Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мөнхбат аа, МОХ-ны нэрийг ашиглахаа боль, оюутнуудыг бүү улстөржүүл


Монголын оюутны холбооныхон өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гэхдээ тэд энэ удаад оюутнуудад тулгамдаад байгаа асуудлыг бус байгууллагад нь нүүрлээд буй зовлонгоо учирлав. Ийн хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан нь Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Шинэхүү, Басбиш нар холбооныхоо дэргэд дөрөвдүгээр сарын 15 буюу өнөөдөр Монголын оюутны холбоо байгуулахаар болсонтой холбоотой аж.

Нэг үгээр хэлбэл, өөрийнхөө холбооны харьяа байгууллагаа мянга мянган оюутны төлөөлөл болсон Монголын оюутны холбооны нэрлийг ашиглаж байгуулахаар болсон нь ийн бухимдахад хүргэжээ. Ингэхдээ МОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг чуулганд оролцохгүй бол сургуулиас чинь хөөлгөнө гэх зэргээр удаа дараа дарамталж, шахалт үзүүлж байгаа аж. Тиймээс “МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат аа, бидний нэрийг ашиглахаа болиоч, оюутнуудыг, залуучуудыг, зүгээр ажлаа хийж яваа байгууллагыг битгий улс төрд хутгаад байгаачээ” гэдгээ биднээр дамжуулан уламжилсан нь энэ.

“МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат аа, бидний нэрийг ашиглахаа болиоч, оюутнуудыг, залуучуудыг, зүгээр ажлаа хийж яваа байгууллагыг битгий улс төрд хутгаад байгаачээ”

Угтаа бол Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоо хэмээх хоёр байгууллага өөр өөрийн гэсэн тусдаа чиг үүрэгтэй үндэсний хэмжээний бөгөөд оюутан залуусын эрх ашгийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэдэг ТББ. Гэвч сонгууль дөхсөнтэй холбогдууланчиг үүргээ умартан ийн ёсгүй аашилж буйд оюутнууд ч бухимдаж байна. Түүгээр ч барахгүй “Залуучуудад тулгарч буй олон асуудал бий. Өнөөдөр залуу эмэгтэйчүүд ажил олдохгүй гээд төрөхөөс айж байна, Солонгос явж ажиллахаар хэчнээн залуус бүртгүүлж байгаа билээ. Гэтэл энэ мэтчлэн асуудлыг нь шийдээгүй мөртлөө дэргэдээ Монголын оюутны холбоотой болно, бүх аймаг, сумдад салбар байгууллагуудыг нь байгуулна гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Үнэндээ МЗХ-г улс төртэй холбоотой ажил хийдгийг нь залуус мэднэ. Харц, цагаан жагсаалт гаргаж, гутлын жагсаал хүртэл хийсэн шүү дээ” гэв.

Харин МОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь манай холбооныхныг  дахин дарамтлах гэж оролдвол бид хууль хяналтын байгууллагад хандана гэлээ. Мөн асуудал даамжирвал бид ч гэсэн дэргэдээ Монголын залуучуудын холбоо байгуулах болно гэдгээ хатуухан мэдэгдээд авсан.

Энэ үеэр Улаанбаатар их сургуулийн Оюутны зөвлөлийн дарга хэмээн өөрийгөө танилцуулсан Г.Түвшинсайхан “Монголын залуучуудын холбооноос сүүлийн хэд хоног утсаар залгасан. Энэ мэтээр их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн дарга нарыг дуудах болсон. Очоод уулзахаар шинээр байгуулахаар болсон холбооныхоо тухай ярьдаг. Хамгийн хачирхалтай нь тэдэнд миний регистрийн дугаар, овог, нэр бүртгэлтэй байсан. Яаж яваад тэдэнд энэ мэдээлэл очсон нь сонин байгаа юм. Минийхээс гадна хэд хэдэн Оюутны зөвлөлийн даргын утасны дугаар, регистр, овог нэр нь байна билээ” гэлээ.
Ингээд хурлын үеэр МОХ-ны Удирдах зөвлөлийн зарим гишүүнээс тодруулга авлаа.

Б.Дашдорж:МЗХ-ны байраа залуус үйлчлүүлдэг эмнэлэг болгооч гэж уриалмаар байна

/МОХ-ны Сургалт, судалгааны менежер/

-МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатад хандаж уриалга гаргаж байгаа гэв үү. Ямар агуулгатай юм бол?

-Үнэнийг хэлэхэд Монголын залуучуудын холбоо бол олон намын төлөөлөл орсон олгиархиудын ажилладаг газар болсон шүү дээ. Ажил төрлөө гэхээсээ илүүтэй албан тушаалын араас хөөцөлддөг. Ерөнхийлөгч А.Мөнхбатад нь хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэвэл олон жил өөрсдийгөө тэжээлгэсэн Монголын залуучуудын холбооны том байраа оюутан залуус үйлчлүүлдэг эмнэлэг болгооч гэж уриалж буй юм. Ингэхийн бол Мөнхбатын хувьд Монголын оюутан залуусын төлөө хийсэн хамгийн том, түүхэнд үлдэх үйл явдал болох болов уу.

-Монголын залуу­чуудын холбооны дэргэд байгуулагдах гэж буй Монголын оюутны холбооны дүрэм, журам танай байгууллагынхтай ижилхэн байна гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм. Бид дүрмийг нь үзсэн. Манай холбооны нэрийг шууд ашигласнаас гадна дүрэм журам, бүтэц зохион байгуулалтыг хүртэл хуулбарласан байна билээ. Агуулгын хувьд зөрөх юу ч алга. Тухайлбал, Монголын оюутны холбооны удирдах дээд байгууллага нь чуулган байна гэжээ. Ийм байгууллага байгуулж Монголын оюутнуудыг талцуулах ямар хэрэгтэй юм бэ. Тэрний оронд өөрсдийнхөө урдах ажлаа хийгээд явах хэрэгтэй шүү дээ. Манай холбоо бол улс эх орондоо жишиг болохуйц “Оюутны өргөө” цогцолборыг өөрсдөө хөөцөлдөж байж бариулсан. Залуусынхаа төлөө энэ хэмжээний ажил хийж чадахгүй байгаа болохоор л Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбатыг холбооныхоо байрыг эмнэлэг болгооч гэж уриалж байна.
 
Т.Даваадорж: Улсаас авдаг мөнгөөрөө юу хийдгээ тайлагнах хэрэгтэй

/Баянзүрх дүүргийн Оюутны холбооны дарга /

-Танай холбооны нэрийг ашиглах гэж буй нь улс төртэй холбоотой гэж харж байна уу?

-Залуучуудын холбоо өөрөө их том байгууллага шүү дээ. Хамгийн гол нь сонгууль дөхөхөөр л улстөржөөд байх юм. Улстөржмөөр байвал холбоон дотроо л энэ ажлаа хий гэж хэлмээр байна. Оюутнууд чинь сурч боловсрох эрхтэй. Тиймээс улс төртэй хутгалдуулах хэрэггүй. Ер нь, энэ үйл ажиллагаа аль хавраас эхэлсэн шүү дээ. Манай холбоо руу олон удаа дайралт давшилт хийсэн. Өөр холбоодыг хүртэл байгуулж үзээд бүтэлгүйтсэн. Одоо бүр дэргэдээ манай нэрийг ашиглаад холбоо байгуулах гэж үзэж байна. Ингэж болохгүй. Хамгийн гол нь холбоо байгуулах гээд байгаагийн цаад санаа нь юу юм бэ. Монголын оюутнуудыг сонгуульд ашиглах гээд байгаа юм уу. Гол зорилгоо шууд хэлэх хэрэгтэй байна. Бүхэл бүтэн Монголын оюутны холбоо гээд бүтэц зохион байгуулалттай байгууллага байхад битгий дайрч давшлаад байгаач ээ. Бид хийх ажилтай хүмүүс шүү гэдгээ хэлэхийг хүсч байна. Тиймээс нэгдүгээрт дүрмээ өөрчил, хоёрдугаарт зорилгоо тодорхойл гэж хэлье.Хэрвээ өөр зүйл хийх гээд байгаа юм бол дүрмээ өөрчилж болно шүү дээ.

-Удирдах зөвлөлийнх­нийг дарамтлах болсон гэсэн. Яг яаж дарамтлаад байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай холбооны Удирдах зөвлөлийнхний бүх мэдээлэл тэдэнд байна. Тэгээд дарамталж байна. Мэдээж бид оюутнууд учраас ах захаа хүндэлдэг. Ер нь бол хүндэлж харилцахаас биш тэдэнд дарамтлуулахгүй. Байнга л ярьж, ийм хурал, цуглаанд оролц, ирэх ёстой, тэдэн гутал авчир гэдэг. Ийм байж болохгүй. Залуучуудын холбоо нийгэмд үйлчлэх байгууллага. Тэгэхээр хийх ёстой зүйлээ л хиймээр байна. Хавар болохоор Хөдөлмөрийн яамтай хамтарч залуучуудын чуулган хийдэг. Өөр нийгэм рүү хандсан ажил хийдэггүй. Уг нь, дотроо их л мундаг бүтэц зохион байгуулалт яриад байдаг. Гэвч нүдэнд харагдаж, гарт баригдах хийсэн ажил алга. Жилд улсаас хэдэн төгрөг авч байгаа билээ. Тэр мөнгөөрөө юу хийж байна, юу хийсэн бэ гээд тайлангаа тавих хэрэгтэй.

-Танай холбооныхныг аль хэдийнээс эхэлж оролдож эхэлсэн гээд байгаа нь ямар учиртай юм бэ?


-Өнгөрсөн хавраас эхэлж хэсэг залуусыг, их дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нарыг цуглуулж өөр холбоо байгуулах гэж үзсэн. Түүнчлэн Монголын оюутны холбооны шинэ дэд ерөнхийлөгчийг сонгох юм болсон. Сүүлдээ Чингис зочид буудалд хууль бусаар хүртэл хуралдаж, дүрэм гаргасан байдаг. Одоо тэр дүрэм нь ч байхгүй болсон. Аргаа бараад дэргэдээ МОХ-той болох гэж үзэж байгаа нь энэ.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МЗХ-ныхонтой уулзаж ярилцаж үзэв үү?

-Бидэнтэй уулзахгүй шүү дээ. Тэгээд ч бид ийм холбоо байгуулах гэж байна, тийшээ оч гэх байлгүй. Энэ чинь улс төрийн тохироо биш. Оюутнуудын эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүмүүстэй бид нэгдэхгүй. Манай холбоо бол Монголын оюутнуудын эрх ашгийн төлөө явдаг байгууллага.

-МЗХ саяхан гутлын жагсаал зохион байгуулсан. Үүндээ та нарыг татан оролцуулсан байх нь ээ?

-Оролцуулсан. Заримд нь гутал авчирч өг гэж хэлсэн байна билээ. Жагсаал ч гэж дээ. Баахан комиссын гутал аваад ирсэн юм биш шүү. 70-80 хувь нь комиссын гутал байсан гэсэн. Тэр олон гутал худалдаж авсан мөнгөөрөө өөр зүйл хийж болох л байсан. Энэ мэтээр улс төр хийхээ болих хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Мөнхбат нэртэнгүүд яагаад ийм увайгүй, коммунист дээрэнгүй байдаг байна аа. МАН-ын Мөнхбат гэж бас нэг улаан коммунист, хэнээтэн байна
Хамгийн их уншсан