Э.ГАНЦЭЦЭГ
Монгол Улс 1990-ээд оны заагт нийгмийн шилжилтийн үеийг туулж, дэлгүүрийн лангуун дээр ширхэг бараа ч байхгүй байсан цаг. Ийм хэцүү цаг үед Японы ард түмэн бидэнд тусламжийн гараа сунгаж, дэд бүтэц, барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажилд чамгүй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ үеэс хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, бүхий л салбарт хамтран ажиллаж эхэлсэн.
Ялангуяа нийслэлийн ус хангамжийн асуудлыг сайжруулах чиглэлээр чамгүй олон ажлыг хамтран хийж, хэрэгжүүлжээ.
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 1991-1996 онд ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулын судалгааг хийж гүйцэтгэсэн бол үүний дараа ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Түүнчлэн нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 1996-1999 онд төвийн эх үүсвэр, 2004-2007 онд дээд эх үүсвэр, 2012-2015 онд Гачуурт эх үүсвэрийн ажлыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус тус хийж гүйцэтгэсэн байна.
Үүний дүнд нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрүүдийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, усны алдагдал болон ашиглалтын зардлыг бууруулж, усны зөв зохистой хэрэглээг бий болгож, хүн амын өсөлт хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан усны эх үүсвэрийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжтой болсон юм.
Түүнчлэн 1998 оноос өнөөг хүртэл Ус сувгийн удирдах газрын 28 ажилтан ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр Япон улсад мэргэжил дээшлүүлж, ЖАЙКА-гийн сургалтад хамрагджээ. Сургалтад хамрагдсан ажилчид эх орондоо эргэн ирж, Япон улсад сурч, мэдсэн, хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсаар байгаа аж.
Өнөөг хүртэл 25 жилийн турш Улаанбаатар хотын ус хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэн чадавхижуулахад Японы ард түмний оруулсан хувь нэмэр, сайхан сэтгэлийн хариуд талархлаа илэрхийлэн Ус сувгийн удирдах газар, Монгол-Японы найрамдлын нийгэмлэг хамтран “Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний оруулсан хувь нэмэр” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр УСУГ, ЖАЙКА-гийн хамтран ажилласан 25 жилийн түүхийг өгүүлэх гэрэл зургийн цомгийг дэлгэн, үзүүлсэнээс мар их бүтээн байгуулалтад хамтран ажилласныг бэлхнээ харж болохоор байв.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Би ч ЖАЙКА-гийн шугамаар Японд мэргэжил дээшлүүлээд ирсэн. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн тоног төхөөрөмж найдвартай ажиллаж байгаа. Ус сувгийн удирдах газар 1991 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ үеэс олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллаж, нийслэлийн ус хангамжийн системийг сайжруулах чиглэлээр чамгүй олон ажил хийж, хэрэгжүүлжээ. Өнгөрсөн онд л гэхэд Гачууртын эх үүсвэрийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 23 сая ам.долларын өртгөөр барьж байгуулсан. Тиймээс нийслэлийн ус хангамжийг сайжруулахад Японы ард түмний оруулсан хувь нэмэр, сайхан сэтгэлийг мөнгөөр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй” гэв. Түүний талархлын хариуд өдөрлөгийн хүндэт зочин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү “Баярлалаа” хэмээн даруухан мэндлэв. Өдгөө Ус сувгийн удирдах газар, ЖАЙКА-тай хамтран Улаанбаатар хотын ус хангамжийн системийн мастер төлөвлөгөөг боловсруулахын сацуу ус хангамжийн нөөц дутагдал, Туул голын ус хангамж, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн, засварлах ажлын хүрээнд ЖАЙКА-гаас хөрөнгө гарган судалгаа хийж байгаа аж.
Туул гол тасарсан тухай мэдээлэл сүүлийн үед гарсаар байгаад хүн бүр халаглан харамсч суугаа. Өдөрлөгийн үеэр С.Үнэн даргаас энэ талаар асуухад “Туул гол 20-иод км газар доош суусан. Үүнийг бид Туул голын усан цогцолбор барьж байгуулах ажлын хүрээнд олж мэдлээ. Нийслэлчүүдийн усны хэрэглээ ирэх жилүүдэд хоёр дахин өснө гэсэн судалгаа бий. Гэтэл нийслэлчүүдийн ундны усны эх ундарга болсон Туул голын нөхцөл байдал ийм байдалтай байгаа нь харамсалтай. Тиймээс гадаргын ус ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг даруй боловсруулах шаардлагатай байгаа юм. Туул голын усан цогцолборын ТЭЗҮ-ийг энэ ондоо багтааж дуусгана” гэсэн таатай мэдээг дуулгав.
Энэ мэт нийслэлчүүдийн ус хангамжийг сайжруулах чиглэлээр хийж буй олон ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.
Өдөрлөгийн үеэр ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион явуулсан “Япон орныг хэн сайн мэдэх вэ” гар зургийн уралдааны шилдгүүдийн шагналыг гардуулсан. Хүүхдүүд Япон орны талаар өөрийн мэддэг бүхнээ, очиж үзээгүй ч өөрийн төсөөллөөр цаасан дээр гайхалтай буулгасан байлаа.