Ойрын хэд хоногт монголчууд УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулгаар “амьсгалж”, хоёр хуваагдчихаад байгаа. Х.Баттулга гишүүний ойр дотно хүмүүсийг нэг нэгээр нь цагдан хорьсноос хойш түүнийг дэмжигчдийн уур бухимдал, эсэргүүцэл Төрийн ордныг чиглэх болов. Гэхдээ энэ сарын 11 хүртэл байдал харьцангуй тайван байсан. “Баянгол” зочид буудалд оффистой, Х.Баттулга гишүүний хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийг цагдаагийнхан шалгахаар очихдоо сүр бадруулсанаас болж, олон хүн энэ үйл явдлыг Н.Энхбаярын баривчилгаатай адилтган, хэсэг үймцгээсэн. Сошиалаар “Х.Баттулга гишүүний төлөө тэмцэнэ, босно. Баянхонгорчууд аа сэр, ир” гэсэн хүн ч байв. Үүнээс болоод ирсэн үү, эсвэл өөр зорилготой юу гэдгийг хэлж мэдэхгүй ч Х.Баттулга гишүүнийг өмөөрч, тэмцэхээр баянхонгорчууд 12-ны орой нийслэлд ирлээ. Тэд маргааш нь гишүүнтэй Төрийн ордонд очиж уулзахдаа “Баянхонгорчууд таны ард бат зогсоно” хэмээжээ. 100 гаруйлаа ирсэн тэднийг эмх замбараагүй байдал үүсгэх вий гэж сэрэмжлээд ордонд тэр өдөр хамгаалалт гаргасан байв. Тэгвэл өчигдөр тойргийн сонгогчид нь Ардчиллын ордонд цуглаж, нийслэлд ирсэн шалтгаанаа тайлбарлалаа.
Г.Баатарсүх (Баянхонгор аймгийн иргэн)
-Х.Баттулга гишүүнийг хууль хүчний байгууллагаар шалгуулж буйд баянхонгорчууд санаа зовниод ирлээ. Удаа дараа сонгосон хүнийхээ эрх ашгийг хамгаалах нь биднийг үүрэг. Эрх мэдэлтнүүд ард түмний өмч, баялгийг хуваан идэж байхад Х.Баттулга гишүүн л эсрэг дуугардаг. Тиймээс л түүнийг улс төрийн тавцангаас шахаж гаргах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа хүн шүү дээ. Улаанбаатар хотод суугаа нутгийн уугуул иргэд бидэнтэй нэгдэж, дэмжиж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ынхантай уулзаж, шаардлага хүргүүлнэ. Тэд Х.Баттулга гишүүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа учраас. Бид энэ сонгуулиар ч гишүүнээ сонгоно. Ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд нутгийн иргэд энд 21 хоног тэмцэл, эсэргүүцлээ илэрхийлнэ. Шаардлагыг маань хүлээж авахгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ.
Д.Цэрэндаш (Баянхонгор аймгийн иргэн)
-Янз бүрийн жагсаал цуглаан, олныг хамарсан үймээн самуун дэгдээх гэж ирээгүй. Нутгаас маань сонгогдсон гишүүнийг хавчин шахаж буйг тэвчиж чадсангүй ээ, бид. Хонгор нутагт төдийгүй улсдаа томоохон бүтээн байгуулалт хийж, улс орноо урагшлуулах гэж хичээн ажиллаж байгаа түүнийг энэ сонгуульд оролцуулж, цаашид явах замыг нь бага ч болов засаж өгөхийг л хүсэж байна. Жагсаал цуглаан зохион байгуулахдаа тулбал тайван замаар хийнэ.
Д.Бадамхатан (Баянхонгор аймгийн иргэн)
-Унааны зардлаа хаанаас гаргасан, хоол ундаа яаж зохицуулж байна вэ? гэж сэтгүүлч нар асууж байна. Бид яадгаа алдчихсан хүмүүс биш ээ. Хэн нэгнээс мөнгө авах гээгүй. Бүгд хоол, унааны зардлаа дааж ирсэн. Зарим нь хүүхдүүд, хамаатныдаа байрлаж байна. Энэ бол асуудал биш. Хамгийн гол нь манай цагдаа хүний төлөө биш эрх мэдэлтний талд үйлчилж буйд сэтгэл өвдөж байна. Бидний ард 80 мянган хүн байгаа. Тэд санал нэгтэйгээр Х.Баттулга гишүүний талд.
“Өнөөдөр” сонин
/2016,04,15/
“Баянгол” зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс санхүүгийн шалгалтыг энэ сарын 11-нд хийсэн. Шалгалт хийхдээ тусгайгийн 30 ажилтанаар хамгаалуулсан нь олныг цочирдуулсан. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Баянхонгор аймгаас 60 гаруй иргэн ирж, Х.Баттулга гишүүнийг яагаад шалгах болсон, АН-ын даргатай уулзах, мөн төрийн гурван өндөрлөгт өгсөн захидлынхаа хариуг авахаар Улаанбаатар хотод ирээд буй юм. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж, ирсэн зорилго, шалтгааных нь талаар ярилцлаа.

С.Гонгор: Бид 1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдах вий гэхээс айж байна
/Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэн/
-Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулгыг яагаад шалгах болсон, мөн бодит байдал дээр нөхцөл ямар байгааг мэдэхээр ирсэн. Х.Баттулга гишүүн манай аймгаас гурван удаа сонгогдсон. Баянхонгор аймгынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө их ажил хийж, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж яваа төрийн түшээ хүн. Жишээлбэл, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох, шинэ сум төслийг Бууцагаан, Баянлиг сумдад амжилттай хэрэгжүүлж, иргэдэд ажиллаж, амьдрах тохьтой нөхцлийг бий болгосон. Ийм сайхан ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэсэнд Баянхонгорчууд их талархаж байдаг. Мөн сонгогдсоноосоо хойш дэд бүтцийн болон олон хөрөнгө оруулалтуудыг орон нутагтаа хийж чадсан.
Нийслэл хоттой Баянхонгор аймгийг засмал замаар холбосон. Баруун бүсийн худалдаа үйлчилгээний төвийг Баянхонгор аймагт цогцоор нь шийдэж, 2000 гаруй ажлын байрыг бий болгосон билээ. Иргэдэд чиглэсэн нийгмийн асуудалд анхаарч өөрийнхөө цалингаар Баянхонгор аймгийн 20 сумын нийт 100 гаруй хүүхдэд тусласан.
Мөн амьдралын батлагаажуулах төвшнөөс доогуур амьдралтай болон нийгмийн эмзэг бүлгийн амжилттай их дээд сургуульд сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгодог. Ахмад өндөр настануудад цагаан сарын идээ өгч, ард түмнийхээ амьдралд бага ч гэсэн тус нэмэр оруулж байгааг нь их үнэлдэг. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлаар яръя гэж бодож байгаа юм. Бид 1989 оны Цагаан морин жил Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, энэ үйл ажиллагаанд оройлон оролцож байсан хүмүүсийн нэг нь. Тэр үед бид 18, 19 настай залуучууд байсан шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчдөө хандаж хэлэхэд, ард түмнийхээ эв эеийг сахиж ажиллаач гэж хүсье. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм хаана байна вэ. Биднийг талцуулахаа болиоч ээ. Тавантолгой бүх ард түмний өмч. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад өгөх гэдэг явдлаа таслан зогсоох хэрэгтэй. Би хувьдаа Х.Баттулга гишүүнийг хэлмэгдүүлэх гэж байна гэж бодож байгаа. Бид 1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдах вий гэхээс айж байна. Мөн бид төрийн гурван өндөрлөгт өгсөн захидлынхаа хариуг авахыг хүсч байна.
Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч өө шударга, үнэн хаана байна вэ
/Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн/
-Би Ардчилсан намын гишүүн, Х.Баттулга гишүүнийг сонгогч хүн. Бид нийслэл хотод ирсэн зорилго гэвэл энэ сарын 11-нд “Баянгол” зочид буудалд болсон том үймээнийг зурагтаар хараад сэтгэл их өвдсөн учраас энд ирсэн. Яагаад Ардчилсан нийгэмд хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, яагаад бидний итгэж сонгосон хүн хардалт, сэрдэлтэд өртөх болов гэдгийг мэдэх зорилготой ирсэн. Манай гишүүн яагаад хардалт, сэрдэлтэд орсон бэ гэдэг асуултын хариулт бидэнд их бүрхэг байгаа. Өнөөдөр “Өдрийн сонин” өөрсдийнхөө бичсэн зүйлд уучлалт гуйж, бидний бичсэн зүйл худал байсан гэж гаргасан байна. Бид үүнд их баярлаж байгаа. Бидний хийсэн үйл ажиллагаа эерэгээр тусч, бидэнд тодорхой үр дүн харагдаж эхэлж байгаад баяртай байна. Х.Баттулга гишүүний хувьд Баянхонгор аймаг болон Монгол Улсын хэмжээнд их зүйлийг хийсэн. Хэдхэн бүтээн байгуулалтыг хэлэхэд манай улсад гадаадын жуулчид ирээд юу үзээд буцдаг байлаа. Их л сайхан өргөн уудам нутагтай, сайхан ардын өв уламжлалтай ард түмэн юм байна гэдгээс өөр үзэх зүйлгүй байдаг байсан. Тэгвэл Х.Баттулга гишүүн 13-р зуун, Цонжинболдог зэрэг маш том бүтээн байгуулалтыг хийсэн. Бусад хүмүүсийн хажууд хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн гэж боддог. Бид Х.Баттулга гишүүнийг дахин сонгох болно. Яагаад гэвэл бидний итгэлийг алдаагүй. Ерөнхийлөгчөөс шударга, үнэн хаана байна вэ гэж асуумаар байна.
Ж.Баяраа: Х.Баттулга гишүүн Баянхонгорчуудын итгэлийг алдаагүй
/Баянхонгор аймгийн Баянхонгор сум/
-Би зурагтаар болон сошиал ертөнцөд тархсан Х.Баттулга гишүүнийг шалгасан гэх мэдээллийг сонсоод итгэхгүй, өөрийн нүдээр үзэж, бодит байдалтай танилцахын тулд Улаанбаатар хотод ирсэн. Биднийг хэн ч энд ир гэж шаардаж шахаагүй. Бид бүгд өөрсдийн хүсэлтээр ирсэн юм. Гэхдээ биднээс өөр ирэхийг хүссэн хүмүүс олон байгаа, бид бол баянхонгорчуудын төлөөлөл. Х.Баттулга гишүүн Баянхонгор аймагт маш олон ажлыг хийсэн. Бид хэдхэн жилийн өмнө гэхэд л тусгай цагаар л тогтой, ихэнх нь лаа асаадаг л байсан. Гишүүнийг сонгосноос хойш 24 цагийн цахилгаантай, Улаанбаатартай холбосон хар замтай болсон. Энэ бол маш том дэвшил. Х.Баттулга гишүүн баянхонгорчуудын итгэлийг алдаагүй.
“Монголын мэдээ” сонин
/2016,04,15/
Баянхонгор аймгийн иргэд Улаанбаатарт иржээ. Тэд аймагтаа Нутгийн ордныхоо өмнө жагсаал хийн, бидний сонголтоор бидний дуу хоолой болохоор төрд зүтгэж байгаа гишүүнийг маань яагаад ийм байдалд оруулах болов гэдгийг төрийн гурван өндөрлөгөөс лавлаж захидал ч илгээж. Гэхдээ захидлынхаа хариуг ч авч амжилгүй хот руу яаравчлан хөдөлж. Магадгүй хэзээ ч хариу ирэхгүй ч байсан байж мэдэх. Тиймээс хотод ирж захидлынхаа хариуг авахаар болж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн гэдгээ ч дуулгалаа. Гэхдээ юу юугүй жагсаал цуглаан хийлгүй эхлээд захидлынхаа хариуг авъя. Гишүүнийхээ амнаас энэ бүхний тухай сонсоё. АН-ын даргатай уулзая.
Хэрвээ энэ хүний сонгогдох эрхэнд халдах гэж байгаа бол бид хамгаалья. Сонгох эрхийнхээ төлөө тэмцье. Бид энэ хүнд итгэл хүлээлгэж сонгодог шигээ Ерөнхийлөгчид нь итгэл хүлээлгэсэн. Ерөнхийлөгчийнхөө үгийг бас сонсмоор байна. Жиргээчидтэй уулзсан юм чинь хол нутгаас зорьж ирсэн биднийг хүлээж авч, магадгүй бидний үгийг сонсох байх гэж итгэж ирсэн гэцгээж байлаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар иргэд сонгогчдынхоо төлөөллийг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонссон байна.
Ингээд Баянхонгор аймгаас нийслэлд ирээд буй зарим иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
С.Баярсайхан: MCS аймаг бүрт төлөөлөлтэй болох сонирхолдоо хөтлөгдөн сонгуульд захирлуудаа дэвшүүлсээр байна
/Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн/
Манай Баттулга гишүүн бол Баянхонгорын төдийгүй Монгол Улсын төлөө зүтгэж байгаа цөөхөн гишүүний нэг. Баянхонгорчуудын маань дийлэнх нь эх оронч үзэлтэй байдгийн хувьд Баттулга гишүүнээр дамжуулан эх орноо хамгаалах үйлст гар бие оролцож байгаа гэсэн үг. Энэ даваа гаригт Баянгол дээр болсон үйл явдлыг олон нийтийн сүлжээнээс хараад Баянхонгороос сургалтанд суухаар хотод ирсэн 46 хүн бүгд тэнд очсон. Нэгдүгээрт, нөхцөл байдлыг ажиглах гэж хоёрдугаарт хэрвээ янз бүрийн юм болбол гишүүнээ хамгаалж өмгөөлөхөд ч бэлэн байлаа. Монголчуудын маань нийт олонхи нь энэ хүнийг дэмждэг, итгэдэг, итгэсээр ч байх болно. Монголчууд маань МCS монгол гэсэн хоёр хэсэгт хуваагджээ гэдгийг ч бид харж байна. Гадны гар хөл болж Монголыг хувааж идэх хүсэлтэй хэн бүхнээс Баттулга тэргүүтэй хүмүүс Монголоо аврахын төлөө, улс төрийн нөхцөл байдлыг зөв гольдиролд оруулж, баялгийн зөв хуваарилалтыг бий болгох л гэж тэмцэж байна. Ер нь, MCS аймаг бүрт өөрийн төлөөлөлтэй болох сонирхолдоо хөтлөгдөн сонгууль бүрт төлөөлөө оруулдаг болж. Жишээ нь, манай аймагт MCS-ийн дэд ерөнхийлөгч Элдэв-Очир гэж хүн МАН-аас дэвшинэ гээд явж байгаа. Тэр хүн ноднингоос хойш судалгаа гаргаж, шоу энэ тэр зохиож явсан. Ганбат гишүүнийг бидон тарааж байна гэж баахан оролдсон. Өөрөө ч юм хум тараасан нь үнэн. Эцэст нь, Баттулга гишүүний нэрийг татуулах нь хүслээ гүйцээх гэж ингэж зүтгэж байх шиг байна. Монгол Улсыг ард түмэнтэй нь эрх мэдэлтэй нь баялагтай нь гадныханд өгөх сонирхолтой хүмүүс байна.
Баттулга гишүүнийг Шинэ сум төслөөр нь оролдох сонирхол байгааг бид хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсад анх удаа цогцоор нь сумын төвийг шинэчилж болдгийн үлгэр жишээ бол манай хоёр сум. Сумын төв бол иргэддээ ойр тохитой байх ёстой, иргэн төрийн үйлчилгээгээ тохитой тухтай, сайхан орчноос авах ёстой гэж үзээд энэ төслийг санаачилсан байх.
Өмнө нь бид ганц сургуулиа тордох гэж өчнөөн төгрөг зарцуулдаг байлаа. Одоо ч зарим газарт ийм л байгаа. Хаалгыг нь засахаар дээвэр нь, дээврийг нь засахаар хана нь гээд ... Сумын төвийн нөхөөс авахаа байсан байшинг хэрэггүйг нь буулгаад сумын төв гэж ийм л стандарттай, суурин газар байх боломжтой шүү гэдгийг олж хараад л эхлүүлсэн төсөл. Энэ бол зөвхөн ард түмний төлөө хийсэн ажил. Улаанбаатарт ийм байшин байдаг гэнэ лээ хэмээн ярьдаг байсан хөдөөгийнхөн өнөөдөр өөрсдөө тэр байшиндаа орж суугаад ажиллаж, төрийн үйлчилгээ авч байна.
М.Содномсамбуу: Социализмын үеийн бурангуй дэглэм эргээд ирж байна уу
/Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн/
Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд МоАХ-ны салбар зөвлөлийг анхлан байгуулсан 11 гишүүний нэг. Манай аймгаас сонгогдсон Баттулга гэдэг хүүхэд бол ард түмний газар шороо, хөгжлийн төлөө аргагүй л ажилласан. Тийм ч учраас Баянхонгорчууд гурван удаа сонголоо. Аймгийнхаа ард түмний итгэлийг хүлээсэн түшээ. Энэ 76 дотор манай хүн шиг эх орон эх нутгаа гэсэн хүн байна уу, үгүй юу. Өнгөрсөн нэг дэх өдрийн үйл явдлыг зурагтаас хараад элэг зүрх маань шимшрээд ирлээ. Энэ явдлыг хараад бүүр эртний хэлмэгдүүлэлт яах аргагүй санаанд буусан. Их зэрлэг маягийн юм боллоо. Биднийг 1990 онд тэмцэж байхад хамгийн иргэнлэг, иргэний эрх ашгийн төлөө нийгэм байгууллаа гэж Элбэгдорж өөрөө уриалан дуудаж байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө төрийн толгойд гарчихаад байдаг. Энэ нийгэм ч их л эвгүй байдалд орчихлоо гэж бодоод уулзая, үгээ хэлье гээд нутгаасаа ирлээ. Манай гишүүн бол Монгол орныхоо төлөө, зүүн баруун талд нь аль алинд нь л юм хийлээ. Ард түмэн үүнийг үгүйсгэхгүй гэж бодож байна. Баянхонгорчууд энэ хүний нэр төрөөр оролдоод, ахиад нутагт нь дэвшүүлэхгүй гэж зүтгэж байгаа хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй, тэмцэнэ. Ахмадууд маань үнэхээр харамсч байна. Хэдэн жил энэ хүн ахмадуудынхаа сэтгэлийг сайхан өөдрөг байлгаж ажилласан юм шүү. “Даанч яав аа. Социализмын үеийн бурангуй дэглэм ахиад эргээд ирж байна уу. Энэ хүүхэд хэлмэгдэх вий дээ...” гэж ахмадууд маань үнэхээр эмзэглэж, шогширч байна. Би хувьдаа тэдний төлөөлөл болж, үгээ хэлэх боломж олдоно гэж бодоод ирлээ.Миний бодлоор шүүх засаглал маань 1990 онд бидний тэмцэж олсон ардчилсан нийгэмд тохирохгүй байгааг харж байна. Нэг компанийн санхүүд үзлэг хийх гэж байгаа цагдаагийнхныг хар л даа. Хүчний байгууллага буу зэвсэгтэй, түрэмгий байдлаар ингэж шалгалт хийдэг хэрэг үү. Ардчилсан хувьсгалаас өмнөх 70 жилд тохиосон хэлмэгдүүлэлт, хууль хүчнийхний түрэмгий байдал 1990 оноос хойш ахиад гарахгүй гэж бодож байтал ердөө 26 жилийн дараа ийм эвгүй байдалд хүрчихлээ. Ерөнхийлөгч маань ард түмнээс сонгогдсон хүн. Гэтэл яг сонгууль дөхөж байхад хэнээр нь ингэж оролдоод байгаа хэрэг вэ. Сонгуулийн жилд яагаад заавал ийм байдал үүсэв. Өмнөх жилүүдэд нь юу хийж байв аа. Ард түмэн төрт ёсыг зөв байдалдаа ороосой гэж хүсч байна. Би Ерөнхийлөгчийн шударга байя гэж хэлснийг мэднэ. Сонгуулийн жилд ийм ажиллагаа явуулж байгаа нь шударга харагдаж байна гэж үү хэмээн өөрөөс нь асуумаар байна. Ард түмэн эмзэглэж байна. Ард түмэн сонгуулиа өгч сурсан, улс төрийн боловсролтой болсон. Тийм учраас энэ бол улстөрийн ажил гэдгийг мэдэж байна. Ардчилсан Ерөнхийлөгч маань ард түмнээ мал шиг үзэж болохгүй шүү. Та бол ард түмнээс сонгогдсон ард түмний хүү. Тиймээс биднийхээ дээр гарчихаад ийм увайгүй байдал гаргавал хүлээн зөвшөөрөхгүй шүү.
УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛОХ ВИЙ

-Аймгаас сонгогдсон хоёр гишүүнээ дэмжиж ирлээ. Сонгууль ойртсонтой холбоотойгоор гишүүнийг маань хэлмэгдүүлж байгаад харамсаж байна. Сая баривчлах дөхлөө. Ард түмэн хэн хэн бэ гэдгийг мэддэг юм байна. Хэдэн мянган хүн хоромхон зуур Баянгол зочид буудлын үүдэнд цугларсныг телевизээр харж байсан. Тэд бүгд Х.Баттулгыг өмөөрч тэнд очсон. Бид ч ялгаагүй хаа хол аймгаасаа ажил төрлөө орхиод ирлээ. Манай аймгаас гурван удаа сонгогдсон ард түмнээ гэсэн сэтгэлтэй төрийн түшээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт болох вий гэхээс айж байна. Ард түмэн хамт байгаа цагт бүү ай. Бид тантай хамт гэдгийг гишүүндээ хэлье. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялдаг.
И.Долгормаа: Газар шороо өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ бол бэлэглэдэг юм биш
/МоАХ-ны гишүүн, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Баянхонгор дахь салбарын удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн/
Ардчилсан холбооны дарга Х.Баттулга Баянхонгор аймгийн ард түмний итгэлийг эвдэлгүй удаа дараа бидний дуу хоолой болохоор төрд сонгогдсон. Бид гишүүнийхээ бүрэн эрхэнд сөрөг нөлөө үзүүлээд байгаагийн учрыг ольё. Энэ асуудал яагаад зогсохгүй улам хүрээгээ тэлж өргөжөөд байгаа вэ гэдгийг мэдье. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын дарга үүнд анхаарлаа хандуулаач ээ. Яагаад ард түмнээ талцуулаад намуудын үйл ажиллагаанд оролцоод, яагаад ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэж үзэхгүй байна вэ. Өөрөө олуулаа байя, ардчилсан байя, шударга байя гэж тунхагласан мөртлөө яагаад нэг компанийн өмнөөс дуугараад байна вэ. Монголын газар шороог бурхан гуйсан ч бүү өг гэсэн үгийг хэлдэг мөртлөө яагаад өгөх гээд байна вэ гэдгийг мэдэх гэж Улаанбаатарт ирсэн. Энэ бүхэн бидэнд үнэхээр сонин сэтгэгдэл төрүүлж байна. Яагаад нэг талыг барьж яриад, худлаа тунхаглаад байгаа юм бэ гэдгийг өөрөөс нь асууя гэсэн зорилготойгоор журмын нөхөдтэйгөө хамт ирлээ. Баттулга гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаж, сонгогдох эрхэд ноцтойгоор нөлөөлж байгаа асуудалд ч гэсэн хариулт авья.
Өнгөрсөн нэг дэх өдөр болсон процесст үнэхээр эмзэглэлээ. Яагаад хууль хүчнийхэн Монголын төр засаг нэг талыг бариад шударга биш нь урагшаа явж шударга нь ухрахад хүргэнэ вэ. Газар шороо гэдэг өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ бол бэлэглэдэг юм биш. Энэ асуудал 2008 онд ч яригдаж байсан. 2012 онд ч яригдаж л байсан. Гэхдээ энэ жилийнх шиг дээд цэгтээ хүрч байсангүй. Бид саяхан Баттулга гишүүн Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзахад байр сууриа илэрхийлж байсан. Баттулга гишүүн маань “Тавантолгой бол нэг компанийн биш бүх ард түмний өмч” гэж хэлснийг бид дэмжиж байна.
Энэ хүний ард Монголын газар шороо гэсэн нэг л эрх ашиг байгааг бид мэддэг юм шүү. УИХ-ын гишүүнийг цагдаа, хүчнийхэн шалгадаг л байлгүй. Гэхдээ хуулийн дагуу энэ бүх ажиллагаа явагдах ёстой биз дээ. Яагаад дээрээс өгсөн чиглэл гэсэн үгээр л ам хаагаад байгаа юм бэ. Баттулга гишүүний хийсэн ажлуудыг цаг хугацаа харуулж байна, цаашдаа ч харуулна. Хэрвээ нам энэ хүнийг Баянхонгорт дэвшүүлэхгүй бол бид өөрсдөө гарын үсэг цуглуулаад дэвшүүлье. Гаргаад ирнэ шүү дээ. Бид өөрсдийн хүслээр хотод ирсэн хүмүүс өөрсдөө зорилгоо дэвшүүлээд тэмцэнэ. Манай аймгийнхан сонгосон гишүүнийхээ хийсэн, хийх гэж байгаа ажлыг дэмждэг. Гэтэл яагаад ард түмний сонгосон энэ хүний сонгогдох эрхэнд халдахыг хүсээд байгаа юм бэ. Яагаад гэсэн асуултанд хариулаач ээ гээд төрийн гурван өндөрлөгт захидал ч илгээсэн.
Хариу ирээгүй учраас ингээд хотод ирцгээлээ. Манайх нутгийн ордныхоо өмнөх талбайд жагсаал хийгээд МоАХ-ны салбар зөвлөл, намын гишүүд, ард түмний төлөөлөл оролцоод захидал илгээсэн юм. Бид ажлын хэсэг байгуулаад шаардах бичиг явуулсан.
Г.Батнасан: Энэ шалгалт, Энхбаярын баривчилгаа хоёр арга барилын хувьд адил байгаа нь сонин
Баянхонгор аймгийн иргэн
-Х.Баттулга гишүүний эсрэг “Нүүрсчдийн нам”-аас гадна нэр бүхий улс төрийн томчууд нүүдэл хийж байгаа гэлцэх юм?
-Би гайхаж байна. Элбэгдорж гэдэг хүн Монголоосоо урвачихсан юм уу, нөгөөх ардчиллаасаа ухарч байгаа хэрэг үү. Угтаа төр, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх учиртай хүний нэр энэ мэт хууль, цагдаагийнхны явуулж буй үйл ажиллагааны ард дандаа дурдагдах боллоо. Дөрвөн жилийн өмнө Энхбаярыг аваад явсан, төд удалгүй өршөөл үзүүлээд сулласан. Тэр ч бүү хэл ард түмний өмч хөрөнгөд хууль бусаар халдсан харь хүнийг ч цагаатгасан. Энэ байдал дөрвөн жилийн дараа дахин давтагдах дөхлөө. Би хувьдаа Энхбаярын идэж уусан гэх хэргийг одоо ч ойлгож ухаараагүй явна. Баттулгыг ч мөн адил идсэн уусан гээд байдаг өдий хүртэл яагаад нотлоод гаргаад ирдэггүй юм. Шалгаад, авч яваад хориод л байдаг. Тэр хүн өөрөө ч гүйж очоод шалгууллаа гэх юм. Гэтэл хийсэн хэрэг нь ил цагаандаа гарсан хэр нь огт шалгагддаггүй дархан эрхтэй хүн өчнөөн байна. Оффшор данстай Баяцогтыг яагаад шалгадаггүй юм, долоон хаустай гэх Баярыг яагаад шалгадаггүй юм. Тэгсэн хэр нь Тавантолгойг Монголын ард түмний өмч гэж дуугарсан хүнийг л төрийн цагдаа, хүчнийхнээр далайлгаж дарамтлаад,заавал хэрэгтэн болгох гээд үзээд байдаг. Энэ бүх эзнээ олоогүй баривчилгаа, хяналт шалгалт бол ердөө л нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн арчаагүй арга. Зэр зэвсэг агссан тусгай хүчнийхэн аваад очихоор олон нийтийн хандлага өөрчлөгдөнө гэж төлөвлөсөн хэрэг. “Нээрээ ч идэж уучихсан юм уу” гэж дотроо бодож байгаа нь бий. Гэхдээ ямар ч эрх дархтан байгаад үнэнийг өөрчилж чадахгүй. Эзний алба ээлжтэй ч гэдэг. Хэргийн учир зангилаа удахгүй тайлагдаж хэн нь хэн болох нь харагдана.
-Баривчилгаа хийх гэж очоод хүмүүс бужигнаад эхэлмэгц больчихсон, эмээсэн гэж харж байгаа нь бий?
-Шалгаж болноо, бид шалгуулдаг шүү дээ. Үгүй ядаж хэв журмын хэдэн цагдаатай ирвэл нэг өөр. Гэтэл маш онцгой нөхцөлд дайчлагддаг тусгай хүчнийхэн байдаг нь ямар учиртай юм. Хэдэн цаас гүйлгэж харахын төлөө тусгай хүчнийхнийг дагуулж очдог ч гэж юу байхав. Тийм хууль, журам ч байдаггүй юм билээ. Тэгэхээр өөр зорилготой очсон нь мэдээж. Хэвлэлийнхэн ч ээлжит баривчилгаа хийгдэх нь гэж харж байсан. Тиймдээ ч Баянголын үүдэнд овоорчихсон хэрэг. Ичсэн хүн хүн ална гэж нөгөөх сүр бараа болсон улс нь ч очсон зорилгоо өөрөөр тайлбарласан юм болов уу даа. Тусгайгийнхныг дагуулж очсоноо “эсэргүүцэл үзүүлж болзошгүй хэмээн сэргийлсэн” гэх байдлаар тайлбарлаж байгаа юм. Оффисын ажилтай хэдэн хүн хууль, хүчний өмнө сөрж зогсохгүй нь ойлгомжтой.
Хэнтэй буудалцах гээд байгаа юм. Эсвэл Баттулга гэдэг хүн чинь тийм айхтар цэрэг, армитай юм уу. Тэгэхээр асуудлыг аль болох томоор харж, дүгнэж цэгнэх хэрэгтэй юм. Юманд өнгөц хандаж, гаднах байдалд нь хууртаж болохгүй. Учиргүй сур дуулиан болгосон энэ шалгалтаар хий хоосон хардлага төрүүлэх гэсэн хэрэг.
-Ингэж ээлж дараалан баривчилгаа хийж, шалгалт явуулж байгаа нь цаагуураа Баттулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зорилготой гэж харж байгаа хүмүүс олон. Энэ нь хэнд ашигтай вэ гэдэг асуулт урган гарч байна л даа?
-Ер нь олон хүний амнаас сонслоо. Баттулга гэдэг хүнийг их хуралд гаргахгүй байх, мөн 2017 оны сонгуулиар Ерөнхийлөгч болчихож магадгүй хэмээн эмээсэндээ Энхбаяр шиг эртхэн дарж авъя, ямар нэг хэрэг үүсгэе гээд байна. Энхбаярыг 2017 оны наймдугаар сар хүртэл элдэв алба тушаалд орж болохгүй гээд яриад байгаа. Үүн шиг Баттулгыг нэг юмаар аваачиж хийчихээд тэдэн оны тэдэн сар хүртэл ямар нэг юманд орж болохгүй гэх гээд байх шиг. Дээр хэлснээр асуудлыг арай өөр өнцгоос, бүхэлд нь харвал энэ шалгалт, Энхбаярын хэрэг хоёрын арга барил адил байгаа биз.
Д.Батдамба: Энэ төр эх орноо гэсэн хүмүүст
дээлийг нь нөмрүүлдэг боллоо

-УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлж 60 гаруй хүн хотод ирсэн гэлээ. Та бүхэн дээрх асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг сонирхвол?
-Удаа дараагийн баривчилгаа, учир шалтгаан нь үл олдох хяналт шалгалт, гүжир гүтгэлгийг харж сууж чадалгүй улс орны аюулгүй байдал, эв нэгдлийн төлөө үгээ хэлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэхээр ирлээ. Саяхных хүртэл монголчууд улс төр, нийгэм, цаг үеийн ороо бусгаа олон ээдрээт цаг үеийг даван туулж ардчилалтай золгосон. Улмаар жаахан уужирч, амьсгаа авах гэтэл 1937 оных шиг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр нөмөрлөө. Бидний эцэг эх, эмээ өвөө хэлмэгдүүлэлтийн сүүдэр дор, айдас хүйдэст автсаар 1990 онтой золгосон. Эмээ минь л гэхэд 1988 онд өөд болох хүртлээ айдас түгшүүртэй амьдарсаар бурханы оронд очсон.
Хэлмэгдүүлэлт гэгч зүйл хүнд нэг насны дарамт шахалт, айдас хүйдэс болдог төдийгүй үр хүүхдэд нь ч өвлөгддөг юм байна. Азаар үүнээс чөлөөлөгдөж, айдас хүйдэсгүй ардчилсан нийгэмтэй золголоо гэтэл үгүй юмаа. Ардчиллыг анхнаас нь дэмжиж, хүчин зүтгэж, үзэл бодлынхоо төлөө тууштай явсан олон эх оронч охид, хөвгүүдийг одоо ч хэлмэгдүүлж, улс төрийн золиос болгосоор байна. Энэ байдалд эмзэглэсэн Баянхонгор аймгийн мянга мянган ээжийг төлөөлж үгээ хэлэх гэж ирлээ. Үхтэл үр харам гэдэг. Миний адил үрээ гэсэн эх хүнийг ямар ч шалтгаангүй хорьж байгаад ядаж ганц удаа ч байцаалт авалгүй гаргачихлаа. Төр түмэн олноороо тохуу хийгээд байгаа юм уу. Эсвэл улс төрийн үймээн самууныхаа хөлд хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлээд байгаа юм уу. Угтаа нам, улс төр нь талцахаас илүүтэй монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаад эмзэглэж байна.Ийм ороо бусгаа, ундуй сундуй байдлыг зурагтаар хараад сууж чадаагүйдээ энэ хүмүүс эвлэлдэн нэгдсэн хэрэг.
-“Баянгол” зочид буудлын албан өрөөнд хийсэн шалгалтаас үүдэж нийгэмд багагүй үймээн дэгдсэн. Баянхонгорчууд энэ үйл явдлыг хэрхэн харж, хүлээн авав?
-Хүн болгон л айдас хүйдэстэй байлаа. Тусгай хүчнийхнийг дайчилж дөрвөн жилийн өмнөх шиг бариад явах нь гэж харж байлаа. Үүнээс үүдэж нийгэмд үймээн самуун дэгдэхвий, долдугаар сарын нэгэн шиг хотын төвд буун дуу хадаж, хүний аминд хүрэх вий хэмээн эмээж байлаа. Угтаа Баттулга гэх хүн хүнийхээ хувьд мөнгө төгрөг завшиж, хувьдаа идэж уух хүн биш гэдгийг гурван удаа сонгосны хувьд баянхонгорчууд бид мэдэхтэйгээ байна. Бид ч Баянхонгороос төрийн түшээ болгон явуулахдаа диплом, мэргэжил боловсролыг нь харж байсангүй. Хүн шиг хүн гэдэг талаас нь гурван удаа итгэл хүлээлгэсэн,итгэлийг минь ч алдсангүй. Бидний харж буйгаар учир нь үл олдох удаа дараагийн баривчилгаа, шалгалт нэртэй хүн хүчээр далайлгасан ажиллагаа бол сонгогч бидний эрхийг уландаа гишгэж буйн баталгаа. Сонгууль болгоны өмнө ийм байдал үүсгэж, үймээн самуун тарьдаг.Үнэхээр эх орон газар шороогоо гэсэн нэгнээ ард түмэн дэмжихгүй бол ганцаардаад байна. Тиймдээ ч Баянхонгор аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл хотод ирж, сонсдог чихтэй юм бол төрийн гурван өндөрлөгт дуу хоолойгоо хүргэх гэсэн юм.
-Энэ баривчилгаа, хяналт шалгалтуудыг Тавантолгойн гэрээний асуудалтай холбож тайлбарлах нь их байна. Энэ гэрээг гацаасан гэх шалтгаанаар Баттулга гишүүнийг шахаанд оруулж байна гэх нь бий. Иргэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгч маань 26 жилийн өмнө ардчиллын туг, дарцаг нь болж, хувьсгалын үйл хэрэгт тэргүүн эгнээнд оролцсон, ардчилсан үзэл баримтлал, угшилтай хүн. Түүнчлэн, Ардчилсан нам ч төр барьж байна. Тиймдээ ч бид Ардчилсан оронд амьдарч байна гэж ойлгодог. Гэтэл айлд орж буу тулгаж дээлийг нь нөмрүүлээд аваад явдаг байсан ногоон малтгайтнууд шиг төр, ард түмнээ хэлмэгдүүлж, хоморголон баривчилж байна. Хоёрдугаарт, бид ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгож чадаагүйг ойлголоо. Үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байна. Аюулгүй, тайван орчинд амьдарч чадахгүй байна.
Үнэн үг хэллээ гээд аваад явчихдаг юм бол ядаж иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Үнэхээр хараад байхад эх орноо гэсэн хүмүүсээ энэ төр дээлийг нь нөмрүүлдэг боллоо. Энэ газар шороон дор байгаа баялагт гадныхан гар хөлөө дүрэх сонирхол, эрх ашиг байгаа нь ойлгомжтой байна. Үүний эсрэг үг хэлсэн нэгнээ хэлмэгдүүлээд байвал монголчууд бид цөлмүүлсэн оронд, цөмүүлсэн боргоцой шиг хоцрох цаг удахгүй ирэх болов уу.
“Ардчилал” сонин
Баянхонгорынхон ам бүл олуулаа ирцгээжээ. Тэд өчигдөр ардчилагчдаа алагчлаад байгаа улс төрийн бүлэглэлүүд монголд байна. Тэд хийж бүтээж дуугарч байгаа цөөн эх орончдоо хэлмэгдүүлэх ажил зохион байгуулж байгаад бухимдалтай байгаагаа хэлцгээлээ. Эдийн засгийн энэ хямралтай үед айл өрх бүр иддэг хоолоо хүртэл хязгаартай болгож байгаа энэ цагт өөрсдийн зардал мөнгөөр унаа тэрэг хөлслөөд хоол унд, элдэв зардлыг үл тоон ирцгээсэн нь нутгийн хүүхдүүдээ өмөөрөх хамгийн том шалтгаантай учраас улс орноо дагаж хямарсангүй.
Юунд зорьж ирсэн бэ, явдал учралаа гүйцэлдүүлж байж нутаг усныхандаа хэлэх үгтэй очно хэмээн хатуу шийдэцгээсэн байна. Төрийн алтан жолооноос атгалцаад иргэд эх орныхоо төлөөх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгээрэй хэмээн итгэл хүлээлгэсэн хоёр гишүүндээ ус нутгийнхан нь дэм болохоор ирцгээжээ. Өнгөрөгч сарын эхээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг саатуулан шалгаж хорьсон. Эцэстээ хөхүүл эхэд шоронгийн жорлонд сүүгээ сааж хугацаагүй өлсөхөөс өөр сонголт байгаагүйгээс хөхүүл хүүтэйгээ хамт төрийн хуулийн “бай” болж хохирч байлаа.
Энэ хэргийн чимээ намжиж амжаагүй өнгөрөгч долоо хоногт Х.Баттулгын эзэмшлийн “Баянгол” зочид буудалд байрлалтай хоёр компанийн санхүүгийн зарцуулалтад шалгалт хийхээр тусгайгийнхан бууж “үймээн” дэгдээсэн үйл явдал болж өнгөрсөн. Тэгвэл байсгээд хонгор нутгаас сонгогдсон гишүүнийг тойрч ажилчдыг нь улс төрийн хэлмэгдүүлэлтээр хохироож улмаар гишүүний бүрэн эрхэд халдах ноцтой байдал үүссэн учраас сонгогчдын төлөөлөл болж Х.Баттулгын “фанат”-ууд ийнхүү нийслэлийг зорьжээ. Тэдний төлөөлөл чухам хэнд ямар үг дайж байгааг уншигч танд хүргэе.
БИД Х.БАТТУЛГААС УЙДААГҮЙ

-Нутаг усаараа ирцгээсэн байна. Зардал мөнгө, ар гэр, ахуй амьдралаа орхиод үзэл санаагаараа эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо хүргэх болсон шалтгаан юу байв?
-Дөрвөн жил төрд биднийг төлөөлөх хүнээр манай аймгийнхан Х.Баттулга гишүүнийг сонгосон. Баянхонгорын иргэдийн ахуй амьдралын төлөө төрд гарч ирсэн хоёр гишүүнийг сүүлийн үед янз бүрийн байдлаар шалгадаг боллоо. Бид 1990 оноос өнөөг хүртэл ардчиллыг дэмжсэн нь өнөөдрийн айдсыг бий болгох зорилгогүй байсан. Төрийн гурван өндөрлөг нь ардчилсан үзэл санаатай. Гэтэл иргэдээ айдаст автуулж буу шийдэмтэй баг өмссөн залуусын хүчийг ашиглаж иргэдийн сонгож ажил хий гэж явуулсан хүмүүсийг хорьдог цагддаг нийгэм бий болгочихлоо. УИХ-д бид чинь төлөөлөлгүй боллоо. Хар хувцастай буутай мэргэн буудагч нараар хамгаалуулж байж хоёр жижиг компанийн орлого зарлагын тайланг шалгаж байна. Өнөөх сирийг бид дайн байлдааны эх голомт гэж хардаг шиг дайны аюултай нөхцөлийг үүсгэсэн хүмүүст хариуцлага ярих ёстой. Иргэд хэтэрхий хүлцэнгүй 25 жил явлаа. Одоо ийм байдлаар ард түмэн төрдөө, ерөнхийлөгчдөө доромжлуулаад байж чадахгүй. Тэмцэнэ. Бид гишүүнээ гурван удаа сонгосон. Одоог хүртэл уйдаагүй. Итгэлийг зүтгэлээр хариулдаг хүн Х.Баттулгаас өөр байгаа юм уу. Дэд бүтэц, шинэ сум, цэцэрлэг сургуульгүй байсан аймгийг маш богино хугацаанд хөгжүүлсэн. Ард иргэдтэйгээ ойрхон байдаг. Ядарсан хэдэн оюутнуудаа тэтгэлгээр сургадаг. Үнэхээр энэ хүн аймаг орон нутагтаа юу ч хийдэггүй байсан бол бид ингэж ирэхгүй ээ.
ЭЛБЭГДОРЖ ОО, ЧИ ЯАГААД ДҮЛИЙРЭЭД ХЭЛ ЧИНЬ ГАЦЧИХАВ АА

-Төрийн гурван өндөртөө чухам юу дайх вэ?
-Ах нь нутгийнхаа иргэд, үр хүүхдийн ирээдүйн төлөө өөрийн сэтгэл зүрхний дуудлагаар ирлээ. Зурагт сонин хэвлэлээр яригдаад байгаа үйл явдлыг хараад “Энэ чинь одоо юу болж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтээс илүү аймаар явдал болоод байна” гэж харж зөв шийд хайж шаналахдаа арга ядаж ирлээ. 1937 оны хэлмэгдүүлэлт гэдгийн үүх түүхийг нь сонсож байснаас биш өөрийн биеэр үзсэнгүй. Тэр үед морио унаад тухайн үеийн манай зүтгэлтнүүд, эх орончдыг барьж байсан юм гэнэ билээ. Өнөөдөр тусгай хувцас өмсөөд, буу саадаг агссан, тортой машин хөлөглөөд мэргэн буучаар хянуулаад ганц хоёр компанийн санхүүгийн баримтыг шалгана гэдэг бол аймшиг. Монгол орон түгшүүр зарлахаар болжээ. Манай улс 1937 онд хэлмэгдүүлэлтийн дайн зарласан. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн нэрээр ард түмний мал ахуйг төрийн өмч болгон хураан авч хоёр дахь удаагийн дайн зарлажээ. Гэтэл ардчилсан хувьсгал ялж одоо л нэг хөрөнгөтэй эрх мэдэлтэй түмнийхээ төлөө гэсэн залуус босох нь ээ гэж харж байтал сүүлийн жилүүдэд эсрэгээрээ байдал улам дордож байгаа дүр зураг харагдаад байна. Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний өмч байх болно гээд заачихсан. Тэгвэл бид өнөөдөр Баттулга гэж хүний эрх ашгийн төлөө бус эх орныхоо газар шороо, баялгийн төлөө дуу хоолойгоо хүргэж байна. Монголын төлөө цохилдог зүрх бүхэн энэ ажилд нэгдэхийг уриалж байна. Цөөн тооны эд хөрөнгийн төлөө улайрсан нам хамаарахгүй бүлэглэл төрд үүсчээ. Идэж уухын донтой бүлэглэлээс бүрдсэн нам байгуулагдчихсан байна. 1990 оноос эхэлж би ардчилсан хувьсгалд гар бие оролцож яваа хүн. Манай ардчилсан шударга ерөнхийлөгч яагаад дуугарахгүй байна вэ. Миний хувьд ерөнхийлөгч арай ч өөрийнхөө үзэл бодлын төлөө хамт зүтгэсэн нөхрөө чичилж, хорь гаруй жилийн хугацаанд байгуулсан гавьяагаа устгахгүй байх гэж найдаж байгаа. Элбэгдорж оо, би чиний замчин хийж явсан Эрдэнэцогтын Ёондонжамц байна аа. Яагаад чи дүлийрчихэв ээ. Хэл чинь яагаад гацчихав аа. Дуугараач ээ. Өнөө эх оронч зан, шударга араншин чинь хаачив.
-Иргэдийг талцуулсан энэ бүх үйл явдлын цаана ерөнхийлөгч байна гэж хардаж байгаа юм уу даа?
-Ерөөс энэ төрийн хэрэгт энгийн иргэд төлөөллөө явуулсан. Тэр нь Х.Баттулга гэж хүн юм. Гэтэл бидний дуу хоолой болсон хүнийг хууль цаазаар далайлган удаа дараа дарамталж байгааг хараад монгол төр гэж байхгүй болжээ гэж харж байна. Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад сөрөг хүчин болох МАХН-ынхан хятадын эрлийз гэж хэлж байсан. ЦЭлбэгдорж ээждээ үнсүүлээд уйлж байхад нь би дагаад уйлж явлаа. “Энэ чинь монголын хөх бууцанд төрсөн хөдөөгийн малчны хүү шүү. Энэ л эх орноо хамгаална” гэж орилж явсан хүн. Гэтэл өнөөдөр энэ хүн улс төрийн дээд албан тушаалдаа цадчихлаа, ханачихлаа гэсэн маягтай ард түмнийхээ үгийг ч сонсохгүй, ганц эх орноо гээд дуугарч байгаа хүн рүү дайраад байна. Тэгэхээр үнэхээр цаана нь ерөнхийлөгч байгаа юм байна гэсэн хардлага төрж байна. Эв нэгдэлдээ орооч ээ гэж хэлмээр байна. Манай улс 30-аад намтай гуравхан сая хүн амтай. Энэ улсад нам хэрэггүй ээ, монгол гэсэн ганц л нам баймаар байна. Монгол улсыг цаазгүй болгосон ерөнхийлөгч яагаад цагаан сүүгээ гоожуулсан эх хүнийг барьж хорихыг дэмжиж байгаа юм бэ. Хүүхэдтэй ч юм уу, үгүй ч юм уу гээд хэлж зогсохыг чихээрээ сонссон хүний хувьд Элбэгдоржийг гайхаж халаглаж харамсаж харж суусан. Би тэр хүнийг зүгээр л хайрлаж байна. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон хүн маань жиргээчдийг цуглуулаад өөрийн ажлаа урагшлуулж жирийн иргэнээ хүлээж авахгүй үгийг нь сонсохгүй байгаад гайхаж байна.
МОНГОЛДОО ИХИЙГ ХИЙСЭН ХҮН”
Х.БАТТУЛГА ХЭЗЭЭ Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ
Баянхонгор аймгийн гуравдугаар багийн иргэн Д.Баасанжав:
-УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт төдийгүй Монгол Улсад маш их зүйл хийсэн хүн. Бид гурван удаагийн сонгуулиар гишүүндээ итгэл хүлээлгэсэн. Цаашид ч сонгох, дэмжих шалтгаан олон байна. Ард түмний сонголт мэргэн байдаг. Одоогоор энэ хүний талаар элдэв, гүтгэлэг их явж байна. Х.Баттулга хэзээ ч буруу зүйл хийхгүй. Үүнд Баянхонгорын сонгогчид нь итгэлтэй байгаа.
ДАРААГИЙН СОНГУУЛЬД Ч Х.БАТТУЛГАА ДЭМЖИНЭ
Баянхонгор аймгийн уугуул, уран бүтээлч Ц.Чулуунхүү:
-Манай Х.Баттулга УИХ-ын гишүүн юм хийж болгодгийг үлгэрлэн харуулсан. Орон нутгийн удирдлагуудтайгаа маш сайн хамтран ажилладаг. Төрсөн аймгаа Монгол Улсын жишиг аймаг болгохоор өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их зүйл хийсэн дээ. Манай аймгийн нүүр царай их сайхан болсон. Хүнд аймаг орон нутгаа гэсэн сэтгэл байгаад бүтээх чадвар байвал ямар үр дүн гардгийг харуулж чадсан. Дахиад бидэнд энэ хүнээс өөр итгэл хүлээлгэх хүн байхгүй. Дараагийн сонгуульд ч Х.Баттулгаа дэмжинэ.
“ТАВАНТОЛГОЙ”-Н АСУУДЛААС БОЛЖ МАНАЙ ГИШҮҮНИЙГ ШАНТААЧИЛЖ БАЙНА
Баянхонгор аймгийн тавдугаар багийн иргэн Д.Ренцэнцэдэв:
-Энэ хүний хийж бүтээсэн ажлыг Баянхонгор гэлтгүй Монгол Улс даяараа мэднэ. Хоёр шинэ сум төсөл хэрэгжүүллээ. Мөн баруун бүсийн худалдааны төв гээд томоохон ажлыг хийсэн. Х.Баттулга гишүүнийг байх үед аймаг маань Улаанбаатартай хар замаар холбогдлоо. Зовж зүдрэх юмгүй давхиад ирдэг болсон байна. Энэ бүхэн манай гишүүний гавьяа. Тэгэхээр бид энэ хүний төлөө дуугарах ёстой гээд Баянхонгор аймгаас ирлээ. “Тавантолгой”-н асуудлаас болж манай гишүүнийг шантаачилж байна. Хоёр намын олигархиуд “Тавантолгой”-г дээгүүрээ хувааж идэж байна. Залуу хүний хувьд би их айж байна. Үр хүүхдэдээ бид юу үлдээх гээд байгаа юм бэ. Монголын залуучууд зөндөө дуугүй байлаа, одоо босох хэрэгтэй. Хамтдаа тэмцэх нь чухал байна гэж уриалмаар байна.
ГИШҮҮН МААНЬ “АЙХ ЮМ БАЙХГҮЙ”
ГЭЖ ХЭЛСЭН
Баянхонгор аймгийн иргэн Д.Оюун
-Х.Баттулга гишүүн маань Баянхонгор аймагтаа маш их зүйл хийсэн. Жишиг сум, Баруун бүсийн худалдааны төв, зам тавьсан гээд нэрлэж болно. Гэтэл сая их эвгүй зүйл боллоо. Тэгээд нутгийнхаа хүүхдийг дэмжихээр нутгаасаа ирлээ. Ирээд өөртэй нь уулзаж, арай сэтгэл амраад байж байна. Гишүүн маань “Би ямар ч хэрэг хийгээгүй, айх зүйл байхгүй, бүх зүйл ил тод байгаа. Айх юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд сэтгэл амраад байж байна.
ХӨДӨӨД Ч САЙХАН АМЬДАРЧ БОЛНО ГЭДГИЙГ ХАРУУЛЖ ЧАДСАН
Баацагаан сумын Засаг даргын орлогч С.Энхтөр
-Тавантолгойн асуудлыг эсэргүүцэж байгаа ганц хүн нь манай гишүүн байгаа. Тиймээс энэ хүнийг ямар нэгэн аргаар ирэх сонгуульд оролцуулахгүй, УИХ-д гаргахгүй гэсэн атгаг санаатайгаар энэ үйл явдлыг зохион байгууллаа гэж бодож байна. Хийсэн ажлынх нь тухайд баянхонгорчууд төдийгүй монголчууд андахгүй. Монголд жуулчин ирлээ гэхэд үзэж харах цөөн хэдэн зүйлийн нэг нь Цонжинболдог байна. Шинэ сум барилаа. Хөдөөд сайхан амьдарч болдог юм гэдгийг харуулж чадсан. Тиймээс ирэх сонгуульд ч гэсэн баянхонгорчууд энэ хүнд итгэл хүлээлгэх нь дамжиггүй.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЯРЬЖ БАЙСАН ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА
Баянхонгор аймгийн иргэн Б.Амарсанаа:
-Бид Х.Баттулга гишүүнд гурван сонгуулиар итгэл хүлээлгэсэн байгаа. Саяхан телевизээр шалгаж байна гэсэн мэдээллийг аваад гишүүнээ дэмжихээр ирлээ. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Баянхонгор аймагтаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн төлөө ажиллаж байсан. Одоо түүнээсээ ичиж байна. Түүний ярьж хэлж байсан ардчилал шударга ёс хаана байна. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Бүгд л бухимдалтай байна. Х.Баттулга гишүүн маань нутагтаа маш их бүтээн байгуулалт хийсэн. Та бүхэн очоод үзвэл түүний хийсэн ажлын багахан хэсгийг ч гэсэн мэдэж болно.
ХӨРӨНГӨӨ АРД ТҮМЭНДЭЭ ЗАРЦУУЛЖ ЧАДДАГГҮЙ БАЯЧУУД Х.БАТТУЛГАД АТААРХДАГ
Баянхонгор аймгийн уугуул Ч.Доржпагма:
-Би Ардчилсан холбооны анхдагч. Х.Баттулгыг хүүхэд байхаас нь мэднэ. Энэ хүний аймагтаа хийсэн бүтээсэн зүйл хүн бүрийн нүдэнд ил. Хамгийн сайн чанар нь сэтгэл зөвтэй хүн. Монголынхоо ард түмний төлөө гэсэн сэтгэл нь үг, үйлдэл бүрт нь илэрдэг. Бусад эрх мэдэлтнүүд Х.Баттулга шиг ажилласан нь харагддаггүй. Ардчилсан холбооны анхдагч нарт хувиасаа 67 байр өгсөн. Тэгэхэд ах дүү нараа ч хардаггүй хүмүүс зөндөө байна. Хөрөнгөө ард түмэндээ зарцуулж чаддаггүй баячууд Х.Баттулгад атаархдаг болов уу гэж би боддог.Төрийн тэргүүн хүртэл энэ үйл ажиллагаанд оролцдог болжээ. Ард түмнийхээ төлөө гэсэн сайхан сэтгэл рүү нь ус битгий цацаач гэж хэлмээр байна.
АРДЧИЛЛЫГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОН
ХҮНИЙ НЭГ
Ардчилсан холбооны анхдагч Ц.Гээпилмаа:
-Би Баянхонгор аймгийн ардчилсан холбооны анхдагч. Х.Баттулгыг эртнээс мэднэ. Сая “Өвөржанчивлан”-д эмчилгээ хийлгэж байлаа. Гэтэл дөрөв хоногийн өмнө баривчлах гэж тухай дуулсан нутгийнхан хотод ирсэн гэж дуулаад эмчилгээгээ хаяад ирлээ. Миний сэтгэл энд иртэл сэтгэл зовж явлаа. Энэ хүн Ардчиллыг хөл дээр нь босголцсон хүний нэг. Мөнгө төгрөггүйгээр аливаа зүйл бүтдэггүй. Тэгэхэд Ардчилсан холбооны бүх үйл ажиллагааг энэ хүн л жигдрүүлсэн. Ардчиллын ордон тод жишээ. Ардчилагч нараас олон хүн энэ хүний буянаар орон гэртэй болсон. “Тавантолгой”-г МCS-ийн өрөнд өгөх гэж байсныг зогсоосон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шударга байцгаая гэсэн хэллэг хоосон зүйл үү. Хэлэхдээ гоё сайхан хэлчихээд хэрэгжүүлэхдээ буцаж болохгүй биз дээ.
Х.БАТТУЛГЫГ БИД ӨМӨӨРНӨ
Баянхонгор аймгийн дөрөвдүгээр багийн иргэн H.Чулуундорж:
-Сонгогчийнхоо эрхийг эдлэхээр Улаанбаатарт тэртээ холоос ирлээ. Монгол оронд 1912, 1920, 1930,1965 онуудад улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан. Манай тойргоос сонгогдсон Х.Баттулгыг Ардчилсан хувьсгалын жилүүдэд их багаар хэлмэгдүүлсээр өдий хүрлээ. Монгол орон Баянхонгор аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Жишиг сум төсөл хэрэгжүүлж, Майдар төслийг эхлүүлсэн. Цонжинболдогт цогцолборыг байгуулсан гээд хэлээд байвал зөндөө ажил байна. Х.Баттулгыг би одоо ч өмөөрнө, маргааш ч өмөөрнө. Цаашдаа ч өмөөрнө үхсний дараа миний сүнс ч өмөөрнө.