Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туулын тухай гунигт бодол

-Туул гол Сонсголонгийн гүүр орчим 2-3 км тасарчээ-


Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Нэгэн цагт эргээ халин цэлэлцэж байсан их мөрний ёроол ил гарч, хатсан хайрга чулуу л холцруутан цайрч хоцорчээ. Саахалтын хэртэй хоёр эргийг нь холбосон гүүрэн дээгүүр өглөөнөөс үдэш хүртэл цувах олон ус уудаггүй гэлтэй тасарч, татарсан их мөрнийг үл анзааран өнгөрөх шиг. Би ч мөн адил, ажил-гэр гэх маршрутаар өдөр бүр өнөөх гүүрээр зорчдог. Гэвч гээндээ ч тэр үү гоондоо ч тэр үү харсаар байтал хатаж ширгэж буй ус мөрнөө хараад хий халаглахаас хэтэрхээ байж. Угтаа Туул голын урсац жилээс жилд татарч байгаа хэмээн бишгүй л бичиж, нийтэлсэн. Худалч хүнд сүүлийн 20 гаруй жил толгойн өвчин болсон том сэдэв бол Туул. Харамсалтай нь, урсацыг нь нэмэгдүүлж, унаган төрхийг нь хадгалан үлдэх тухайд тоймтой ажил хийсэн нь үгүй. Тиймдээ ч миний адил хий халаглан өнгөрөх олны сэтгэхүйд “Ийм л байсан, байх ч ёстой” гэх ойлголт тогтчихсон мэт.
Өдгөө үхсэн малын сэг зэм, хотын хог новш овоорсон энэ их усан магад биднээс амь гуйж байгаа нь энэ байх. Жилийн жилд “Туул гол татарлаа, тасарлаа, ширгэлээ” гээд л хэлтэй амтай бүхэн хэлж, бичих болсон нь байгаль эхийн бидэнд өгч буй сануулга ч юм шиг. Харамсалтай нь, илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрдэгийн адил гол усаа хайхрах сөхөөгүй, чих нь дөжирсөн улс гэж биднийг л хэлмээр.

Таван аймаг, 37 сумын нутгаар дамжин урсдаг энэ их мөрөн татарч, бохирдол нь хэрээс хэтрэх болсон шалтгааныг өнөөх л үйлдвэр, станцууд руу чихэж өөрсдөө уснаас хуурай гардаг нь олон. Уг нь, Усны тухай хууль гэх өдгөө үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль бий. Хаана, хэн, хэрхэн хэрэгжүүлдэг нь үл ойлгогдох эл хуулийн гуравдугаар бүлгийн 22-т “Усан сан бүхий газрын эргээс 50 метрээс багагүй зайд гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн заасан байдаг. Уг бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, газар тариалан эрхлэх, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод бут огтлох, элс хайрга, чулуу авахыг хориглосон. Түүнчлэн, “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс багагүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс багагүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн цагаан дээр хараар бичжээ.

Гэвч гууль болсон хууль хэрхэн хэрэгжиж байгаа нь нүднээ илхэн. 200 метрийн “хориг” давж, Хатан Туулын эрэг дагуу том том барилга байшин барих эрхийг хэн олгодог вэ. Асуудлыг арай томоор харвал Туул гол тасарч, татарсан шалтгааныг эндээс л эрж хайх нь зөв гэлтэй. Голын эрэг дагуух үйлдвэр цехүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, тооны хувьд олширсоор байна. Барилга байшин нь нэмэгдэхийн хэрээр хайрга, дайрга олборлох үйлдвэр, карьерууд ч нэмэгдэж. Эрэгт нь тулган барьсан энэ их “бүтээн байгуулалт” нэртэй голын сав газар халдах эрхийг хэн олгосон бэ. Анзаарч харвал Туул голын тасарсан хэсгүүд ихэвчлэн хот орчимд бүртгэгдсэн байдаг. Тэр дундаа Их тэнгэрийн гүүрнээс дээхнэ, “Зэл” амралтын газраас, Сонсголонгийн гүүр хүртэлх хэсэгт ус нь тасарсан нь их. Үүнээс үзэхэд хотын усны хэрэглээ, үйлдвэр, цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал үүнд нөлөөлдөг нь ойлгомжтой. Гагцхүү энэ бүхнийг эмхлэн цэгцлэх хууль нь хэрэгжихгүй байгаа нь Туул гол тасрах шалтгаан гэлтэй.
“Туулын урсгал шөнөдөө сайхан” хэмээх Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн тэрлэсэн шүлэгт Д.Баттөмөр ая дан тааруулж, Г.Түмэндэмбэрэл агсны дуулснаар 1957 онд олны хүртээл болсон нь одоо ч эгшиглэсээр. “Урсгалд нь умбагч сарыг ажаад усанд нь хөвөгч оддыг тоолоод” хэмээн магтан дуулсан Хатан Туул нь хагас зууны дараа хатаж ширгэх тухай “гунигт бодол” их зохиолчийн толгойд төрөөгүй лавтай.

Г.Даваа: Туул гол дагуу 300 орчим худгаас ус татдаг

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч Г.Даваатай ярилцлаа.

-Туул гол тасраад байгаагийн шалтгаан юу вэ. 12 жилийн давтамжтай гэгддэг ус ихтэй жил нь хоёр, гурван ч жилийн өмнө эхэлсэн юм билээ?
-Одоохондоо урсч эхлээгүй, хөлдүү байгаа учир тасарсан гэж хэлэх нь оновчгүй л дээ. Харин мөсгүй болж байна гэвэл ононо. Туул гол хавартаа мөсгүй болох үзэгдэл 1940-өөд оноос ажиглаглаж эхэлсэн. Ялангуяа нимгэн мөстэй хэсэг нь эрт хайлдаг. Сүүлийн жилүүдэд мөсгүй болох давтамж нь ойртоод, тэр хэрээр үргэлжлэх хугацаа нь уртсаад байна. Голын харгиа намар харьцангуй нимгэн мөс тогтож, хавар эрт дулаарснаас хайлдаг.

-Ийм үзэгдэл болоход нөлөөлдөг шалтгаан нь юу байдаг юм бол?
-Хот хэрэглээний усаа газар доорх гүний уснаас татаж байгаатай холбоотой. Газар доорх усны дөрвөн ч эх үүсвэрээс нийслэлчүүдийн ундны усыг татдаг нь гүний усны түвшин буурахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Туул голын урсац зун, намартаа түвшин буурсан гүний усаа тэжээснээр намартаа маш бага устай хөлдөж байгаа хэрэг. Улмаар хавар дууларахад нөгөө нимгэн мөс нь хайлж, эрэг сайр нь ил болоод байгаа юм. Бага устай хөлдсөн учраас Туул гол дагуух усны эх үүсвэрүүдийн орчим, харгиатай хэсэгт мөсгүй болж байна. Түүнчлэн, өвлийн турш голын мөсөн дээр утаа, тоос тортог бууж мөсний гадаргын өнгийг өөрчилдөг. Харласан хэсэгт нарны гэрэл их тусч, дулаан шингээснээр харьцангуй эрт хайлдаг. Ийм хоёр шалтгаанаар мөсгүй болоод байгаа хэрэг. Гэвч хамгийн чухал шалтгаан нь усны тухай төрөөс баримтлах бодлого алдагдаж, хууль нь хэрэгжихгүй байгаатай холбоотой. Мэдээж Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд, эрэгт нь шахаж барьсан энэ их барилга байшингийн нөлөө нийслэлчүүдийн усны хэрэглээнээс илүү сөрөг нөлөө үзүүлж байгаа. Туул голоо хайрлаж хамгаалъя гэвэл өнөөдрөөс л энэ бүхнийг цэгцэлж, цэглэх ёстой.

-Тэгвэл нийслэлийн хүн ам, үйлдвэр, цахилгаан станцууд гээд хотын усны хэрэглээ өсөхийн хэрээр гүний усны түвшин буурч байгаа байх нь. Тиймээс гадаргын усаа ч юм уу эсвэл саарал усны хэрэглээгээ нэмэгдүүлж байж Туул голын урсац нэмэгдэх нь?
-Тийм. Гүний буюу ул хөрсний ус их байж Туул голоо тэжээдэг. Үүнтэй адил гүний усны түвшин буурвал гадарга, урсацын ус тэжээн тэтгэдэг. Товчхондоо, байгаль өөрийгөө нөхөн сэргээж, төлжүүлж буй нэг хэлбэр юм л даа. Хотын айл өрхүүдийг усаар хангахын тулд 300 орчим худгаас ус татдаг. Худгийн гүн нь ихдээ 30 орчим метр байдаг. Энэ худгуудаас ус татах үйл явц нь үндсэндээ голын усыг газар доорх ул хөрснөөс нь соруулан ашиглаж буй хэлбэр юм.

Намартаа гүний усны түвшин нэлээд нэмэгддэг ч Туул гол арваннэгдүгээр сард мөсөн бүрхүүлтэй болж, арванхоёр, нэгдүгээр сард ёроолдоо хүртэл хөлддөг. Улмаар ул хөрсний усаа тэжээж чадахаа больдог. Үүнээс хойш тавдугаар сар хүртэл гүний усны түвшин буурсаар ул хөрсний ус хамгийн доод түвшиндээ хүрдэг. Одоо бол гол мөсөн бүрхүүлтэй, голдирлоос доош хөлдүү буюу ул хөрсний усны түвшин, урсац хоёр ямар нэг холбоогүй тасарсан завсрын үе юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан