Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

59 хүүхдийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт энджээ

А.АКЭРКЭ

Одоогоос  хоёр жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон Далайн баруун бүсийн Баталгаажуулах хороо БНСУ-ын Сөүл хотноо хуралдаж, Австрали, Макао, Монгол, Солонгос зэрэг дөрвөн улс Улаанбурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарлан тунхаглаж, батламж хүртэл гардан авч байлаа. Гэвч өнөөдөр эл өвчний дэгдэлт нэмэгдэж, олон хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлж буй харамсалтай тоон мэдээллийг аль ч цахим мэдээллийн сайтаас бэлхнээ харж болохоор. Хүн бүрийн сэтгэлийг түгшээж буй эл асууд­лын талаар УИХ-ын гишүүн Г.Уянгын гаргасан асуулгын дагуу УИХ-ын гишүүн,  Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүй­­цэтгэгч Ц.Оюунбаатар өн­гөр­сөн тав дахь өдрийн чуул­ганы үдээс хойших нэгдсэн ху­рал­­даанд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч ирсэн. Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр энэ оны гурван сарын байдлаар тав хүртэлх насны 918 хүүхэд нас барсан гээд байгаа нь ташаа мэдээлэл. 2016 оны эхний гурван сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэн. Үүний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байсан. Өмнөх онтой харьцуулбал тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120-иор нэмэгдсэн байгаа юм. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторын шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор олон оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа бий. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдлээ. Ийм ачаалал, хүндрэл урд өмнө нь гарч байсангүй. Эхний гурвын сарын байдлаар улсын хэмжээнд 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувьтай байна. Эндэгдлийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас нь болоогүй, 50,8 хувь нь лабораторын шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй.

Тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байсан. Эдгээрийн 96.8 хувь нь уушгины хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мэргэшсэн эмч нар ажиллаж, үзлэг хийж зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. 2015 оноос хойш зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын Хүүхдийн санд захиалснаар вакцин ачигдсан. Эмнэлгийн ажилтнуудыг 24 цагаар өндөржүүлсэн нөхцөлд ажиллуулж байна. Бүх орон тоондоо багтааж эмч, сувилагч нарыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллуулах зохицуулалтыг хийсэн талаар мэдээлэлдээ дурдав.

Ч.Сайханбилэг: Энэ хүнд үед иргэн бүр ЭМБ-аас гаргасан зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бямба гарагт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгснөөс гадна Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнууд болон тус тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзсан юм. Тэд хамгийн түрүүнд эмч, сувилагч дутагдалтай байгааг сайдад дуулгаж байв.

Харин ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт өөр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч ажиллахад амар биш, тусгай бэлтгэгдсэн хүмүүс ажилладаг. Гэхдээ ажиллах хүчээ нэмсэн. Энгийн үед тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 25 сувилагч шөнийн ээлжинд ажилладаг байсан бол одоо 45-50 хүн ажиллаж байгаа.Эмч ажилтнуудын илүү цагийн хөлсийг аравдугаар сард нэгтгэж өгдөг нь гомдол дагуулдаг. Илүү цагийн хөлсийг цаг тухайд нь өгч эхэлсэн нь эмч, ажилтнуудын ажиллах урам, хүчийг нэмсэн хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэллээ. Мөн тус тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн ар гэрийнхнийг амарч, хонох өрөө гаргасан зэрэг ээж, аавуудын санал, хүсэлтийг сонсч, ажиллаж байгаа аж.

350 сая төгрөгийн тоног, төхөөрөмжүүдийг өнөөдөр суурилуулна

Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж манай улсад иржээ. Энэхүү нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын дөрвөн аппарат, соруулгын таван аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулах аж. Эдгээрийг суурилуулснаар эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмж дутагдахгүй болно гэдгийг тус төвийн удирдлагууд хэлж байлаа. Мөн эдгээр тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй, шинээр авч байгаа эд биш, эрчимт эмчилгээний тасгийн 10 ор тутамд амьсгалын аппарат, хяналтын монитортой  буюу стандартын хэмжээнд хүргэхээр захиалж, авчирсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нэмж хэлэв.

Нэмэлт вакцин ирэх сарын 1-нд орж ирнэ
 
Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар улаанбурханы дэгдэлтийн талаар ярьж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас 948 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улаанбурханы нэмэлт вакцин захиалсан билээ. Тэгвэл мөнгө нь шилжсэн учраас захиалга энэ оны тавдугаар сарын 1 гэхэд орж ирэхээр болсон байна. Вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар зөвшөөрөгдсөн үйлдвэрээс авч буй аж. Энэ нэмэлт вакцинд 18-30 насныхныг хамруулах зорилт тавьсан ч, хамрагдахыг хүссэн иргэдэд нээлттэй байх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэв. Түүнчлэн товлолын болон голомтод хийх вакцин тасраагүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа. Хүндэрч ирж байгаа хүүхдүүдийн дархлааг сэргээх, эмчлэх зорилгоор иммуноглобулин, вантаксим зэрэг эм захиалгын дагуу ирсэн. Энэ эмийг хүлээлгэн өглөө. Энэ мэт шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, сэргээх, эмчлэх зорилго бүхий ямар эмнүүд шаардлагатай байгааг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр болов.

Нэг хүртэлх насны хүүхэдтэй эхэд цалинтай чөлөө
олгох нь


0-8 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг гэрээр нь явж, хянах тогтолцоонд долдугаар сарын 1 хүртэл шилжихийг Эрүүл мэнд, спортын яам болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгов. Тиймээс дээрх насны хүүхдээ өрхийн болон Эрүүл мэндийн төвд аваачих хэрэггүй болж буй юм. Мөн нэг хүртэлх насны хүүхэдтэй, ажлаа хийж байгаа эхчүүдэд хүүхдээ асрах боломж олгох, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажил олгогч нарт уриалсан юм. Түүнчлэн улаанбурхан өвчний дэгдэлтийн энэ хүнд үед иргэн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагч нартай хамтарч ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан