Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Улам-Оргих: Хиймэл дагуулын ажилд хандив өргөх хүмүүсийн нэр сансрын уудамд гарна

А.АКЭРКЭ

Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр болсон. Энэхүү хөтөлбөрт Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтарч байгаа юм. Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцөлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлт үзүүлж буй. Мөн тус хөтөлбөрт хамрагдсанаар нано хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг Японы “Кюүшү” технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа монгол оюутнууд болон МУИС-ийн багш, оюутнууд хийх юм.  Харин хиймэл дагуулын газрын станцыг МУИС дээр байгуулж хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, өөрийн хиймэл дагуулыг удирдах, хянах боломжийг олгох нь. “Энэхүү хиймэл дагуулыг төлөвлөсөн хугацаандаа амжилттай хөөргөх нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг. Сансарт хүн анх ниссэнтэй дүйх томоохон баярт үйл явдал” хэмээн тодотгоод байгаа МУИС-ийн дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа.

Зүүн гар талаас хоёр дахь нь Д.Улам-Оргих

-Юуны өмнө та манай уншигчдад энэхүү бичил хиймэл дагуулын талаар мэдээлэл өгөөч. 400км-ийн өндөрт байрлаж мэдээлэл дамжуулна гэсэн байх аа?

-NUMSAT-1U хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 метрийн нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах,ижил төрлийн хиймэл дагуулд ямар нэгэн үл мэдэгдэх шалтгаанаар гэмтэл учирсан бол тэрийг нь мэдэж мэдээлэл явуулах, агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зэрэг шинжлэх ухаан технологийн олон талт ач холбогдолтой юм. Тиймээс энэхүү түүхэн үйл явдалд хувь хүмүүс, ивээн тэтгэгчид ямар хэлбэрээр оролцож болох вэ гэвэл эндээс ямар нэгэн дуу явуулаад хиймэл дагуулдаа хадгалаад эргээд радио долгион болгоод цацаж болно. Түүнчлэн тэндээс өөрсдийнхөө хүссэн газрын зургийг авах команд өгөөд гүйцэтгүүлж болох юм.

-Бусад орны хиймэл дагуултай харьцуулбал да­вуу болон сул тал нь юу вэ?
-Ер нь, бичил болгож буй нь технологийн хөгжил шүү дээ. Бидний хэрэглэдэг гар утас хүртэл бичил болж байна. Тэгэхээр бичил болох нь сансрын технологийн хөгжил байгаа юм. Том хиймэл дагуул сансрын хог хаягдал болж байна. Харин манай хиймэл дагуул дараа нь хог болохгүй. Амархан устаад алга болно. Хоёрдугаарт, маш олон бичил хиймэл дагуул хөөргөхөд хямд тусдаг. Аль нэг нь эвдэрвэл нөгөөдүүл нь найдвартай ажиллаж байдаг юм. Гуравдугаарт, богино хугацаанд бүтээж хөөргөх бололцоотой. Дунджаар зургаан сарын дотор бүтээж болно гэж үздэг. Манайх бол жилийн дотор бүтээж чадна. Дутагдалтай тал нь гэвэл бичил учраас олон үйлдэл хийж чаддаггүй. Гэхдээ бусад орныхыг бодвол манайх олон үүрэг хүлээсэн. Тодруулбал, зургаан төрлийн үүрэг гүйцэтгэх даалгавартай байна. Одоогоор бичил хиймэл дагуул ердөө 1-2, 2-3 даалгавар л гүйцэтгэдэг юм. Тийм болохоор үүгээрээ бусдаас давуу, онцлогтой.

-Дараагийн хиймэл дагуул хөөргөх хугацааг тов­лосон гэсэн. Хэдийд хөөргөхөөр болов?
-Энэ хиймэл дагуул нь дараагийн судалгааны да­гуул бэлтгэхэд чухал ач холбог­долтой. Дараагийн хиймэл дагуулыг 2018 юм уу, 2019 онд хөөргөхөөр төлөвлөсөн. Хэмжээгээрээ зургийн аппарат шиг байх юм. Эндээс шинжлэх ухааны тэр дундаа газар дээрх мэдээлэл, улс ардын аж ахуйд хэрэгтэй мэдээллийг авах, дамжуулах бололцоотой.

-Эхний туршилтаас иргэдэд хэрэгтэй, ач холбогдолтой талыг нь ярих эртдэх байх л даа. Гэхдээ хамгийн түрүүнд хүмүүст мэдрэгдэх ач холбогдол нь юу байх бол?
-Хиймэл дагуул хөөргөснөөр хамгийн түрүүнд цаг хугацааг хэмнэх юм. Өөрөөр хэлбэл, улсынхаа газрын зургаас хаана ямар түймэр гарч вэ гэдгийг шууд мэдэх боломжтой. Өөр улсын хиймэл дагуулаас энэ мэдээллийг авахад олон хоног шаардана. Тэгэхээр бодит хугацаанд мэдээлэл авснаар ямар олон боломжийг бий болгохыг таашгүй л дээ. Хэдэн жилийн өмнө та бидний хэрэглэж буй гар утас, телевизорын талаар төсөөлөх ч аргагүй байлаа шүү дээ. Тийм учраас шууд одоо ард түмний амьдралд ийм, тийм өөрчлөлт авчирна гэдгийг тааж хэлэхэд хэцүү. Ямар ч гэсэн байгалийн гамшиг, элдвийн үзэгдэл, өөрчлөлт хаана, яаж болж байгааг хоёр цагийн хугацаанд мэдэж болно. Гэхдээ энэ удаагийн хиймэл дагуулын гол үүрэг нь тэнд байгаа сансрын орчныг, хиймэл дагуулд тохиолдох бэрхшээлийг судлах. Дараа нь бидний төлөвлөж, хөөргөх гэж буй хиймэл дагуулууд хүнд хэрэгтэй байх юм. Тухайлбал, хиймэл дагуулаас бид ямар нэгэн халуун цэгийг мэдэрлээ гэж бодъё л доо. Гэтэл тэнд нэг хүн гэрэл асаагаад багт наадам хийгээд сууж байж болно. Эсвэл машины гэрэл ассан байхыг ч үгүйсгэхгүй. Ой хээрийн түймэр гарсан ч байж болзошгүй. Тэгэхээр яг аль нь байсан талаарх бодит мэдээллийг арав, гучин секунд, минутын дараа таниад өгдөг юм. Түймэр гарсан тохиолдолд бид хүмүүст мэдээллийг нь дамжуулж өгнө. Зүгээр мэдээллээд өнгөрөхгүй, цаг уурын мэдээтэй нь хамт боловсруулаад энэ түймэр хэр зэрэг хор уршигтай, хаа хүртэл үргэлжлэх вэ гэдгийг нь гар утсанд мэдээллийг нь хүргэдэг систем зохион бүтээх боломжтой. Ирээдүйд бид энэ ажлыг хийхээр зорьж байгаа.

-Цаг уурын мэдээтэй нь хамт боловсруулна гэлээ. Ингэхэд удаан хугацааны цаг уурын прогнозыг хийхэд их төвөгтэй гэдэг. Хиймэл дагуулаа ашиглаад энэ ажлыг хийх боломжтой юу?
-Өнөөдөр агаарын хөдөл­гөөнөөр хоёр долоо хоногийн мэдээллийг л хийж чадаж байна. Тиймээс хиймэл дагуулыг бусад биологи, газарзүйн шинжлэх ухаантай холбосноор удаан хугацааны прогнозыг хийх бололцоотой гэж үзэж байна. Жишээлбэл, хаана зуд, ган болохыг ан амьтад мэддэг шүү дээ.  Тэгэхээр зарчмын хувьд боломжтой асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдэж чадвал ямар ач холбогдолтой болохыг нь хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Хиймэл дагуулыг бү­тээ­­хэд хэчнээн төгрөг шаар­дагдаж буй юм бэ. Хэдийг нь танай сургуулиас гаргав?
-Ерөнхийдөө дэлхийн улс орнууд ихэнхдээ анхны хиймэл дагуулаа үндэсний их сургуулиасаа хөөргөсөн байдаг. Манай улс ч гэсэн энэ жишгийн дагуу МУИС-иас хөөргөх гэж байна. Энэ хиймэл дагуулын нийт өртөг нь 225 мянган ам.доллар. Үүний 125 мянган ам.долларыг Монгол Улс Японоос төслийн журмаар зээлээр авсан. Тэгэхээр үүнийг Засгийн газраас оруулж буй хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Харин үлдэж буй 100 мянган ам.долларын тал хувьтай нь тэнцэх 100 сая төгрөгийг МУИС дангаараа гаргасан. Үлдсэнийг нь буюу 50 орчим мянган ам.долларыг нь ард түмнээсээ босгоё гэж шийдээд хандивын данс ажиллуулж эхэлсэн.

-Үлдсэн мөнгийг нь хандиваар босгоно гэж байхаар улсаас гаргуулж болоогүй хэрэг үү. Эсвэл ингэж хандив цуглуулах нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай юм уу?
-Яагаад заавал ард түмнээсээ хандив, тусламж авах болсон бэ гэхээр олон улсад ийм жишиг байдаг юм. Шинжлэх ухаанд ард түмнээ татан оролцуулах, сурталчлах, ирээдүй хойч үеэ энэ салбарт дуртай болгох үүднээс хандивын данс ажиллуулдаг хэрэг. Ер нь, хиймэл дагуул хөөргөөгүй цөөн улс бий. Тэрний нэг нь Пуэрто Рико. Тус улс манай улстай ижил 2017 онд анхны хиймэл дагуулаа хөөргөнө. Ингэхийн тулд хэд хоногийн өмнөөс 75 мянган ам.доллар цуглуулахаар хандивын сайт ажиллуулсан. Өглөө /өчигдөр/ сонирхоод сайтаар нь орсон чинь 69 мянган ам.доллар цуглажээ. Хэдхэн хоногийн дотор шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэн энэ олон улсын жишгээр, иргэдийнхээ сонирхлыг татах үүднээс хандивын данс нээсэн. Үүнийг бэлгэдлийн чанартай гэж ойлгож болно.
Ерөнхийдөө 21 дүгээр зууныг сансар огторгуйн эрэн гэж ярьж байна. Энэ цаг үед Монгол Улс өөрийн хиймэл дагуулаа сансар огторгуйд гаргана гэдэг бол өөрийн гэсэн орон зайтай болно гэсэн үг.
Энэ ажилд оролцож хандив өргөх хүмүүсийн нэр сансрын уудамд гарна гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор долоон сая төгрөг хандиваар цугласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан