Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Нефть боловсруулах үйлдвэрийн төсөлд дөрвөн концсорциум өрсөлдөнө

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сайдын цаг” уулзалтад оролцож  аж үйлдвэрийн салбарт хийж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн оны долдугаар сард анх удаа дотоодын зарим барааны зах зээлийг хамгаалах чиглэлээр импортын тарифын зохицуулалтыг хийсэн. Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг таван нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн юм. Үүний үр дүнд цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2  тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулжээ.

Дээрх эерэг үзүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлээс хамаарч гадаадын ижил төрлийн бараанд импортын зохицуулалтыг хийхийг мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн. Тиймээс  импортын тарифын зохицуулалыг 28 нэр төрлийн бараанд  хийж, гадаадын ижил төрлийн  импортын бараанаас  дотоодын бараа бүтээгдэхүүнээ хамгаалах хоёр дахь алхамыг хийсэн болохыг салбарын сайд нь мэдээллээ. 20 хүртэлх хувийн татварыг төмс хүнсний ногоонд тогтоох аж. Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгаалалын хувцас гутал, барилгын үйлдвэрийн салбар нэлээд цэгцэрч байгаа учраас бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийжээ.

Хүнд үйлдвэр суурь аж үйлдвэрийн талаар Аж  үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дараахь зүйлийг ярив. Энэ чиглэлийн ажлууд урагшилж байгааг онцлоод сүүлийн үед маш их хөндөгдөх болсон газрын тос боловсруулах үйлдвэрийн тендертэй холбоотой шинэ мэдээ дуулгалаа.

Нефть боловсруулах үйлдвэр барих компаниудын уралдаант шалгаруулалтыг зарласан бол үндэсний консерциум оролцсон дөрвөн компани шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Монгол-Канадын хамтарсан консорциум, СРР-МАХ консорциум (Монгол-Хятадын хамтарсан), Монгол-Хятадын хамтарсан консорциум, Ай Эс Эн /ISN/ (Монгол-Английн хамтарсан консорциум) аж. Тус үйлдвэрийг барихтай холбоотой дараагийн ажил Нефть дамжуулах хоолойг концессын гэрээгээр барих ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдаад буйг хэлэв. Зохион байгуулалтын  бэлтгэл ажил дуусахаар ойрын хугацаанд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр хүртэлх 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендерийг зарлах ажил эхлэхэд бэлэн болжээ.

Түүнээс гадна зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн  ТЭЗҮ-г хийж эхэлжээ. Цэвэршүүлэх үйлдвэрээс дагалдан гарах бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах, нэмэлт дагалдах үйлдвэрүүдийг байгуулж болох зэрэг асуудлуудад нарийвчилсан судалгаа шаардагдаж байна. Энэ судалгаа дуусахаар Зэс хайлуулах үйлдвэрийг барих тендер зарлах гэнэ. Ган хайлах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийх компаниудыг мөн шалгаруулж дуусчээ. Байгаль орчин нийгмийн нөлөөллийг хийх зөвлөх компаний сонгон шалгаруулалт хийж дууссан. Төмөртэй-Хандгайтын шинэ төмөр зам барих ажлыг дуусгаснаар ган хайлах үйлдвэрийн суурь дэд бүтцийн ажил дууссан. Төлөвлөж байгаагаар зургаадугаар сарын сүүлээр Дарханы ган хайлах үйлдвэрийн суурь ажлыг эхэлнэ гэдгийг хэллээ.

Мөн Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваариласаны 50 тэрбум төгрөгийг бүх сумдад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгохоор журмандаа тусгасан. Сумын иргэн өрхийн бичил бизнес, үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа бол тухайн орон нутагтаа мэдүүлээд зээлийг авах боломжтой болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан