжлээрээ ажилласан. Цол хамгаалах сэдэв нь хүртэл “Монголын нийгмийн байгууламж” байсан юм. Миний хүү улс төрд их юм хийсэн гэдгийг одоо л мэдэж байна. Өмнө нь ерөөсөө ойлгоогүй байсан юм. Одоо монголчууд дэлхийн аль ч улсад явахад чөлөөтэй боллоо. Хүү минь ардчиллыг байгуулж, Монгол орныг зах зээлд шилжүүлэн, хүмүүсийн сайн сайхан амьдрах ирээдүйг бүтээн байгуулсан гэж ойлгодог” хэмээн буурал ээж нь тэнгэрийн оронд одсон хүүгийнхээ хойноос нулимс дуслуулан дурсан ярьсан яриа нь сонины шарласан хуудсанд баримт болон хадгалагджээ.
Тэр өнөөдөр 54 нас хүрэх байж. Мөр зэрэгцэж зүтгэж явсан нөхөд нь өнөөдөр Ерөнхийлөгч, Хотын дарга, УИХ-ын гишүүн бас гудамжинд ч явна. Харин тэр тэнгэрийн орноос миний байгуулалцсан ардчиллын өнгө төрх өнөөдөр... гээд харж суугаа.
Алтан саванд нь 100 жилд нэг төрдөг ч нас богинотой хүн байж гэж буусан тухай ээж нь хэлсэн байдаг. Үнэхээр 100 жилд ганц төрөх манлайлагч байсан биз. Монголын ардчилсан хувьсгал гэхээр С.Зориг хамгийн түрүүнд хэн бүхэнд буудаг байлаа... Өнөөдөр мэдээж Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд хүмүүс бий. Гэхдээ дэлхий 1990-ээд онд Монголын ардчилллыг С.Зоригтой хамт төсөөлж, С.Зоригийг зорьж ирдэг байв.
Өнөөдөр түүний хөшөөнд ойр дотныхон нь цэцэг өргөнө. 54 нас гэдэг эр хүний хувьд улс орноо төвхнүүлэх их үйлсэд оройлон оролцох үе. Харин тэр чадаагүй. Өөрийнхөө байгуулсан, өөрийнхөө зүтгэж олсон нийгэмд ердөө 10 хүрэхгүй жил амьдрахдаа тодоос тод мөр үлдээсэн ч томоос том асуултын тэмдэг зүүж орхисон. Асуултын тэмдгийг араас Монголын төр 18 жил зүүгдэж л явна. Гэхдээ тэгшилж чадаагүй л байгаа. Гэхдээ түүний төрсөн энэ өдөр ойр дотно нөхөрлөж, дотоод сэтгэлийг уудалж явсан зарим хүмүүсийн дурсамжийг эргэн сөхөж, С.Зориг гэж хэн бэ гэдгийг нэг өнцгөөс ч гэсэн хөндөх гээд үзье.
Зураач Н.Санчир бол түүнийг ардчилсан хөдөлгөөн уруу татан оруулсан хүн. Хэдийгээр үүндээ би өнөөдөр ч харамсдаг гэж тэр хүн хэлдэг ч С.Зориггүй ардчиллыг төсөөлөөд нэг үзээрэй. Н.Санчир гуай түүний тухай ярихдаа “ Лидер болох тийм нэг увидастай хүн. Их зөөлөн, хүнтэй яриа хэл нийлдэг болохоор яалт ч үгүй бусдыг татаж чаддаг. Хөдөөгүүр хамт явж байхад Зоригийг ярихаар хөдөөнийхөн маань их дуулгавартай сонсоно. Хөх өвгөд хүртэл энэ хүү чинь тун гайгүй юм яриад байна шүү гэж ойлгодог.
...Хайран хүү. Үнэхээр сайн хүү байсан юм шүү. Цагаан, их тусархуу, итгэл даадаг, гэгээтэй.. Амьдралд харамсах юм их. Гэхдээ энэ бол миний хувьд үнэхээр том харамсал. Хэрвээ Зоригоо маань байсан бол дэлхийд Монголын нэрийг гаргаад, олон улсын тавцан дээр зогсоод байж чадах хүн байсан юм. Зориг маань их алсын хараатай хүн байлаа” хэмээсэн юм. Яг үнэндээ дэлхий түүнд магадгүй ганц алхмын зайд ч байсан байх. Гэвч тэр ганцаардсан ч Монголын ардчилалд үнэнч хэвээр л байсан.
Үүнийг түүнтэй хамт зүтгэж, ажиллаж байсан нөхөд ч баталдаг. С.Зориг агсны хувийн туслах, нарийн бичгээр ажиллаж байсан Ц.Оюунцэцэг бол хамгийн ойр олон жил ажилласан нэгэн. Тэр “ Талийгаач их сонин хүн. Хурал цуглаан дээр зарим нь элдэв үг шидэж, хэрүүл өднө. Нөхөр тамхиа татаад, чимээгүй чагнаад л суудагсан. Тэгснээ онолын хувьд тийм биш үү гээд хоёр гуравхан үг хэлнэ. Бусдаас нэг л өөр хүн байсан. Бусдаас илүү сэтгэж, их гүн бодож чаддаг.
Харин хамт зүтгэж явсан зарим нөхөр нь түүний хаана ч хүрэхгүй гэдэг нь мэдэгддэг байлаа” хэмээн дурссаар сууна.. Тэд бол түүнийг улстөрийн өнцгөөс биш хувь хүн гэдэг талаас нь харж дүгнэсээр, хайрлаж хүндэлсээр байгаа хүмүүс.
Энгийн эгэл даруухан С.Зоригтой нөхөрлөж, хамтарч байсан олон арван найз нь өнөөдөр түүний хүйтэн хөшөөг бүлээсгэж, цэцэг өргөнө. С.Зоригийг хэн... бэ гэх асуултын тэмдгээ цээжиндээ тээсээр ирээд, цээжиндээ хадгалсаар явна...
С.Зоригийг хэн....