Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Оюунчимэг: ”Эко”-д байр авсныхаа төлөө 10 саяар хохирчихоод байна

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж буй олон зөрчил илэрсэн ч өдийг иргэдийн эрх ашгаар “наадаж”хөлжиж буй Эко констракшны асуудал хэрээс хэтэрсэн тухай бид цуврал нийтлэлээр хүргэсэн билээ. Тэгвэл тус компанитай холбоотой иргэдийн эрхийг зөрчсөн олон баримт нотолгоо манай редакцид ирсэн бөгөөд бид мэдээлэлийн мөрөөр эргэн сурвалжилж, тус компанийн увайгүй үйлдлийн талаарэргэн нийтлэж байна. Энэ удаад тус компанийн худал башир арганд хууртаж, аргагүйн эрхэнд байр авсан “Голден парк 2” хотхоны оршин суугч Ё.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Танайх “Эко констракшн” компанийн “Голден парк-2” хотхонд хэзээнээс амьдарч эхэлсэн юм бэ. Танай сууцанд ямар асуудал байна вэ?

-Би анх 2011 оны арванхоёр сарын 2-ны өдөр Эко констракшнтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг юм. За энэ гэрээ ямар учиртай вэ гэхээр Эко констракшн 2011 оны 11 сарын сүүлийн дугаарт эднийх 2011 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох байрандаа захиалга авна гэсэн зар өгсөн байсан юм. Тэр зарандаа эднийх эхний ирсэн 30 хүнд гал тогооны тавилга бэлэглэнэ гэсэн байсан юм. Тэгээд  би зарын дагуу очих гээд баасан гариг байсан болохоор тэр өдрөө амжаагүй тул ирэх нэгдэх өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 2-нд  очсон юм. Намайг арванхоёрдугаар 2-нд очиход Эко констракшны ажилтнууд “Голден парк-1”хотхон дээр бүртгэл хийж байсан. Тэнд явж очоод танайд байр захихаар сонины зарын дагуу хайчилбараа бариад ирлээ гэтэл “та тэгвэл захиалах байраа үзэж хараад сонгоод ир” гээд явуулсан юм. Гэтэл миний худалдаж авах байр “Голден парк-2” байтал намайг тухайн үед “Голден парк-1” хотхоноор дагуулан явж байр үзүүлсэн байгаа юм. Би үүнийг нь мэдээгүй бөгөөд борлуулагчийн дагуулж үзүүлсэн байр нь нээрээ л 2011 оны 12 сард ашиглалтад орох гэж байгаа байр байсан болохоор би ч авахаар болоод гэрээ хийхээр болсон юм.

Тэгээд гэрээ контракт хийх гээд тэр өдрөө буюу арванхоёр сарын 2-ны өдөр гэрээ хийчихэв. За тэгээд гэрээ хийсэн худалдах, худалдан авах гэрээн дээр надад худалдсан байраа эднийх 2011 оны арванхоёрдугаар сард буюу 2011 оны IV улиралд ашиглалтад орно гэсэн ч эд нар намайг хулхидаж байраа шахсан байгаа юм. Энэ нь яг яасан бэ гэхээр би гэрээгээ 2011 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хийсэн тэдний хэлснээр өнөө маргаашгүй ашиглалтад орох байр гээд үзэж хараад худалдан авах гэрээ хийсэн юм. Гэтэл эднийхэн намайг за одоо та байраа авсан юм чинь авах өрөөгөө үзээд тоотоо сонгож үзэж болно гэлээ. Тэгээ би авах байраа сонгох гээд одоогийн  “Голденпарк-1” дээр иртэл өөдөөс “таны авах байр энэ бишээ, одоо ашиглалтад орох гэж байгаа юм чинь энэ биш. Энэ хашаанаасаа гараад цаана хол байгаа гэдэг юм” байна. Би ч гайхаад хашаанаас нь гараад “Голден парк 2” дээр яваад очлоо. Тэгсэн хүрээд ирсэн чинь энэ байшин маань анх ямархуу байдалтай байсан гэж бодож байна. Дөнгөж л “араг яс” нь босчихсон байсан.

Бас тэр үед өвлийн улирал байсан болохоор битүүмжилж цонх энэ тэрийг хийгээгүй байсан учраас тэнд барилгын ажил явагдах ямар ч үндэслэл байгаагүй ийм байшинд би захиалга өгчихсөн байсан. Тэгээд би буцаж гүйж очоод “хүүш ээ та нарын өнөө маргаашгүй ашиглалтад орно гэсэн байр чинь дөнгөж баригдаж байгаа барилга юм байна. Захиалгаа буцаая” гэтэл энэ компанийнхан таны бидэнтэй байгуулсан гэрээний дагуу та 10 хувиа хасуулаад гэрээгээ цуцалж болно гэсэн юм даа. Ингэж болохгүй биз дээ. Би 21 сая төгрөг өгчихсөн байсан хүн чинь 2 сая төгрөг зүгээр хүнд өгнө гээд хийсгэх хүн байхгүй биз дээ. Одоо цагт 2 сая битгий хэл, 200 мянган төгрөгийг ч зүгээр салхинд хийсгэх хүн байхгүй шүү дээ. Тэгээд аргагүйн эрхэнд энэ байшинд орохоод болсон юм.

-Тэгээд барилга хэзээ ашиглалтад орсон юм бэ?
-Тэгээд уул барилга маань 2011 оны IV улиралд ашиглалтад орох байсан ч 2012 оны 10 сарын 1-ний өдөр нэр Улсын комисс, Мэргэжлийн хяналт тэргүүтэй албанынхан хүлээж авсан байдаг юм. Тэгэхээр би бүтэн жилийн дараа худлаа ярьж гэрээлсэн байрандаа орсон. Уг нь бол өнөө маргаашгүй л орох байр гэж анх гэрээ хийсэн ч хулхидуулсан. Бас болоогүй. Тухайн үед би энэ барилга ашиглалтад орохоос өмнө буюу 2012 оны есдүгээр сарын 20-нд захиалсан байрандаа ирсэн юм. Яагаад ирсэн бэ гэхээр Өдрийн сонинд “Зөвшөөрөлгүй баригдсан барилгын жагсаалт” гэдэг мэдээлэл дотор эдний байр орчихсон байсан юм. Тэгээд “Би хүүш ээ энэ одоо юу  болоод байна аа. Та бүгдийн барьж байгаа барилга зөвшөөрөлгүй юм уу” гээд сонинынхоо хайчилбарыг харуулаад танайхыг нэгэнт улс зөвшөөрч хүлээж авахгүй гээд энд нийтэлсэн байна, иймээс бид танай байранд орохгүй ээ гэлээ. Тэгсэн “Үгүй ээ, наадах чинь эндүүрэл болсон байна, Маргааш улсын комисс ирээд хүлээж авах гэж байна” гээд гүйлдсэн хүмүүс байсан. Гайхсан би ч буцаж хэд хоногоос иртэл нээрээ л улсын комисс хүлээгээд авчихсан байсан. Харин албан ёсоор хүлээж авч, 326/212 гэсэн дугаартай акт гаргаж, гарын үсэг зурсан өдөр нь 2012 оны аравдугаар сарын 1-ний өдөр байсан юм. Ийм зүйл болоод нэгэнт улсын комисс хүлээгээд авсан учраас итгээд байрандаа орлоо.


-Байрны асуудлууд хэзээнээс эхлэв?
-Гэтэл улсын комисс гэх хамгийн чухал шийдвэр гаргадаг байгууллага зөвшөөрсөн учраас итгээд ортол гадна талбай нь ерөөсөө орох гарах гарц байхгүй. Ямарсайндаа юмаа ачаад нүүгээд ирсэн чинь “Материал Импекс” компанийн хашаагаар ор гэж байгаа юм. За тэгээд худалдаж авсан гэррүүгээ орох гэж би “Материал Импекс”-ийн хашаагаар орохдоо 200 төгрөг төлж орж байж нүүж ирсэн юм даа. Одоо ч хэвээр. Тэр үед намайг нүүж ирэхэд угтаж авсан хүн бол Эко констракшны даамал н.Зэвэгээ гэж хүн байсан. Тэр хүнд энэ байр чинь орц гарц нь байхгүй газар юм уу, би “Материал Импекс”-ээр тойрч орж ирлээ гэтэл “Орц гарц байгаа шүү дээ, та энэ хажуугаар л ороод ирэх байсан гэж байна”. Гэтэл түүний хэлсэн газраар орж ирэх ямар ч боломж байгаагүй юм. За ингээд нүүгээд арай хийж суурьшаад маргааш нь гарах гэтэл дахиад л өнөөх “Материал Импекс”-ийн хашаагаар орж гарахаас өөр зам байгаагүй. Тэр ч бүү хэл, явган хүн явчих жим ч байгаагүй. Тэгээд би өнөөх Зэвэгээ гэдэг хүнтэй уулзаад гомдол хэлж, танайх яагаад явган хүний зам барьдаггүй юм бэ гэхэд ядаж жим ч алга, бас яагаад хашаа байхгүй ийм задгай орчинтой юм бэ, мөн энэ хашаа чинь нурж унах нь гэтэл “энэ чинь түр хашаа удахгүй дутуу зүйлсээ гүйцээгээд барина” гэсэн юм. За тэгээд энд чинь гэрэлтүүлэг байхгүй. Зам талбай байхгүй байхад яагаад улсын комисс хүлээгээд авчихдаг юм бэ гээд хэлтэл нэгэнт улсын комисс авчихсан юм чинь бид нар удахгүй зам талбай барьж тохижуулна, өнөө маргаашгүй гээд ам таглачиж байгаа юм. Оршин суугчид ч үлдсэн ажлаа дуусгахыг нь хүлээгээд байлаа. Гэтэл зам ч байдаггүй. Зам битгий хэл жим ч байдаггүй дээ. Тэгээд өөрийнхөө гэрт орохын тулд “Материал Импекс”-д 200 төгрөг төлж орно. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ гээд Зэвэгээ гэх даамалд албан ёсоор хүсэлт гаргасан ч бид энэ асуудлыг хурдан шийднэ, та битгий бухимдаад бай. Гэр доторх асуудлаа л шийд гээд халгаадаггүй. За тэгээд гэртэх асуудалдаа анхаарах гэтэл бид байрандаа 10 сард орсон болохоор дөнгөж хүйтрэх сурагаар л цонх цанатаад жаахан халуун болонгуут цонхны ус гоожоод эхэлсэн. Энэ асуудлыг мөн л амаа чилтэл Зэвэгээд хэлэв ээ, одоо хүртэл засч өгөөгүй.

-Экоконстракшнд гомдол гаргаж үзэв үү?

-Бүр сүүлдээ би аргаа бараад улсын архивт очиж гомдол гаргаад албан ёсоор тамга даруулсан материал цуглуулсан байгаа. Эдний барилгын хүлээж авсан актны материалыг би архиваар оруулаад тамга даруулаад албан ёсоор авсан байгаа. Тэр акт дээр жишээлбэл, БХБ- архетектор Эрдэнэцэцэг  “1.Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө дахин шинэчлэн орчны тохижилтын болон автозам, явган хүний зам, талбайг төлөвлөн хийж гүйцэтгэх. 2. Батлагдсан зураг төсөлд орсон өөрчлөлтийг  зөвшилцөн хянасан акт үйлдэх хэрэгтэй” гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ компани анх батлагдсан зураг төслөөрөө барилгаа бариагүй гэсэн үг гэж Эрдэнэцэцэг хэлж байгаа юм.Тэгээд энэ дүгнэлтээс харахад тус барилга заагдан зураг төсөлдөө ордогггүй гэж байгаа юм. 3.Төмөр замын  хамгаалалтын бүсийг гаргаж, орон сууцны дууны хамгаалалт босгож өгөх, дуу чимээг багасгаж өгөх гэж заасан байгаа юм. Энэ нь төмөр замын наагуур Эко констракшн бидэнд хана босгож өгөх ёстой бөгөөд тэр ханандаа төмөр замын дуу чимээг багасгасан юмыг суулгаж өг гээд иргэн надад хэрэгтэй зүйл бүрийг биччихсэн байгаа юм. Энэ чинь мэргэжлийн улсууд хүлээлцэж авч байгаа шүү дээ. За 4.Газрын маргааныхаа асуудлыг  шийдвэрлэж дуусгах гэсэн байгаа. Гэтэл эдний газрын маргааны асуудлыг өнөөдөр хүртэл шийдвэрлэж дуусаагүй байгаа юм. Гэтэл миний тамгалуулж авсан энэ акт дээр үүрэг даалгаварын биелэлтийг авая тэгсэн хойноо хүлээж авах эсэх дээр санал өгнө гээд гарын үсэг зурсан байгаа юм. За тэгээд би үүниг үзээд Мэргэжлийн хяналтын газар хандая гээд “Та нар яагаад өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангаагүй байхад байр  хүлээж авч байгаа юм бэ” гэтэл “Таны наад асуудал чинь хэдийнэ хэлэлцэгдэж байгаа, та оройтсон байна. Наад асуудлыг чинь Материал Импекс компани эрүү үүсгээд хэлэлцэгдэж байгаа. Тийм болохоор надаас асуух хэрэггүй” гэсэн юм. Ингээд миний зарга хэлэлцэгдээгүй хоцорчихсон юм.



Одоо миний гол асуудал бол би энэ байшинд ороод 3 жил болж байна. Энэ хугацаанд 2 жилд нь ордер гараагүй. Дөнгөж өнгөрсөн жил би ордероо авч байгаа юм. Яагаад ингэж удаж ордероо авсан бэ гэхээр Материал импекс, Эко констракшн хоёрын маргааныэцсийн шийдвэрээр ордер өгнө гээд түр зогсоочихсон байсан юм. За тэгээд үүнээс болж би их хохирсон юм. Тухайлбал, би  уг нь Материал Импекстэй гэрээ хийгээгүй, Эко констракшнтай гэрээ хийсэн байтал эд нар гэрээнийхээ заалтыг биелүүлээгүй байгаа. 1. Та нар надтай хийсэн гэрээнийхээ 2011 оны IV улиралд ашиглалтад орно гэсэн заалтыг биелүүлээгүйгээс би хохирч байна гээд эднийхээс хохиролоо нэхэмжилсэн юм. 2. Бас эднийхтэй гэрээ хийх гээд банкнаас 39 сая төгрөг зээлж аваад өгсөн. Тэр үед ордер гараагүй учраас харилцан үүрэг хүлээх 3 талт гэрээ байгуулж байраа авсан. Тэгэхээр энэ гэрээн дээр Эко констракшн манайхаас ордерыг гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Тэр тусмаа гаргасан даруйдаа шууд банкинд аваачих үүрэг хүлээнэ, за тэгээд энэ үүргээ манайх биелүүлнэ гээд заачихсан гуравхан үүрэг байгаа юм. Гэтэл өнөө ордер маань гарахгүй байсаар энэ хугацаанд орон сууцны зээл маань 8 хувьд шилжлээ. Тэгсэн би аль өмнө нь 18 хувийн зээлтэй байр авсан хүн ордергүй учраас 8 хувьд зээлээ шилжүүлж чадаагүй бөгөөд энэ хохирлоо Эко констракшнаас би банкны зээлийн мөнгөө нэхэмжилсэн юм. Нийтдээ би 5 сая 930 мянган төгрөг эднийхээс нэхэмжилсэн. Гэтэл эднийх өнөөдрийг хүртэл миний мөнгийг надад нэг ч төгрөг өгөөгүй. Нэг ч удаа санаачлага гаргаагүй. Тэгтэл би эдний компанид хөрөнгө оруулалт хийгээд дутуу барьсан барилгыг худалдаж аваад мөнгөө өгчихсөн энгийн иргэн. Гэтэл би хангалуун сайхан амьдралтай хүн биш, арилжаа наймаа бизнес хийдэг ч хүн биш, харин шударга хөдөлмөрөөр насаараа төрийн байгууллагад ажиллаж тэтгэвэрт гарсан хүн юм. Тэгэхээр миний цуглуулаад энд өгсөн мөнгө бол миний шударга хөдөлмөрийн мөнгийг эд нар 100 хувь авчихаад танайхаас болоод ингээд хохироод байна гээд өргөдлөө 2015 оны 11 сард өгч байхад өнөөдөр 2016 оны 4 сар болоход надад хариу ч өгөөгүй.

-Ордероо хэзээ гаргаж өгсөн юм бэ. Ордергүй болохоор хөнгөлөлттэй зээлэнд хамрагдахад хүндрэлтэй байсан байх?

-Бид нарын ордер бүтэн 3 жилийн дараа гарлаа шүү дээ. Мэдээж ордер байхгүй учраас бид нар цахилгааны төлбөр тооцоогоо АНН-ээр төлж байна. Гэтэл би энэ компанид ямар ч гэм хийгээгүй байтал яагаад бид АНН-ээр цахилгаанаа төлж, тэдний өмнөөс хохирч шулуулах ёстой юм бэ. Ийм дутуу бариад хаячихсан барилгад нь орсон байтлаа АНН-ээр цахилгаанаа төлж баймааргүй байна. Гэхдээ С.Нямдаваа гэдэг хүн ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой биз дээ. Ард түмэнд зориулж байшин барьсан юм бол яагаад АНН цахилгаанаа бид төлөөд явах ёстой юм бэ. Энэ бол хууль зөрчиж байгаа хамгийн бүдүүлэг алхам юм. Бизнес эрхлэгч хүн байж ийм байж болох уу. Ядаж ААН төлж байгаа бол иргэдэд буцаагаад зөрүүг нь өгчих хэрэгтэй шүү дээ. Энэ хүнд тийм бизнес сэтгэлгээ ч байхгүй юм уу. Ийм учраас иргэн би БГДЗТГ-т очлоо. Нийслэлд ч хүртэл хандлаа. Гэтэл тэд өөдөөс бид нар ч бас давхар хохироод байна гэж байгаа юм. “1. Бид  Eко констракшнаас барилга авсан чинь гадна талбайгүй, тохижилт байхгүй. Барилгын тухай хуулийн 9-р заалтыг биелүүлээгүй бидэнд өгсөн байна” гэж байгаа юм. За тэгээд дахиад заргалдаад явая гэхээр нөгөө хүлээж авса Улсын комисс маань Барилгын тухай хуулийн 9-р заалтыг биелүүлээгүй байхад хүлээгээд авчихаад бид нар одоо хариуцлага хүлээхгүй шүүхээр явж байна гээд орхичиж байгаа. Тэгээд оршин суугчид бүгд хандаад бид нарыг ордергүй ингэж зовоож байж, ядаж цахилгаанынхаа зөрүү  төлбөрийг өгчихөөч гэхээр хэн ч өгөхгүй таг чиг. Уг нь бол С.Нямдаваагийн хэрэглэсэн цахилгааны мөнгийг бид төлөөд байгаа юм шүү дээ. Яагаад бид АНН-ээр төлөөд байна вэ гэхээр С.Нямдаваа гуай АНН-ийнхээ гэрчилгээг эрчим хүч дээр аваачиж өгөөд гэрээ хийчихсэн байгаа юм. За тэгээд ийм учрас би дүүрэг, шүүх, бүх шатны ИХТ-д орсон. Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын Нарантуяа, Оросоо дарга, мөн дүүргээс сонгогдсон хүмүүс зэрэг уулзаагүй хүн алга. Тэгээд хүн бүрт учраа хэлээл гомдол гаргасан. Учир нь ганц би гэлтгүй манай оршин суугчид энэ байранд орохын тулд ах дүү хамаатан саднаасаа их мөнгө зээлж байрандаа ороод ордерөө гарахаар барьцаалж зээлээ төлнө гэж байсан хүмүүс зөндөө. Гэтэл ордер нь гараагүй өчнөөн удчихсан гэх мэт маш олон хүнийг цөхрөөж байгаа юм. 


-Одоо ч АНН-ээр цахилгаанаа төлсөн хэвээрээ юу?

-Ер нь орон сууцны хэрэглээний мөнгийг АНН-ээр төлнө гэдэг асар мөнгөний зөрүү гарч ирдэг. Тэгээд энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй нь гээд хөөцөлдөөд явсны хүчинд дүүргийн төлөөлөгчид Улаанбаатар Эрчим хүчний байгууллагатай тохироод “эдгээр иргэдийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, нэг удаа ч болов хохирч байгаа иргэдийн хохирлыг арилгахгүй бол болохгүй ”гээд шийдвэр гаргаад тэрний үндсэндээр би оршин суугчдаасаа төлөөлөл болж очоод гэрээлсэн бүх гэрээг хувилж аваад эрчим хүч дээр аваачиж өгч байж саяхнаас энгийнээр цахилгаанаа төлж байна.

-Яг хэзээнээс хойш өрхөөр төлдөг болов?

-Бид бүтэн 2 жил АНН-ээр төлсөн гээд бодоод үзээрэй. Бид энд бол тарган цатгаландаа орж ирээгүй. Тухайн үед эднийх хотын төвдөө арай хямд ойр байсан юм. Тийм учраас бушуухан л зээл тавиад ах дүүгээсээ зээл аваад байранд орсон хүн олон.

-Төмөр замын хаалтгүйгээс хүн осолдсон гэв үү?

-Тийм,  манайх аюултай орчинд амьдарч байгаагийн нэг жишээ нь төмөр замын осолд нэг иргэн орсон байгаа юм.

-Орон сууцны ойр орчимд гэрэлтүүлэг зам байхгүй учраас орой үдэш явахад бэрхшээлтэй харагдаж байна?

-Тэгэлгүй яахав. Манай энд харанхуй учраас байнга хулгай гарна. Хотын төвд амьдарч байгаа гэхэд гэрэлтүүлэг байхгүй. Орох гарах гарц байхгүй. Ийм бүдүүлэг орчинд амьдруулж дээрээс нь өчнөөн мөнгөцахилгаан энэ тэрээс идчихээд хүн байнадаа сэтгэл гаргаад яагаад бидэнд гэрэлтүүлэг хийгээд өгч болдоггүй юм бэ гэж С.Нямдаваагаас асуумаар байна. За тэгээд ингээд би бол 1. Хугацаандаа мөнгөө банкинд төлж чадаагүй нэг хохирол, 2. гэрлээ АНН-ээр төлдөг нэг хохирол, 3. Орон сууцны зээл ипотекрүү шилжсэн байхад ордергүй учраас шилжүүлж чадалгүй 2015 оны 6р сар хүртэл 18 хувийн хүү төлсөн байдаг юм.

-Ордер удаж гарснаас шалтгаалж 18 хувиар төлсөн гэсэн үг үү?

-Тийм. Яагаад бид нар ипотекрүү шилжиж чадахгүй байсан бэ гэхээр 8 хувийн зээлийн гол барьцаа нь ордер гарсан тохиолдолд зээл өгнө гэсэн заалттай. Гэтэл банк биднийг хүлээлгээд бид ч гуйгаад очихоор банкнынхан ийм барилга эрсдэлтэй барилгад ордог учраас зээл өгөхгүй гэдэг юм билээ. Ингээд жишээлбэл, манай ордерыг өнгөрсөн оны 6 сарын 1нд гаргасан. Гэсэн ч зөвхөн би л хувьдаа энэ компанитай гэрээ хийж, байр авсныхаа  төлөө 10 гаруй сая төгрөгөөр хохирчоод байна. Тийм учраас хэн нь буруутайг хууль шүүхээр гаргуулмаар байна. Иргэд ийм замаар хохирмооргүй байна. Бид зөвхөн талбай байгуулж, төмөр замын хаалт, гэрэлтүүлэг  орц гарц барихыг л хүссэн. Гэхдээ энэ асуудал нэг өдөр шийдэгдэхгүй ч 5 жил болж байхад бас юу ч хийгдээгүй байгаад гомдож байна. Хэдэн сарын өмнө манай хүүхэд бэртээд түргэн дуудах гэхэд хүртэл түргэн манай байр руу орж ирж чадахгүй айл хөршөөрөө нийлж өргөж байж түргэн бараадуулсан. Мөн жирэмсэн эх төрөх гэхээр түргэн орж ирж чадахгүй зам дээр байсан машин бүр рүү нэг нэгээрээ утасдаж байж түргэн оруулж байх жишээний. Бид л ингэж л амьдарч байна .Тэр ч бүү хэл, Гурван жилийн өмнө долдугаар сарын 12-нд гал түймэр гарсан чинь манайхруу галын машин орж ирч чадахгүй эсрэг талын байшингаас ууттай ус шидэж унтраасан шүү дээ. Ингээд л онцгой байдлын аюул тохиолдоход бид амь гарч чадахгүй орчинд амьдарч байгааг шидэж өгөөч гэж л хүсч байна. Энэ орон сууцанд бид үндсэн эрхээ эдэлж, эрүүл орчинд амьдарч чадахгүй байна. За тэгээд энэ түр хашаа нь цууралт өгчихсөн хэзээ мөдгүй нурж унах гээд байгааг янзлаад өгөөч гээд байгаа юм. Бас болоогүй энэ барилга чинь уг нь хойшоо харсан зураглалтай байсан ч урагшаагаа харуулаад барьчихсан байгаа юм. Энэ бүх хариуцлагыг хэн хүлээх, хэн буруутай болохыг л бид тогтоох гээд холбогдох байгууллагад хандахад хүргээд байгаа юм.

Ж.ЭРДЭНЭ
Эх сурвалж: http://amjilt.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан